Зуун дамнасан алдарт хөгжмийн зохиолч Жон Уильямс

Орчин үеийн кино урлагийн хамгийн том ертөнц болох Холливудын уран бүтээлчид, хөгжмийн зохиолчид дундаас нэр алдар, уран бүтээл, гавьяа шагналаараа маргаангүй тэргүүн эгнээнд бичигдэх нь Оскарын таван удаагийн шагналт, хөгжмийн зохиолч, удирдаач Жон Таунер Уильямс юм. Тэрбээр жазз хөгжмийн хорхойтны гэр бүлд төрсөн бөгөөд ажлын гараагаа ч даруухан жазз клубт хөгжимчнөөр эхлүүлсэн гэдэг. Хэдийгээр бага залуу насандаа кино урлагт төдийлөн дуртай байгаагүй ч түүний ур чадвар, авьяас чадвар нь эрхгүй энэ салбартай холбогдож 1958 онд “Daddy-O” хэмээх гэмт хэрэгт драмаар анхны бүрэн хэмжээний киноны ажлаа эхлүүлжээ. Хүн бүрийн мэддэг, сэтгэлд нь үлдэж, зүрхэнд шингэсэн дэлгэцийн олон сайхан бүтээлийн хөгжмийг Жон Уильямс бичсэн байдаг.

Тухайлбал,  “Шиндлерийн бүртгэл” (Schindler’s List), “Оддын дайн” (Star Wars) , “Харри Поттер” (Harry Potter), “Гэртээ ганцаараа” (Home Alone), “Супермен” (Superman), “Индиана Жонсын адал явдлууд” (Indiana Jones series), “Цэрэг Райаныг аварсан нь” (Saving Private Ryan), “Юрийн галвын цэцэрлэг” (Jurassic Park), “Эрүү” (Jaws) “Чаддаг юм бол намайг бариарай” (Catch Me If You Can), “Гейшагийн дурсамж” (Memoirs of Geisha), “Дайны морь” (War Horse), “Линкольн” (Lincoln) “Тинтиний адал явдлууд” (Adventure of Tintin) зэрэг кинонд хөгжмийг зохиосон. Жон Уильямс нь Стивен Спилбергийн хоёр киноны хөгжмийн зохиолчоор ажилласан байдаг бөгөөд үүний нэг нь “Шиндлерийн бүртгэл”.
Оскар Шиндлер гэгч эр дэлхийн хоёрдугаар дайны үед 1100 гаруй Польшийн еврейг өөрийн үйлдвэрт ажиллуулах нэрийдлээр аварсан билээ. Энэ агуу  энэрэнгүй үйлст эрийн тухай Томас Киннели “Шиндлерийн хөлөг”  (Schindler’s Ark) романыг бичсэн байна. Уг зохиолыг барьж авсан нэгэн еврей залуу романаар кино хийхээр шийдсэн нь Стивен Спилберг байсан бөгөөд  “Шиндлерийн бүртгэл” кино зохиолыг анх Шиндлерийн хөлөг романы зохиолч Томас Киннели өөрөө бичих гэж оролдсон ч түүний нүсэр зохиол олон ангит кинонд илүү тохирмоор болсон байв. Уг кино зохиолыг Африкаас алсад (Out of Africa, 1985) киноны зохиолыг бичсэн Курт Луедтке барьж авсан хэдий ч гурван жил нухсаны эцэст бууж өгсөн гэдэг. Эцэст нь “Бобби Фишерийн эрэлд” киноны найруулагч, кино зохиолч Стивен Заиллян сая л нэг бүрэн хэмжээний кино зохиол болгож дөнгөсөн ажээ. Ингээд киноны хөгжмийг бичүүлэхээр Стивен Спилберг  Жон Уильямст хандсан ч тэр зөвшөөрөөгүй байна. Удаан хүлээлгэсний эцэст Жон  энэ бүтээлд хөгжим бичиж чадна гэдэгтээ эргэлзэн “Чи энэ кинонд надаас дээр хөгжмийн зохиолч ажиллуулсан нь дээр биш үү” гэсэнд Спилберг “Мэднэ ээ. Гэхдээ тэд нар чинь бүгд мөнх бусыг үзүүлсэн шүү дээ” хэмээсэн гэдэг. Тэгвэл “Шиндлерийн бүртгэл” гэх уг кино дэлхий дахинд танигдаж, алдар нэр нь цуурайтахын хэрээр Жон Уильямсийн нэр хүнд ч өсч, уг киноны хөгжмөөрөө тэр “Алтан бөмбөрцөг”, “Грэмми” тэргүүтэй нэр хүндтэй олон шагналын эзэн болсон билээ. Харин нөгөө нь “Юрийн галвын цэцэрлэг” (Jurassic Park) динозавруудын колони бүхий арлын тухай Майкл Крэйгтоны зохиолоос сэдэвлэсэн уг  кино нь тухайн үедээ ихээхэн шуугиан тарьж байсан бөгөөд мэдэхгүй хүн гэж байхгүй биз ээ. Харин киноны хөгжмийг “Адал явдалт алдагдсан аралд өөрийн эрхгүй очих хүслийг төрүүлдэг” гэж дэлхийд танигдсан хөгжмийн зохиолчид төдийгүй, хөгжим шүүмжлэгчид үнэлдэг. Мөн тэрбээр  “Гэртээ ганцаараа”-гийн хөгжмийг 1990 онд зохиосон. Энэхүү кинонд  найман настай Кевин  хүүгийн адал явдал гардаг.  Харин киноны хөгжим нь Зул сарын баярын үеэр эгшиглэдэг алдартай цөөн хэдэн хөгжмийн нэг болсон билээ.  Түүнийг  орчин цагийн хамгийн алдартай хөгжмийн зохиолчдын нэг гэдгийг дэлхий дахин хэдийнэ хүлээн зөвшөөрсөн. 

