Миланы аялал ба өмнийн сургамж

Манай сонинд өмнө нь “Цагаан сар ба ногоон Япон”, “Ертөнцөд Хятадгүй юм байхаа болив”, “Ямар Монголыг илүү сонирхох вэ” зэрэг олон тэмдэглэл нийтлэл, бас Японы монгол судлаач эрдэмтэн Кимура Аяако, мөн ОХУ, Автономит Буриад Улсын нэрт барималч, Монгол Улсын Төрийн соёрхолт Даши Намдаковтой хийсэн сонирхолтой ярилцлагаа нийтлүүлж байсан сэтгүүлч Д.Цэдэн-Иш өнгөрсөн оны сүүлчээр “Аян зам, бодол эргэцүүлэл” хэмээх номоо уншигч олондоо өргөн барьсан. Манай сонины хувьд энэхүү номд багтсан тэмдэглэлээс уншигч олондоо цувралаар хүргэж байгаа билээ. Түүний өмнөх нийтлэлийг сонирхохыг хүсвэл манай сонины нэгдүгээр сарын 26-ны дугаарт (2018.01.26-ны 018 №2972) нийтлэгдсэн “Сар шинийн идээ будаа ба Герман Янжингийнхан”, нэгдүгээр сарын 30-ны дугаарт (2018.01.30-ны 020 №2974) нийтлэгдсэн “Александр Плацаас үүдсэн дурсамж ба түүнээс үүдсэн эргэцүүлэл”, нэгдүгээр сарын 31-ний дугаарт (2018.01.31-ний 021 №2975) нийтлэгдсэн “Магдебургийн үеэл Оюунаа ба Никарагуа хүргэн Перес Тито”, гуравдугаар сарын 2-ны дугаарт (2018.03.02-ны 043 №2997) нийтлэгдсэн “Өмнөх түүхээ мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчин мэт болно... гэдэг дээ”, гуравдугаар сарын 7-ны дугаарт (2018.03.07-ны №047 (3001) нийтлэгдсэн ”Усан оргилуур ба Содоогийн дэлгүүр”, ”Монгол гэртэй Женевийн элчин яам” нийтлэлүүдийг сонирхоорой.

Женевээс бид Италийн Милан руу түргэн галт тэргээр аялсан юм. Хил, гаалийн шалгалт энэ тэр гэж байх биш амар тайван аялсаар Швейцариас Италид хэдхэн цагийн дараа буучихлаа.Миланд би өмнө нь ирж байв. Арван жилийн өмнө Бельгийн Брюссельд хувийн ажил хөөцөлдөж яваад хагас бүтэн сайн тааруулж Милан, Венец үзэхээр нисэж ирсэн юм. Ганцаараа үүргэвчтэй аялал хийсэн хэрэг. Гэнэт шийдээд явчихсан болохоор зочид буудал энэ тэр ч захиж чадаагүй, очоод болох биз гээд л гараад туучихсан. Тэгээд л хээрээр гэр, хэцээр дэр хийнэ гэгч болсон юм. Над мэтийн аялагчдад сургамж болог гэх үүднээс тэр үед будилж явсан ганц хоёр тохиолын тухай бичмээр санагдав...Тэгэхэд “All Italia” агаарын компанийн “Боинг-707” хөлгөөр Миланы онгоцны буудалд өглөөгүүр газардлаа. Метрогоор яваад хотын төв орчихов. Өдөржингөө юм хум үзэж яваад оройхон галт тэрэгний буудалд ирж Венец рүү гарав. Гурван цаг орчим яваад хүрэх хуваарьтай юм. Вагон маань тохилог, хүн бүр л номер дугаартай зөөлөн суудалд тухлан аялж байв. Ном сонин уншсан шиг, бас хажууханд суусан залуухан хосын нэг нэгэндээ эрхэлж аяглахыг ажиж суугаад нэгд хөл гарын чилээ гаргах, хоёрт хоол ундны газар сураглахаар вагон хэслээ. Ресторан кафе гэхээр юм байсангүй. Харин унтлагын тун ч тохилог, хүн цөөтэй хоёр гурван вагон зэргэлдээ байх юм. Хоёр цаг гаруй явах  юм чинь гэж бодоод нэг бүхээгэнд нь ороод ганцаархнаа