Тэнгэр ээж минь өршөө

Монгол Улсын ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн дуулснаар сонсогчдын хүртээл болж, өнөөдрийг хүртэл чихэнд хоногшсон хэвээр байгаа “Тэнгэр ээж минь өршөө” дуу хэрхэн бүтсэн түүхийг та бүхэнтэй хуваалцаж гэж байна. 


Шүүдрийн усыг нэг бүрчлэн цуглуулж байж ээждээ данх цай чанаж өгвөл ганц удаа босож хөхүүлснийх нь ачийг хариулсантай тэнцдэг гэдэг. Тэр ч утгаараа олон хүн ээждээ шүүдрийн дуслаар цай чанаж өгөхийг мөрөөддөг биз. Тэгвэл ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ үүр цайхаас өмнөхөн шанаганыхаа толгойг бариад хөл нүцгэн шүүдэр түүхээр явж. Ингээд нэлээд удсаны эцэст багахан хэмжээний шүүдрийн дусалтай ирж, түүнийгээ буцалгаад өгтөл ээж нь огт баярлаагүй аж. Харин оронд нь “За за чи ингэж дэмийрч явахаар ажлаа л сайн хий” гэсэн аж. Энэ тухайгаа тэр “Ээж баярлаагүй учраас миний санаа огт амрахгүй байсан. Ээжийн тухай дуу дуулаад ч болдоггүй. Ээжийнхээ дэргэд очиж ажил төрлийг нь хийж өгөөд ч ээжийнхээ ачийг хариулж байгаа  санагдсангүй. Шүүдрийн ус цохиж өгөөд ч ээж минь баярласангүй. Нэг ч санаанд нь таарсан ажил хийсэнгүй. Ингээд аргаа бараад дууны шүлэг бичсэн нь “Тэнгэр ээж минь өршөө” юм шүү дээ” хэмээн хуучилсан юм. Түүний энэ шүлэг тэр өдөртөө л дуу болсон бөгөөд хөгжмийн зохиолч Ш.Батсайхан богино хугацаанд ая хийснээр өнөөгийн үзэгчдийн аманд аялагдсан “Тэнгэр ээж минь өршөө” бүтжээ. Тэрбээр дуу болсон даруйд нь шинэ бүтээлээ хамгийн түрүүнд ээждээ очиж дуулж өгсөн аж. Харин ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн ээж хэрхэн хүлээж авсныг түүний ярьснаар хүргэе. Тэрбээр “Хүний баяртай байна гэдэг их сонин.  Би ээжийгээ тийм их баяртай байхыг нь харсан уу, үгүй юу ёстой мэдэхгүй. Нэг их сонин, нялхамсуу ч юм шиг болж ирээд ээж маань надад ингэж хэлсэн юм. “За миний хүүхэн ээжийнхээ ачийг хариулсан гэж бодоорой. Ээж нь одоо башийлаа” гэсэн. Тэгэхэд л би ээжийгээ үнэхээр баярлууллаа даа гэж бодсон доо” хэмээн ярив. “Тэнгэр ээж минь өршөө” дуу 27 дахь жилдээ сонсогчдын хүртээл болж байгаа бөгөөд өдгөө тэрбээр энэхүү бүтээлээ “Увертюра” хамтлагийн залуустай хамтран дуулж байгаа юм. Дууныг үгийг хүргэе. 

Тэнгэр ээж минь өршөө

Тээж төрүүлсэн ачийг нь ээ
Тэтгэж хариулах завгүй яваа
Тэнэгхэн хүү намайгаа
Тэнгэр ээж минь өршөө өршөө
  Дуулимд ганцхан ээжий минь
  Дуучин хүүгээ өршөө
 Тэнгэр ээж минь өршөөгөөрэй
Царай чинь нүдэнд үзэгдээд
Санаа чинь биеэр лугшаад байна аа
Эмгэн болсон ээж таныгаа
Ээ дээ мөн ч их санах л юм даа
   Алаг нүдний минь нулимс
   Аягаа дүүрээд бөмбөрлөө
  Айдаа мөн ч их санах юм даа
Шүүдрийн мөнгөн дуслын оронд
Сувдын мянган дууг хэлхээд
Аагтай шаргал цайны нь оронд
Амилуулж дуулсан дуугаа өгье өө
  Аялгуу шингээсэн дууг минь
  Ачит ээж минь уу даа
  Аягалан аягалан уу даа 
  Аялгуу шингээсэн дууг минь
 Ачит ээж минь уу даа
 Аягалан аягалан уу даа 
 Амтлан амтлан уу даа