Туул голын орчимд хашаа хатгасан компаниудыг шалгахыг үүрэг болгов

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өчигдөр хуралдаж, Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов. Байнгын хорооноос гаргасан тус тогтоолд Туул голын сав газар орчимд элс, хайрга олборлохыг зогсоох, энгийн хамгаалалтын бүсэд олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 11, ашиглалтын 39 тусгай зөвшөөрлийг цуцлахыг тусгасан байна. Гэвч уг тогтоол нь бүтээн байгуулалт эхэлж буй энэ үед ажилд саад болж байгаа талаар аж ахуйн нэгжүүдээс гомдол ирж байгаа аж. Тиймээс тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсохоор хуралдаж байгааг тус Байнгын хорооны дарга М.Оюунчимэг тайлбарлав.
Энэ үеэр УИХ-ын гишүүд холбогдох албаныхнаас асуулт асууж, санал хэлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хууль бус үйл ажиллагааг хэрхэн шийдэж байгаа болон аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлт хийх барьцаа өгч байгаа эсэхийг тодруулахад, Байгаль орчин, аялал жуулч­лалын яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Нямдаваа “Манай яам нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газартай гэрээ байгуулж олон асуудлаар хамтарч ажиллаж байгаа. Үүний дотор Туул голын сав дагуу ашигт малтмалын ашиглалт, олборлолт, өнөөгийн байдлын талаар анхаарч ажиллаж байгаа. Байнгын хорооны чиглэл гарснаас хойш тухайн жилүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаа зогсоосон.

Шалгалт явуулж, асуудалтай зөвшөөрлүүдийг цуцалсан. Нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийн хувьд зөвшөөрлийг нь цуцалсан 95 аж ахуйн нэгжээс 29 нь 153.3 сая төгрөг байрлуулсан. Мөн нөхөн сэргээлт хийгээгүй гэсэн шалтгаанаар зөвшөөрлийг нь цуцалсан аж ахуйн нэгжүүд ч байгаа” гэлээ.Түүнчлэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүд холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг дурдаж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Ашигт малтмалын тухай хууль, Усны тухай хуульд өөрчлөлт оруулж, голын сав газарт олборлолт хийхийг хориглох хэрэгтэй байна. Ашиглаж байгаа лицензээ өөр газарт олгох, нөхөн төлбөр олгох байдлаар зохицуулах боломжтой гэж харж байна. Голын ай сав газарт олборлолт хийхийг хуулиар хаахгүй бол энэ асуудал зогсохгүй” гэв. Үүнээс гадна түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлийн асуудлыг Өргөдлийн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэх талаар ч гишүүд санал гаргаж байв.
Ийнхүү УИХ-ын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Гол, мөрний сав газар, хамгаалалтын бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, хайх ажлыг хориглох, шинээр лиценз олгохгүй гэсэн Өргөдлийн байнгын хорооны тогтоол хэвээр хүчин төгөлдөр байх болно. Харин зөвшөөрсөн газруудаас хайрга, дайрга олборлож болно. Тухайн Засаг захиргааны нэгжийн даргад зөвшөөрөл олгох эрх мэдэл нь хэвээр байгаа. Иймд бүтээн байгуулалтын ажилд тус Байнгын хорооноос гаргасан тогтоол хүндрэл учруулаагүй” гэдгийг онцолсон юм. Тэрбээр Байгаль орчин, аялал жуулчлалын холбогдох албаныханд Туул гол дагуу ямар аж ахуйн нэгж хашаа хатгаж үйл ажиллагаа явуулж байгааг тодруулж, зөвшөөрөлтэй эсэхийг шалгахыг үүрэгдэв. 

Ж.Батбаясгалан: Өнгөрсөн онд хайрга, дайрганы 95 тусгай зөвшөөрөл цуцалсан
Энэ үеэр түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлийн талаар нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалангаас тодрууллаа. 
-Нийслэлд, тэр дундаа Туул голын орчмоор түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хэд байгаа вэ?
-2017 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар хууль, тогтоомж зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн 95 тусгай зөвшөөрлийг цуцалсан. Одоогийн байдлаар голын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд ямар ч хайгуул, лицензийн ашиглалт байхгүй. Энгийн хамгаалалтын бүс гэдэг нь Туул голын эргээс 200 метр дотор, онцгой хамгаалалтын бүс нь 50 метр дотор байдаг. Нийслэлд ашиглалтын 54, хайгуулын 73 тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа. Гэхдээ үүнийг зөвхөн голын орчимд ашиглана гэж ойлгож болохгүй. Үүнд уулын дайрга, бусад газрын лицензүүд хамаарч байгаа. Тэгэхээр Туул голын ай сав газарт хайрга олборлохгүй гэж болно. Энэ асуудлаар иргэдийн зүгээс ч их эсэргүүцэл ирж байсан.
-Цаашдаа хүчин төгөлдөр байгаа лицензүүдийг цуцлах уу?
-Бүх төрлийн хууль тогтоомж зөрчиж байгаа үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын газар болон Ашигт малтмалын газар, Байгаль орчны газраас шалгалт хийж байгаа. Ер нь хууль тогтоомж зөрчсөн л бол зөвшөөрлийг нь цуцлах УИХ-ын тогтоол хүчин төгөлдөр үйлчилнэ.
-Зарим аж ахуйн нэгж шүүхэд гомдол гаргасан гэсэн. Шүүхээс ямар шийдвэр гарч байгаа вэ?
-Одоогийн байдлаар нийслэлийн Засаг даргын захирамжаар цуцалсан 95 тугсай зөвшөөрлийн 44 аж ахуйн нэгжийн 50 лиценз нь шүүхийн маргаантай байгаа. Шүүхээс ямар нэгэн шийдвэр гараагүй. 
-Тухайн аж ахуйн нэгжүүд ямар үндэслэлээр шүүхэд хандаж байгаа юм бэ?
-Хууль ёсны эрх нь алдагдаж байна гэсэн үндэслэлээр л шүүхэд хандаж байгаа. Эцсийн шийдвэр нь шүүхээс гарна. 
-Аж ахуйн нэгжүүд Байнгын хорооны тогтоолоос болж, бүтээн байгуулалтад хүндрэл учирч байгаа талаар гомдол ирүүлж байгаа гэсэн. Энэ асуудлаар хотод ирсэн мэдээлэл байна уу?
-Бид барилгын мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгж байгууллагууд-тай олон удаа уулзалт хийсэн. Голын ай сав газраар хайрга олборлох үйл ажиллагаа хийхгүй гэдэгтэй санал нэгдсэн. Харин Туул голын энгийн болон онцгой бүсээс гаднах ашиглалт, үйл ажиллагаа хэвээр байгаа.
-Бүтээн байгуулалтын улирал эхэлж байна. Аж ахуйн нэгж байгууллагууд хулгайгаар голын эргээс хайрга зөөх тохиолдол байдаг. Хууль бус үйл ажиллагаанд нийслэлээс ямар арга хэмжээ авах вэ?
-Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, цагдаагийн байгууллатай хамтарч байнгын шалгалт хийж байгаа. Өнгөрсөн онд бүтээн байгуулалтын эрчимтэй үед хэд хэдэн байгууллага хулгайгаар хайрга зөөсөн асуудал гарсан. Бид хуулийн байгууллагад хүлээлгэж өгсөн байгаа. Цаашид ийм асуудал гарвал бид мөн л хуулийн байгууллагад өгнө.