Эцэг, эхийн энэрэл, энхрий үрсийн инээд цангинасан өдөр

Хүүхдийн цангинасан инээд, хөгжилтэй  алиа-лагч, өнгө өнгийн бөмбөлөг танхимд ноёлно. Бүжиглэ-мээр хөнгөн аяс эгшиглэж, хүүхдүүд зөрөлдөн гүйнэ. “Пороро”, “Панда”, “Пингвин” тэргүүтэй гар зургуудыг эгнүүлэн өржээ.

Хүүхдүү-дийн фото зургийг ч гоём-согоор жаазлан танхимыг  чи­­­­мэглэсэн байна. Хэсэг хэсгээрээ хүүхдүүд цуглан зогсож элдвийг ярилцан их л хөгжилтэй инээлдэнэ. Эцэг, эхчүүд нь тэрхүү зургийн үзэсгэлэнг сонирхон нүд баясгана. Буржгар үс, бөөрөнхий хамар, улаан хацар, марзан царайтай алиалагчид ч энэ үеэр бага-чуудын  анхаарлыг хамгийн ихээр  татна. Шангри-Ла зо-чид буудлын хүлээн авах тан-химд дэлхийн дауны өдөрт зориулсан үйл ажиллагаа эхлэх гэж буй нь энэ юм.

Эл өдрийг дэлхий нийтээрээ энэ сарын 21-нд даунтай хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг. Харин Монголын дауны холбооноос даунтай хүмүүс нь бусдын адил сурч хөгжиж, нийгэмд оролцоотой байж, сайн сайхан амьдрах эрхтэйг тунхаглан энэ үйл ажиллагааг зохион байгуулав. Энэ талаар тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн О.Хулан “Манай холбоо байгууллагдаад 10 жил боллоо. Энэ хугацаанд хуримтлуулсан туршлага их. Бид одоогоор дауны хам шинжтэй хүүхдүүддээ нэгдсэн бүртгэлд хамруулж эхэлсэн. Мөн хүүхдүүдийнхээ боловсролын асуудалд анхаарч тусгай сургууль болон энгийн суруульд тусгай анги нээн ажиллуулж байна. Олон нийт энэ талаар ойлголттой болж эхэлсэн. Одоогоор бидний бүртгэлд хамрагдсан 300 гаруй хүүхэд байна. Даунтай хүүхдүүдийг хөгжүүлэх юм бол ажил хөдөлмөр эрхэлж, нийгэмд байр сууриа олж, эдгээр хүүхэд татвар төлөгч болох боломжтой байдаг.

Хамгийн гол нь анхаарал хэрэгтэй. Эднийг нийгэмшүүлэх ёстой. Бид даунтай хүүхдүүдийн онцлогийг ойлгож хүндлэн харилцаж, тэднийг бидний дунд үе тэнгийн нөхөдтэйгээ, нийгэмд бие даан чөлөөтэй амьдрах, хөгжих боломжийг нээвэл болох юм. Бид энэ асуудалд анхаарлаа хандуулж байна. Нэг хүүхдийн ард таван хүн байж тэр хүүхэд бүрэн нийгэмшиж бие даах төвшинд хүрдэг. Даунтай хүүхэд энгийн хүүхэдтэй харьцуулбал, илүү сэтгэл хөөрөлтэй, хөгжилтэй, найрсаг байдаг. Цаашдаа бид энэ хүүхдүүдийнхээ хөдөлмөр эрхлэх чиглэлд анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байна. Арван таваас дээш насны хэдэн хүүхдэд хөдөлмөр эрхлэх сургалт орж эхэлсэн. Хоол хийх, юм оёх зэргийг сургаж байна. “Эрдэнэс Тавантолгой”-д манай хүүхдүүд хоол хүргэлтийн захиалга авсан” гэв. Хүн болж төрнө гэдэг асар их аз завшаан.

Тиймээс бусдыгаа байгаагаар нь хүлээн авч, хүндлэн хайрлах нь хүмүүний үүрэг ч байж мэдэх юм. Даунтай хүүхэд нь шашин шүтлэг, арьс өнгө, нийгмийн гарал угсаа, удам судраас огт хамаарахгүй төрдөг генетикийн өөрчлөлт гэдгийг шинжлэх ухаанаар тайлбарладаг. Тэд биднээс нэг илүү хромсомтой төрсөн учир энгийн хүүхэдтэй харьцуулахад удаан өсөж, бойждог. Гэхдээ ижий, аав, ах эгчийн эрхэм хүн. Эх орны үнэт иргэн нь мөн. Даунтай хүүхдүүд нийгэмших талдаа сайн бусадтай харилцахдаа эелдэг, нээлттэй байдаг гэнэ. Энэ талаар 63 дугаар сургуулийн тусгай ангийн багш Г.Хонгорзул “Би даунтай хүүхдүүдэд математик, монгол хэлний хичээл ордог. Манай ангид 8-17 насны 17 хүүхэд сурдаг. Хоёр багштай хичээллэдэг.

