Суурингийн нэг өдөр

Өнөөдөр шинийн найман. Уг нь өвөө бид хоёр шинийн гурвандаа багтаад ойр хавийнхаа настайчуудыг цай уулгачихдаг юм. Өвөөгийн ах, 80 насны босго шүргэж яваа Агаагийн бие сайнгүй, эмнэлэгт хэвтэх болсон тул цай уулгалт хойшилсон хэрэг. Ингээд өнөөдөр хүмүүсээ цайлахаар өглөөнийхөө ажлыг эрт амжуулав. Өвөө бид хоёр угаасаа үүр гэгээрээгүй байхад босоод заншсан.  

Бид хоёр ч гэж дээ, өвөө маань “хүнд үзэгдэж харагдалгүй ажлаа амжуулсан суух шиг сайхан зүйл байхгүй” гэдэг бодолтой хүн тул өглөөний нар тоононы ирмэг дээр тусахад манайх хэдийнэ цэмбийчихсэн байдаг айл. Бүр хувцас угаах, боорцог хайрах ажлыг ч өвөө шөнөөр шахам хийчихдэг гээд бод. Ямар сайндаа л зуны өглөө саалиндаа гарч яваа хүмүүс хиншүүны үнэр гарахаар “Дагваа ах боорцгоо хийж байгаа юм байна” гэж мэддэг гэх вэ. Энэ жил өвөл хатуу байсан учраас дөрвөн ес эхлэх үеэр үхрээ гаднаа авчирч тэжээсэн юм. Гэрээ цэвэрлэж дуусаад, гэгээ орсны дараа үхэртээ хивэг өгөх ажилтай. Гэхдээ өвөө бусад айл шиг бөөн дунд нь хэсэг хивэг хаяж, “халтуурдахгүй”. Лав 30-аад үхрийн хивгийг ам аман дээр нь барьж өгнө. Энэ үеэр “хөж, хаа, туу, чаа” гээд ээлжээ хүлээхгүй дайрах “нөхдүүд”-тэй үзэлцэнэ. Хивэг өгч байгаа үнээг маань нэг нь ирээд түншихэд тэр түлхэлтэд нь хагас бээрэлтийн байдалтай суугаа би өнхөрөөд явчихна гэх мэтээр хэрэндээ адармаатай. Дараа нь 10 гаруй бяруу, эцэст нь бас төдий хэрийн төлөг хооллоно. Залгаад үхрийн хөлдүү баас арилгах гэж нэг ажил бий. Бас болоогүй, хашаандаа үлддэг хэддээ өвс хаяж өгөөд л үнээ малын ажлаас хэсэг амсхийнэ. Ид хүйтнээр бол тамир тэнхээг нь дэмжих янз бүрийн эм тариа өгөх, сэрүүдсэн малд цээнэ буцалгах, нэмнээ оёх, хашааны мухарт өеөдснийг нь хүмүүс гуйж босгох гээд ажил бүр их байсан. Одоо харин ч цаг уярч, ажил багасаад байгаа нь энэ. Цээнэ гэснээс цээнийн ягаан цэцэгний үндсийг анх доороосоо сэрүүдсэн малдаа өгдөг байснаа сүүлдээ өвөө бид хоёр өөрсдөө ууж эхэлсэн хөгжилтэй түүх ч бий. 
“Их наслах хог юм. Удвал хажуудахаа ч зовоох шинжтэй.  Гэхдээ хүүхдүүд элдэв юмаар тордоод мөд “явахгүй”-дэг шүү” гэж 80 гарч яваа Цэдэндорж ах, 90 рүү дөхөж яваа Жагар эмээд /өвөөгийн төрсөн эгч/ ярьж мушилзана. Амьсгааддагаасаа болоод хол алхаж чадахаа больсон ч манай Цэдкагийн /түүнийг хааяа өхөөрдөж ингэж дуудна/ хошигнох мэдрэмж хэзээд залуугаараа.  Жагар эмээ байсхийгээд л “Энэ ор өндөр болчихсон юм уу даа” гээд суудлаа засна. Уг нь өвөөгийн ор явган сандлаас өндөргүй шахам намхан л даа. Гол нь ор өндөрсөөгүй, эмээ намсаад байгаа хэрэг. Өвөө ч гэсэн хойноо хураасан хөнжлөө налаад суухад хөл газар хүрэхээ болчихож гэж хэлдэг юм.  Өнөө дуунд гардаг шиг “Жил жилээр жижгэрсэн жижигхэн буурал хөгшид минь” .  Жил ирэх бүр улам цөөрч байгаа тэд хоорондоо инээд наргиан болон ярихыг нь харан суух сайхан ч нулимсаа нууж арчих үе ч бишгүй. Дараа жилийн Цагаан сараар дахиад ингээд суугаа ч бил үү, үгүй ч билүү гэж бодохоор л нулимс аяндаа сулдаа асгараад горьгүй.  Ер нь Цагаан сар настнаа хүндэлж, ёсоо дээдэлж баярлахаас гадна бидний нэг их бодож зүрхэлдэггүй жам ёсны тухай өөрийн эрхгүй эргэцүүлэхэд хүргэдэг үе юм уу даа. Өвөө бид хоёр “Тэнд нэг тийм хөгшин байсан даа” гээд Цагаан сар болгоноор хууччуулаа дурсдаг юм.  Би багын л нулимс султай байсан болохоор өвөө нэг удаа “Настай айлд орохоороо уйлаад унах юм. Битгий хүн дагаж явж байгаарай” гэж загнуулж байснаа хоёулаа ярьж инээлдэнэ.  Бусдын тухай хоёулаа ийн гангар гунгар хийгээд өнгөрсний дараа би өвөөгийнхөө тухай, өнөөх жам ёсны тухай хүнд бодолд дарагдана. Өвөө маань ч тэрүүхэн тэндээ эрхээ бариад дуугаа хураагаад сууна. Бодвол, өөрөөсөө хойшхи миний ирээдүйд санаагаа чилээдэг байх даа. Үхтэл үр харам гэдэг хойно. Ингээд бодохоор Цагаан сар их хүнд баяр. Тэр тусмаа настай хүний хажууд байдаг хүнд үхэлтэй уралдаж илүү ихийг хэрхэн хийж өгөх, илүү ихээр хэрхэн хайрлахын шаналанг сэтгэлээ эмтэртэл эдэлдэг юм даа. 
Өвөө бид хоёр үдийн цайны цагаар хүмүүсээ цайлж дуусаад өдрийн хуваарьт ажил руугаа орлоо. “Би явна, та үлдэнэ” гэж маргадгаараа маргасаар тугалаа услахаар гарлаа. Өвөө таяганд орсноо мэдэхгүй, ажил байнга булаацалдана. Манай гэрээс булгийн эх хүртэл багагүй зайтайн дээр тэжээлийн хэдэн бяруу урагшаа ахина аа л гэж нэг байхгүй.  Алхах биш мөлхөхийн дайтай удаан явдаг болохоор замдаа уйдаж гүйцнэ. Селфидэхээс эхлээд сүүлдэж яваа бярууны нурууны ясыг тоолж хүртэл үзнэ. Онд зутруу орсон болохоор хөөрхий, яс нь товойгоод, тийм туранхай. Хамгийн ард явдаг энэ хар бяруугяаж ч байсан намайг хүн байна чинээ тоохгүй. Юу ч гололгүй иддэг, хоолноос бусад бүх зүйл дээр хоцордог, хэнэггүй гудиггүйг нь өвөө намайг эрхлүүлсээр байгаад ийм болгосон гэж загнана. Хариуд нь би хар бяруунд “Хайнагны нэр гутаасан муу мангар юм. Жаахан хиймортой байгаач” гэж хэлнэ. Тээршээх аятай чихээ солбихоос өөр хариугүй. Гэхдээ л энэ муу, ирээдүйд хайнагийн эр үхэр болно гэхэд итгэмгүй, илжиг шиг том чихтэй, ортоом шиг эрээлэх юмгүй идэмхий, инээдтэй амьтанд хайр хүрээд байдаг юм. Амьтныг хайрлах хайр, эргээд тэд биднийг хайрлаж байгааг нь мэдрэх мэдрэмж их онцгой. Амьдралыг баяр баясалтай болгодог нэг хүчин зүйл гэхэд ч томдохгүй, тийм том орон зай эзлэх ойлголт гэдэгт итгэдэг. Ялангуяа хүүхдийг багаас нь малын дэргэд байлгавал илүү өр нимгэн хүн болдог гэдэгт итгэлтэй байдаг. 
