Байгаль, ан амьтдыг аврах гарц буюу тусгай хамгаалалтыг өргөтгөе

Монгол Улсад 2017 оны байдлаар ашигт малтмалын олбор-лолтын болон хайгуулын 3342 ширхэг тусгай лицензийг эзэмшигч нийт нутгийн 10.7 сая га талбайд үйл ажиллагаа явуулж байна.

Харин монголчууд нийт газар нутгийнхаа дөнгөж 17.8 хувь буюу28 сая га талбай газрыгулсын тусгай хамгаалалтад авсан. Ашигт малтмалын лиценз олгох үйл ажиллагаа 2000-аад оноос жил ирэх тусам эрчимжиж, жил тутамд тогтмол хэдэн зуугаараа олгогдож байгаа атал тусгай хамгаалалтад авах үйл явц 1991 оноос  эрчимтэй эхлэлтэй атлаа эдүгээ маш хойрго үргэлжилж буй. Тодруулбал, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Нийт газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авч хамгаална” гэж тэртээ 26 жилийн өмнө хэлж байв. Гэвч 17.8 хувь гэсэн энэ тоо сүүлийн зургаан жил “байрнаасаа” олигтой хөдөлсөнгүй. Өөрөөр хэлбэл, тусгай хамгаалалттай газар нутгийн тоог сүүлийн жилүүдэд нэмсэнгүй, ядаж шаардлагатай заримыг нь өргөтгөсөнгүй. Гэхдээ өнгөрсөн онд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр нэгэн арга хэмжээний үеэр “Олон улсын өмнө хүлээсэн үүрэг,өнөө болон ирээдүйд монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах шаардлагын дагуутусгай хамгаалалттай газар нутгийнхаа хэмжээг өргөтгөж, улмаар нийт нутгийн 30 хувьд хүргэх зорилтоо биелүүлэх боломж, шаардлага бий.  Мэргэжлийн байгууллагуудаас шинжлэх ухааны үндэслэлтэйгээр явуулсан судалгааны дүнд Монгол Улсад тусгай хамгаалалтад авах шаардлагатай 200 гаруй газар байгааг тогтоосон” удаатай. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар, БОАЖЯ тэргүүтэй холбогдох байгууллагуудад тусгай хам­гаалалтад авах, өргөтгөх шаардлагатай газар нутгийн судалгаа бий гэсэн үг.
Газар нутгаа цаг алдалгүй хамгаалах зайлшгүй шалтгаан бүхий нэг баримт дурдахад,  хамгийн сүүлд буюу 2015 онд Геоэкологийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар Монгол орны нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь их, бага цөлжилт, газрын доройтолд өртсөн. Үүний 45.3 нь сул, 25.9 нь дунд, 6.7 нь хүчтэй, 9.9 хувь нь нэн хүчтэй доройтлын зэрэгт хамарч байгаа гэсэн дүн гарчээ. Энэ дундаа уул уурхайн нөлөөллөөс улбаалан зарим газарт газрын доройтол хүчтэй илэрч байгааг, эргэж байгалийн унаган төрх нь нөхөн сэргээгдэх боломжгүйгээр эвдэрч байгааг судлаачид онцолж байгаа юм. Энэ бол өдөр өдрөөр, цаг цагаар тусгай хамгаалалтад авах газрын тоо багасч, харин ч тусгай хамгаалалттай газар нутаг руугаа дайрах өөр нэгэн шалтгаан бий болж байна гэхэд хилсдэхгүй.Ийн хэлсний учир нь, одоогоос гурван жилийн өмнө төр баригсад  “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр” гээчийг баталж байсан түүхтэй. Уг  хөтөлбөрийн  10 дугаарт бичсэн “Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлуулах” гэсэн заалт тухайн үед нэлээд хэл ам дагуулж байв. Учир нь, энэ заалтад “Улсын хилийн зурвас газар дахь алтны зарим ордыг тусгай хамгаалалттай газрын ангиллаас гаргах УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх” гэсэн заалт орсон байсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, уул уурхай, уур амьсгал, хүн, малын хөлд сүйдэж буй газар нутгаа хамгаалах биш нэгэнт хамгаалж, дархалсан газрууд руугаа гар дүрэхийг төрийн оролцоотойгоор санаархаж байсан нь саяхан. Гэхдээ азаар ийм зүйл болоогүй ч цаашид сэрэмжилж явахыг сануулсан хэрэг болсон билээ. 
