О.Соёлт: Жүжиг төгсөөд хөшиг хаахад жүжиг жинхэнэ утгаараа эхэлдэг

Аливааг найруулахад ур ухаан төдийгүй, чадвар, бас мэдрэмж хэрэгтэй. Сэтгүүлчид үг найруулдаг бол зураач өнгө дүрс найруулдаг. Харин найруулагч бол үг, өнгө, дүрс гээд бүгдийг найруулдаг нэгэн. “Эгэл амьдралын эрээн бараан өнгөнүүдийг хамгийн сайн мэдэх магадгүй мэдэхгүй байж болно, мэдэрдэг байх хэрэгтэй гэж боддог нэгэн бол тайз, дэлгэцийн салбарт амьдралаа зориулсан соёлын гавьяат зүтгэлтэн, “Гоо марал”, “Алтан шонхор”-ын эзэн найруулагч О.Соёлт юм. Түүнтэй найруулагчийн ажлын гараа болон уран бүтээлчийн хүсэл, тэмүүлэл, үзэл бодлынх нь тухай хөөрөлдлөө.

-Та найруулагч болно гэж анх бодож байгаагүй гэсэн. Гэхдээ яагаад найруулагч болчихсон түүхээс ярилцлагаа эхлэх үү?

-Цэрэгт яваад жил гаруй болоод хараа муутай гээд цэргээс халагдсан. Манай том ах О.Дашцэвэг Монгол кино үйлдвэрийн зураглаач  байсан. Анх  намайг ажилд авахдаа ачигчаар ажилд авч байлаа. Найруулагч Х.Дамдин багшийн “Энэ хүүхнүүд үү” кинонд хар бор ажлыг нь хийж байхад кино зураг авалт, тэр дундаа найруулагчийн мэргэжил их сонирхолтой санагдаж байсан. Дараа нь “Аман хуур” кинонд туслах найруулагчаар ажилласан. Монгол кино үйлдвэрт долоон жил ажиллахдаа туслах найруулагч, ассент найруулагч баримтат киноны найруулагчийн үүрэг гүйцэтгэж байсан. Их зохиолч Д.Нацагдоржийн 60 жилийн ойгоор анхны баримтат кино болох “Шувуун саарал”-ыг бүтээсэн. Тухайн үед хүмүүс гайгүй хүлээж аваад ер нь найруулагч болох боломжтой юм байна гэж дүгнэсэн байх. Найруулагч Д.Хишигт багшийн хоёрдугаар найруулагч, Р.Доржпалам найруулагчийн туслахаар ажиллаж байгаад найруулагчаар сурахаар ЗХУ-ыг зорьсон юм.

-Тухайн үед ЗХУ-ын урлагийн сургуульд найруулагчаар суралцахад ямар байсан бэ?

-Оросын алдартай ардын жүжигчин хүн миний багш байлаа. Багш нарын арга барил үнэхээр сайн санагдаж байсан. Үеийнхнээсээ бараг 10 насаар ах байсан болохоор багш нар надад их сайн байсан.

-Сургуулиа төгсөж ирээд хаана ажилласан бэ?

-Архангай аймгийн Соёлын ордонд уран сайхны удирдагч, найруулагчаар томилогдсон. Анх томилохдоо гурван жил ажиллуулна гэчихээд 11 жил ажиллуулсан. Дөнгөж сургуулиа төгссөн залуухан уран бүтээлч байхдаа 30 гаруй драмын жүжиг, 50 орчим концерт найруулж тавьсан. Хөдөөний уран бүтээлч, залуучуудын боловсрол дутмаг санагдаад боловсролд нь анхаарах хэдэн ажил санаачилж байлаа. Уран бүтээлчдийг номын сантай болгохоор санаачилж ном зээлээр зараад цалин дээрээс нь суутгадаг байсан. Манай соёлын ордны бүх уран бүтээлчид гэртээ номын сантай болж байсан юм. Тэр үед ганцхан үндэсний телевиз л гардаг. Аймгийн айлуудад  телевиз байхгүй байсан цагт эхний сарын цалингаар нэгэндээ телевиз авч өгөөд, дараагийн сард нь нөгөө ажилтанд авч өгөх гэх мэтээр бүгд зурагт үзэж, ном уншдаг болсон. Тэгэхээр найруулагчийн зүгээс тэдэнтэй ажиллах дөхөм болж орос хэл зааж, онолын мэдлэгийг нь дээшлүүлэх тал дээр ажилласан.

-Гурван жил ажиллуулна гэчихээд 11 жил Архангайд ажиллуулахад ямар байсан бэ?