Сумын төвд тэжээж байгаа малаа айлууд ганцхан Хүйтэн булагт усалдаг болохоор булгийн тархин дээр хүн малын цугларалт болно. Мал өеөдөж унах нь уу, үгүй юү гэж горьддог юм уу хаашаа юм хэрээнүүд бас тэндээс салахгүй. Буцах замдаа мал тууж яваа хүмүүстэй тэрүүхэн зуураа хөөрхөн хөөрөлдчихнө. 
-Хөөх та чинь гурван хошуу мал /тугал, хурга, ишил/ туусан яваа юм биш үү?
-Бүр дөрвөн хошуу мал явааг харахгүй байна уу. Тэнд нэг унага яваа биз дээ гэхийг нь харах нь ээ нээрээ нэг хөөрхөн хар сарваа гялаан мөсөн дээр тогтох гэж байдгаараа тэшүүрдчихсэн явна. Өөр нэг нь, 
-Энэ чинь хэний мал билээ. Сайхан тэвээргэтэй мал байна.
-Дагвадорж.
-Аан Дагваа ахын бие сайн уу. Үгүй мөн хөнгөн хүн шүү.
-Дажгүй ээ. Хөл нь жаахан өвдөөд байгаа. 
-Аргагүй ээ. Дөрвөн есийн хүйтэнд намагт малаа хариулаад зогсч байсан. Мань мэт нь цаг болохгүй осгох байлгүй. Ингэхэд чи хэнийх нь эхнэр байна?
-Өө би энд байдаггүй юм аа. 
-Тийм байх аа. Малаас нэлээд төсөөрсөн харагдаад байсан юм гэж намайгаа хөөрхөн “хийж” орхиод ах хүү алхчихав. Нэг зайдан морьтой залуу холбоотой хоёр морио услах гэж явна гэж бодтол үгүй бололтой. Булаг руу шахаж барих гээд байгааг нь түрүүчийн ахын хэлдгээр “малаас төсөөрсөн” би ойлгохгүй хажуугаас нь харсан шиг ээ зогстол, өнөө залуу цаанаас “ойртвол цулбуураас нь бариад аваарай хө” гэнэ ээ. Ойр хавьд хүн алга, надад л хэлж байгаагаас гарцаагүй. “Би ч арай чадахгүй байх аа” гэж өөрийгөө шоолон, амандаа хэлсэншүү зогсч байтал өөрөө морин дээрээсээ нэг ухасхийгээд бариад авав. Би харваас бүтэлгүй шинжийн нөхөр байсан нь ойлгомжтой. Хэлтэй ч юм уу, үгүй ч юм уу ч гэж бодсон байж магадгүй.  Холбоотой хоёр морио хөтлөөд хангинаж өгсөн залуугийн араас харангаа өнөө “морьтой болоод завтайсан бол” гэдэг шиг “Хэн байв даа, шилээ зүүж явсан бол таних байсан даа” гэх юм бодож жуумалзана. Эрийн хийморь морины нуруун дээр тунчиг жавхаатай болох ажээ. Ширхэг ч үүлгүй гүн цэнхэр тэнгэртэй, торох ч толбогүй гантиг цагаан талтай хангайдаа үдийн наранд нуруугаа ээсэн шигээ ийн алхаж явахад сэтгэл ямар тэнүүн байдаг билээ л.  Зах зээлд шилжээд хөдөөгийнхний ааш аяг, зочломжтой байдал өөрчлөгдсөн л гэдэг. Тийм нь ч бий. Ингээд үхэр тугалаа усланхан яваа хүмүүстэй таараад хэдэн үг солих хооронд сэтгэлд нэг л дотно сайхан санагддаг юм. Уужуу тайвуу, ухаалаг нинжин монгол араншин дундраагүй, хаа ч дүүрнээрээ бий. 
