С.Саянцэцэг: Дэлхийн хэмжээний төгөлдөр хуурч төрүүлэхийг зорьж байна

ОХУ-ын Москва хотноо болсон Оросын нэрт хөгжмийн зохиолч С.В.Рахманиновын нэрэмжит залуу төгөлдөр хуурчдын олон улсын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн С.Саянцэцэг багш болон түүний шавь нарт өчигдөр шагналыг нь гардуулсан. Энэ үеэр С.Саянцэцэг багш болон медаль хүртсэн О.Нандин, З.Амин-эрдэнэ нартай ярилцлаа.

-Москва хотод болсон тэмцээний талаар ярихгүй юу. Ямар онцлогтой тэмцээн болж өнгөрсөн бэ?
-ОХУ-ын Москва хотноо болсон Оросын нэрт хөгжийн зохиолч С.В.Рахманиновын нэрэмжит залуу төгөлдөр хуурчдын олон улсын тэмцээнд О.Нандин, З.Амин-эрдэнэ гэсэн хоёр шавьтайгаа амжилттай оролцоод ирлээ. ОХУ-ын Засгийн газар, ОХУ-ын Соёлын яамны дэмжлэгтэй зохион байгуулагддаг энэхүү тэмцээн Гнесиний нэрэмжит хөгжмийн академийн концертын их танхимд болж өнгөрсөн.  Энэхүүн тэмцээнд 7-24 нас хүртэлх хүүхэд, залуучууд оролцдог юм билээ. Миний шавь нар 7-11 насны ангилалд оролцсон. Хөгжим бүжгийн консерваторийн гуравдугаар ангийн сурагч О.Нандин маань гуравдугаар байр эзэлсэн. Мөн миний сургалтад явдаг “Монгол-Оюу” сургуулийн сурагч зургаан настай З.Амин-эрдэнэ тусгай байр хүртсэн. 
-З.Амин-эрдэнэ зургаан настай гэлээ. 7-11 насны анги­лалд дээд насныхантайгаа өрсөлдөөд, тусгай байр эзэлсэн юм байна. Тийм үү?
-Тийм ээ. Тэмцээнд оролцо­хоосоо өмнө зохион байгуулж буй газар руу “Зургаан настай ша­виа тэмцээнд оролцуулж болох уу” гэхэд зөвшөөрсөн хариу ирүүлсэн. З.Амин-Эрдэнэ маань тус тэмцээний хамгийн бяцхан оролцогч байсан юм. О.Нандин маань найман настай, мөн л бага насандаа орж байсан. Ерөнхийдөө бол ихэнх нь ес, арав, арван нэгэн настай хүүхдүүд байсан. 
-Манай хоёр хамгийн бага оролцогч байсан учраас хүнд­рэлтэй зүйл тохиолдсон уу?
-Тэмцээний зохион байгуулагч­даас цаг зааж, 10 минутын хугацаанд гүйцэтгэх даалгавар өгсөн. Энэ хугацааг гүйцээх нь бид гурвын хувьд асар их тэвчээр хөдөлмөр шаардсан зүйл байсан юм. Хүүхдийн зохиолуудад 10 минутын зохиол байдаггүй. Миний тоглодог зохиолууд л 10 минутынх байдаг шүү дээ.
-Та цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?
-Дэлхийн хэмжээний төгөлдөр хуурч төрүүлэх, Монголынхоо төгөлдөр хуурын урлагт чадахаараа хувь нэмэрээ оруулах л миний энэ яваа насаны минь эрхэм зорилго. Энэ тэмцээнээс урам авч хийж бүтээх хүсэл маань улам нэмэгдлээ. Ойрын хугацаанд оролцох боломжтой ямар тэмцээн байна, тэр бүгдэд оролцож илүү их амжилт гаргамаар санагдаад байдаг болчихлоо. Би бага насны хүүхдүүдийг бэлтгэдэг. З.Амин-эрдэнэ бол тэдний нэг байсан. Даалгасан бүхий л зүйлсийг цаг хугацааны дагуу хийдэг. Авьяасыг нь задалж олон улсын тэмцээнд оруулах бодол төрсөн. Ер нь бол хөгжимчин болох хүүхэд цаа­наасаа төрдөг. Ганц хичээл зүт­гэлээр болдоггүй. Өөрийнх нь ачаалал даах чадвар мөн гэр бүлийн дэмжлэг маш их нөлөөл­дөг. Хүүхэд маань хөгжих тусам би оргилд нь хүртэл авъяасыг нь хөгжүүлэхийг л зорьдог. 
-Энэ тэмцээнд байр эзэлнэ гэдэгтээ итгэлтэй байсан уу?
-Байр эзэлнэ гэж огт төсөөлөөгүй. Учир нь, хамгийн сайн төгөлдөр хуурчид Москвагаас төрөн гарсан байдаг. Мөн төгөлдөр хуурчид бэлтгэдэг тусгай сургуулиуд маш их. Москвад болж байгаа тэмцээн учраас мундаг сургуулиуд хүүхдүүдээ оруулах нь тодорхой байсан. Тиймээс бидэнд байр эзлэх боломж байхгүй л гэж бодсон. Гэхдээ цаанаа бас горьдлого тээж л байсан. Ийм ч учраас хүүхдүүддээ “Тоглож дуусаад гарч ирэхэд чинь орос багш нар баяр хүргэвэл байр эзэлсний чинээ бодоорой” гэсэн. Тоглоод гарч ирснийх нь хэдэн орос багш баяр хүргэж, хамт зургаа авахуулсан. Тэгэхээр нь “Сайн тоглосон юм байна даа” гэж бодоод бид гурав аз жаргалтай өдрийг өнгөрөөсөн дөө.
-Байр эзэлснээ хэзээ мэдсэн бэ. Ямар сэтгэгдэл төрж байв?
-Байр эзлээгүй байх гэж бодоод дүнгээ ч сонсолүй шууд онгоцны буудал явсан. Очоод байж байтал нэг найз маань “Дүнгээ харсан уу” гээд дүнгийн мэдээлэл явуулсан. Гэтэл гуравдугаар байр мөн тусгай байранд орсон байсан. Би бүр итгэхгүй, буруу хараад хүүхэд горьдоочих вий гээ маш олон удаа харж байж итгэсэн. Хүхдүүддээ тэр тухай хэлтэл онгоцны буудал дээр баярлаад, уйлаад, бие биенийгээ тэврээд үнэхээр гайхалтай байсан. Хүүхдүүдийн сэтгэл хөдлөлийг юутай зүйрлэшгүй сайхан байсан. 