Хүүхэд нэг бүртэй тулж ажилладаг. Тэдэнд хичээл заахад хүндрэлтэй байдаг ч тэд маш элгэмсэг байдаг тул сайхан байдаг. Хүүхдүүдтэй харилцахад тухайн хүүхдээ ойлгох хэрэгтэй. Наад зах нь тухайн хүүхдийнхээ хэл яриаг мэдэх хэрэгтэй болдог. Даунтай хүүхдүүдийг хараад байхад дуу хөгжмийн хичээлдээ дуртай байдаг. Үүнээс ажиглахад тэд мэдрэмтгий, дэндүү гэгээн ертөнц юм” хэмээх зуур аль хэдийн үйл ажиллагаа эхэлсэн байлаа. Эцэг, эхчүүд ширээндээ тухлан, хүүхдүүдийнхээ урлагийн үзүүлбэрийг тольдохоор хүлээнэ. Хүүхдүүд өөрсдийн бэлдсэн бүжгээ бүжиж, алга ташилт тасралтгүй үргэлжилсээр. Энэ зуур Монголын дауны холбооны сэргээн засах эмч Г.Ганцэцэгийг түр саатууллаа.  

-Дауны хам шинжийг “Хөгжлийн бэрхшээл биш” гэдэг нэгэн байхад “Энэ бол хөгжлийн бэрхшээл мөн” гэж ярьдаг хүмүүс байдаг. Танаас нэгдсэн ойлголт авахыг хүсч байна? 

-Хөгжлийн бэрхшээлийг дэлхий дахинд өргөн хүрээтэй ойлгодог. Тухайлбал, хараагүй хүн нүдний шилгүй бол хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа юм. Харин нүдний шил зүүгээд, эргэн тойрноо хараад эхэлбэл тэр хүн хөгжлийн бэрхшээлгүй хүн болно. Үүнтэй ижилхэн даунтай хүн ажил хөдөлмөр эрхлээд, татвар төлөгч болбол түүнийг хөгжлийн бэрхшээлтэй хүн биш гэж ойлгож болно. Тэдэнд ийм боломж бүрэн бий. Бие махбодь, оюун санааны өөрчлөлтөөр энэ нь илэрдэг. Үүнийг өвчин гэж ярихаас дэлхий нийт татгалздаг. Яагаад гэхээр тухайн хүүхэд өөрт гарсан эмгэг өөрчлөлтийг ямар нэгэн байдлаар засах боломж бүрэн бий. Тэр тусмаа 0-6 насандаа идэвхтэй хөдөлгөөн хийх маягаар өөрийнх нь дутагдлыг нь зассанаар энгийн хүмүүс шиг хөдөлмөр эрхлэх, бие даах  бүрэн боломжтой. Тиймээс үүнийг өвчин гэж хэлж болохгүй биз дээ. Өвчин гэхээр нэлээн өргөн хүрээтэй шүү дээ. Манай дауны холбоон дээр нас насны хүүхдүүд байдаг. Бид өмнө нь даунтай хүүхдүүдийг холбоон дээрээ тусгай орчинд сургах гэж үздэг байсан. Гэтэл одоо энгийн сургалтаар, энгийн хүүхдүүдийн дунд сургахыг зорьж байна. Нэгэнт даунтай хүүхэд төрсөн л юм чинь тэр хүний сурах, нийгэмд амьдрах, магадгүй амьд явах эрхийг нь бид хангах ёстой. Манай холбоо хүүхдүүдийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Энэ өдрийг тэмдэглэж, үйл ажиллагаа зохион байгуулж байгаа нь даунтай хүүхэдтэй залуу, шинэ ээж, аавуудад таны хүүхэд боловсордог, бичдэг, ойлгодог, биеэ даадаг, хөдөлмөр эрхлэх боломжтой гэдгийг ойлгуулах зорилготой. 