Хэдийгээр шинийн найман хүрсэн ч гэлээ Цагаан сарын хөл манайд татрах нь битгий хэл нэмэгдэх нь үү гэмээр янзтай. Тэгэхдээ танихаасаа танихгүй нь олон. Ямар сайндаа бэр эгч маань “Танайд хэн ирэв” гэхээр нь “Өө шинийн тавнаас хойш таньдаг хүн орж ирэлгүй удаж байна” гэж би хэлж инээлгэх вэ дээ. Тэд нэг бол холын хамаатан, эсвэл хүүхэд шуухдаа өвөөд үзүүлж /манай өвөө хүүхдийн өвчин анагаахдаа муугүй/ байсан хүмүүс байх жишээтэй. “Өнөө тэвдүүлж байсан хүүхэд чинь ийм том болсон шүү дээ” гээд хүүхдээ дагуулж ирж золгох хүн цөөнгүй. Ер нь манай өвөө олонтой хүн юмаа. Энгийн үед ч манайхаас хөл тасрахгүй. Би өвөөгөөр тоглоод, “Энэ хүмүүс Цагаан сардах далимаар таниас юм асуух гэж орж ирээд байна уу, юм асуух далимаар Цагаан сардаад байна уу” гэж явуулна.  Өвөө “Яах вэ хөөрхий, өгөх юм байвал өгөөд л бай. Хүний алга тэнийлгэх шиг буян гэж хаа байх вэ” гэнэ. Тугал услах гэх мэт гадуур ажилтай яваад ирэхэд өвөө бэлэг өгөх гэж ёстой хөгийг нь хутгачихсан сууна. Намайг өвөө бэлгэндээ ч, буузандаа ч харам гэж буруутгана. “Оройн жавар орж байна, галаа түлэх үү дээ” гэхээр өвөө “Хүнд бууз чанаж өгдөггүйгээс хойш галаар ч яах вэ дээ хоёулаа” гэж намайг явуулна.  “Бүгдээрээ чануулахгүй гээд байхад би яах юм” гэж мөчөөрхөнө.  Нэг үеэ бодоход манай суманд бор дарс хэтрүүлсэн хүн явах нь хамаагүй багасчээ. Халаалттай хэрнээ 100 гр өгөхөөр уруулаа хүргэж тавьчихаад, бэлэг хүлээгээд суучихдаг хүмүүсийг эс тооцвол согтуу хөлчүү хүн байхгүйтэй ижил. Энэ жилээс манай сумын төв дуудлагын такситай болсон гэнэ. Анх нэг хоёрхон байснаа одоо бүр 7-8 болтлоо нэмэгдсэн юм байх. Манайд орж ирсэн хүмүүс хоорондоо хошигнон ярих нь, “Нөгөө таксиг чинь дуудаад усандаа явуулж байна гэнэ” гэхэд “За арай дэгсдүүлж байгаа байлгүй дээ. Гэхдээ ч манайхан аягүй бол чадах улс шүү” гэж инээдэм болно. Би бас Цагаан сарын өмнөхөн дэлгүүрээс бага сага зүйл худалдаж аваад, яаж авч авах уу, ийх үү болоход дэлгүүрийн худалдагч, “Такси дуудчихаач, 88... эсвэл 9932...” гээд дугаарыг нь дуржигнатал хэлж байна. Таксигаа ч дуудлаа. Тэгтэл 10 жилийн маань залуу байна. “Найз нь ийм ажил хийж байна. Дажгүй шүү. Ойрд бол дэлгүүр “нүүлгэх” ажил л их хийж байна даа” гээд инээмсэглэв. Ямартаа ч 10 мянгаад хүн амтай, амьжиргааны төвшин сайтай ма­най сум дуудлагын такситай бол­сонд хүмүүс баяртай байна лээ.  