тухлаад авав. Гутал хувцсаа хөнгөлөөд унтах маягтай зүүрмэглэж явтал тасалбар шалгагчид орж ирж байна. Минийхийг авч үзсэнээ “Уучлаарай, та энэ вагонд тасалбар аваагүй байна шүү дээ, таны суух газар энэ биш байна...” гэцгээж, цүнхнээсээ улаан, ногоон шугамтай цаас гаргалаа. Байдал бишдэж буй нь ойлгомжтой болов. Ялгааг нь мэдэхгүй төөрч будилснаа хэлж уучлалт гуйгаад, одоохон хажуу вагоныхаа зөв суудалд суучихья гэж англиар чадан ядан ойлгууллаа. Тоох шинж алга. Шууд л 21 еврогийн улаан зураастай нэмэлт билет бичээд өгчихлөө. Ингээд 19 еврогоор аялах байснаа “илүү харж билүү долооно” гэгч болж яваад нэг дахин илүү үнэ төлж бяцхан шатав. “Хүнгүй хоосон юм, яахав” гэдэг монгол ойлголт хөгжил өндөртэй, зарчим хатуутай барууны энэ ертөнцөд байдаггүй аж. Нэг дэх сургамж энэ болой...Гэнэт шийдээд гарсан болохоор Венецед зочид буудал захиалж чадаагүй юм. Галт тэрэгнээс буунгуутаа хонох газар хайв. Олон ч гудамжаар орж, олон ч буудлын үүд татав. Бүгд л “Уучлаарай, манайх зайгүй” гэсэн зар үүдэндээ тавьжээ. Бүтэн цаг хагас энэ тэрүүгээр эрж хайгаад эцэстээ цөхөрч, шөнийн 01.30 болж байхад эрлээ зогсоон бяцхан кафед орж хоол зууш, шар айраг хүртэж гудамжинд өнгөрөөх шөнөөс цаг гаруйг нь авав. Далайн эрэгт очлоо. Ганц хоёр хос, хөөрч хөгжилдсөн хэдэн халамцуу залуусаас өөр хүн амьтангүй байв. Тэгээд ч тэнд чийглэг сэрүүхэн юм. Гуравдугаар сарын сүүл болохоор аргагүй биз. Буцаад вокзал хавийнхаа гудамж руу алхаж яваад цэцэг ногоо болсон бага шиг цэцэрлэгийн тэнд вандан сандал олж түүн дээр гутал хувцастайгаа зүүрмэглэв. Даарсандаа ойр ойрхон сэрж эргэж хөрвөөсөөр арайхийж үүр цайлгалаа. Ийнхүү даарч бээрч гадаа хоносон минь хоёр дахь сургамж... Мэдэхээрээ вокзал руу оров. “00”-д нь над шиг “тэнэмэл”-үүд нүүр гараа угаагаад, зарим нь бүр нүцгэлчихсэн сахлаа хусаад зогсож байна. Би ч тэдний нэг адил тэнд хэсэг тухлаж өглөөтэй золголоо. Зовж хоносных вокзалын кафед орж шарсан тахиа, үнэр нь ханхийсэн өтгөн хар кофе авч, жимстэй мөхөөлдөс захиалж гудамжинд хоноогүй хүн шиг аяглав. Эрч хүч ийн авчихаад Венецээр аяллаа. Үзэж харах юм бишгүй л байв. Нэг сонирхолтой нь эндэхийн ихэнх байшингуудын суурь нь усан дотор юм билээ. Урт урт усан гудамжаар нь ганц хоёр хүнтэй бага шиг модон завинууд өөд сөөргөө аялна. Машин тэрэг эндэхийн гудамж талбайгаар огт харагдахгүй. Машин зам ч энд байхгүй дээ. Усан гудамж, барилга байшинг холбосон явган зам, явган гүүрүүд л байна. Хотын танилцуулгад 430-аад явган гүүртэй гэсэн байна лээ. Тэдгээрийн нэг болох бяцхан гүүрээр гарч  аялагсдын цуваанд нэгдэж яваад Марксын талбай руу нь гараад ирсэн юмдаг. Манайхаар бол Сүхбаатарын талбай нь. Тэр хавийг үзэж эргэж тойрч яваад өөрөө ч мэдэлгүй тэнгис рүү гараад ирсэн байв. Хаа сайгүй ус цэлийх энэ хотын гол тээвэр нь гурав дөрвөн хүний суудалтай завинууд аж. Бүр таксины хар цагаан шоон хээгээр завиа будчихсан байх юм билээ. Усан дээрээс гар далласан таксичид олон байв. Би тэдний урилгад автсангүй, гол усны хөвөө дагаж яваад зогсоол хүрч бага гарын усан онгоцонд суув. Гурван еврогоор тасалбар авлаа. Адриатын тэнгисээр хорин минут орчим аялж арлын Венецтэй танилцав. Буугаад явган гүүрүүдээр нь хэсэг алхаж хотын төв хэсгийг сонирхсон. Бүтэн сайн байсан болоод тэр юм уу гүүр бүр дээр л уурга шидсэн загасчид  байсан. Нохойгоо салхилуулсан ганган авгайчууд гудамж талбайгаар тун олон тааралдсан. Нохойныхоо жогорхойг тэд тэр дор нь авч уут саванд хийгээд явцгаах нь нүдэнд их л содон байв. Венец хоггүй цэмцгэр хот юм билээ. Хүн зон нь нохой хөтөлсөн тэр авгайчуул шиг тийм хүмүүжилтэй болохоор аргагүй ч биз дээ гэж бодогдож байсан...Оройдоо ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад Милан руу буцлаа. Венец-Милан-Турин гэсэн галт тэргэнд суув.

Миланаас би өглөө 7.25-д нисэх хуваарьтай. Тиймээс метро зогсохоос өмнө Милан орж онгоцны буудал яваад тэндээ зүүрмэглэж байгаад л Брюссель нисэх бодолтойгоор галт тэргэндээ суусан хэрэг. Өмнөх сургамжаа санаад вагоныхоо дугаар, суудлынхаа зэрэг дэвийг дахин дахин нягталж үзэв. Нойр муутай хоносных унтаад Турин руу цааш давхиж дахин будилах вий гэж санаа зовж явлаа. Нөгөө өвлийн олимп болдог алдартай хот шүү дээ. Түргэн галт тэрэг маань яг л цагаараа Миланд ирэв. Метро нь галт тэрэгний буудалтайгаа хамтдаа нь явуулын мань мэтэд амар. Дээшээ гарч ирэхэд нэг зам дээр “Аэропорт” гээд гэрэлт самбар анивчиж метроны урт вагон дөнгөж ирээд зогсож байна. Тайван амжаад суулаа. Цаг гаруй явсаар онгоцны буудалд хүрэхэд шөнийн нэг өнгөрч байв. Өмнө ирж хаана юу байдгийг нь мэдэх баримжаатай болсон болохоор дээш доош холхиж нэг мухлагаас хоол унд аваад тэндээ хэсэг тухлав. Шөнийн хоёр болж байхад хүн цөөтэй буланд аятайхан суудал олж хажуулав. Мэдээж Венецийн гудамжинд хонодог вандан сандлыг бодвол хавьгүй зөөлөн тухтай юм. Өглөө тав хагасаас бүртгэл эхлэх болохоор гурван цаг дугхийнэ гэсэн үг. Зургаа дөхөж байхад сэрээд ойрхны мэдээллийн цахим самбарыг харав. Брюсселийн 7.25-аас нисэх хуваарь 7.40 болоод өөрчлөгдчихсөн байх юм. “All italia” гэсэн ногоон улаан хосолсон гоёмсог хаягтай бүртгэлийн олон цонхнуудын нэгэн дараалалд зогсов. Ганц үүргэвчтэй надад ачаа өгнө гэж түүртэх юм байсангүй, аажуу урагшилсаар итали киноны жүжигчин шиг гоё нүд, урт сормуус болсон хөөрхөн бүсгүйн цонхон дээр хүрч очлоо.  Бүсгүй миний билетийг хэсэг нягтлан харсанаа гайхаж, “Таны нислэг энэ биш байна...” гэж байх юм. Би ч нүдээ том болголоо. Гоё бүсгүй бид хоёрын хооронд ийм яриа болов:
-Уучлаарай, таны нислэг хоёрдугаар аэропортоос байна. 