Түүнчлэн уул уурхай эрчимжсэн сүүлийн жилүүдэд уудам дэлгэр олон газар, нутаг хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрч, ихээхэн сүйдсэн. Улсын тусгай хамгаалалттай газар нутгууд хүртэл алтны дайрлагад өртсөн гашуун түүх цөөнгүй. Хөвсгөлийн Улаантайгад алтны судал илэрч, 5000 орчим нинжагийн хөлд хэдхэн хоногийн дотор сүйтгэгдсэнийг хэвлэлүүд сурвалжлан хүргэж байв. Машин тэрэг байтугай явган хүн ч очиход бэрх Улаан тайга нь алтны судал илрэх хүртлээ хүний хөл хүрэшгүй онгон дагшин газар нутаг байлаа. Тиймдээ ч байгалийн гайхамшигтай  онгон дагшин байдлыг хойч үедээ хадгалж, үлдээхийн тулд тусгай хамгаалалтад авсан биз. Гэтэл алтны багахан судал илэрсэн төдийд хэдэн мянган нинжа тайгын гүнд очиж хоёр, гурван га газрын битүү моддыг хэдхэн хоногийн дотор хядаж, хаа сайгүй ухсан нүх, овоолсон шороо болгоод зогсохгүй, алдарт Енисей мөрний гол цутгал Тэнгисийн голын эх болох Ногоон голын “амийг” таслахаа шахсан удаатай. Өөрөөр хэлбэл, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт маш сул, ялангуяа баялгийн сүүдэр тусвал хүчрэгдэхгүйн жишээ энэ юм. Энэ нь шийдвэр гаргагчдыг онгон дагшин байгаль, нэн ховор болоод ховор амьтан, ургамлыг хамгаалж, хадгалж үлдээх гэж судалж, нягталж суусаар байх хойгуур баялгийн сүүдэр, харийнхан хийгээд манайхны ханахгүй шуналын савар газар бүрт хүрч буйн тод жишээ юм.Тиймээс тусгай хамгаалалттай газар нутгуудын менежмент, санхүүжилтэд ч төр засгаас онцгой анхаарах хэрэгтэйг мэргэжлийн хүмүүс онцлон хэлж байна.      
Байгалийн унаган төрхөө цаг, минутаар алдаж, зэрлэг амьтан, ургамал нь устаж, үгүй болсоор буй өнөөгийн нөхцөлд улсын тусгай хамгаалалтад зайлшгүйавах,нэгэнт хамгаалагдсан ч дахин өргөтгөх шаардлагатай олон газар Монголд бий. Үүнээс ганцхан газрыг жишээ болгож дурдъя. Энэ бол Отгонтэнгэрийн дархан цаазат газрыг өргөтгөх асуудал юм. Ингэснээр тус дархан цаазат газрын амьтан, ургамлын газар нутгийг тэлэхээс гадна Монгол Улс цэнгэг усны нөөцөө давхар хамгаалах ач холбогдолтой билээ.

Отгонтэнгэрийн дархан цаазат газрыг өргөтгөлд хамруулж, цэнгэг усны нөөцөө хамгаалъя

Монголчууд эрт дээр үеэс байгалийн үзэсгэлэнт газар, ховор амьтнаа дархлан хамгаалж, онголон тахиж ирсэн өнө эртний хосгүй уламжлалтай билээ. Энэ асуудлыг төрийн бодлогодоо тусгаж өндөр ач холбогдол өгдөг байсны нэг илрэл нь 1818 онд Отгонтэнгэр уулыг албан ёсоор дархлагдсан газар болгон зарлаж байв. Завхан аймгийн Отгон сумын нутаг Хангайн нурууны өндөр уулсын экосистемийн төлөөллүүд бүрэн хамрагдах бөгөөд байгалийн бүсийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах, унаган төрөхөө хадгалсан, Монгол орны зарим томоохон гол, мөрний эхийг хамгаалахад төдийгүй хүн төрөлхтний соёл иргэншлийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутаг хэмээн тус газрыг дархан цаазат болгож дархалсан түүхтэй.