Нар хэвийхийн алдад оройн ажил эхэлнэ.  Өвөө хэвгээ зуурах, би түлээгээ оруулж, оройн хоолны мах хөшиглөх гээд тус тусын ажлаа чимээгүйхэн хийцгээнэ. Мотоцикль унахын бөөн дур болсон хоёр хүүхэд манайд бий. Ахын маань тэр хоёр хүү л өвөө бид хоёрын хар бор ажлыг нугалдаг юм. Пресстэй өвс зөөх, үхрийн баас арилгах, үхэр туух, усанд явах гээд бүгдийг хийнэ. Орой үхэр тууж ирэх, усанд явах, хог хаях ажилдаа тэд хамгийн их дуртай. Учир нь мотоцикль унах шалтаг гарч байгаа нь тэр. Хааяа өөр хүн үхэрт яваад, усанд явах шаардлагагүй өдөр бол хаях хог байна уу гээд хоргоочихно. Бүр хог ч байхгүй үед хоорондоо “Яадаг юм хоёулаа, шуудайд цас дүүргээд, хог гэж хэлээд явчихъя” гэж ярьсан гэж байгаа. Нэг хэсэг өглөө үхэр туух дуртай болчихов оо, тэр хоёр.  Явган явж туудаг хэрнээ шүү дээ. Эхлээд өвөө бид хоёр “Энэ хоёр үхрийн баас арилгахгүй л гэж тэгж байгаа юм” гэдэг байсан чинь том нь надад аминчлан хэлж байна аа. “Бид хоёр яагаад үхэр туух дуртай болсныг та мэдмээр байна уу” гэж.  Тэгтэл бага нь хэлүүлэхгүй гээд томынхоо амыг барьж, дээр доороо ороод ноцолдоод уналаа. Ноцолдонгоо том нь “Тэр доод айлын охин...” гэхээр нь шууд ойлгов. 14, 15-тай “том залуучуудад” хардаг охин байлгүй л яах вэ. Гол нууцаа алдсан багынх нь ичиж байгаа гэж жигтэйхэн.  Цасан дээр ноцолдон байгаа тэр хоёр хүүгийн ертөнц ямар атаархмаар гэгээн, хөнгөн дэврүүн юм бэ.  Үхэрт явангаа үеийн охиноо харах, нууцаа алдаад ичингүйрэх энэ бүхэн эргэн олдохгүй, хэзээд мартагдахгүй гэгээн дурсамж болж үлдэнэ гэдгийг цас манартал ноцолдож байгаа тэр хоёр одоо хараахан мэдээгүй л байгаа. 
Хураалгаатай түлээн дээрээс үхрийнхээ барааг саравчлан зогсоод санамсаргүй эргэн харвал... Өө энэ чинь л шүү дээ. Жаргаж буй нарны ер бусын тунамал шаргал өнгө тэнгэрийн хаяанд тогтох энэ мөчийн байгалийн үзэсгэлэн жилийн аль ч улиралд  сэтгэл татах увидастай хэвээрээ. Тэр тунамал шаргал туяа эрт урьдын, эрх багын бүхий л дулаахан дурсамжуудыг хадгалж байдаг гэлтэй. “Тэнгэрийн хаяа шаргалтаж байхад би баярладаг, тэнд миний бага нас тоглож үзэгддэг гээд л бичиж байлаа л. Хэдий нар жаргаж буй ч урин цагийн амьсгаа ороод, даарах хүйтэнгүй, цаанаа л тогтуун. Айлуудын яндангаар урсах утаа хүртэл зурмал зураг шиг тогтонги. Сумын төвийн жижигхэн суурин минь жаргаж буй нарны тэрхүү алтлаг туяан дор ер бусын амгаланд автаж харагдана.  Энэ мөчид юунд ч эргэлзэхгүйгээр энэ л жижигхэн сууриндаа насан туршаа амьдармаар санагдсаан.