-Улаанбаатар хотод очиж ажиллана гэхээр явуулдаггүй байсан. Ямар нэг аргаар шалтаглаад л жил хоног өнгөрч арван жил болчихсон. Тухайд үед залуу хүн хөдөө арав гаруй жил болно гэдэг чанга шүү дээ. Залуу уран бүтээлч өөр юм хийж, өөрөөр сэтгэж, өөр газар ажиллахыг хүснэ. Тэр үед Б.Бадар-Ууган Өвөрхангай аймгийн найруулагч байсан. Намайг Б.Бадар-Ууган монгол телевизийн мэдээний тасагт оруулж байлаа. Дараа нь жүжиг уран зохиолын редакцид ажилласан. Монголын шилдэг редактор, зохиолч, найруулагч нартай хамт ажиллах сайхан завшаан тохиосон. Монголын үндэсний телевизэд байхдаа анхны хоёр ангит телевизийн жүжиг хийж байлаа. Ерөнхий сайдуудын тухай, аян замын тэмдэглэл, шашин төрийн тухай цуврал нэвтрүүлэг бүтээж байсан. Тухайн үед шашны нэвтрүүлэг тун ховор байсан цаг.

-Теле зохиомжийн нэвтрүүлэг хийхэд юу нь өөр байдаг вэ?

-Теле зохиомжийн нэвтрүүлэг бол уран сайхны дүрс ихтэй. Тухайлбал,“Хаврын шувууд”  цуврал нэвтрүүлэгт Хятадаас оруулж ирдэг “Өвгөнт” архины тухай дүрсэлсэн. Цагдаагийн газар хураагдсан хагас шуудай  “Өвгөнт”-үүдийг авчраад зургаа, зургаагаар нь эгнүүлж тавиад цагаан даавуу ард нь бариад өвгөнтүүд хилийн зурвас даваад алхаж байгаагаар зурагласан. Мөн пянз эргүүлэгч дээр “Өвгөнт” архинуудыг эгнүүлж тавиад бүжиглүүлж байгаагаар теле зохиомж хийсэн. 

-Та их, дээд сургуульд багшилж байсан. Тэр үед шавь нартаа юу гэж захидаг байв?

-“Харцага”, “Замбуулин” гээд хоёр сургуульд 10 орчим жил багшилсан. Найруулагчаар суралцаж байгаа оюутнууд телевиз, кино, театрын найруулагчийн онолоо мэддэг байх хэрэгтэй. Нэвтрүүлэгт эхлэл гэж байдаг, нэвтрэн гарах шугам, оргил үе, төгсгөл гэж бий. Эдгээрийг мэдэхгүйгээр нэвтрүүлэг хийнэ гэж юу байхав дээ. Гэхдээ би хойч үедээ хэрэг болох үүднээс онолын ном бичиж үлдээх санаатай байгаа.

-Таны номын сонголтын тухайд ярилцах уу. Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

-Хэрэгтэй зүйлээ л түүж уншина. До.Цэнджавын “Жавартай жаран”, Ц.Оюунгэрэлийн “Жаран цагаан хонь” уншиж дуусгалаа. Сүүлийн үед түүх их сонирхдог болжээ.

-Анхны олон ангит “Эзэнгүй айл” кинонд найруулагчаар ажилласан гэдэг. Кино бүтсэн түүхээс хуваалцахгүй юу?

-Ч.Гомбо найруулагч анх “Эзэнгүй айл”-ын дөрвөн ангийн зохиолыг надад үзүүлээд “Би хоёр жил энэ зохиолыг Монгол телевизэд өгөөд хийхгүй л байна. Чи нэг уншаадахаарай” гэв. Тэгээд кино зохиолыг нь унштал тун аятайхан санагдаад Л.Балхжавтай уулзсан. Тэгтэл “Та ер нь манай телевизэд орчих, наад киногоо ч гэсэн хий” гээд Улаанбаатар телевизэд ажиллаж эхэлсэн дээ. Анхны олон ангит киноны онцлог бол тухайн үед нийгэм солигдож, хүмүүс өөрчлөгдөж, гэр бүлийн дотор аав ээжийн хариуцлага өөрчлөгдөж, хэн мөнгөтэй, ажилтай нь гэр бүлээ удирддаг болсон. Яг үүнийг уран бүтээлдээ тусгаж харуулахыг зорьсон. Тэгэхээр уран бүтээлч хүмүүс тухайн цаг үеэсээ түрүүлж сэтгэж бүтээлээ туурвидаг байх хэрэгтэй гэж боддог.  

-Та нэвтрүүлгийн зохиолоо өөрөө бичдэг байсан гэсэн. Хамтарч  ажиллах сэтгүүлчгүй болоод уу  эсвэл өөрөө л бүгдийг нь хийчихмээр санагдсан юм уу?

