Ганц дайчин ганцдахгүй

АМЖИЛТУУД:

 2012 оны Монголын бүх ард түмний спортын XIII их наадмын пара хөнгөн атлетикийн тэмцээний хүрэл медаль;
 2013 онд АНУ-д зохиогдсон Солдерхоллов хотод пара цанын ангилал тогтоох нээлттэй тэмцээний ойрын зай 1.5км-т 5:27:15 цагийн амжилтаар мөнгөн медаль.
 2013 онд Шведийн Соллефтеа хотод зохиогдсон дэлхийн цомын цуврал тэмцээнд 38 тамирчнаас 18 байрт шалгарч Сочигийн олимпийн эрх авсан.
 2013 онд ОХУ-ын Сочид болсон дэлхийн цомын спринт зайд XXIV байр.
 2014 онд Германд Обслердорф хотод зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний XVI байр.
 ОХУ-ын Сочид болсон олимпийн 20 км-т XIV, 1.5 км-т XXV, 10 км-т XXXI байр.
 “Сочи 2014” өвлийн олимпийн наадамд үзүүлсэн түүхэн амжилтаараа спортын мастер цол.
 2015 онд Японы Асахикава хотод зохиогдсон дэлхийн цомд 10 км зайг 29 минут 20 секундэд туулж олон улсын хэмжээний мастер цол.
 2015 онд ОХУ-д зохиогдсон Ханти Мансийскийн цанын марафон тэмцээний VII байр.
 2015 онд пара хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнээс алт.
 2015 онд Монголын паралимпийн хорооны цомын тэмцээнд хөнгөн атлетикаар мөнгө.
 2016 оны Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын пара хөнгөн атлетикийн тэмцээний алтан медаль,

Пёнчан хотод болсон энэ удаагийн өвлийн олимпод эх орноо цанын тамирчид төлөөлсөн. Тэгвэл хоёрхон хоногийн дараа эхлэх паралимпийн наадамд Монголыг бас л цаначин төлөөлөх нь. Түүнийг Батмөнхийн Ганболд гэдэг. Сочигийн замд уралдсан тэрбээр Пёнчанд уржигдар очсон бөгөөд бэлтгэлдээ оржээ. Түүний тухай өгүүлье. 

БАГА НАСАА СҮХБААТАР АЙМАГТ ӨНГӨРҮҮЛЖЭЭ

Б.Ганболд 1991 онд Дорноговь аймагт төрсөн ч бага насаа Сүхбаатар аймгийн Онгон суманд өнгөрүүлжээ. Түүний аав Батмөнх Сүхбаатар аймгийн Дарьганга сумынх. Гэхдээ аав нь цэргийн хүн учраас энд тэнд явах нь олонтаа. Тэрбээр аавынхаа төрсөн нутагт өссөн болоод ч тэрүү би “Сүхбаатар”-ынх гэж хэлэх дуртай аж. Хоёр дүү охинтой Б.Ганболд айлын том хүү. Түүний аав Онгон сумын хилийн ангиас тэтгэвэртээ гарсан бөгөөд одоо өөрийн төрсөн нутаг Дарьганга сумандаа амьдарч байгаа гэнэ.  

АХУЙН ОСЛООР ГАРАА ТАЙРУУЛЖЭЭ

Б.Ганболд Монголын цорын ганц пара цаначин. Тэрбээр бэртлийн талаараа хэлэхдээ “Энэ бол миний хүүхэд насны гэнэн томоогүй үеийн алдаа байсан юм” гэлээ. Ахуйн ослоор гараа хугалж, тайруулахаас өөр аргагүй болжээ. Тухайн үед Б.Ганболд 15 настай байсан. Тэр цагаас хойш хөгжлийн бэрхшээлтэй хүний тоонд орсон ч гэлээ багаас мөрөөдсөн зорилгоо биелүүлэхээр спортоо орхиогүй байна.

ЦАНАЧИН БОЛОХЫГ БАГШ НЬ ЗӨВЛӨЖЭЭ

2012 онд түүнд Говьсүмбэр аймгийн нэр дээрээс хөнгөн атлетикийн төрлөөр Бүх ард түмний спортын XIII наадамд оролцсон байна. Анхны том тэмцээн байсан болоод ч тэрүү түүний хувьд энэ тэмцээн туршлага болсон. Гэхдээ энэ тэмцээний үеэр түүнд одоогийн багш Ж.Дашдондог цанаар хичээллэх санал тавьж, Б.Ганболд ч зөвшөөрснөөр тэд уулзсан түүхтэй. 

АНХНЫ МЕДАЛЬ, АНХНЫ НААДАМ, XIV БАЙР

Багш, шавь хоёр цанын спортоор тууштай хичээллэхээр шийдэж, бэлтгэлдээ орж, улмаар Сочигийн наадамд амжилтын эхлэлийг тавьсан. Тэд 2013 онд АНУ-ын Солт Лейк хотноо болсон Сочигийн наадмын сонгон шалгаруулах тэмцээнээс цанын спринт \1.5 км\ төрөлд мөнгөн медаль хүртэж, пара цаначдын анхны олон улсын тэмцээний эрхийг эх орондоо авчирчээ. Үүний дараа Шведэд болсон ДАШТ-д оролцож, 60 тамирчнаас 18 дугаар байранд жагссан юм. Энэ амжилтаараа багш, шавь хоёр Сочигийн паралимпэд оролцох эрхтэй болсон байна. “Сочи 2014” паралимп тэдний хувьд хамгийн том тэмцээн байсан ч 20 км-ын зайд XIV байрт орсон юм. Гэхдээ тэр цанын спортоор хичээллээд нэг жил зургаан сарын дараа паралимпэд өрсөлдсөн байна. Б.Ганболд бэлтгэлээ цанын Үндэсний шигшээ багийн тамирчидтай хийдэг. Тиймээс түүний амжилт жилээс жилд ахиж байгааг багш нь онцлов. 2017 оны нэгдүгээр сарын эхээр Хэнтий аймгийн Биндэр суманд болсон “Чингис хаан” цомын нээлттэй тэмцээнд 15 км-т уралдаж, шагналт V байрт орсон. “Анх шигшээ багийн тамирчидтай уралдаж байхад их хол хаягддаг байсан. Одоо бол их ойрхон ирдэг боллоо. Жилээс жилд амжилт минь ахиж байна” гэж тэр гэсэн юм. 2014 оны Сочигийн паралимпэд 20 км-ыг нэг цаг долоон минутад туулж, 14 дүгээр байр эзэлж байсан бол одоо энэ зайг 59 минутад туулж, амжилтаа найман минутаар ахиулжээ.