Монгол гэртэй Женевийн элчин яам

Женевийг дэлхийн нийслэл гэх нь бий. Олон улсын банк санхүү, бизнесийн төвлөрөл, бас улс төрийн том төв энд бий. Нью-Йоркийн дараах хоёр дахь НҮБ энд байрлаж 190-ээд орны туг далбаа үүдэнд нь намирч байна. Алтан соёмботыгоо олж харахаар бид тэнд очлоо. Амралтын өдөр болохоор хүн амьтан цөөхөн, эргэн тойрон нь цэцэг, ногоонд умбасан сайхан орчин угтаж байна.

НҮБ-ын ордон болох шил толь болсон зургаан давхар тэр цэнхэр байшин өнөөдөртөө нам гүм, хаалга үүд нь хаалттай, харин хашаан дотор харуул хамгаалалтын бололтой цэрэг цагдаагийнхан харагдаж байв. Олон арван туг далбааны дундаас эрлээ олсноор НҮБ-д бараалхах бидний аялал өндөрлөв. Тэндээсээ хүү бид хоёр Монголынхоо элчин яамыг зорьж, ээж нь буудалдаа амрахаар троллейбусанд суугаад буцав. Элчин яам зорьсон маань хоёр зорилготой юм. Нэгд, манайх-ны элчин ямархуу газар байрлаж, ямаршуу аж төрцгөөдгийг тухайн улс оронд нь зэрвэсхэн ч болтугай харах гэсэн хүсэл санаатай минь энэ холбоотой юм. Хоёрт, энд ирсэн гэх Москвагийн намын сургуулийн анд, одоо ч найз нөхрийн харилцаа-тай байдаг Лондонд монголоо төлөөлөн суудаг Элчин сайд Булгаагийн Алтангэрэлийг сураглаж уулзах явдал байв. Бидний энэ аялалын үеэр тэрбээр ажил, амралтаар Женевт гурав дөрөв хоногоор очно гэж утас шөрмөс, цахимаар надтай харилцаж байсан юм. Өөрийнхөө Женевт байх хугацаа, зочид буудлынхаа хаяг адресийг түүнд утас, цахимаар өгөөд ч хариу авч чадаагүй юм. Хүү хажууд яваа тул ямар унаанд суух, замаа яаж олох, элчинд яаж хүрэх талаар санаа зовох юм огтхон ч байсангүй, метро, автобус мэтийг дамжсаар сагсайсан ой модтой үзэсгэлэнт өргөн чөлөөнд унаанаас буув. Битүү ногоон төглийг тойроод гурван гудамжны уулзварт гараад ирлээ. Хүү утсаараа луужиндаад л хаагуур явахаа төвөггүйхэн шийдээд урд алхална. Энэ хавь тэр чигээрээ ногоон төгөл, цэцэг навч, улаан, цагаан, шилтгээнүүд. Энийг харж, тэрийг бахдаж явтал Монголын маань төрийн далбаа нүдэнд туслаа. Цэцэг ногоонд умбасан олон тансаг шилтгээнүүдийн нэг нь элчин яам байх нь бас ч гэж бахдалтай. Худам монгол, латин хаягтай хаалганд дөхөн ирлээ. Амьтан хүний бараа харагдсангүй. Хаалганы  хонхыг нь дарлаа. Ашгүй нэг цэмцгэр эр хаалга чиглэн ирсэн нь миний хуучин танил, Гадаад яамны ёслолын хэлтэст олон жил удирдах ажил хийж байсан, бас Польшид сурч, сууж байсан дипломат, найз нөхөддөө По Жагаа хэмээн нэршсэн Жаргалсайхан байв. Москвад Дипломатын академид сурч байхдаа манайхны Ленинградын гудамжин дахь оюутны байраар хааяа зочилж, манай хичээлийн байрны зааланд гар бөмбөг тоглох зэргээр олон жилийн өмнөөс хэн хэнээ мэдэх болсон нэгэн байсан болохоор түүнтэй энд тааралдахдаа би баяртай байв. Энд тэнд явахдаа элчингээрээ орж сонирхдог “өвчтэй” болчихсон юмаа гэж үнэнээ хэллээ. Жагаа биднийг элчингийнхээ ёслолын улаан халзат таван ханатад оруулж сонирхуулав.

