Та 67 дээр сувгаа тааруулаарай, “MNB Sport” гарч байна

Монголын үндэсний олон нийтийн телевизийн албан ёсны спортын “MNB sport” суваг үзэгчдийн хүртээл болж эхэллээ. 67 дугаар сувгаар орон даяар нэвтрэх “MNB sport” нь өчигдрөөс албан ёсоор эфирээ цацаж байгаа юм. Монголын спортын түүхэнд зургаан жилийн 360 сая төгрөгийн гэрээг “Чингис” клуб шатрын их мастер Ц.Батчулуунтай хийсэн нь онцгой үйл явдал байв. Энэ нь хэдхэн хоногийн өмнө болсон бөгөөд манай улсад дотоодын тамирчинтайгаа ийм өндөр үнэтэй гэрээ хийсэн спортын төрөл одоогоор хараахан байхгүй.

Тэгвэл үүнтэй адил Монголын телевизийн урлагт нэгэн шинэ хувьсал хийгдсэн нь спортын төрөлжсөн суваг болох “MNB sport” байлаа. Түүхэнд тэмдэглэгдэн үлдэх уг үйл ажиллагааны нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах нар үг хэлж нээсэн юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, БСШУСЯ-ны бодлого зохицуулалтын газрын дарга С.Чинбат, Биеийн тамир, спортын газрын дарга, гавьяат тамирчин Ц.Шаравжамц, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нарын тэргүүтэй албаныхан болон хөдөлмөрийн баатар, ардын багш Ч.Насантогтох, ардын багш Д.Дамдиншарав, гавьяат тамирчин Д.Отгондалай, гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн зэрэг спортын алдартнууд хүндэтгэлийн суудалд заларсан байв. Мөн өдөр бүр спортын мэдээ, мэдээллээр үзэгчидтэйгээ цэнхэр дэлгэцээр уулзаж, хэдийнэ зүс, нэр танил болсон соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Л.Цагаандалай, спортын сэтгүүлч Д.Баярсайхан, Д.Батжаргал нар нээлтийн арга хэмжээг ээлжлэн хөтөлсөн нь зочид, үзэгч, оролцогчдын талархлыг татаж байв. Энэ үеэр МҮОНРТ-ийн 150 студи, Спортын төв ордноос теле мостоор шууд дамжуулсан юм. “MNB sport” суваг нь үндэсний болоод олон улсын спортын томоохон үйл явдлаас мэдээ мэдээлэл, цэнгээнт болон шоу нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд хүргэх аж. Гол зорилго нь хүн ардынхаа бие бялдрын боловсролыг дээшлүүлэх, спортын гоо зүйн сургалт, тэмцээн уралдааныг зохион байгуулахаас гадна тив дэлхий, олимпийн наадам, тоглолт болон эх орондоо зохиогдож байгаа спортын уралдаан тэмцээнийг шууд болон бичлэгээр техникийн болоод уран сайхны өндөр төвшинд үзэгчдэдээ хүргэхэд оршиж байна. Түүнчлэн үндэснийхээ спортын соёл, өв уламжлалыг залуу хойч үедээ өвлүүлэх, түүний мөн чанарыг ойлгуулах явдал ч тус сувгийн нийтлэлийн бодлогод багтжээ. Дээрх суваг нь 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ, “Токио-2020” зуны олимпийн наадам зэрэг дэлхийн хэмжээний томоохон уралдаан тэмцээнийг үзэгч түмэндээ шууд дамжуулахаар бэлтгэж буй. Цаг хугацааны хувьд өдөр бүрийн 06.00-00.00 цаг хүртэл үзэгчдэд спортын мэдээлэл хүргэх юм байна. Спортын анхны төрөлжсөн суваг гэдгээрээ онцлогтой “MNB sport” нь 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг угтан үндэсний шилдэг тайлбарлагч, хөтлөгч шалгаруулах зорилготой “Би спортын хүн” төслөө эхлүүлсэн. Цаашид спортын бусад төрөлд шилдэг тайлбарлагч, сэтгүүлч, хөтлөгчдийг сонгон шалгаруулж, ажлын байраар хангах ажээ. Хэвлэл мэдээллийн салбарт 2-33 хүртэлх жил ажилласан туршлагатай зураглаач, сэтгүүлч, найруулагч, инженер техникийн 30 орчим ажилтан спорт сонирхдог хэн бүхэнд мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэхийн төлөө ажиллах гэнэ. 
“MNB sport” сувгийн нээлтийн үйл ажиллагаанд “Аварга”, “ҮБТДС”, “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн оюутнуудаас гадна “Дэрэн” клубын өсвөрийн хөлбөмбөгчдийн жонглёртой үзүүлбэр, туялзуур сэлэмчдийн, гимнастикийн харайлтын, таеквондогийн, аэробик гимнастикийн гайхалтай үзүүлбэр, туялзуур сэлэмний үзүүлэх тоглолт хурсан олны сэтгэлийг хөдөлгөсөн юм. Дашрамд хэлэхэд, “MNB sport” спортын төрөлжсөн сувгийг ДДиш, Юнивишн, Скаймедиа, Сансар, MNBC зэрэг кабелийн телевизийн 67 дугаар сувгаар шууд хүлээн авч үзэх боломжтой юм. 2016 оны тавдугаар сард спорт, нийтийн биеийн тамирын сэдвээр дагнасан "MNB СПОРТ" сувгийг байгуулах тусгай зөвшөөрлийг Хууль зүйн яамнаас авч, "Рио-2016" олимпийн үеэр МҮОНТВ-ийн гурав дахь сувгийг нээж, МҮОНТВ анх удаа зуны олимпийн бүх төрлийг гурван сувгаараа зэрэг гаргаж байсан түүхтэй. Тэгвэл түүнээс хойш хоёр жил орчмын дараа дээрх суваг дахин албан ёсоор нээлтээ хийж байгаа нь энэ юм.

