Усан оргилуур ба Содоогийн дэлгүүр

Манай сонинд өмнө нь “Цагаан сар ба ногоон Япон”, “Ертөнцөд Хятадгүй юм байхаа болив”, “Ямар Монголыг илүү сонирхох вэ” зэрэг олон тэмдэглэл нийтлэл, бас Японы монгол судлаач эрдэмтэн Кимура Аяако, мөн ОХУ, Автономит Буриад Улсын нэрт барималч, Монгол Улсын Төрийн соёрхолт Даши Намдаковтой хийсэн сонирхолтой ярилцлагаа нийтлүүлж байсан сэтгүүлч Д.Цэдэн-Иш өнгөрсөн оны сүүлчээр “Аян зам, бодол эргэцүүлэл” хэмээх номоо уншигч олондоо өргөн барьсан. Манай сонины хувьд энэхүү номд багтсан тэмдэглэлээс уншигч олондоо цувралаар хүргэж байгаа билээ. Түүний өмнөх нийтлэлийг сонирхохыг хүсвэл манай сонины нэгдүгээр сарын 26-ны дугаарт (2018.01.26-ны 018 №2972) нийтлэгдсэн “Сар шинийн идээ будаа ба Герман Янжингийнхан”, нэгдүгээр сарын 30-ны дугаарт (2018.01.30-ны 020 №2974) нийтлэгдсэн “Александр Плацаас үүдсэн дурсамж ба түүнээс үүдсэн эргэцүүлэл”, нэгдүгээр сарын 31-ний дугаарт (2018.01.31-ний 021 №2975) нийтлэгдсэн “Магдебургийн үеэл Оюунаа ба Никарагуа хүргэн Перес Тито”, гуравдугаар сарын 2-ны дугаарт (2018.03.02-ны 043 №2997) нийтлэгдсэн “Өмнөх түүхээ мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчин мэт болно... гэдэг дээ” нийтлэлийг сонирхоорой.

Женевийн галт тэрэгний буудал нь төвдөө, бидний буух буурчийн газар ч тэндээсээ холгүйхэн байв.  Ачаа маань цомхон, тээш зөөгчийн шаардлагагүй болохоор өөрсдөө л түлхүүрээ аваад өрөөндөө орцгоов. Том сайхан өрөө байна. Тэгтэл хэрэг бишдэв. “Хоёр ортой өрөө өгчихжээ, бид чинь гурвуулаа биз дээ. Алив ресепшин рүү нь ярь...” гээд л ээж нь хүүдээ тушаал буулгаж хүү маань ариун цэврийн өрөө, бас тагтны хаалга, цонх татаж үзээд л ор дэрний эрэлд гарч байна. Ээж нь үглээд л, бараг буцаж гарах ухааны юм болж байтал эрэл сурал болж байсан хүү “...Энд л байж байна шүү дээ миний ор” гээд баяртайяа хашгирч байна. Хоёр орны хоорондох тольтой хэсэг хананаасаа буугаад ор болчихдог юм байна. Цагаан хэрэглэл нь ч тэнд хамтдаа аж. Өглөө босоод л хананд нь чагталчихаар юм. Ор дэр нэлийгээд байхгүй амар. Зочид гийчдийнхээ тав тух, бас өөрсдийнхөө зай багтаамжийг аятайхан ашиглах арга ухааныг эзэд нь ингээд зохицуулчихаж. Аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж буй монголчууд бид анхаармаар арга туршлага гэх үүднээс үүнийг нуршин байж бичив... Нар шингэж бүрэнхий болж байсан тул үзвэр соёлын онцгой хөтөлбөр бидэнд байсангүй. Буудлынхаа орчимд оройн хоол идчихээд утасны цэнэглэгч олж авахаар ойрхон зуур хэсэг явав. Магдебургт утсаа цэнэглэж