-Нэвтрүүлгийн зохиолоо өөрөө бичихэд олон зүйл нөлөөлсөн. Гэхдээ найруулагч бие даасан чадвартай байх хэрэгтэй. Миний нэвтрүүлгийн зохиолыг бичдэг сэтгүүлчид бол До.Чулуунбаатар, Г.Бадамсамбуу байсан. Сайн хүмүүстэй эхнээсээ ажиллаад сурчихаар дараа нь хүн голоод байдаг муу зуршилтай болсон. Тэгэхээр нь өөрөө зохиолоо бичиж эхэлсэн дээ. Анх “Борчуудын хороололд борооноос өөр шүхэр үгүй” гэсэн асуудал дэвшүүлсэн нэвтрүүлэг хийсэн. Сэдэв бол орчлонгоор дүүрэн олж харах л хэрэгтэй. Үгүй бол өөрт чинь юу тохиолдоод байгаагаас эхэлээд сэдэв тоймгүй.

-Найруулагчид их олон төрлийн авьяас чадвартай хүмүүс байх юм. Энэ тухайд та юу гэж боддог вэ?

-Найруулагч гээд хөгжим тоглож, зураг зурж, зохиол бичих алба үгүй. Зохиолыг ойлгодог, зургийг уншдаг, хөгжмийг мэдэрдэг байх хэрэгтэй. Найруулагч хүн бол зохион байгуулагч байх ёстой. Д.Жигжид найруулагч бол маш сайн зохион байгуулагч хүн гэдэг нь бүтээлээс нь харагддаг. Кино, жүжиг, нэвтрүүлэг сайн болох үгүй нь найруулагчаас л хамаарна. Хариуцлага тооцоход хүртэл найруулагчтай л тооцдог шүү дээ.

-Мэдрэмжтэй байхад танд юу нөлөөлсөн бэ?

-Янз бүр л байх. Миний хувьд багадаа шүлэг бичдэг байсан. Тэр нь багахан нөлөөлсөн байх гэж боддог. Одоо ч гэсэн хааяа сэтгэл хөдлөөд дөрвөн мөрт холбоно. “Ус” шүлгээ сонирхуулахад.

“Алсаас харахад амгалан хөх тэнгэр шиг

Ойртоод очиход омголон хүлэг шиг

Хаялга долгисон нь хазаарын тогоруу шиг” гэж бичиж байсан. Тэгэхээр бас надад цаанаасаа найруулагч болох хувь тавилан байсныг ч үгүйсгэхгүй.

-Ер нь ямар үед танд бүтээл хийх шинэ санаа төрдөг вэ?

-Найруулагч гэлтгүй хүн эргэн тойрноо маш сайн мэдэрч байх хэрэгтэй л дээ. Би бол хүн хийгээгүй юм хийх дуртай. “Уулын өвгөн” гээд цуврал нэвтрүүлгээ найман дугаар хийсэн. Ер нь сайн явъя гэвэл муу яваа хүмүүсийн амьдралыг үз. Сайн явна гэдэг муу яваа хүмүүсийн нөгөө тал байхгүй юу. Оросын багш нарын хэлдэг байсан үг бол “Хэрвээ чи сайн иргэн хүн бол сайн найруулагч болж чадна” гэдэг. Аливаа юмны төлөө санаа зовдог. Сайхан зүйлийг хараад баярладаг. Муухай юмыг харж жигшдэг наад захын мэдрэмжүүдтэй байх хэрэгтэй.

-Энэ нийгэмд “Сайн иргэн” хэр олон байна гэж харж байна вэ?

-Амьдрал угаасаа л саарал. харин бид гэгээнийг нь олж харахгүй бол болохгүй шүү дээ. Гэхдээ би бол өнөөдөр өөрийнхөө төлөө юу ч бодохгүй байна. Харин хүүхдүүдийнхээ төлөө л их санаа зовох юм. Хэдэн луйварчид төр барьж байгаа цагт нийгэм өөрчлөгдөнө гэж байхгүй дээ. Хүн хүнээ алдчихаад байна. Монголчууд нүүдэлчин ард түмэн болохоор хувиа хичээсэн зантай. Олон нийтээрээ ажиллаж, амьдарч сураагүй байдал нь бидний мах, цусанд байдаг байх л даа.

-Нийгмийн саарал өнгийг өөрчлөхөд магадгүй найруулагчид уран бүтээлээрээ нөлөөлж чадах уу. Урлаг бас нэг талаараа нийгмийг өөрчлөхөд нөлөөлдөг гэж хараад байна л даа. Таны бодлоор?

