Г.Олонбаатар: Монгол бөхөн өвлийг өнөтэй давлаа

Ховд, Говь-Алтай аймгийн нутгаар 2016-2017 онд бог малын гоц халдварт мялзан төст өвчин гарч, олон тооны бог малаас гадна 6000 гаруй бөхөн, цөөн тооны янгир, арваад хар сүүлт халдварын улмаас хорогдсон билээ. Эрдэмтэн, судлаач, малын эмч нар уг халдварыг хүйтний улиралд идэвхждэг хэмээн тухайн үед мэдээлж байсан юм. Тиймээс өнгөрсөн өвөл Говь-Алтай аймаг, тэр дундаа Хүйс, Шаргын говь буюу бөхөнгийн гол бэлчээр нутагт байдал ямар байсан талаар тус аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Г.Олонбаатараас тодрууллаа.

-Сайн байна уу. Өнгөрсөн өвлийг танай нутгийнхан өнөтэй давав уу. Зэрлэг амьтдад ялангуяа бөхөн, хар сүүлтэд өвс, тэжээл тавьж өгч байгаа мэдээлэл гарсан. Үр дүн хэр байсан бэ?
-Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар биотехникийн арга хэмжээг хамтран бөхөн бүхий сумд Шарга, Хүйсийн говиор хяналтын автомат камер байршууллаа. Түүнчлэн 4-5 удаа­гийн үйл ажиллагаагаар 300 гаруй боодол өвс, тодорхой хэмжээний хивэг, хорголжин тэжээлийг тараан байршуулсан. Дээрх байр­шил нутгуудаас Хүйсийн говийн бүс Хөхморьт, Дарив сумын орчмын бөхөн өвөл­жиж буй хэсэгт тавьсан өвс, тэжээлийг бөхөн маш сайн идэж байгаа нь хяналтын камерт бичигдсэн. Харин хар сүүлт маш их голж, шилж байж идэж байгаа нь бичлэгээс харагдаж байна лээ. Биотехникийн арга хэмжээний талаар хүмүүс “Зээр, бөхөнд тавьсан өвсийг амьтан иддэггүй, үргүй зардал их гаргалаа” хэмээн буруутгахыг оролддог байсан. Гэтэл үр дүнтэй нь камерын бичлэгээр батлагдаж, тэр асуудлыг нэг тийш хандуулж байгаа байх.
-Зэрлэг амьтад мөртлөө хүний тавьсан өвч, тэжээлийг иднэ гэдэг бэлчээр нэлээд муу байгаагийн шинж гэж ойлгох уу. Мөн өвс, бэлчээр муутайгаас бөхөн, хар сүүлт нүүдэллэж, жил бүр өвөлждөг газруудаасаа хол явж байгаа тухай мэдээлэл ирж байсан. Тоо толгойн хувьд тогтвортой байна уу, хорогдсон уу?
-Өвс, тэжээл муутайгаас нүүдэл сэлгэх, өмнө нь өвөлждөг газраасаа өөр тийш нүүдэллэж байгаа байдал ажиглагдаж байсан. Өнгөрсөн өвөл мялзан төст халдварт өвчин зэрэг аюул дайраагүй учраас зүй ёсны хорогдол л явагдсан байх. Түүнээс биш олноор хорогдсон тохиолдол байхгүй. Бөхөн өвс сайн идэж байгаа ч хорголжин тэжээл, хэвэг түүнд зохимжгүй байж магадгүй нь ялгадсаас нь ажиглагдсан. Тиймээс дараагийн ээлжинд өвс голцуу тавьж өгөх нь зүйтэй гэж ярилцаж байна. Өвсний хувьд шаргын хулс идэж байна. Хангайн юм уу, голын хөндийн өвсийг сонирхохгүй байгаа нь ажиглагдсан. Говийн амьтан болохоор нутгийн давслаг шорвог зажлууртай ургамал идэх сонирхолтой байх шиг. 
-Мялзан төст халдварт өвчин бөхөнд халдварлахгүй байгаа ч янгирын сүрэгт халдвартай тохиолдол илэрсээр байгаа тухай нэгэн судлаач ярьсан байсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Бид мялзан төст өвчнийг бөхөнгийн сүрэгт харьцангуй тогтворжсон, дархлаа үүссэн байж болзошгүй гэж үзэж байгаа.  Мөн өнгөрсөн хаврын ишигнүүд богино хугацааны дархлаатай төрсөн. Гэвч мялзангийн эрсдэл хэвээр байгаа. Янгирын хувьд одоо хэр нь мялзангаар өвчилсөөр, уулан дотроо нэгнээсээ нэгэнд халдвар тараасаар байгааг албаныхан хэлж байгаа. Мөн би Хасагт хайрхан орчимд мялзан төст өвчний шинж тэмдгээр үхсэн байж болзошгүй нэг хар сүүлттэй саяхан таарсан. Тэгэхээр мялзан төст өвчний аюул холдсон гэж хэлж чадахгүй.