Ж.Бат-Эрдэнэ сайд агаарын тээврээрээ айлын хүүхэд баярлуулах уу

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ агаарын тээврийг либералчлах тухай ярих боллоо. Гол нь “Агаарын тээврийн салбарт төрийн оролцоог бууруулах ёстой” аж. Далайд гарцгүй, хоёр аварга хөрштэй манай орны хувьд түүний үгс дэндүү дэврүүн бөгөөд хөнгөн сонсогдоод байгаа юм. Хэрэв ямар нэгэн тохиолоор хоёр хөршийн нутагт газраар нэвтрэх аргагүй болбол бид зүгээр л арал улс болчих байрлалтай. Тиймээс агаарын тээвэр нь хөрөнгө мөнгөнөөс илүү бодлогын ач холбогдолтой явж ирсэн байдаг. Түүний агаарын тээврийн либералчлалын ард гадаадын тэр тусмаа “Туркиш Эйрлайнс” компанийн эрх ашиг яваа юм биш биз гэсэн болгоомжлол сошиал орчинд ялангуяа твиттерт ч аль хэдийн жиргэж эхлээд байгаа. Гэхдээ өнөөгийн сайдын авирыг өмнө нь өөр сайд ч бас гаргаж л байлаа. Тодруулбал, 2016 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар М.Зоригтыг ажиллаж байхад нь МИАТ ТӨХК-ийн захирал Г.Жаргалсайхан АТГ-т шалгуулахаар өгч байв. Ингэхдээ Монгол, Турк хоёр улсын Иргэний нисэхийн Ерөнхий газрын дарга нарын 2012 онд байгуулсан “Агаарын харилцааны хэлэлцээр”-ийг зөрчиж, МИАТ ХК-ийг үл ойшоон “Туркиш Эйрлайнс” компанийн эрх ашгийг хангасан заалтыг хүлээн зөвшөөрөх, улмаар гэрээ байгуулахыг тулган шаардсан гэж тайлбарлаад “Далайд гарцгүй манай орны хувьд агаарын тээврийн салбар нь стратегийн чухал ач холбогдолтой тул үндэсний эрх ашгийг үл ойшоон албаны эрх мэдлээ хэтрүүлж буй үйлдлийг шалган тогтоож өгөхийг хүсье” гэж төгсгөсөн нь хэвлэлийн хуудаснаа үлджээ.

Ерөнхийдөө “Туркиш Эйрлайнс”-ийн нислэгийн тоог нэм гэж шахсантай холбоотой асуудал юм билээ.
Тэгвэл хэдхэн өдрийн өмнө Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн өгсөн ярилцлагаас үзвэл мөн л М.Зоригтын замаар явж байгаа мэт харагдана. Тэрбээр “Хамгийн гол нь өрсөлдөөнийг бий болгохын тулд либералчлах ёстой. Өрсөлдөөн бий болж байж бид тийзний үнийг буулгана. Гэтэл өнөөдөр МИАТ ТӨХК дангаараа ноёрхож байна. Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэлх баримтлах бодлогод хамгийн гол чиглэл болсон Бээжин, Сөүлийн чиглэлд үндэсний ганцхан тээвэрлэгч тээвэрлэх байхаар заачихсан. Энэ нь МИАТ ТӨХК бөгөөд “үндэсний тээвэрлэгч авиа компани”, “онцгой эрхийг төр өөртөө авлаа” гэхчлэн ноёрхлыг нь баталгаажуулаад төрийн бодлогодоо заачихсан байгаа” гэжээ. Тэрбээр цааш “МИАТ ТӨХК-ийн эрх ашиг дандаа яригдаж байдаг. Мөн “Туркиш Эйрлайнс”, “Кореан эйр”-ийн асуудал байна. Бид тийзний үнийг буулгаж иргэдийн төлөө ажиллах уу. Эсвэл МИАТ ТӨХК-ийн эрх ашгийн төлөө ажиллах уу гэдгээ сонгож ажиллах болоод байна”, “Тиймээс 2020 он хүртэл МИАТ-ийн эрх ашгийн төлөө гэчихсэн тэр бодлогын баримт бичгийг задлах ёстой”, “Цаад хугацаа тавдугаар сард багтаан батлуулах төлөвлөгөөтэй”, “Туркиш Эйрлайнс”, “Кореан Эйр” компаниуд нислэгийн тоо нэмэх санал тавьсан. Үүний дунд өрсөлдөөн бий болно, Монголд ашигтай гэдэг саналаа тавьсаар байгаа. Бид бодлогоор хаагаад байгаа нь үнэн” гэжээ. Түүнчлэн “Би ямар ч байсан эхний ээлжид МИАТ-ийн захирлыг солих гэж байна. Энэ томилгоонд битгий улстөржиж хандаарай. Надад ямар нэгэн шахалт битгий үзүүлээч гэдгийг энэ ярилцлагаараа дамжуулаад хэлчихье”, “Надад товлосон хүн бий. Нуух шаардлагагүй. Сонголтын хувьд яг тантай санал нэг байна. Нэгдүгээрт, мэргэжлийн байх нь зөв, хоёрдугаарт, зөв сэтгэлтэй, зөв сэтгэхүйтэй байх ёстой. Энэ олон зардлыг танахад надтай гар, сэтгэл нийлж, зоригтой ажиллах хүн хэрэгтэй байна” хэмээн зарлалаа. 