-Анх даунтай хүүхэд төрүүлсэн эхийн сэтгэлзүйд үүнийг эхэлж ойлгуулах нь чухал юм шиг санагдлаа. Энэ тал дээр танай холбоо анхаарах боломж байдаг уу?

-Даунтай хүүхэд төрүүлсэн эхэд энэ тухай мэдээллийг эх баригч эмч хэлдэг. Эх баригчийн хандлага үүнд чухал. Нялх биетэй ээжид энэ тухай хэлэхдээ зөв мэдээлэл өгч, ёс зүйтэй  хандах хэрэгтэй. Ингэж чадвал тухайн ээж сайхан хандлагаар хүлээж авна. Ингэснээр цаашдаа хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд эерэг нөлөөтэй. Харин хүүхдээ манай холбоонд бүртгүүлбэл бид дараа дараагийн арга хэмжээг авдаг. Даунтай хүүхдүүд жирийн хүүхдээс 4-5 жилийн хоцрогдолтой ч,  тэдэн шиг өсөх боломж бүрэн байдаг. Хамгийн гол нь ээж, аавууд зөв мэдээлэлтэй, зөв чиг хандлагатай байж, хүүхэддээ маш сайн анхаарах хэрэгтэй. 

-Даунтай хүүхдийг хөгжүүлэн, сэргээн засахад юу анхаарах хэрэгтэй байдаг юм бэ. Эцэг эхчүүдэд зөвлөхгүй юү?

-Даунтай хүүхдийн хэд хэдэн онцлог байдаг. Булчин сул, хөдөлгөөний үйл ажиллагаа хэт уян хатан, дархлалын систем асуудалтай, зүрхний юм уу сонсголын систем муу гэх мэт нийтлэг хэдэн онцлог бий. Ийм хүүхдүүдэд 0-6 насанд нь хөдөлгөөн заслын эмчилгээ хийнэ. Сэргээн засах гэдэг нь байгаа юмыг нь идэвхжүүлэх гэсэн үг. Хүүхэд хэт их булчин сулралтай учраас жин нэмэгддэг. Тиймээс хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Даунтай хүүхдүүдийн нэг онцгой чадвар байдаг нь аливаа юмыг даган дуурайх, ингэхдээ сэтгэлээсээ хийх юм. Энэ чадварыг нь бид зөв чиглүүлэх хэрэгтэй юм шиг санагддаг. Түүнийг аль болох багад нь дуурайлгаж хийх нь илүү үр дүнтэй.

-Даунтай хүүхэд төрөх шалтгааныг шинжлэх ухаанаар  юу гэж тайлбарладаг вэ?

-Даунтай хүүхэд 600 амьд төрөлтөд нэг тохиолддог гэсэн судалгаа бий. Дээхэн үед жаахан нас ахисан тохиолдолд даунтай хүүхэд төрөх магадлал ихтэй гэж үздэг байсан. Ингэхэд зарим тохиолдлыг харахад залуу ээжүүдэд төрж байна.

Тэгэхээр шалтгаан нь тодорхойгүй. Байгаль цаг уурын ч гэх юм уу шалтгаан мэдээж байгаа байх. Нэгэнт төрөөд, ээж, аавдаа үр нь болсон тэр хүүхдийн даунтай болсон шалтгааныг эрээд хэрэггүй гэж боддог. Харин түүний амьдралын баталгааг гаргаж, нийгэмших, бие даах боломжийг нээх хэрэгтэй. Дэлхийн зарим улсад “Даунтай хүүхэд бол бурхны элч. Тэд эцэг, эхээ өөрсдөө сонгож ирдэг. Өөрийг нь маш сайн өсгөж чадах сайн гэр бүлд заяадаг” гэж үзэх нь бий. Нэмж хэлэхэд, манай улсад даунтай хүмүүсийн нийгмийн баталгааг хангах нь битгий хэл хөдөлмөр эрхлээд, татвараа төлөөд явж буй хүмүүсийн нийгмийн баталгааг бүрэн хангаж чадахгүй байна. Тэд өсч том болоод, гэр бүл зохиогоод хөдөлмөр эрхлээд явахад бэрхшээлтэй байна" гэв. 
Энэ арга хэмжээний бас нэгэн сонирхол татсан зүйл нь эцэг, эхчүүдийн оймс байв.