-Юун хоёр вэ? ...Өөр аэропорт байдаг юм уу?..
-Та аэропорт нэгдүгээрт ирчихсэн байна...
-Одоо яах вэ... Хоёр руу явбал цагтаа амжих уу?
-Хотын нөгөө талд шүү дээ, таксигаар явбал амжиж магадгүй.
-Хэдэн евро болох бол?
-100-гаас доошгүй байх.
-Танай энэ онгоцонд суух арга байхгүй юу? Та туслаач...Бүсгүй утсаар цаашаагаа хэн нэгэнтэй холбогдоод ярьж ярьж “…Та 50 евро төлөөд 8.50-ийн нислэгээр явж болно, 7.40-ийнхэд суудал байхгүй байна” гэдэг хариу өглөө. Хүлээж авахаас өөр арга байсангүй. Яаж ингэж мангартчихав аа. Брюсселиэс ирэхдээ гарцаа байхгүй л яг энэ буудалд буусан даа. Тавилга хэрэгслийнх нь ногоон өнгө, буудлынх нь дотор, гадар дизайн ийм л байсан даа гээд дээш доошоо явж үзэв. Үнэхээр л яг өнгө мөнгөөрөө байж байх юм. Тэр ч байтугай энэ онгоцны буудлын жижигрүүлсэн энэ макетыг би тэгэхэд бас харж байсан. Тэр ч одоо энд байж байна. Их л гайхав... Бүртгэл эхэлтэл бүтэн цаг байгаа болохоор өглөөний цай амжиж уухаар булангийн бяцхан кафед орлоо. Кофе авч тайвшрахаар суув. Хаана ингэж алд дэлэм алдчихсанаа эргэцүүллээ... Миланы метроны буудлын мэдээллийн самбарт Аэропорт-I гэсэн зар гарч байсныг нэхэн санав. Тэгэхээр Аэропорт-II гэж байсан байх нь ээ...Кофегоо амталж суутал хажууханд орос яриа хөөрөө сонсогдож залуухан гэр бүл, охинтойгоо миний хажуугийн ширээнд сууцгааж байна. Тэдний мэндийг мэдэв. Нөхөр нь хариу мэндэлчихээд намайг хаашаа нисэх гэж буйг асууж байна. Брюссель нисэх гээд буудал андуурч будилснаа тэсэлгүй яриад авав. Ирэхдээ яг л ийм буудалд буусан гэж хэллээ. Орос эр надад хариу болгон ийн хүүрнэв. “Миланд бид хоёр дахь жилдээ амьдарч байна. Эхэндээ би тан шиг андуурч нэг удаа онгоцноос хоцрох дөхсөн. Нэг зургаар, бүр доторх тавилга төхөөрөмжийг нь хүртэл ижилсүүлэн хотынхоо хоёр талд хоёр аэропорт барьчихсан юм байна лээ эднийх. Хөрөнгө мөнгөө ч ингэж хэмнэсэн хэрэг. Метроны буудлын зураг схемдээ “Аэропорт-I”, “Аэропорт-II” гэж тэмдэглэсэн байдаг юм” хэмээн сэнхэртэл яриад өглөө…Нэг хотод онгоцны буудал хоёр байна гэж огт төсөөлөөгүй нь миний монгол сэтгэлгээ л юм даа. “Аэропорт” гэсэн вагон ирэхээр л үсрээд суучихсаных  таван цаг, бас 50 

еврогоороо шатав. Гурав дахь сургамжаа ийнхүү хүртэв. “Том хотод хэдэн ч онгоцны буудал байж болох нь байна шүү, над шиг будилуузай ” хэмээн санамж болгож буй минь энэ болой... 

