Сонгинохайрхан дүүрэгт ногоон барилга барина

“Ногоон эдийн засаг уу, ногоорсон эдийн засаг уу” хэлэлцүүлэг боллоо.  Хэлэлцүүлгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулав.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лагшми “Манай улсад ногоон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага ховор байдаг. Энэ нь санхүүжилттэй холбоотой. Дэлхий даяар ногоон эдийн засгийг дэмжих санхүүжилтийн шинэ хэлбэрүүд бий болж байна. Манай улсад ч энэ төрлийн зээл, хөтөлбөрийг дэмжиж санхүүжүүлэхээр банкууд ажиллаж байна. Мөн “Ногоон зээлийн сан”, “Ногоон хөтөлбөрийн сан”-гуудаар байгаль орчинд ээлтэй тенхологи ашигласан бизнест хөнгөлөлттэй зээл олгохоор ажиллаж байна. Лондонд төвтэй Ногоон эдийн засгийн холбоонд манайх 2016 онд нэгдсэн. Энэ нь холбоо нь олон улсын 50 гаруй байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн. Дэлхийн зургаан улс болон Карибын улсуудад албан ёсны түнш гишүүн байгууллагатай. Манай улс түнш байгууллага нь болж чадсан. Ингэснээр бид байгаль орчинд ээлтэй, ногоон эдийн засгийг түгээдэг, гар бие оролцдог улс болох боломжтой. Бид ингэхийн  тулд зорьж ажиллаж байна” гэв. Ногоон эдийн засгийн хүрээнд бидэнд хэд хэдэн асуудал тулгарч байгаа талаар энэ үеэр ярьж байлаа. Манайд энэ чиглэлийн ажлын байр хомс, агаарын бохирдол маш их, зөвхөн нийслэлийн хүрээнд биш, Дархан, Эрдэнэт гэх мэт том хотод хүртэл агаарын бохирдол зөвшөөрөгдсөн хэмжээнээс их болсон гэдгийг онцлов. 

Энэ үеэр Байгаль орчин аялал жуулчлалын яамны ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн С.Эрдэнэцэцэгээс тодрууллаа. 
-Ногоон эдийн засгийг хөгжүүлэх чиглэлд ямар бодлого баримталж байгаа вэ?
-Ногоон эдийн засгийг дэмжих чиглэлээр бодлогын төвшинд нэлээд олон ажил хийж байна. Тухайлбал, барилгын норм, дүрмүүдийг шинэчлэх, ногоон барилгын зураг төсөл боловсруулахаар ярьсан. Ингэхдээ зураг төсөл боловсруулах компанийг Монголд давхар бэлдсэн. Манай улсад ногоон барилга байхгүй учраас компаниуд ногоон барилгын зураг төслийг гаргаж чадахгүй байсан. Эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчийг чухалчилж байгаа. Ногоон хөгжил хувь хүний хандлагыг өөрчилдөг. Манай улсад бодлого хэрэгжээд олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжиж эхэлж байна. Өндөр хөгжилтэй орнууд хөгжилд хүрэхдээ байгаль орчноо бохирдуулаад, асар их хэмжээний хохирол амсан байж өнөөгийн хөгжилдөө хүрсэн байдаг. Харин манай улсын хувьд анхнаас нь үүнийг зөв хэрэгжүүлээд, хөгжихдөө байгаль орчиндоо сөрөг нөлөөгүй байвал болох юм. Нэг үгээр тэдний сургамжаас санаа аваад, байгаль орчинд сөрөг нөлөөгүй технологийг ашиглах явдал. Ногоон эдийн засгийг хөгжүүлснээр үр дүнд урт хугацаандаа харагддаг. Цаашлаад бидний хойч үедээ зориулсан зүйл. Дэлхий нийтээрээ үүнд чиглэж байна шүү дээ. 
-Ногоон барилгад зураг төсөл баталсан гэж ярьлаа. Ямар ямар барилга дээр үүнийг баталсан бэ?
-Сонгинохайран дүүргийн ЕБС-ийг өргөтгөхөөр зураг төсөл баталсан. Мөн дүүрэгт 300 гаруй хүүхдийн цэцэрлэгийг ногоон барилгаар өргөтгөхөөр зураг төсөл гарсан байна. Энэ бол мэдээж төрийн өмчийн барилга байна. Сургуулийг сонгосон шалтгаан нь хүүхдүүд цэвэр эрүүл орчинд амьдраасай гэж хүссэн. 
-Ногоон барилга ямар шаардлага хангасан байдаг талаар дэлгэрүүлэхгүй юү?
-Ногоон барилга нь дотоод орчны агаар нь цэвэр, барилгын засал материал нь байгальд сөрөг нөлөө, хог хаягдал багатай байдаг. Дулаан алдагдал багатай дээрээс нь нарны тусгалыг тооцсон. Манай орны хүйтний нөхцөлд тохирсон байх шаардлагыг нэн тэргүүнд тавьдаг. 
-Ногоон барилга зардлын хувьд ямар байдаг вэ?
-Зардлын хувьд бага зэрэг их ч зардлаа нөхөх хугацаа богино. Бүр цаашлаад урт хугацаандаа асар их хэмнэлттэй шийдэл юм. Үйл ажиллагааны зардал нь хамаагүй бага гэсэн  үг.