Хиймэл оюун ухаанд суурилсан шинэ ТЕХНОЛОГИУД

Сүүлийн жилүүдэд чимээгүйхэн нэвтэрч буй орчин үеийн технологитой бид хөл нийлүүлэн алхахад бэлэн үү. “Ойрын 20 жилд бидний өнөөдөр хийж буй ажлын тал нь ямар нэгэн хиймэл оюун ухаан,  робот юм уу програм хангамжаар хийгдэх болно” гэдгийг эрдэмтэд онцолдог. Интернэтийн хэрэгслүүд, жолоочгүй машин, 3D хэвлэл, хүний генийн бүтцийн кодчилолыг нээсэн гайхалтай технологиудын дунд бид амьдарч байна. Ийнхүү шинжлэх ухаан, технологи зогсолтгүй хөгжихийн хэрээр зарим технологийн инноваци бидэнд амьдран буй ертөнцтэйгөө харьцах шинэ боломжуудыг олгосоор байгаа нь үнэн. Шинэ үеийн технологиуд эдийн засаг, улс төр, анагаах ухаан гэх зэрэг бүхий л салбарт хүч түрэн орж ирэхээс гадна улс орон, хүмүүсийн амьдралын хэв маягт ихээр нөлөөлж буй нь нууц биш.  Тэгвэл манайх шиг үйлдвэрлэл хөгжөөгүй улсад дээрх технологиудыг ашиглах боломжтой юу гэдэг асуулт гарч ирнэ. Тэгвэл асуултын хариултыг залуус олж байх шиг ээ. Монголд стартап буюу гарааны компаниуд олноор төрөх болсон. Шинийг сэдэж, дэлхийтэй хөл нийлүүлэн яваа үлгэр жишээ компаниудыг Монголын залуус удирдаж байна. Үүний төлөөлөл болгож дөрвөн компанийг онцоллоо.  

Хиймэл оюун ухаан ашиглаж, санхүүгийн үйлчилгээ явуулдаг “ЛэндМН”

“ЛэндМН” компани нь хиймэл оюун ухаанд суурилсан финтек буюу цоо шинэ санхүүгийн бизнес моделийг Монгол Улсын санхүүг2ийн салбарт 2016 онд анх удаа нэвтрүүлсэн юм. Lend.mn аппликейшнээр дамжуулан барьцаагүй, хямд өртөгтэй, хэрэглээний цахим зээлийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг тус компанийн хэрэглэгч, харилцагчдын тоо 24 мянгад хүрчээ. Өдөрт дунджаар 1500 хэрэглэгчдийн яаралтай зээлийн хэрэгцээг шийддэг mус компани олон нийтэд нээлттэй, хувьцаат компани болж компанийхаа 25 хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй арилжаалж эхэлсэн.  Гар утастай хүн бүрийг ирээдүйдээ хөрөнгө оруулах боломжийг хангах зорилгоор компанийн нэгж хувьцааг 25 төгрөгөөр санал болгож байгаа юм. Захиалагч “ЛэндМН” зээлийн компани үйлчилгээгээ Азид гаргахыг зорьж байгаа гэнэ. 

"Клоуд майнинг фарм"-ыг үүсгэн байгуулсан “Айтүүлс” компани

“Айтүүлс” компани 2011 оноос эхлэн мэдээллийн технологийн салбарт цахим ертөнц болон онлайн үйлчилгээнд тулгуурлан дата төвийн үйлчилгээ болон түүний дагалдах үйлчилгээ болох домэйн нэрийн бүртгэл, сервер байршуулах үйлчилгээ үзүүлдэг. Дэлхийн мэдээллийн технологи, банк, санхүүгийн салбарт аль нэг улсын Засгийн газар, мөнгөний бодлогоос үл хамаарах, цэвэр математик тооцоолол, технологид суурилсан крипто мөнгөнүүд (Bitcoin, Ethereum гэх мэт) хүчээ авч байгаа билээ. Монголд ч крипто мөнгө олны анхаарлын төвд орохын зэрэгцээ түүнийг олборлох сонирхолтой иргэд олноор нэмэгдэж байна. “Айтүүлс” компани эдгээр хэрэглэгчдэд зориулан Монголын анхны "Клоуд майнинг фарм"-ыг үүсгэн байгуулжээ. 
Түүнчлэн “Айтүүлс” компани хувьцаа гаргаж, хөрөнгийн зах зээл дээр төлөвлөж байснаасаа ч илүү хөрөнгө босгож чадсан. 40 сая ширхэг үнэт цаасны захиалга өгсөнөөр захиалга нийлүүлэлтээсээ гурав дахин давсан юм.  Тус компани нийт хувьцааныхаа 38.8 хувийг олон нийтэд санал болгож,  13.3 сая ширхэг хувьцаа тус бүрийг 100 төгрөгөөр үнэлж, 1.3 тэрбум төгрөгийг босгохоор төлөвлөсөн бөгөөд хөрөнгө оруулалтыг 4-5 жилийн хугацаанд нөхөхөөр тооцоолон ажиллаж байгаа аж. 

“Марчаахай” хүүхдийн төсөл

Хүүхдүүдэд зориулан дуу, шүлэг, үлгэр, танин мэдэхүйн богино хэмжээний хүүхэлдэйн кино бүтээдэг “Марчаахай” компанийг онцолж байна. “Марчаахай” нь Монголын анхны хүүхэлдэйн анимэйшн хэлбэрээр хүүхдийн уран бүтээл хийж буй контент үйлдвэрлэгч бөгөөд “Миний зохиосон үлгэр”, “Ардын аман зохиол”, “Тоолж сурцгаая”, “Танин мэдэхүйн дуу шүлэг” зэрэг есөн төрлийн гар утасны аппликейшныг гаргажээ. 
Мөн “Мэдэмхий марчаахай” нэртэй 2-8 насны хүүхдүүдэд зориулсан дууны үг, нот бүхий ном, цомгын нийлмэл бүтээгдэхүүн гаргасан байна. Энэ цомогт орсон дуунууд шинээр зохиосон. Ардын ёс заншил, өв соёлыг хадгалан үлдээх, зөв иргэн болж төлөвшихөд дэмжлэг болох зорилготой орчин үеийн хүүхдийн сэтгэлгээнд нийцсэн танин мэдэхүйн гэдгээрээ давуу талтай юм. 

Дундын оффисыг Монголд нэвтрүүлсэн “Startup terminal” төв 

Стартапууд, залуу мэргэжилтнүүдэд зориулсан дундын оффис, хурдасгуур хөтөлбөр, хөрөнгө оруулалтын сан бүхий цогц үйлчилгээ үзүүлэх “Startup Terminal” төв нээгдээд удаагүй байна. Улаанбаатарын цоглог залуусын нэгэн “зогсоол” болох зорилготой “Startup Terminal” төв нь хөрөнгө оруулалтын "Үндэсний стартап сан"-г байгуулж, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын санг бий болгохоор зорьж байгаа юм байна.  Тус төв хажуудаа бодит хөрөнгө оруулалтын сантай бөгөөд хөрөнгө оруулагчдын платформыг бий болгохыг зорьж байгаа аж. Сангаараа дамжуулан 3D Robotics гэх гарааны бизнест хөрөнгө оруулаад байгаа юм байна.