Оскар хүртсэн анхны сагсанбөмбөгч Коби брайнт

Оскарын шагнал гардуулах 90 дэх удаагийн  ёслолын ажиллагаа  Лос-Анжелос хотноо өчигдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.  Энэ жилийн ёслолын арга хэмжээг хөтлөгч, жүжигчин Жимми Киммел хоёр дахь удаагаа хөтөлсөн юм.

Тэрбээр “Энэ жил таны нэрийг тайзан дээрээс дуудвал, шууд босч ирсний хэрэггүй шүү. Бидэнд хэсэг хугацаа өгөөрэй. Би өнгөрсөн жилийн алдааг давтахыг хүсэхгүй байна” хэмээн хошигножээ. Энэ жил Оскарын наадмын “Оны шилдэг кино” шагналыг “The Shape of Water” уран зөгнөлт кино хүртсэн бол,  киног бүтээсэн найруулагч Гильермо дель Торо нь “Оны шилдэг найруулагч” нэр хүндтэй цолыг гардлаа. Мөн  тус бүтээл шилдэг тайз засал, шилдэг хөгжим зэрэг төрөлд шилдгээр тодорсон юм. Кино шүүмжлэгчдийн таамаглаж байсанчлан жүжигчин Гэри Олдман “Darkest Hour” кинонд Уинстон Черчиллийн дүрийг чадварлаг бүтээснээрээ “Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин” шагналыг хүртжээ. Харин “Three Billboards Outside Ebbing, Missouri” кинонд охиноо алдан гашуудаж буй ээжийн дүрээр Фрэнсис Макдорманд “Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин” шагналын эзэн болсон байна. Алдарт сагсчин Коби Брайнтын “Dear basketball” кино шилдэг богино хэмжээний анимейшн киноны төрөлд шилдгээр тодорсон нь үзэгчдийн хүслийг биелүүлсэн гэхэд хисдэхгүй. Тэрбээр зодог тайлахдаа бичиж байсан “Хүндэт сагсан бөмбөг танаа” (Dear Basketball)шүлгээрээ найруулагч Глэн Кийнтэй хамтран анимейшн бүтээсэн. Алдарт сагсчин уг шагналыг хүртсэн анхны сагсанбөмбөгч болж байна. 2015 онд бичсэн уг шүлэг нь түүнийг зодог тайлснаас хойш ч олны анхааралд дахин оруулж чадлаа. Ид үедээ хүчингийн хэрэгт нэр холбогдож, хэд хэдэн том гэмтэл авч байсан тэрбээр НБА-ын таван удаагийн аваргын цомтойгоор замналдаа цэг тавьж байв. Домогт Майкл Жорданоос нэг цом дутуу байсан Коби Брайнт дутуугаа өөр салбарын тайзан дээрээс нөхөж чадлаа. Магадгүй цаашид спортын анимейшн киноны үйлдвэрлэлд хөл тавьж магадгүй хэмээн Америкийн хэвлэл мэдээллээр бичиж эхлээд байна. Мөн Жордан Пилийн бүтээсэн “Get Out” триллер төрлийн  кино “Оны шилдэг кино зохиол” төрөлд ялалт байгуулсан нь үзэгчдийн хувьд маш том гэнэтийн “бэлэг” болсон юм. Тэгвэл “Call Me By Your Name” утга уянгын кино “Оны шилдэг сэдэвлэсэн кино зохиол” шагналыг хүртжээ.


Шилдэг кино
“The Shape of Water” (Гильермо дель Торо)
Шилдэг найруулагч
Гильермо дель Торо (The Shape of Water)
Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин
Гэри Олдман (Darkest Hour)
Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин
Фрэнсис Макдорманд (Three Billboards Outside Ebbing, Missouri)
Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин
Эллисон Жейнни (I, Tonya)
Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин
Сэм Рокуэлл (Three Billboards Outside Ebbing, Missouri)
Шилдэг кино зохиол (эх зохиол)
“Get Out”
Шилдэг кино зохиол (сэдэвлэсэн)
“Call Me By Your Name”
Шилдэг анимэйшн кино
“Coco” (Ли Анкрич)
Шилдэг хөгжмийн зохиол
Александр Деспла “The Shape of Water”
Шилдэг дуу
“Remember Me” (Coco)
Гадаад хэл дээрх шилдэг кино
“A Fantastic Woman”(Чили)
“Icarus” (Брайан Фогель)
Шилдэг богино хэмжээний анимейшн
“Dear basketball” 
Шилдэг тайз засал
“Shape of water”
Шилдэг дууны эвлүүлэг
“Dunkirk”
Шилдэг дууны найруулга
“Dunkirk”
Шилдэг богино хэмжээний кино
“The Silent Child”
Шилдэг эвлүүлэг
“Dunkirk”

90 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын нэр  дэвшигчдийг энэ оны нэгдүгээр сарын 23-ны өдөр зарласан бөгөөд найруулагч Гильермо дель Торогийн “The Shape of Water”  уран сайхны кино 13 номинацид нэр дэвшсэн юм. Түүнчлэн Их Британийн “Dunkirk” кино найман номинацид, тэр дундаа найруулагч Кристофер Нолан дөрөв дэх удаагаа Оскарын шагналын шилдэг найруулагч төрөлд нэр дэвшсэн бол “Three Billboards Outside Ebbing, Missouri” кино долоон номинацид нэр дэвшсэн юм.