байгаад тэндээ цэнэглэгчээ мартаж орхисон бололтой. Хүний газар хол явахад утас шиг хэрэгтэй юм байхгүй гэдэгтэй хэн хүнгүй санаа нийлнэ дээ. Нэг нэгнээсээ салж төөрөх, ийш тийш өөрсдийн сонирхлоор тус тусдаа явахдаа холбоо   барьж учраа олоход утас маань ач тусаа өгч байлаа. Эндхийн мухлагт цэнэглэгч янз янзаараа л байна. Миний Nokia-гийнх ч байж л байна. Үнэ сүрхий өндөр, 23 франк гэнэ. Манайхаар бол 30.000 төгрөг гэсэн үг. Тэди төвийн лангуунаас 1500-аар авч байсан тийм цэнэглэгчээ Женевийн мухлагаас 20 дахин өндөр үнээр авав. Нэг хүнд ногдох жилийн 48 мянган долларын орлогоороо дэлхийд нэгд эрэмбэлэгддэг энэ ард түмний хувьд бараа таваарын үнэ ийм байх нь гайхах ч юм биш биз ээ...  Хоттой танилцах аялалаа өглөө эхэлж буудлаасаа арваад минут алхаад хотын гол хэсэгт орших Женева нуурын эрэгт хүрцгээв. Нуурын нарийхан хэсэгт гүүр тавиад бидний оршин буй баруун хэсгийг зүүн хэсэгтээ нь холбочихож. Гүүрээр хагас цаг алхахад үзэж харах юм бишгүй байлаа. Нугас, галуу, цахлай гээд шувууны ертөнцийн олон өнгө зүсийг дэргэдээс нь харж элдэв янзын ганганаа шулганааг нь сонсож, бас дэгдээхэйнүүдийг нь өхөөрдөж энэ тэр болсоор явтал дорхноо л хотын нөгөө хэсэгт хүрээд иржээ. Тэндээсээ Женевийн алдарт усан оргилыг үзэхээр нуурын нөгөө эргийг даган алхав. Уг нь завь хөлслөөд тэнд хүрч болох аж. Нуурын эргийн зураг хөргийн мухлаг, ус, хүнсний лангуу эргүүлдэж, бас нуураар аялах элдэв завь, бага гарын усан онгоц, моторт завинд чирэгдэн давалгаагаар тоглох усан цаначны үзүүлбэр мэтийг зам дагуу харж явган аялал хийх нь илүү сонихон байлаа. Хотын аль ч хэсгээс цайвартан цалилзаж харагддаг 140 метр өндөр тэрхүү усан оргилуур дэлхийн дээд амжилтын хязгаар байж мэднэ. Нуурын эргээсээ 200-аад метрийн дотогш юм билээ. Нарийхан замаар нь үзэгчид тасралтгүй цувах юм. Эхний хэсгийн 100-аад метр нь өргөн, дараагийн 50 метр нь арай нарийсч хоёр гурваараа зөрөх боломжтой болж байв. Тэгээд л зам бүр нарийсч, нэг нэгээрээ цувж зөрөхөөр, тэр замынх нь хажуу хэсэг мөстчихсэн, ер нь адармаатай адал явдалтай хэсэг болоод эхлэх юм. Оргилуурт 100-аад метр ойртох үед тэрхэн хэсэгтээ бороо шиврээд эхэлнэ. Цаашаа хэсэг алхахад бороо ширүүсч аадар болоод, дараагийн дөч тавин метртээ усаар салам шавшиж, салхи бага шиг эргэхэд л дээрээс хувингаар ус асгаж буй мэт болох юм билээ. Хүү бид хоёр тэр хүртэл нь явж усан хулгана болцгоов. Залуучууд, адал явдал сонирхогч зоригтнууд түүнээс цааш хориод метр явах юм. Хүү маань зураг авах гэж арваад метр цаашлав. Наанаас нь