Уг ярилцлагаас харахад Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ МИАТ-ийн даргыг солихоос гадна МИАТ-ын давуу байдлыг хаврын чуулганаар “хуу татах” бололтой. Тэгвэл зөрөөд агаарын тээвэрт гадаадын авиа компаниуд ноёлж эхлэх юм. Бээжин, Сөүлийн зорчигч олонтой чиглэлээ Монголынхоо компанид өгөхгүй бол үндэсний нислэгийн компани оршин тогтнохгүй. Улмаар ашиггүй ажиллаж буй МИАТ-ийг хувьчлаад, хулгайлаад яаж ч болох дүр зураг харагдаж байна. Ийм ажил хэрэгч байгааг нь ганцхан тийзний үнэ бууруулах юм байна гэдэг талаас зөвтгөж харах нь үнэхээр өрөөсгөл байна аа. Энэ тохиолдолд нислэгийн үнээ бууруулах гэсэн Гүржийн Ерөнхийлөгчийн сургамжийг санахад илүүдэхгүй. Михайл Саакашвили 2005 онд Гүржийн Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараагаас нислэгийн тийз Европынхонтой харьцуулахад өндөр байгаад гомдоллож эхэлжээ. Ингээд үндэсний тээвэрлэгч нарын төлбөр бууруулах боломжгүйг тайлбарласан үндэслэлүүдийг хүлээж авалгүй “Хямд нисч чадахгүй бол чаддаг гадаадынхан нь нисэг” гэсэн хариу өгсөн байдаг. Ийнхүү бүх хязгаарлалтыг байхгүй болгож дурын компани Гүржийн нисэх буудал руу нисэхдээ зөвшөөрөл авах шаардлагагүй болсон байна. Үр дүнд хэдхэн жилийн дотор Гүржийн 17 агаарын тээврийн компаниас гурав нь үлджээ. Уг шийдвэрийн дараагаас “Туркиш Эйрлайнс” илүү идэвхтэй оролцож хамаг нислэгийг нь гартаа авсан байдаг. Улмаар Туркийн TAV “Airports Holding” компани Гүржийн хуучирсан нисэх буудлыг асар өндөр өртгөөр засч менежментийг нь хийхээр болжээ. Дараа нь “Туркиш Эйрлайнс”-аас бусдад тавьсан хатуу шаардлага Гүрж рүү нисэхэд улам хүндрэлтэй болгов. Одоо гүржүүд хямдхан нислэг байдаггүйг ойлгосны дээр асар их алдагдал хүлээгээд л өнгөрлөө. 
Анх 1933 онд төрийн өмчийг оролцуулан тавхан онгоцтой байгуулагдаж байсан “Туркиш Эйрлайнс” компани өргөжин тэлсээр 282 чиглэлд 298 онгоцоор нислэг үйлддэг аварга том групп болжээ. Сүүлийн жилүүдэд энэ компани агаарын тээврийн салбарт хүчтэй өрсөлдөгч болон гарч ирж буйг Туркийн төр засгаас онцгой дэмждэгтэй холбон тайлбарлах нь бий. Ийм төрийн дэмжлэгтэй компани манай агаарын тээврийг сонирхоод багагүй хугацаа өнгөрч байна. Харин салбартаа шинэ хүн биш хэмээн бардам хэлдэг Зам, тээврийн хөгжлийн сайд маань тэдний  эрх ашгийг гүйцэлдүүлэхээр яваад байгаа юм биш биз. Ийм сэтгэгдэл төрүүлэхүйц нэгэн ажиллагаа арваад хоногийн өмнө болсон юм. Тодруулбал, БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-аас 14 машин өвс, 320 тонн малын тэжээлийн тусламжийг Булган аймгийн удирдлагуудад өгсөн. Хүлээлгэн өгөх ёслолд Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ оролцов. Тэр үеэр БНТУ-ын Шадар сайд Хакан Чавушолу “Монгол, Турк улсын худалдаа, эдийн засгийн харилцааг сайжруулах чиглэлээр Засгийн газрын төвшний яриа хэлэлцээрүүд үргэлжилж байна. Энэ хүрээнд малын өвс тэжээлийн тусламжийг Булган аймагт илгээж байна. Цаашид энэ мэт тусламжийг үргэлжлүүлэн хүргэх болно. Ингэснээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин бэхжинэ гэдэгт итгэж байна” гэжээ. Туркууд яагаад 21 аймгаас Булганыг сонгосон нь болоод тэр газраас сонгогдсон хүн Зам тээврийн хөгжлийн сайд байдаг нь сонирхол татна. Бүр цаашилбал арга хэмжээний үеэр БНТУ-ын Шадар сайд хамтын ажиллагааны яриа хэлэлцээрүүд үргэлжилж байгааг дурдсан нь гайхаш төрүүлнэ. Арай Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, агаарын тээврээрээ айлын хүүхэд баярлуулах гээд яваа юм биш биз.