Хэн, юу хэлэв
МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжанц: 
-Спортоор дамжуулан эрүүл чийрэг үндэстнийг бий болгох зорилгоор энэхүү сувгийг нээж байна. Мөн шинэ залуу үе, ард түмнээ эрүүл чийрэг бие бялдрын хөгжилд уриалах, спортоор дамжуулан үндэсний болон тив, дэлхийн аваргыг төрүүлэх зорилготой. Залуус спортоор хичээллэдэг байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа. Бид өдөрт 18-24 цагийн эфир дамжуулахаар төлөвлөсөн.  Мөн спортын цэнгээнт нэвтрүүлгүүдэд онцгой анхаарна. Хамгийн эхэнд хийх том контент бол ОХУ-д болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд  дамжуулна. Мөн Токиогийн олимпийг дамжуулахаар төлөвлөж байна. Үүнээс гадна эр зоригийн шалгуур “Монгол нинжа вару” гэх шоуг хийхээр албан ёсны эрхээ аваад байгаа. Түүнчлэн “Ред Булл” экстрим спортын бүх контентыг авсан. Энэхүү сувгийг нээхэд спортын холбоод болон УИХ, Засгийн газар маш сайн дэмжлэг үзүүллээ. Спортын суваг нээлтээ хийж буй энэ цаг мөчид МҮОНРТ-ийн спортын албанд ажиллаж байсан инженер, техникч, уран бүтээлчиддээ баярлалаа. 
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган: 
-Юуны өмнө спортын төрөлжсөн сувагтай болсон МҮОНТВ-ийн хамт олон болон спортынхон бидэнтэйгээ үргэлж хамтран ажилладаг “Чандмань” студийнхээ хамт олонд МҮОХ-ны нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэе. Та бүхэн чадлаа. Бид ийм сувагтай болохыг олон жил хүссэн. Цаашид илүү сайн ажиллаж, спортоор цангасан залуусын цангааг тайлаарай. Монголын спортын хөгжилд, тэр тусмаа ирээдүйн шилдэг тамирчдыг төрүүлэн гаргахад танай суваг онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье. 
Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох:
-Юуны түрүүнд баяр хүргэе. Бидэнтэй үргэлж ойр ажилласаар ирсэн “Чандмань” студийнхээ дүү нар болон МҮОНТВ-ийн үе үеийн удирдлага, ажилтан албан хаагчдад баяр хүргэе. Бид энэ телевизийнхэнтэй олон талаараа холбогдсон хүмүүс. Тэр ч утгаараа энэхүү спортын сувгийг дэмжиж ажиллах ёстой юм. “MNB sport” сувгийн үйл ажиллагааг сайжруулахад спорт сонирхогч хүн бүр санаа бодлоо чөлөөтэй хуваалцаж байгаасай. Цаашдынх нь ажилд улам их амжилт хүсье. Олон сайхан спортын тэмцээн уралдааныг мэргэжлийн өндөр төвшинд үзэгчдэд хүргэнэ гэдэгт найдаж байна.