хашгираан болон байж эргүүллээ. Алсаас цэнхэр тэнгэрт цойлсон цагаан зурвас болон цайвалзаж, ард нь байнга шахуу солонго татаж байдаг энэ үзэсгэлэнт усан оргилуур дэргэд нь ирэхэд дуу чимээ нь ч, усан шамрага нь ч хүчтэй сүрдмээр аж. Шамраганд нь шалба цохиулан зогсож дээшээ өлийн оргилуурын үзүүрийг хайх нь бас л нэг адал явдал, сонирхолтой үзмэр бололтой. Манай нутгийн зуных шиг швейцарийн цэнхэр тэнгэр, дулаахан нар усанд норсон биднийг дорхноо хатааж дулаацуулж орхих нь нэн таатай. Нуурын эрэгт цайлж хуурайшиж аваад уул руу алхаж 17 дугаар зууны үед барьсан нэгэн сүм үзэцгээв. Өндөр уулан дээрх сүмийн үүднээс бидний байрлаж буй буудал болон нуурын нөгөө талын хот алган дээр байгаа мэт тод томруун харагдана. Европын католик сүмүүдийн гаднах хэв маягийн нэгэн адил олон гантиг багана, олон хурц шовгор оройнууд, олон арван гэгээнтэнийг гантигаар урлан өндөрт хэсэг хэсгээр нь байрлуулсан нь сүрлэг бөгөөд сонирхолтой. Сүмийн доторх хана, адар таазын ур хийцийг магтан дуулахаас аргагүй.

Алтран шаргалтах өнгө бүхий зураг хөрөг, бурхан шүтээнүүдийг нь хараад амаа ангайж нүдээ бүлтийлгэцгээв. Энэхүү 30-аад метрийн өндөр адартай, хагас зуугаад   метрийн диаметртэй сүмийг барихдаа бүх талаас нь байгалийн гэрэл гэгээ чөлөөтэй нэвтрэхээр тооцжээ. Бунхан хэлбэртэй энэ сүмийг байгуулж байсан 17 дугаар зууны үед гэрэл цахилгаан хараахан гараагүй байсан үе байх. Эртний энэ сүмийг үнэ төлбөргүй үзэж, бас зураг хөргийг нь яаж л бол яаж авч болох юм билээ. Сүмийн гаднах хэрэмнээс хотын зургийг тод томруунаар авах боломжтой юм. Германы телевизийн кино зургийн баг аппарат хэрэгслээ агсчихсан тэнд ажиллаж байна лээ... Уулнаас бууж эртний хийцийн чулуун гудам, бас тэр үеэс эдүгээг туулахдаа элэгдэж тал нь газарт шигдсэн хуучны хар саарал байшингуудыг сонирхон харж явлаа. Энэ дундаас өнгө ялгарсан улаан шаргал самбар бидний анхаарал татав. Дөхөөд очсон чинь монгол бүсгүй, монгол гэр, монголын тал нутгийн маань зураг хөрөг тэнд байна. Тайлбар сэлт нь франц хэл дээр болохоор нарийн ширийнд хүрсэнгүй. Ойлгосон юм гэвэл Патрик Вернард хэмээх швейцарийн нийтлэлч монголын Цэдэндоржийн Батпүрэвтэй хамтарч “Нүүдэлчин монголын үр сад” хэмээх баримтат кино бүтээсэн тухайнх нь зар сурталчилгаа, урилга заллага юм уу гэж ойлгов. Нөгөө тусдаа байх хөлтэй жижиг самбаруудын цэнхэр дэвсгэр дээрх гоо бүсгүй нь “Женев, Маделен-10” гудамж дахь ноолууран барааны дэлгүүрийн сурталчилгаа юм байна. Эртний энэ саарал байшингийн хүрэн дааман хаалга руу сумаар заачихаж. Тэр улаан тэмдэг биднийг найман давхар энэ байшингийн гуравдугаар давхарт дагуулаад ирэв. Залуухан хоёр бүсгүй угтан мэндчилж байна. Тормолзсон алаг нүдтэй Д.