Хувийн амьдрал

Алдарт хөгжмийн зохиолч 1932 оны хоёрдугаар сарын 8-нд Нью-Йорк хотод төржээ.  Харин 1948 онд Уильямсийн гэр бүл Лос Анжелос хот руу нүүж, 1950 онд Уильямс Холливудын ахлах сургуулийг төгсч, Калифорнийн их сургуульд элсэн орсноор Италийн хөгжмийн зохиолч Марио Кастелново-Тедескотой хамтдаа суралцаж,  сайн найзууд болсон байна. 1955 онд тэрбээр Нью-Йорк хот руу буцаж нүүсэн бөгөөд “Juilliard” хөгжмийн сургуульд суралцаж, хажуугаар нь клубт төгөлдөр хуур тоглодог байв. Тун удалгүй “Mancini” гэх хамтлагтай хамтран телевизийн цуврал кинонуудын хөгжмийн зохиолыг бичиж эхэлснээр  1950 оны сүүлч 1960-иад оны эхээр Жонн гэх нэр Америкт алдартай болж эхэлсэн байна. Уильямс 1956 онд Барбара Рик хэмээх Америкийн жүжигчин, дуучин бүсгүйтэй гэрлэсэн ч Барбара 1974 онд хорт хавдрын улмаас нас баржээ. Тэд Женнифер, Жозеф, Марк гэсэн гурван хүүхэдтэй. Хожмоо буюу 1980 онд гэрэл зурагчин Саманта Винслендтэй гэрлэсэн. 

45 удаа дэвшиж таван удаа “Оскар” хүртсэн

Уильямс “Academy Awards”-т 51 удаа нэр дэвшиж, таван удаа “Emmy Awards”-т зургаан удаа нэр дэвшиж, таван удаа, “Алтан бөмбөрцөг”-т 25 удаа нэр дэвшсэнээс дөрвөн удаа, 67 удаа “Grammy Awards”-т  нэр дэвшсэнээс 23 удаа, Британийн  академийн кино наадмын долоон удаагийн шагналыг тус тус хүртсэн. Оскарт нийт 51 удаа нэр дэвшиж, таван удаа Оскарын эзэн болжээ. Тэрбээр Оскарт хамгийн олон удаа нэр дэвшсэн буюу Уолт Диснейн дараа  бичигддэг юм. Уолт Дисней 59 удаа Оскарт нэр дэвшиж байсан.  Түүний киноны хөгжимд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, 2004 онд Кеннедийн төвийн нэрэмжит шагнал, 2005 онд “Classic Brit”-ийг олгосон бол Бостоны хөгжмийн коллеж болон Харвардын их сургуулийн хүндэт доктор хэмээх эрхэм хүндэт цол олгосон юм. Харин 2003 онд Олон улсын олимпийн хороо олимпийн хорооны хамгийн нэр хүндтэй шагналуудын нэгээр шагнасан.  Мөн 2009 онд Цагаан ордон Урлагийн үндэсний медалиар шагнажээ. 

Хүн бүрийн сэтгэлд хоногшсон киноны хөгжим

Интернет сүлжээний кино үзүүлбэрийн хамгийн том сан гэгддэг “lovefilm”  хэрэглэгчдийнхээ дунд “Ямар киноны хөгжим илүүтэй сэтгэлд хоногшмоор санагддаг вэ” гэсэн асуулгыг явуулжээ. Санал асуулгын дүнгээс харахад хамгийн өндөр хувьтай нь “Оддын дайн” киноны хөгжим байсан аж. Мөн Уильямсийн бичсэн “Индиана Жонс” киноны саундтрек нилээн дээгүүр байр эзэлжээ.