АНУ, БНАСАУ-ын төлөөлөгчид хагас жил тутам нууцаар уулздаг байжээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тусгай элч, Үндэсний аюулгүй байдлын газрын дарга Чон Ый Ён тэргүүтэй тус улсын төлөөлөгчид Хойд Солонгост айлчлаад өнгөрсөн мягмар гаригт эх орондоо эргэн ирсэн билээ. Айлчлалын хөтөлбөр дэх гол арга хэмжээ нь БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай хийх уулзалт, хэлэлцээ байсан юм. Уулзалт дөрвөн цаг гаруй үргэлжилсэн бөгөөд Өмнөд Солонгосын төлөөлөгчид БНАСАУ-ын удирдагчид хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт хийх санал бүхий Ерөнхийлөгч Мүн Жэ Иний захидлыг гардуулан өгчээ.

Тэгвэл Өмнөд Солонгосын төлөөлөгчид өнгөрсөн мягмар гаригт эх орондоо очсон даруйдаа Ерөнхийлөгч  Мүн Жэ Инд  энэ  уулзалтынхаа  талаарх  мэдээллийг хүргэхээр  Хөх ордонг  зорьсон байна. Үүний дараа төлөөлөгчид хэвлэлийн бага хурал  хийж, Пхеньянд  болсон уулзалтын талаар мэдээлэл өгчээ.
Чон Ый Ён  “Хойд Солонгос  АНУ-тай яриа хэлэлцээ хийх үеэрээ пуужин болон цөмийн хөтөлбөрөө царцаахад бэлэн байгаа. Пхеньян АНУ-тай яриа хэлэлцээ хийх үеэрээ пуужин хөөргөх болон цөмийн туршилтууд явуулахгүй гэдгээ амласан.  Энэ нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох чиг шугамыг баримтлахаа Хойд  Солонгосын тал тодорхой илэрхийлж буй нэг хэлбэр. Хоёр Солонгосын гурав  дахь удаагийн дээд хэмжээний уулзалт ирэх сард  хилийн шалган нэвтрүүлэх Панмунжом  боомтод болно. Хоёр Солонгосын төлөөлөгчид зөвлөлдөх уулзалт хийх болон хурцадмал байдлыг намжаах зорилгоор хоёр улсын төрийн тэргүүний хооронд харилцаа холбооны шугам ажиллуулахаар тохиролцлоо. Түүнчлэн  Пхеньянд  Сөүл Солонгосын хойгийг цөмийн  зэвсэггүй  бүс  болгохын  төлөө  байгаа  гэдгийг  дахин сануулсан” гэжээ.   Мөн  Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин  болон Хойд  Солонгосын удирдагч Ким Жөн Ун  нар ирэх сард болох дээд хэмжээний уулзалтын  өмнө  утсаар  ярилцахаар  тохиролцсон  байна.  Хойд  Солонгосын  тал  Вашингтонтой яриа хэлэлцээ хийвэл цөмийн  болон  пуужингийнхаа  хөтөлбөрийг царцаахад  бэлэн  байгаагаа  мэдэгдсэн нь Олон улсын  хамтын нийгэмлэгийн удирдагчдын  хувьд таатай мэдээлэл болж байна. Түүнчлэн  Пхеньян  ил тод  яриа хэлэлцээ хийхэд  ч бэлэн байгаагаа  илэрхийлсэн  аж.   Харин АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн албанаас Өмнөд Солонгосын төлөөлөгчид Хойд  Солонгост хийсэн айлчлалынхаа үр дүнг хэлэлцэхээр Вашингтонд ирэхээс нааш манай улс Пхеньянтай  шууд яриа хэлэлцээ хийх талаар ярихад бэлэн биш байна гэж мэдэгдээд буй. Үүнээс үүдэж, Өмнөд  Солонгосын  Ерөнхийлөгчийн тусгай  элч төлөөлөгч Чон Ый Ён  АНУ, ОХУ,  Хятад зэрэг орнуудыг  зорьж, Пхеньянд болсон уулзалт, хэлэлцээнийхээ үр дүнг танилцуулах ажээ.  Мөн  Пхеньянд  айлчилсан төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан   Өмнөд Солонгосын  Тагнуулын албаны дарга  Японыг зорих гэж  байгаа аж.   Хэдийгээр АНУ, БНАСАУ-ын удирдагчид бие биендээ цөмийн цохилт өгнө хэмээн харилцан сүрдүүлж байсан боловч Хойд  Солонгостой яриа хэлэлцээ хийх нь зүйтэй гэж үздэг хүмүүс АНУ-д хангалттай олон байдаг аж. Тодруулбал, хоёр талын төлөөлөгчдийн албан  бус нууц уулзалтууд 2016 оны аравдугаар сараас хойш 10 гаруй удаа болсон гэх мэдээ байдаг. Хоёр тал 2016 оны аравдугаар сард Малайзын Куала-Лумпурт анхны албан бус уулзалтаа хийсэн нь нийтэд ил болсон бол үүнээс сар орчмын дараа Женевт дахин уулзжээ. Энэ мэтчилэнгээр Москва, Осло, Швейцарийн Церматт хотуудад уулзалтууд болсон байна.   Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зорилготой зургаан талт хэлэлцээнд АНУ-ыг төлөөлөн оролцож байсан тусгай төлөөлөгч Жозеф Дитранигийн ярьснаар бол, иймэрхүү уулзалтууд хагас жил тутамд нууцаар болдог аж.  Тухайлбал, 2017 оны тавдугаар сарын 9-нд Норвегийн Осло хотод албан бус уулзалт болж, Хойд Солонгосын талыг Гадаад хэргийн яамны Хойд Америкийн асуудал хариуцсан  газрын дэд дарга Чве Сон Хи, Америкийн талыг Сюзанна ди Мажио /New America стратегийн судалгааны төвийн дарга/ нар төлөөлжээ. Уулзалтын үеэр Хойд  Солонгост баривчлагдсан Америкийн иргэдийг суллах, /тэдний дотор оюутан Отто Вармбиер/, Пхеньяны  цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээг сэргээх зэрэг асуудлыг хэлэлцсэн бололтой. Нууц уулзалтуудад Америкийн талаас голдуу эрдэмтэн судлаачид зэрэг шийдвэр гаргах төвшний бус хүмүүс оролцож байсан бол Хойд  Солонгосын тал дунд тушаалын албаны хүмүүсээ илгээж байжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Хятадад айлчлах үеэрээ “Хойд Солонгостой маш хязгаарлагдмал хүрээнд холбоо тогтоосон” гэдгээ  хүлээн зөвшөөрсөн. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер “Нью-Йорк таймс” сонинд ярилцлага өгөх үеэрээ “Улам хурцдаж буй түгшүүртэй байдлыг намжаахын тулд элчийн хувиар Хойд  Солонгос руу явахад бэлэн” гэдгээ илэрхийлж байв. Тэрбээр 90-ээд оны дундуур  Ерөнхийлөгч асан Билл Клинтоны тусгай элчийн хувиар Пхеньянд очихдоо “Цөмийн анхны хямрал”-аас гаргахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.   
 
Эх сурвалж: koreatimes.co.kr