“Доум” хэмээх нэгэн гайхамшиг

Одоо Миланыхаа хоёр дахь аяллын тухай хүүрнэе дээ. Аяллын тав тухыг бодож хүүхдүүд минь урьдын нэгэн адил галт тэрэгний төв буудлаас холгүйхэн дөрвөн одтой “Микаленджило” хэмээх түүхэн нэртэй 12 давхар зочид буудалд бидэнд өрөө захиалжээ. Буудлынх нь түлхүүрээс эхлээд л хүлээлгийн танхим энэ тэр нь италийн их сэргэн мандалтын үеийн их зураач Микаленджалогийн өнгөлөг сайхан зураг хөргөөр чимэглэгдсэн байх юм. Нэр, зураг хөрөгт нь татагддаг юм болов уу япон жуулчид энэ буудлыг бараг эзэгнэчихсэн байв. Оройхон ирснийх эртхэн амраад маргааш өглөө нь хоттой танилцах аяллаа эхэлцгээв. Олон сайхан юм үзэж харцгаасан. Энэ дундаас Миланы гайхамшиг гэгдэх “Доум”-ын тухай өгүүлэхгүй байхын аргагүй. Хотын төв талбайд орших энэхүү сүм музей бол түүх дурсгал талаасаа ч, уран барилга архитектур талаасаа ч дэлхийн соёлт хүн төрөлхтөний нэг ёсны бахархал болохуйц үзмэр соёлын гайхамшиг юм. 1300-аад оны сүүлээр эхэлж 1965 онд барьж дуусгасан урт түүхтэй юм. Бүтэн 600 жил гэхээр дэлхийн хамгийн удаан барьсан барилга байгууламж гэж хэлж болох. Долоон гайхамшгийн нэг гэх Таж Махалыг 100 жил барьсан гэдэг шүү дээ. “Доум”-ыг барихад аугаа их зураач Леонардо Да Винчи зөвлөхөөр нь нэг хэсэг ажиллаж байж. Ромын эзэнт улсыг эрхшээлдээ оруулсан үедээ Бонапарт Наполеон 1805 онд энэхүү байгууламжийн нэлээд хэсгийнх нь зураг төслийг нь баталж тэр дагуу бариулж байсан түүхтэй юм байна. Хурц шовх, дүрэлзэн бадарч буй гал хэлбэрийн оройтой найман сүм суваргаас бүрдэх энэ гайхамшгийн урт нь 158 метр, өргөн нь 92 м, өндөр нь 106.5 метр гээд бодохоор ямархуу нүсэр байгууламж болох нь ойлгомжтой. Дотор нь 40 мянган хүн өлхөн багтах тооцоотой гэнэ. Сүмийг бүхэлд нь цагаан шаргал гантигаар бүтээжээ. Олон арван хурц шовгор оройнуудыг нь ч бүгдийг зорж гаргасан байх юм. Хана, үүд, цонхны дээд хэсэгт алдартай хамба, сүмийн зүтгэлтнүүд, тэр үеийн нэрт хүмүүсийн хөшөө, хөргийг ч тэр л шаргал гантигаар нь зорж бүтээжээ. Ийм хөшөө, зормол хөрөг 3000 ширхэг байгаа гэж сүм музейн тайлбарт бичсэн байна лээ. Тэрхүү түүхэн хүмүүсийн нүд, шүд, хамар ам нь яг л махан бодь юм шиг сэтгэгдэл төрүүлж байв. Хатуу хад чулууг ингэж л баримлын шавар шиг эдлэж ийм ур хийцтэй нүсэр барилга байгууламж, бүтээл хийснийг гайхамшиг гэхгүй юм бол ёстой юуг гайхамшиг гэх юм бэ гэмээр. Тэр хэрээрээ ч энэ хавь харуул хамгаалалт хатуу чангатай орчин байв. Онгоцны буудал, нисэхийн үзлэг шалгалт ямар байдаг