Тэд ногоон, шар, улаан гэх мэт тод өнгийн оймсоор жигдэрчээ. Дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг тунхаглаж, тэд нийгэмд тэгш оролцоотой байхын төлөө дуу хоолойгоо нэгтгэн, өнгө өнгийн оймсоор ижилсэж, улс орон бүртээ олон нийтийн ажил өрнүүлдэг дэлхий нийтийн уламжлалыг ийнхүү дагасан нь энэ аж. “Хүүхдээ дагуулаад явж байхад хүмүүс амьтан дагуулаад явж байгаа мэтээр хардаг байсан үе бий. Тэр үеэ бодвол хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн. Бидний худалдаж буй оймсийг хүмүүс нэлээн авсан” хэмээн Б.Амарболдын ээж М.Батжаргал ярьлаа. Тэрбээр цааш нь “Даунтай хүүхэдтэй ээжүүд их тэвчээртэй бас хөдөлмөрч байх хэрэгтэй. Би хүүгээ төрснөөс хойш ажлаа орхисон бүх цагаа хүүдээ зориулсан. Хүмүүс намайг “Сайн багш. Ажлаа хийж байсан бол өдийд гавьяат багш болох байлаа” хэмээн халагладаг.

Надад нийгэмд нэр хүндтэй байхаасаа илүү сайн ээж байх нь чухал байсан тул би хүүгийнхээ төлөө хичээсэн. Хүүхдээ дөрвөн нас хүртэл нь үүрээд л эмчилгээнд нь хүргэдэг байсан. Дараа нь цэцэрлэгт оруулсан. Багш нартай нь байнгын харилцаатай болсон. Сургуульд орохоор нь анхаарч хичээлийг нь хийлгэх зэргээр үргэлж л цаг гаргаж, анхаарч байх хэрэгтэй болдог. Би хүүхдээ зөвхөн боловсрол эзэмшүүлээд зогсохгүй, булчин шөрмөсийг нь чангаруулах зорилгоор ширээний теннисний дугуйланд явуулдаг. Ингэснээр хүү минь тусгай олимпын медаль авсан. Тиймээс ээж, аавууд нь хүүхдээ дэмжвэл даунтай төрнө гэдэг тийм ч харамсалтай, муу зүйл биш” хэмээсэн юм. Харин орон нутагт дауны хам шинжтэй хүүхдүүд хөгжих  боломж хомс, тэдний талаарх ойлголт муу байдаг гэнэ. Даунтай хүүхдүүд зөвхөн гэртээ байж, ээжээсээ өөр хүнтэй харилцах нь бага учраас нийгэмшдэггүй байна.

Тиймээс хүүхдээ олны дунд оруулж, нэг ч гэсэн өдөр баяр баясалтай байлгахыг хүсэн, мөн цаашид хүүхдээ өсгөхдөө юунд анхаарах талаар зөвөлгөө авахаар Дэлхийн дауны өдөрт зориулсан энэхүү үйл ажиллагаа зорьж ирсэн хэмээн Баянхонгор аймгийн иргэн Д.Цээрегзэн өгүүлэв. Эцэг, эхийн энэрэл шингэсэн, жаргалтай үрсийн инээд цангинасан арга хэмжээ үргэлжилсээр шилдэг хүүхдүүдийг алдаршуулав. Тэдний амжилтаас дурдвал 130 дугаар  сургуулийн дауны тусгай 3в анги нэгдүгээр сард  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Хатан туул урлагийн наадам”-д ангиараа оролцож,  “Үүлэн бор”  бүжгээр хүрэл медаль, сурагч Б.Амарболд өнгөрсөн онд Монголын  тусгай олимпын үндэсний тэмцээний теннисний  аварга алтан медаль, тусгай олимпоос зохион байгуулсан  теннисний ганцаарчилсан төрлөөр мөнгөн медаль, Г.Орхон 2017 онд Хятадын  Элчин сайдын яамнаас зохион байгуулсан гар зургийн уралдаанд  «Миний дуртай үлгэрийн баатар»   бүтээл нь  тусгай байр эзэлжээ. Мөн Т.Тэлмүүн 2017 онд Хятадын  Элчин сайдын яамнаас зохион байгуулсан гар зургийн уралдаанд  «Миний дуртай үлгэрийн баатар»   бүтээл нь  шилдэг бүтээлээр шалгарсан. А.Саранцацралт 2018 оны нэгдүгээр сард  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Хатан туул урлагийн наадам” -д гоцлол  бүжгийн төрлөөр  Энэтхэг бүжгээр хүрэл медаль авсан байна.