Дарханы замыг өргөтгөх төслийг концессын жагсаалтаас хаслаа

Өнгөрсөн оны зургадугаар сарын 21-нд “Улаанбаатар-Дархан” чиглэлийн 204.6 километр автозамын өргөтгөл шинэчлэлийн ажлыг эхлүүлж байсан. Тухайн үед салбарын сайд байсан Д.Ганбат тус замыг цементбетон хатуу хучилттай, дөрвөн эгнээтэй I зэрэглэлийн зам болгох ажил эхлүүлж байгааг мэдэгдээд, шороонд гар хүрч байв.

Энэхүү замыг концессын хөрөнгө оруулалтаар шинэчлэх бөгөөд төмөр бетон гүүр, түр зогсоолын талбай, гадаргуугын ус зайлуулах байгууламжтай болгох, аваар осол их гардаг 10 байрлалыг сайжруулах, мал амьтан гарах гарцтай байхаар төлөвлөсөн байдаг. Тэгвэл өчигдөр Засгийн газрын хуралдаан болж тус чиглэлийн замыг шинэчлэх төслийг “Төрийн өмчийн концессын жагсаалт”-аас хасч, сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцохоор болов. Учир нь Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах санхүүгийн ерөнхий хэлэлцээрийн дагуу 2017-2018 онд хуваарилсан зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 километр, Дархан-Алтанбулаг чиглэлийн 113 километр авто замд их засвар, шинэчлэл хийх болсонтой холбоотой хэмээн тайлбарлаж байгаа юм. 
Улаанбаатар-Дархан чиглэлийн зам нь 1970-1980 онд баригдсан бөгөөд 1997-2000 онд хийсэн ээлжит засвараас өөр шинэчлэл хийгээгүй аж. Тиймээс замын суурь, хучилт их хэмжээгээр эвдэрсэн байдаг. Энэхүү зам нь манай улсын аж үйлдвэрийн томоохон төв, газар тариалан, мал аж ахуй, эдийн засгийн гол бүс нутаг, аялал жуулчлалын бааз, амралт, сувиллын газруудыг дайран өнгөрдөг. Тус замаар хоногт 3800 автомашин зорчдог бөгөөд уг нь 600 орчим автомашин зорчих стандарттай аж.