У.Хүрэлсүх: Эмэгтэйчүүдийн дундаж цалин эрчүүдийнхээс доогуур байгааг шийдвэрлэнэ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Сайхан монгол ээж” чуулганыг УИХ-ын эмэгтэй гишүүд санаачлан хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Чуулганд 21 аймаг, нийслэлийн мянган сайхан ээжүүд цугласан байв. Уг чуулганыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх ивээлдээ аван зохион байгуулж байгаа бөгөөд чуулганыг нээж үг хэлсэн юм. Тэрбээр “Өнөөдөр төрийн албанд ажиллагчдын дотор эмэгтэйчүүд 60 орчим хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл төр түшиж байгаа эмэгтэйчүүдийн тоо эрчүүдээс илүү байна гэсэн үг. Эмэгтэйчүүдийн ажилгүйдлийн төвшин сүүлийн жилүүдэд эрчимтэй буурч эрэгтэйчүүдийнхээс 1.7 пунктээр доогуур болсон. Гэсэн ч эмэгтэйчүүдийн дундаж цалингийн хэмжээ эрчүүдийнхээс доогуур байсаар байна. Энэ асуудлыг бид шат дараатайгаар, шийдвэрлэх болно. Өргөн уудам нутагтаа хөгжил дэвшил, аз жаргалыг цогцлоон амьдрахын тулд бид улам олуулаа болох шаардлагатай. Монгол Улсын Засгийн газраас хүн амаа өсгөн нэмэгдүүлэх бодлогын нэг хэсэг болох “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ жилээс эхлэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх бүр сар болгон 50 мянган төгрөгийн тэтгэмж авах бололцоог бүрдүүлэн хэрэгжүүлж байна. Энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 125 мянган эх “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдаад байна. Түүнчлэн гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд нэг удаа тэтгэмж олгож эхэлсэн. Ахмадууддаа “Насны хишиг” олгон тэтгэврийн зээлийн хүүг буурууллаа. Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулж, өндөр настны тэтгэврийг нэмэгдүүлэн, оюутны сургалтын зээлийн хүүг тэглэсэн зэрэг чамлахааргүй ажлыг хийж хэрэгжүүлж байна.

Цаашид эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудалд иргэн бүрийн үүрэг, хариуцлагыг тодорхойлох эрх зүйн орчин бий болгохын тулд Эх хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барихаар бэлтгээд байна. Засгийн газраас эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлогын үр дүн гарсаар байна. Үүний нэг жишээ бол Монгол Улс эх хүүхдийн эндэгдлийг бууруулж Мянганы хөгжлийн зорилтыг амжилттай хэрэгжүүлж чадсан ес дэх орон болсныг НҮБ-аас зарлаад байна” гэлээ. Түүнчлэн “Сайны хажуугаар саар гэгчээр гэр бүлийн хүчирхийлэлд хамгийн их өртөж байгаа нь манай охид, эмэгтэйчүүд байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдан хэрэгжиж байгаа. Хууль хэрэгжиж эхэлснээр гэр бүлийн хүчирхийлэл 20 хувиар буураад байна. Гэхдээ энэ асуудал нийгэмд байсаар л байгаа нь санаа зовоож байна. Эмэгтэй хүн ойлгогдох гэж биш хайрлагдах, зовох гэж биш жаргах гэж төрсөн гэдэг. Үүнтэй би санал нэг байдаг. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд, эр хүний хувьд ч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа этгээдүүдтэй хуулийн хэлээр, хатуу гараар тэмцэнэ” гэлээ. 
Чуулганд олон сайхан ээжийн төлөөллүүд ирсэн байсан. Дархан-Уул аймгаас ирэн н.Уран эмээгийн хувьд 13 хүүхэд төрүүлж, өсгөсөн, эр нөхрөө даган амьдралынхаа ихэнх хугацааг хил дээр өнгөрүүлсэн ажээ. Тэрбээр “Хил дээр зааварлагч, шуудан зөөгч, тогооч зэрэг ажил хийж байлаа. Эх орноо хамгаална гэдэг үнэхээр сайхан” гэж байв. Түүний том охин н.Оюун мөн “Сайхан монгол ээж” чуулганд оролцож байсан юм. н.Оюун дөрвөн хүүхэдтэй бөгөөд алдарт эхийн хоёрдугаар одон энгэртээ зүүжээ. Эдгээр эмэгтэйчүүд шиг олон хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн эмэгтэйчүүдийг ид хөдөлмөрлөх насан дээр нь ажил хийх эрхийг нь хязгаарлаж, албадан тэтгэвэрт гаргаж байсан байна. Монголын төр 1990 онд ингэж 44 мянган мянган ээжийг эдийн засгийн хүнд хохиролд учруулсан ажээ. Энэ мэт төр засгийн буруутай ажиллагаанаас хохирсон болон эрх нь зөрчигдөж байгаа ээжүүдийг чиглэсэн ямар ажил хийх талаар УИХ-ын гишүүн Д.Оюухоролоос тодруулсан юм. 