билээ, үзэгчдийг ингэж л нягт нямбай шалгаж оруулах юм билээ. Бидний өмнөхөн сургуулийн бага ангийн бололтой хэдэн зуун багачуудыг багш бүсгүйчүүл нь анги ангиар нь дэг журамтай жагсааж хүүхдүүдээ тоолоод оруулах юм. Харуул хамгаалалтынхан нь томчуудыг хүлээлгэж байгаад тэднийг элэгсгээр урьж өхөөрдөн рентген хаалгаар бас сайтар шалган нэвтрүүлж байв. Италийн ирээдүй болсон хүүхдүүд үүх түүхээ хар нялхаасаа мэдэрч судалж байгаа нь энэ юм... “Доум” нь дотроо ч урлагийн сод бүтээл аж. Байгалийн болон шашны сэдэвт олон арван өнгөт зураг, бурхдын хөргөөр сүмийн танхимуудыг чимжээ. Сүм дотор цовдлогдсон Христээс эхлээд түүхт баатруудын хөрөг, италийн сэргэн мандлын үеийн зураачдын сор бүтээлүүд, мөн нэртэй том лам нарын занданшуулсан шарилууд байх юм билээ. Сүүлийн тэр хэсгийг үзэгч, аялагчид дуу шуугаа хурааж үзнэ. Төд удалгүй өгсөх шатаар хэсэг алхаад сүмийн дээвэр дээр гарч уртаар амьсгалж эргэн тойрныг тольдон амрах сайхан боломжтой юм билээ. “Доум” хэмээх энэхүү сүм музей нь бүхэлдээ европын готик хэлбэртэй архитектурын хэд хэдэн хийцийн нийлбэр гэгддэг аж. Тийм болохоор өндөр, нам шовх орой их олонтой юм байна. Мөргөлч сүсэгтнүүд, аянчин гийчдийн ая тухыг хангаж шовх оройтой хэсгүүдийг бүхэлд нь тойрч үзэх зориулалтын хашилт хамгаалалттай замыг сүмийн оройд байгуулчихаж. Энэхүү замаар явж сүмийн арай өндөрлөг оройн хэсгээс Миланы төвийн хөл хөдөлгөөн, байшин барилга, үзэмж төгөлдрийг шимтэн үзэж зураг хөрөг авах боломжтой юм. 600 жил барьсан бүтээн байгуулалт одоо ч бас үргэлжилж буйг сүмийн дээвэр дээрх энэ замаар аялж явахдаа харлаа. Нэг сүмийн дүрэлзсэн оройг алтдаж байв. Хурц наранд тэр сүмийн орой гялтаганаж, нүд гялбуулан шаргалтаад л... аянчин жуулчид ч хөгшин залуугүй аппаратаа шаржигнуулаад л... Сүм доторхийг шагшин шаагиж байсан шигээ дээвэр дээрх аялалдаа ч хүмүүс сэтгэл нэн хангалуун. Тойрон аяллынхаа төгсгөлд олон шовгор оройтын дундах сэлүүхэн дээвэр дээр гараад хөлөө ч, сэтгэл хөдлөлөө ч түр амрааж суух нь сууж, тааваараа тарж хэвтэх нь хэвтэж, цээж нүцгэлээд биеэ шарж, зарим нь ном сонин уншиж, оюутан бололтой залуус хичээлээ ч давтаж байх шиг. Торгон элс, ногоон зүлэг байхгүй л болохоос гол мөрөн, далайн эргийн наран шарлагын талбай дээр байгаа мэт л тарвалзацгааж байх юм билээ. Бид ч тэдний дунд хэсэг тухалцгаав. Миланы хаврын энэ өдөр манай зуны дунд сарын нартай өдөртэй адилсахаар халуун дулаан байлаа. Итали ч манай монголтой адил нарны орон юм.


