Владимир Путин: АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хүссэн хүн бүр нөлөөлчих юм гэж үү

АНУ өнгөрсөн долоо хоногт ОХУ-ыг 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх баримтыг дэлгэсэн. Үүнтэй холбогдуулан Америкийн “NBC” телевизийн сэтгүүлч Меган Келли ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ярилцжээ. Ярилцлага өнгөрсөн амралтын өдрүүдэд “NBC” телевизээр шууд цацагдсан байна.

-Ноён Ерөнхийлөгч өө, бидний хүсэлтийг хүлээн авсанд баярла­лаа. Та АНУ-ын өнгөр­сөн 2016 оны Ерөн­хийлөгчийн сон­гуульд Кремль нөлөөл­сөн гэдгийг эрс эсэргүүц­дэг. Гэтэл АНУ-ын Таг­нуу­лын ерөнхий газраас ОХУ, АНУ-ын Ерөн­хийлөгчийн сон­гуульд хөндлөнгөөс нө­лөөлснийг батлах барим­тыг дэлгэлээ. Харин ОХУ-ын талаас өнөөг хүртэл ямар ч мэдэгдэл хийсэнгүй?
-Тэд одоо ч будилсан хэвээр байна. Өөрөөр хэлбэл Вашингтон олсон мэдээлэлдээ огтхон ч анализ хийхгүй байна. АНУ ОХУ хөндлөнгөөс оролцсон, нөлөөлсөн гэж буйгаас бус бидэнд хандаж, албаны ёсны ямар ч мэдэгдэл өгөөгүй. Бидэнд баримтаа өг, эхлээд бид Вашингтоны цуглуулсан баримтыг судалж үзмээр байна.
Энэ асуудал өмнөх Ерөн­хийлөгч Барак Обама­гийн үед ч яригдаж байсан. Тухайн үед бид цуглуулсан барим­таа  үзүүлэхийг Ва­шингтоноос хүссэн. Гэвч хэн ч юу ч бидэнд үзүүлээгүй.  Чи энэ асууд­лын талаар тодорхой мэдээлэл авахыг хүсвэл Ерөнхийлөгч асан Барак Обамагаас тодруул. Би өнгөрсөн зургадугаар сард чамд ярилцлага өгөх­дөө ч хэлж байсан даа. Дахиад хэлье. Өнөөдөр бол технологийн эрин зуун. Өндөр технологийг ашиг­лан хүн бүр хүссэнээ хийх боломжтой.  Хэрэв үнэхээр ОХУ-ын талаас Ерөн­­хий­лөгчийн сонгуульд нөлөөлөх гэж оролдсон бол манай Засгийн газар биш. Гэхдээ  би АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ямар ч гаднын оролцоо байхгүй гэж бодож байна.  АНУ бол их гүрэн. Хүссэн хүн бүр Ерөнхийлөгчийнх нь сонгуульд нөлөөлчих юм гэж үү. Уучлаарай би АНУ-ыг доромжлох гээгүй юм шүү. Харин АНУ бол дэлхийн бүх улс орнуудын сонгуульд хөндлөнгөөс нөлөөлдөг. Гол нь үүнийгээ маш сайн далдалж чаддагт л учир байгаа юм. Дэлхийн газрын зураг гаргаж ирээд хүссэн газраа хуруугаараа дараад хуруу дарсан газраа очоод асуугаад үз. Улс орон бүр Вашингтоныг ямар ч шатны сон­гуульд нь хөндлөнгөөс оролц­­дог тухай гомдол мэ­дүү­лэх болно. Хэрвээ тэд өөрс­дөө ийм зүйл хийдэггүй бол  өөр орнуудыг Ерөн­хий­­лөгчийнхөө сонгуульд хөнд­лөн­­гөөс оролцсон гэж бу­руут­­­­гана гэж үү. Энэ бол шүүмж­лэл биш, бодит байдал.  
-Та өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сон­гуульд ОХУ нөлөөлөх юу ч хийгээгүй гэж мэдэгддэг байсан. Харин Францын нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хакерууд хийсэн байж болох юм гэсэн. Яагаад бодлоо өөрч­лөх болов?
-Франц сэтгүүлч надаас хакеруудын талаар асуусан. Тухайн үед “Би хакерууд газар сайгүй байдаг. Тэд Ази, ОХУ, Латин Америк, АНУ хаана ч байж болно. Хэн яаж хаанаас хакердсаныг хэн ч мэдэх боломжгүй” гэсэн. Ерөнхийлөгч асан Кеннидигийн үхлийг авч үзье л дээ. Ийм юм болно гэж хэн ч төсөөлөөгүй. Энэ хэргийг АНУ-ын тусгай албаныхан хийсэн гэдэг. Гэхдээ үүнийг хэн ч баталж чадаагүй. Миний хэлэх гэсэн гол зүйл бол өнөөдөр  техник, технологи өндөр хөгжсөн. Хэрэв АНУ-ын сонгуульд   үнэхээр гаднын нөлөө байгаа бол хакеруудын хийсэн үйлдэл.
-АНУ-ын Ерөнхийлөг­чийн сонгуулийн үеэр Трампын сонгуулийн кам­па­нит ажилд  ажил­лаж байсан хүмүүс танай Засгийн газрын төлөөлөл­тэй уулзсан. Энэ үеэр юу хэлэлцсэн бэ?
