“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж зээл авсан хэргийг АТГ шалгахгүй байна гэв

Авлигатай тэмцэх газ­рын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өчигдөр мэдээлэл хийв. Энэ үеэрээ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авсан асуудалд холбогдсон нэр бүхий этгээдүүдийг АТГ-аас шалгахгүй байна гэж мэдэгдлээ.

Тус зөвлөлөөс “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан буюу тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр, ТӨХ-ны дарга Д.Сугар, Ч.Ганзориг, Д.Очирхүү, Ш.Батхүү нар нь санаатайгаар эх орноосоо урвасантай дүйцэхүйц хэмжээний гэмт хэрэг үйлдсэн байна.  АТГ нь дээрх нэр бүхий этгээдүүдийг өнөөдрийг хүртэл шалгахгүй, шалгасан ч хуулийн боломжит хугацааг удааж, хаацайлсаар ирсэн. АТГ-ын дарга үүргээ биелүүлээгүй тул огцрох ёстой. Мөн УИХ нь Д.Сугарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс, С.Баярыг Умард Ирландийн Нэгдсэн Вант Улсад суух Элчин сайдаас эгүүлэн татаж, нэн даруй шалгуулах үүрэгтэй” гэв. Монгол Улс системийн авлигалд орсон гэдгийн тод жишээ нь “Эрдэнэт үйлдвэрт үүсээд байгаа нөхцөл байдал гэдгийг ОНЗ-ийн дарга Г.Баасан хэллээ.