З.Амин-Эрдэнэ: Ирэх жил Хөгжим бүжгийн консерваторид ороод илүү их зүйл сурна гэж бодож байна

 

С.В Рахманиновын нэрэмжит уралдааны хамгийн бяцхан мөн тусгай байрын шагналт оролцогч З.Амин-эрдэнэтэй ярилцлаа.

-Хэзээнээс эхэлж төгөл­дөр хуураар хичээллэ­сэн бэ. Сая оролцсон тэмцээнээс өмнө ямар тэмцээнд орол­цож байв?
-Төгөлдөр хуураар хичээл­лээд нэг жил болж байгаа. Энэ миний оролцсон гурав дахь тэмцээн. Ээж маань намайг төгөлдөр хуурын дугуйланд явуулсан. 
-Ах эгч нартайгаа өрсөл­дөхөд хэцүү байсан уу?
-Би маш их сандарсан. 
-Ямар мэргэжилтэй хүн болно гэж боддог вэ?
-Би төгөлдөр хуурч болно гэж боддог. Дараа жилээс би Хөгжим бүжгийн консер­ваторид орно. Тэгээд илүү их зүйл сурна гэж бодож байгаа.

О.Нандин: Үг ч дуугарч чадахгүй, тийм их баярласан

Хөгжим бүжгийн коллежийн гуравдугаар ангийн сурагч О.Нандинтай ярилцлаа.

-Хэзээнээс эхэлж төгөл­дөр хуураар хичээллэж эхэлсэн бэ?
-Би одоо найман настай. Дөрвөн настайгаасаа төгөлдөр хуураар хичээлэж эхэлсэн 
-Төгөлдөр хуурын сур­гуульд хөтөлж оруулсан бэ?
-Манай ээж зурагт үзэж байгаад төгөлдөр хуурын сургалтын талаар мэдээлэл олж харсан гэсэн. Мөн энэ сургалтад сурсан хүүхдүүдийн ярилцлагыг үзээд намайг төгөлдөр хуурын дугуйланд явуулах болсон.
-Тэмцээний үеэр сандарсан уу. Байр эзэлснээ мэдээд ямар сэтгэгдэл төрсөн бэ. Бас аав, ээж нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Багш маань тэмцээнд оролцохын өмнө “Тоглолтон дээр байна гэж бодоорой” гэсэн. Багшийнхаа хэлснээр тоглолтон дээр байна гэж бодоод огт сандраагүй. Монгол руугаа буцах гээд онгоцны буудал дээр байсан чинь “Дүн гарсан байна” гээд мэдээ явуулсан. Багш маань хамгийн доороос нь эхлээд бид хоёрын нэрийг хайтал би гуравдугаар байр эзэлж, З.Амин-эрдэнэ тусгай байр эзэлсэн байсан. Би бүр үг ч дуугарч чадахгүй тийм ихээр баярласан. Тэгээд хамгийн түрүүнд баярт мэдээгээ аав, ээждээ хэлмээр санагдсан. Онгоцноос буухад аав ээж хоёр ирээгүй байсан. Яасан юм бол гэж бодоод байж байсан чинь нэг булангаас гараад ирсэн. Тэгээд л очоод тэвэрсэн дээ. Надаар бахархаж байгаа байх гэж би бодсон. 
-Ямар мэргэжилтэй хүн болно гэж боддог вэ? 
-Би төгөлдөр хуурч болно.