Сод-гэрэл хэмээх бүсгүй энэ дэлгүүрийн эзэн аж. Гаднах реклам дээр ч түүний нэртэй вэб сайт, цахим хаяг байжээ. Эднийх өнгө загвар хийц сайтай бараа бүтээгдэхүүнтэй юм. Үндэсний дээл хувцас, ууж хантааз маягаар хийсэн улаан, ягаан, цэнхэр, шар, ногоон гэх мэт хурц тод өнгийн ноолууран эдлэл олноороо байна. Орж ирэхийнхээ өмнөхөн энүүхэн гудамжны эхэнд улаан шар өнгийн ноолууран палааж өмссөн ази бүсгүйтэй бид хэд тааралдаад монгол юм уу гээд  ярилцаж явсан юм. Түүний өмссөн зүүсэн нь энд яг өнгө дүрээрээ байж байв.Тэр тухай бид хэлэхэд “Та нарын өмнөхөн тэр бүсгүй худалдаа хийгээд тэр палаажаа эндээс өмсөөд гарсан юм. Цамц, оймс, түрийвч мэтийг бас авсан. Манай вэб сайтнаас мэдээлэл аваад хаягаар нь олоод ирлээ гэж байна лээ. Фейбурдэд амьдардаг гэсэн. Ер нь бусад хот, Женевийнхэн гэлтгүй, бас Австри, Италийн зэргэлдээх хотуудаас манай монголчууд хүрээд ирдэг юм.  Европын энэ улс орнуудад ноолууран хувцас их тохиромжтой, бас эрэлт хэрэгцээ ихтэй. Үнийн хувьд ч манай ноолуур хямдхан шүү дээ” хэмээн дэлгүүрийн эзэн эзэгтэй ярьж байв. Өндөр зэгзгэр биетэй, загвар өмсөгч байсан болов уу гэхээр Д.Даваасүрэн хэмээх нөгөө бүсгүй нь дэлгүүрийн эзэн Содоогийн найз аж. “Швейцарь монголын найрамдлын нийгэмлэг”-ийг Женевт төлөөлж ажилладаг гэнэ. Тэд биднийг кофегоор дайлж яриа өрнүүлэв. Аль аль нь Женевт суурьшаад арав гаруй жил болж байгаа гэнэ. Нас тогтсон швейцарь нөхрүүдтэй, хэн хэнийх нь хоёр, гурав дахь амьдрал юм байх. Том болсон монгол хүүхдүүд нь Женевт дээд сургуульд сурдаг аж. Тэднийхээ ирээдүйд хөрөнгө оруулалт хийхээр л энэ залуу бүсгүйчүүд энэ улс орон, швейцарь нөхрүүдтэй холбогдож энд амьдарч буй биз ээ гэж нэг талаас ойлгож болох. Мөчидхэн дүгнэлт ч байж магад... Монгол руу явж дэлгүүрийнхээ барааг татдаг гэнэ. “Олон мянган ширхэгээр нь нэг дор авах эдийн засгийн боломж муу тул үнийн хувьд өндөр ашигтай байж чаддаггүй юмаа. Өнгөрсөн намар монголд очихдоо хөнгөлөлт хүсэх санаатай “Говь” компанийн захиралтай уулзах гээд хэдэн өдөр гүйгээд чадаагүй. Мань мэтийн жижиг гаруудыг тэд тоож хүлээж авахгүй юм билээ” гэж Содоо бүсгүй гомдоллож байв. Бага ч гэсэн бараа бүтээгдэхүүнийг нь барууны энэ орнуудад борлуулж сурталчилж, ёстой л бор зүрхээрээ явж байгаа гэх энэ бүсгүйн бодол саналыг нэг удаа ч гэсэн сонсоод авахгүй дээ гэсэн бяцхан эмзэглэл тэрхэн үед төрж байлаа.