Отгонтэнгэр уулын ойр орчмын нутаг нь мөстлөгийн үеэс бүрэлдэн тогтсон хатуулаг чанартай уулсаас бүрдэнэ. Мөлийсөн оройнууд болон олон тооны нуур цөөрөм нь эртний мөсөн голын шинжийг агуулдаг. Их хэмжээний хур тунадас унадаг бөгөөд эндээс Их, бага богдын гол, Рашаант гол, Өвөр богдын голууд эх аван урсаж Завхан голд цутгадаг. Мөн сөнөсөн галт уулын тогоонд эртний мөсөн голоос үүссэн өвөрмөц сонин тогтоцтой нуурууд цөөнгүй бий. Тэдгээрийн нэг Бадархундага бөгөөд 300 х 400 метр хэмжээтэй. Отгонтэнгэр уулын доод оргил нь 3000 метр өндөр бөгөөд үүнийг “Очирваань бурхны тахилын аяга” гэдэг. Ойр орчмын бүх томоохон голуудын эх нь болдог байна. Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хамгийн том нуур нь Хөх нуур бөгөөд мөстлөгийн гаралтай, урт нь 5.5 километр, өргөн нь 3.5 километр юм. Отгонтэнгэр уулын хойд зүгт далайн төвшнөөс дээш 3643 метр өндөрт хүн бараг очдоггүй нэг уул байдаг. Үүнийг Бага Богд уул буюу Бага Отгонтэнгэр гэдэг бөгөөд аргаль, янгирын нутаг юм.
102 267,78 га бүхий энэ газарт аргаль хонь, янгир ямаа, халиун буга, булга, суусар зэрэг нэн ховор амьтад болон хонин тоодог, усны бух шувуу, алтайн хойлог, өгөөлэй шулганаа зэрэг нэн ховор шувууд, түүнчлэн нэн ховор ургамал их. Ойн дээд захаар явган хус, тошлонцор, бургас, арц, өргөст тошлой, шар мод ургадаг. Мөн доошлох тусам хуш, хар мод болон хар модот тайга, холимог ой, сийрэг хар модон ой зонхилдог. Амьтад нь байршил нутгийн хувьд өөр хоорондоо харилцан нэвтрэлцэж тархсан хэдий ч нягтшил нь төдийлөн их биш бөгөөд тархац нутаг нь хумигдаж нэлээд ховорджээ. Өөрөөр хэлбэл, амьтдын тоо толгой өсөхийн хэрээр амьдрах газар нутгийн хэмжээ багадах болсон нь олон удаагийн судалгаа, ажиглалтаар батлагдсан байдаг.
Иймд судлаачдын хэлж буйгаар Завхан голын усны горим, нөөцөд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг Буянт голын эх, түүний цутгал олон гол горхи болон тэдгээрийг тэжээж буй мөстлийн гаралтай Цахлайт нуур, Гялгарын нуур, Холбоо нуур, Загаст толгойт зэрэг нуур бүхий энэхэн хэсгийг өргөтгөн дархан цаазат болгох зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм байна. Тодруулбал, дархан цаазат газрыг өргөтгөснөөр тухайн бүс нутаг дахь зэрлэг амьтан, ургамал, биологийн олон төрөл зүйлийн тархац нутаг өргөн дэлгэр болж, үржиж, онгон дагшин байгаль аврагдахаас гадна Монгол орны цэнгэг усны ихээхэн нөөц хамгаалагдах юм.  
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, Төрийн шагналт Лодонгийн Түдэв гуай аль 1985 онд “Цэнгэг ус” хэмээх нийтлэлдээ “Чандмань гэж гурвалсан эрдэнийн тухай манай ард түмний уламжлалт ойлголт үе дамжин өнөөг хүрчээ. Гурвалсан тэр эрдэнийн нэг нь цэнгэг ус юм. Цэнгэг усны нөөц ихтэй орон ирээдүйд алт нөөцөлсөн ямар ч улсаас баян амьдрах цаг ирж болох юм. Алтыг биш усыг уух учраас цэнгэг усны нэг балга нь цэн алттай зүйрлэх аргагүй гэдгийг хэн ч ойлгохоор энгийн зүйл. Гэвч өнөөдрийн байдлаар цэнгэг усыг биш алтыг л цагдаагаар мануулж байгаа юм. Цэнгэг усыг гэтэл цэрэглэн хамгаалууштай байна. Цэнгэг усыг арвижуулах, нөөцийг нь нэмэгдүүлэх, бохирдуулахгүй зөв ашиглах асуудал бол улсын бодлого, үндэсний халамж байх ёстой...” хэмээн асуудал дэвшүүлж байжээ. Дэлхий дахинд цэнгэг, цэвэр усны нөөц өдрөөс өдөрт хомсдож, жилд олон зуун мянган хүн бохир усны уршгаар эрүүл мэнд, амь насаараа хохирч буй энэ үед Отгонтэнгэрийн дархан цаазат газрыг өргөтгөхийн зэрэгцээ цэнгэг усны нөөцөө хамгаалах нь дэлхий нийтийн өмнө хийж буй том буян болох биз ээ.