-Урлаг  бол нийгмийн үзэгд­лүүдийн урд нь явж  хүмүүсийг урагшаа татах хэрэгтэй. Урлагийг дээр үед үзэл суртлын зэвсэг гэж ярьдаг байлаа. Одоо бол уран бүтээлчид хүнд хэрэгтэй зүйл л хийх хэрэгтэй. Жүжиг төгсөөд хөшиг хаахад жүжиг эхэлж байдаг юм. Хэрвээ сайн жүжиг бол хөшиг хаасны дараа үзэгчийн тархи, сэтгэлд нөлөөлж үзэгчийн дотор жүжиг эхэлж байгаа юм. Үзэгч бодоод, ойлгоод, ухаараад театраас гараад амьдрал дээр жүжиг үргэлжилнэ.

-Таны ид уран бүтээлээ бүтээж байсан үе, одоо үетэй харьцуулахад ямар байна вэ?

-Би чинь дээр үеийн найруулагч шүү дээ.  1975-1985 онд театрын найруулагч байсан. Дээр үед одооных шиг жүжиг тавих боломж, бололцоо, нөөц ч  байдаггүй байлаа. Анх удаа хоёр давхар тайз хийж жүжиг хийж байсан. Дөнгөж төгсөж очсон найруулагч “Ээдрээ” жүжгийг тайзнаа тавьж байлаа. Хүмүүс гайхаад “Энэ жүжгиийг яаж найруулж тавьсан юм бэ” гэж асуудаг байсан. Одоо бол харин юм сайхан хөгжжээ. Бүх зүйл хялбар болж, бас их шинэчлэгдсэн байна. Гэхдээ тэр тусмаа найруулагч хүн хөдөлмөрч, тэвчээртэй, торгомсог мэдрэмжтэй л байх хэрэгтэй. Цаг үе өөрчлөгдлөө гээд хүний уран бүтээлээс авах мэдрэмж төдийлөн өөрчлөгдөхгүй. Хүмүүс баярлаж, уйлж, гомддог хэвээрээ шүү дээ.

-Та өөрийгөө нэг үгээр илэрхийлбэл. Ямар зан араншинтай хүн бэ?

-Би их хатуу хүн. Гэхдээ нэг ч хүн ажлаас нь хөөж үзээгүй. Духаараа харсан, дуугүй хүн гэдэг байсан.

-Та магтаал, шүүмжлэлд хэрхэн ханддаг вэ?

-Аль алиныг  нь тоодоггүй. Магтуулж, шүүмжлүүллээ гээд би өөрчлөгдөхгүй шүү дээ.  Би байгаагаараа л байна. Үнэн үг хэлсэн хүнд хүмүүс дургүй байдаг би бол хүмүүсийн дургүйг хүргэх талтай. Хааяа нэг дуугарахдаа үнэнийг л хэлдэг байсан.

-Таны хувьд хүндэлж, бахархаж, суралцдаг ямар уран бүтээлчид байдаг вэ?

-Театраас бол Б.Мөнхдорж, Б.Баатар, киноноос төрийн шагналт Х.Дамдин, Д.Хишигт, төрийн шагналт Б.Балжинням гээд хүмүүсээс суралцаж байлаа.

-Найруулагчийн зэвсэг нь юу  байдаг вэ?

-Би бол эсрэг тэсрэг сайн муу зүйлийг сөргүүлэн дүрсээр сэтгэдэг. Гэхдээ харьцуулалт байдаг. Жишээлэхэд, миний найруулсан “Ээ бүү үзэгд” телевизийн нэвтрүүлэгт эргэж байгаа магнитофоныг микширдээд, далан давхраас ламын уншлагаар солигдох жишээний. Хүүр ухдаг хүмүүсийн дүрсийг чөтгөр шиг болгож хувиргах гэх мэт дүрсний харьцуулалт их байдаг.  

-Та сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-“Сумын эмч”, “Өрхийн эмч”, “Ардын эмч” гээд 13 ангит кинонд ажиллаж байна. Тухайн үеийн эрүүл мэндийн яамны сайд өөрчлөгдсөнөөр санхүүжилтгүй болчихоод байгаа. Намраас өөрсдийн хөрөнгөөр кино бүтээлээ  үргэлжлүүлнэ. Кино зохиолч Т.Баасансүрэн, зураглаач Б.Донров ажиллаж байгаа.

-Сэтгэл  ханаагүй, нэг тийм бүтээл хийчих юмсан, эсвэл тэгж л хийх байсан юм гэх бодол төрдөг үү?

-Надад тийм бодол төрдөггүй. Ер нь бол би өөрийнхөө хэмжээнд л уран бүтээлүүдээ хийсэн. Гомдоод байх ч юм алга.  Сэтгэл ханачихсан зүйл ч алга.