Д.Оюунхорол: Хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байгаа ээжүүдийн хохирлыг монголын төр шийдвэрлэх ёстой
-Та бол УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийн дарга. Танай бүлгийн хувьд эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалах чиглэлээр хуулийн ямар өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай гэж харж байгаа вэ?
-Монгол Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахтай холбоотой олон шийдвэрт УИХ дахь эмэгтэй гишүүд хамтран ажиллаж байна. 1990 онд дөрвөн болон түүнээс дээш хүүхэдтэй 44 мянган ээжийг тэтгэвэрт гаргасан. Энэ үед ээж нарын хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан явдал нь тэдэнд хүнд зохилт өгсөн гэдгийг эхчүүд маань одоо болтол хэлдэг. Энэ хохирлыг барагдуулах тухай ч санал гаргадаг. 44 мянган эмэгтэйг хүүхэд төрүүлснийх нь төлөө 30-37 настай тэтгэвэрт гаргаж байсан. Тухайн үед  хамгийн бага хэмжээгээр хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоож олгож байсан юм. Одоогоор эдгээр ээжүүдийн нэлээд хэсэг нь бүрэн тэтгэврийн доод хэмжээнд хүрсэн боловч 8000 гаруй ээж хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байна. Тиймээс эдгээр ээжийн хохирлыг барагдуулах асуудлыг Монголын төр шийдвэрлэх ёстой. Иймээс ч хууль санаачилж энэ асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө бид ажиллаж байна. Үүнээс гадна НҮБ-аас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, “Эрчүүд эмэгтэйчүүдийнхээ төлөө” аяныг өрнүүлээд байна. Энэ аяныг Монгол Улсын хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэж байгаа. 
-Энэ УИХ-ын хувьд хамгийн олон эмэгтэй гишүүнтэй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хууль тогтоох байгууллагын хувьд үр дүнтэй ямар ажил хийсэн бэ?
-Нийгмийн хамгааллын хуулиуд дээр эмэгтэй гишүүд санаачилгатай ажилласан. Тэр дундаа сүүлийн үед олон нийтийн дунд маргаан үүсгээд байгаа хүүхдийн хүчирхийллийн асуудал дээр бид онцгой анхаарал хандуулж байна. Хүчирхийллийн төвийг бэхжүүлэхэд зориулж таван тэрбум төгрөг улсын төсвөөс батлуулсан. Ингэснээр хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудалд илүү анхаарах боломж бүрдүүлээд байна. Мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр УИХ дахь эмэгтэй гишүүд илүү анхаарч тодорхой хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт тусгаж чадсан. Түүнчлэн гурван хүүхэд төрүүлсэн, хүүхдээ хардаг ээж нарт мөнгөн урамшуулал олгох ажлыг эхлүүлж чадлаа. Хөдөөгийн малчдын насыг таван жилээр урагшлуулж, хөдөө хөхөрч, гадаа гандаж байдаг малчид эмэгтэй 50, эрэгтэй 55 настай тэтгэвэр тогтоолгох боломж бүрдсэн. Ингэснээр хүнд хортой нөхцөлд ажилладаг ангиллаар тэтгэврээ тогтоолгох боломж бүрдсэн байна. Мөн бид Гэр бүлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, гэр бүлийн үнэт зүйлийг хамгаалах чиглэлээр илүү олон зүйл хийх шаардлагатай байна гэж үзэж онцгой анхаарч, хуулийн төслүүд дээр ажиллаж байгаа. Ер нь эмэгтэй гишүүд нийгмийн хамгааллын чиглэлийн асуудалд илүү анхаарал хандуулдаг. Үүний нэг жишээ нь хог хаягдлын хуулийг боловсронгуй болгох хуулийг батлуулсан. Нийгмийг хог хаягдалгүй, цэвэр, үзэмжтэй байлгахад илүү анхаарал хандуулах ёстой. Хүн болгоноос мөнгө шаардахгүйгээр хийх ажил бол орчин тойрноо хоггүй цэвэр цэмцгэр байлгах. Энэ нь улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна. Тиймээс ч хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр илүү анхаарал хандуулж ажиллана.