Унгар, Герман, Бельги гээд европын олон орон дахь манай элчингүүд хүндтэй зочин гийчнээ монгол гэрт хүлээн авч ёслол хүндэтгэл үзүүлж байдгийг мэдэх бөгөөд заримынх нээлтийн ёслолд үүнийг бичигч миний бие хэдэн жилийн өмнө оролцож байснаа дашрамд дурсах нь таатай байна. Манай хойд урд хоёр хөршийн нийслэл Москва, Бээжин хот дахь элчин сайдын яамд маань саяхнаас бас өргөө цагаан гэртэй болчихсон байна лээ. Монголынхоо ахуй амьдрал, өвөрмөц түүх соёлыг сурталчлах талаасаа ч, бас эртний их түүхт Чингисийн нүүдэлчин монголын удам угсааны үргэлжлэл гэдгийгээ гадаад ертөнцийнхөнд мэдүүлэх, мэдрүүлэх талаасаа энэхүү гэрүүд ач холбогдолтой нь ойлгомжтой. Бас амьдралын эрхээр эх орноосоо гараад харьд олон жил амьдарсан монголчууд маань элчин яамаараа орж монгол гэртээ зочлоод нутаг орноо санаж сэнсэрсэн сэтгэл дотроо түрхэн ч гэсэн засах нэг ёсны тайтгарал, аятай учрал болдог байж ч мэдэх юм. Нутгаасаа гараад арав гаруй хоног явж буй бидэнд Женевийн энэ монгол гэр дотнын хэн нэгэнтэйгээ уулзсан мэт сайхан санагдаж гэрт ороод түр суухад л монголдоо байгаа юм шиг сайхан сэтгэгдэл төрж байв. Жагаа биднийг албан тасалгаандаа урьлаа. Ширээ, сандал, компьютер, бичиг цаас, ном, лавлах гээд байдаг л албан өрөө. Тэндээс цааш дамжсан салсан дөрөв таван өрөө байх шиг байна лээ. Ингээд бодохоор эднийх дөрөв таван дипломат, хоёр гурван туслах ажилтантай айл юм байх. Ус, ундаа санал болгож байна. Амралтын өдөр төвөг удмааргүй байна гээд эелдэгхэнээр татгалзав. Харин Лондонгоос Алтангэрэл сайд энд ирсэн эсэхийг түүнээс лавлалаа. Тэрээр “Сайн мэдэхгүй байна, манай сайд нэг хүнтэй хот руу явахаар саяхан гарах гэж байна гэж дуулдсан...” гэв. Түүнийг сонсонгуутаа хүү бид хоёр тэдний өрөөнөөс гарч сайдынх нь гэрийг заалгав. Жагаа зөвлөх бид хоёрыг тийш зүглүүлэх дуртай биш байна. Албан конторын энэ нэг давхар нүүгэлтсэн байшинтай бараг залгаа шахуу байх хоёр давхар бага шиг хаус нь элчин сайдын өргөө аж. Тэднийх рүү дөхөж явтал нөгөө сураг алдарсан Аагий сайд маань тэндээс гараад таахаг таахаг алхаж явдаг байгаа даа. Найз нөхөд яаж уулздаг билээ, хэл сураг алдарсаныг нь шүүмжилж нэр хочоор нь дуудаад тэврэлдээд л учрав. Жагаа дипломат Алтангэрэл сайдын энд ирснийг нь, бас ийш тийшээ явах гэж байгааг нь сайн мэдэж байсан бололтой. Элдэв мэдээлэлийг явуулын хэн нэгэнд дамжуулах нь зохистой бус гэдэг үүднээс тэрээр ам алдаагүй хэрэг. Явуулын тэр сайд явуулын бидэнтэй уулзахыг хүсээгүй байх ч юм билүү гэх мэт асуудлууд байх. Энэ утгаар л Жагаа дипломат хаширласан нь түүний зөв байх... Буруугаа ойлгосон юм байлгүй дээ, Аагий элчин аяга кофенд намайг урьж элчин сайдын гэрт буцаад орлоо. Женевт суугаа элчин сайд Лувсанцэрэнгийн Оргилыг би эртнээс зүс мэдэх юм. Ерээд оны эхээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер монголд гурав хоног айлчлах үеэр тэр Гадаад