Дараа өдөр нь бид Миланы ногоон автобусны аяллыг сонгож хоттой танилцлаа. Ойрын дүүргүүдтэйгээ нийлээд нийт 5.4 сая хүнтэй, жилдээ хоёр сая гаруй жуулчин хүлээн авдаг, европтоо хүн амын тоогоор дөрөвт эрэмбэлэгддэг хот юм. Мэдээж мода загварын хот гэдгээрээ дэлхийд тэргүүлэх талдаа нь ойлгомжтой. Сонгодог урлаг, дуурь гээд ярихаар Миланы “Ласкала” театрын нэр нэн тэргүүнд гараад ирнэ. Европоор явах сар өдрөө тохироод нислэг, буудлаа захиад жин тан болсны дараахан буюу хоёрдугаар сарын эхээр бидний аяллыг зохион байгуулж буй Будапештэд сурдаг хүүдээ ээж нь “Милан орсных “Ласкала”-д нэг дуурь үзчихвэл зүгээр шүү...” гээд ярьж. Тэгээд л хүү сураглаад “Тавдугаар сарын 20-ныг хүртэл бүх билет зарагдчихсан” гэдэг хариу авч байсан юм. Ногоон автобусанд сууж “Ласкала”-гийн дэргэд бууж гаднаас нь ч гэсэн тэр театрыг харж, өмнөх усан оргилуудынх нь дэргэд түр саатаж зураг хөргөө авахуулцгаав. Миланы нэртэй цуутай, түүх дурсгалтай гудамж талбай, байшин барилгын дэргэд ногоон автобус зогсож аялагч жуулчдаа  буулгаж, суулгаж үйлчлэх нь таатай. Буусан буудлынхаа орчимд үзэх юмаа үзэж танилцчихаад дараагийнх нь автобусанд сууж аяллаа үргэлжлүүлэх боломжтой. Тэгэхдээ зөвхөн тэр өдрөө шүү. Хөтөч тайлбарлагчийн үүрэг гүйцэтгэдэг чихэвчийг хүн бүр авна. Англи, итали, герман, испани, франц, орос, хятад, япон, украйн хэлнээс аль мэддэгээ сонгоод чихэвчиндээ тайлбар авна. Аяллын туршид хөгжимтэй тайлбар явна. Миланы “Мода” ордны хажуугаар бид оройхондоо явж таарсан. Тансаг загварын хар машинууд зогсоолыг битүү хуччихсан, бас хар өнгийн даашинз бошинз өмссөн гунхсан бүсгүйчүүд, хар костюм, цагаан цамцаар гангарсан залуучууд хөлхөлдсөн, бөөгнөрөлдсөн хөлтэй гудамж байв. Бас ганган хар мотоцикльтэй, хар хувцастай залуучууд тэр гудамжных нь булан тохойд хэд гурваараа хэлхэлдэж харагдана лээ. Милан мотоцикл ихтэй хот санагдав. Тээврийн хэрэгслийн бараг тал хувь нь мотоцикл байх аа гэмээр. Хар өнгийн хувцас мода болж байгаа юм болов уу, гангачуул нь ихэнхдээ хар, цагааныг хослуулчихаж. 
Үргэлжлэл бий