-Ямар ч уулзалт болоо­гүй. Үнэндээ анх энэ талаар сонсоод миний эрүү мултрах шахсан. 
-Тэгэхээр АНУ-ын Ерөн­хийлөгчийн сонгуу­лийн үеэр ямар ч уулзалт болоогүй гэсэн үг үү?
-Засгийн газрын  ямар ч төлөөлөл Трамптай холбоо­той хэнтэй ч уулзаагүй. Харин АНУ дахь ОХУ-ын Элчин сайд ажил үүргийнхээ хүрээнд холбогдох хүмүүс­тэй уулзсан байж болох юм. АНУ-аас өөр олон орны Элчин сайдын яам дэлхийн өнцөг булан бүрт байдаг юм шүү дээ. Тэгээд таныхаар би АНУ дахь Элчин сайдын яам руугаа өдөр бүр утасдаж, өдөрт юу хийсэн талаар асуух хэрэгтэй юу. Энэ чинь огт утгагүй зүйл. Чи ер нь миний юу яриад байгааг ойлгож байна уу.  Надад Элчин сайд нарынхаа өдөр бүр хийдэг зүйлсийг асууж байх тийм их зав байхгүй.
-АНУ дахь ОХУ-ын Элчин сайдтай хамгийн сүүлд уулзах үеэр Жаред Кушнер ч юм уу өөр хэн нэгний талаар дурдсан уу?
-Үгүй. Элчин сайд зөвхөн хийх болон хийсэн ажлаа л надад илтгэдэг. Яагаад энэ талаар ярина гэж.
-АНУ-ын Холбооны мөрдөх товчооны тусгай консул Роберт Мюллер 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөн­гөөс оролцсон эсэх тухай хэргийг тогтооход тун ойрхон очсон гэж мэдэг­дээд буй. Роберт Мюллер­тэй ямар харилцаатай вэ?
-Энгийн л улс төрийн төвшний харилцаатай. Ямар нэгэн уулзалт зөвөл­гөөн болоход тэр суух ёстой газраа би суух ёстой газраа суугаад дараа нь өөр өөрийн явах зүгтээ явдаг. Өөрөөр хэлбэл сайн уу гэж уулзаад баяртай гэж хэлээд салдаг хүмүүс.  Бид­ний харилцаа ердөө л энэ.
-Америкчуудын олонх нь ОХУ-ын талаар сөрөг сэтгэгдэлтэй байдаг. Энэ талаар таньд хэлэх зүйл байна уу?
-ОХУ бол ардчилалын урт замналтай орон. Үүнд хэн ч эргэлзэхгүй байх. Улс төрийн сөрөг хүчний хэ­рэг­­жүүлж буй ажиллагаа болон дотоодын зарим асуу­­­дал нь ОХУ-ыг сөрөг та­лаас нь харагдуулдаг байж болох юм.  Сөрөг хүчнээс зохион байгуулсан жаг­­­­саал, цуглаан  Москва болон томоохон олон хо­тод  болдог. Гэхдээ энэ нь зөвхөн ОХУ-д болдог юм биш.  Ард­чилсан засаглалтай Европын ор­нуудад ч болдог зүйл. 
-Таны Холбооны ху­ралд тавьсан тайлан илтгэл нь “Хүйтэн дайн зарлаж байгаа” шинжтэй болсон гэж ажиглагчид дүгнэсэн. Таны бодлоор  АНУ болон ОХУ  зэвсэглэлээр хөөцөлдөж байгаа юу?
-Миний бодлоор шинэ хүйтэн дайн эхэлж байна гэж мэдэгдээд байгаа хүмүүс бол шинжээчид биш, харин ухуулга сурталчилгаа хийж буй хүмүүс. Зэвсэглэлээр хөөцөлдөх тухайд бол АНУ пуужингийн довтолгооноос хамгаалах системийн тухай хэлэлцээрээс гарснаар ийм үйл явц эхэлсэн. АНУ-ын зүгээс авч хэрэгжүүлж буй алхамд хариу болгон манай улс стратегийн зэвсгийн шинэ системүүдийг амжилттай боловсруулан туршсан. Зарим зэвсгийн хувьд нарийн тохиргоо хийж,  боловсруулах шаардлагатай байгаа. Харин зарим зэвс­гийн системийг армид ний­лүүлээд эхэлчихсэн бөгөөд байлдааны бэлэн байдалд байна. Манай ул­сын цэргийн хүчин чадал өсөн нэмэгдэж байгаа нь дэлхийд энхтайван тогтоох баталгаа болно. Манай ул­сын батлан хамгаалах ча­дав­хийг бэхжүүлэх бүхий л ажлыг бид зэвсэглэлд хяналт тавих салбарт үйл­­чилж буй олон улсын хэ­лэл­­цээ­рүүдийн хүрээнд явуулсан. 
-Оросын 13 иргэн, гурван байгууллагыг Ва­шингтоны Ерөнхий­лөг­чийн сонгуульд оролцсон хэмээн буруутгаад буй.  Энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Роберт Мюллерийн тай­ланд багтсан 13 хүн гурван байгууллагыг хэзээ ч гэмт хэрэгтнээр татаж, байцаалт авахыг хүлээн зөвшөөрөхгүй. Эд­гээр хүмүүс Ерөнхийлөгч Дональд Трампыг огцруулах гэсэн явуулгын золиос болж байна гэхэд хилсдэхгүй.