яамнаасаа орчуулгын багт, би Ардын эрхээс сурвалжлах багт нь ажиллаж байлаа. Мэнд ус мэдэлцэж, аяга кофе, хундага вискний ард гарсаны дараа энэ мэтийн түүхээ ярьж дотносцгоов. Өмнөговьд Жеймс Бейкер говийн тэмээчнийд зочлож тэмээ унах үеэр нь Оргил орчуулагч тэмээг нь хөтлөж яваа нэгэн гэрэл зураг надад байдгийг би дурсаж түүнийг хувилж өгөхөө амлаж виски нэмж татан суув. Элчин сайдынх хэдэн өрөөтэй юм, хэдүүлээ амьдардаг юм бол гээд бас хэрэгт дурлав. Өрөөнүүдээр явж үзлээ. Уул тал, ус мөрөн гээд монголынхоо үзэсгэлэнт байгалийг урласан манай зураачдын бүтээл өрөө болгонд байх юм. Ариун цэврийн өрөөнд хүртэл морь малтай байгалийн зураг тавьчихсан байв. Алсад суугаа амьтан хүнд нутаг орноо санаж санагалзахад нь дэмтэй юм даа энэ бүтээлүүд. Иймэрхүү өнгө аястай яриа хөөрөө болж хундаганы тоо олширч хот руу явж хөгжилдөх тусгай хөтөлбөр будаа болов. Намайг ч бас уриалж байсан. Харамсалтай ч юм биш тэр нь. Харин хагас сайн өдрийн өчигдрийнх нь хөтөлбөрт хамрагдаж чадаагүй минь л харамсалтай байв. Тэд алдарт Монблан ууланд явж цанаар гулгацгаасан юм билээ. Бельгид сууж буй элчин сайд А.Баттөр гаднаас орж ирж гал тогоо барих ажилд тохоон томилогдов. Тэрээр Алтангэрэл элчингийн нэгэн адил эхнэртэйгээ энд сар шинийнхээ амралтыг эдэлж яваа нь энэ юм байх. Гурван сайдын гэргий хөрш зэргэлдээх Италийн Милан хот руу ойр зуурын “Shopping” хийхээр өглөөгүүр гарцгааж, одоо наашилж яваагаа утсаар дуулгаж байцгаав. Баттөр, Алтангэрэл, Оргил нар бүгд л Москвагийн Олон улсын харилцааны дээдийг увж цуваад төгссөн, бас тэгээд Гадаад яаманд хамтдаа ажиллаж явсан, баруун европын зэргэлдээх энэ орнуудад ойролцоо томилогдож ирсэн болохоор дотносохоос аргагүй нөхдүүд аж. Тэгээд л Баттөр сайдыгаа хачин сайхан хоол хийдэг гэж хөөргөж байгаад  гал тогоонд зогсоочихож буй нь тэр. Удалгүй сайхан холимог шөл бэлэн болов. Энэ хооронд Аагий сайд миний хүүг элчингийн жолоочтой бидний буусан буудал руу явуулаад ээжийг нь авахуулаад ирэв. Гурван сайдын гэргий нар ч Италиас буцан ирж хоршоо дэлгүүрийн сонин сайхан, хүүхэд шуухдын хичээл сургууль энэ тэр гээд л ярианы сэдэв өргөжиж байв. Женевийн элчин сайдын оройн зоог өндөрлөж бид хэд буудал руугаа буцав. Таксигаар цаг шахам явна лээ. Элчин яам маань хотоос нэлээд зайдуу, ер нь тансаг зэрэглэлийн бүсэд нь ажиллаж амьдарч байгаа хэрэг. Европын том хотуудын баячууд хотоосоо захлах болж, зайдуу бүс нь илүү үнэ цэнэтэй болж буй юм билээ. Тансаг шилтгээн, баячуулын хаусууд хотынхоо гаднах тойргуудад л сүндэрлэж байна. Манайхны Туулын цаад эрэг, Богд уулын ам гэдэгтэй адил юмуудаа. Женевт манай элчин яам маань үнэтэй ч, үзэсгэлэнтэй ч газар олоод авчихаж. Баярлууштай. Үүх түүх сайтай тусгаар улс орон байна даа, алийн болгон ядуу зүдүүгээ дуудуулж айлын түрээсийн гурван өрөө шиг юманд Элчин сайдын яам нь чихцэлдэж байхав дээ... 

Их Нацагдоржийн хэлснээр эрдэм өвөртлөөд л ирнэ
Өглөө нь бид Италийн Милан руу галт тэргээр явах хуваарьтай байв. Вокзал хажууханд болохоор унаа тэрэг олно, захиална гэхгүй амар байв. Манай хоёр Женевийн бэлэг дурсгал авахаар нуурын эрэг дэх мухлагууд руу явлаа. Олон жилийн өмнөөс би гэдэг хүн очсон улс орон, хотуудынхаа бэлэг тэмдгийг цуглуулдаг хоббийтой болчихоод байгаа. Манайхан ч түүнийг минь дэмжиж миний цуглуулгыг баяжуулдаг юм. Өчигдөр оройны найр миний хувьд хэтэрч толгой түрүү муухан талдаа. Ийм шалтгаанаар би ачаа бараагаа харсан шиг вокзалын хажуугийн гудамжинд түр үлдэж, манай хоёр Женевийн бэлэг дурсгал авахаар ойрхоны мухлаг явсан юм. Төд удалгүй швейцарийн улаан нэмэх тэмдэгтэй бяцхан хонх, Женевийн усан оргилууртай хөргөгчийн наалт энэ тэрийг аваад ирлээ. Монгол бүсгүй тэр дэлгүүрийнх нь худалдагч байна гэнэ. Үүнийг сонссон би ихэд олзуурхаж тийшээ очихоор ухасхийн босов. “Бие муу гэчихээд яах нь вэ? Хүнтэй уулзахад наад нүүр царай чинь хэрэг алга” гээд эхнэр дургүйцэж байна... Хүүгээ захиргаадаж замчлуулаад нөгөө дэлгүүрт яваад очлоо. Ганц худалдагчтай бага шиг дэлгүүр аж. Залуухан монгол бүсгүй хар, шар хэдэн авгайд үйлчлээд тун завгүй. Бэлэг дурсгал, бичгийн хэрэгсэл, малгай, футболк, шүхэр гээд л ойр зуурын бараа туруутай дэлгүүр юм. Зав зайг харж байгаад худалдагчтай нь танилцлаа, бас яаж зүгээр байхав гээд Женевийн танилцуулга ном, ил захидлууд худалдан авч нутгийн бүсгүйд дэмжлэг үзүүлэв. Бат-Очирын Оюунгэрэл хэмээх энэ бүсгүй Москвад дээд сургууль төгссөн орос, англи хэлтэй, боловсролтой нэгэн юм. Улаанбаатарт “Швейцарийн хөгжлийн агентлаг”-т хэдэн жил ажиллаж байгаад хоёр жилийн өмнөөс Женевийн их сургуульд мастер хамгаалахаар суралцах болсон юм байна. Амралтын өдрүүдээрээ энэ дэлгүүрт ажилладаг гэнэ. Цалин боломжийн, нэг өрөөнийхөө түрээсийг яаж ийгээд төлчихдөг гэж байв. Ирэх жилээс мастераа хамгаалах аж… Швейцарийн нийслэл Женевт хоёр гурав хонохдоо монголынхоо оюуны сор болсон нэг бүсгүй, бас ажил үйлс, бизнесээ цэцэглүүлж монголынхоо ноолууран бүтээгдэ-хүүнийг европт таниулж, түүгээрээ амьдралаа авч яваа ажил хэрэгч хоёр ялдам бүсгүйтэй санамсаргүй тааралдсан маань азтай хэрэг. Зэргэлдээх Цюрих хотын вокзал дээр тааралдаж галт тэргэнд хагас цаг хамт аялсан Сансар охины тухай энд бичих ч бас таатай байна. Монголчууд маань хаа сайгүй явж газар орон үзэж нүд тайлж байна. Өндөр хөгжилтэй энэ баруун европын нэртэй зартай пүүс компанид ажиллаж байгаа залуус олон бий гэнэ лээ. Алдартай их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний том том институтэд зэрэг цол хамгаалж бас тэндээ эрдэм шинжилгээний ажил хийж, шинжлэх ухааны нээлт гаргаж, дэлхийн хэмжээний бүтээл туурвиж мандаж яваа залуус ч олон болсон тухай сонсогдож л байдаг. Швейцарийн хоёр хотод тохиолдлоор таарсан Сансар, Оюунгэрэл хэмээх хоёр бүсгүй ч тэдний нэг төлөөлөл. Хэрэг зориг болгоод асууж сураглаад явбал амжилт бүтээл арвинтай ажиллаж, сурч бүтээж туурвиж буй залуус энэ баруун европоос хэдэн арваараа гараад ирэх биз. Тэд эх орон-доо эргэж ирэх нь дамжиггүй. Их Нацагдоржийн хэлснээр эрдэм өвөрлөөд л ирнэ. Тэд эрдмийнхээ үр шимийг ч гаргана. Эх орон нь, монгол нутаг нь тэр үед улам л цэцэглэн хөгжиж их найрагчийн мөрөөдсөн шиг Швейцарь лугаа, Герман лугаа өндөр хөгжилтэй улс орон болно гэдэгт итгэмээр байна.
Үргэлжлэл бий.