Уул уурхайгаас 1.7 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ

Уул уурхай  бол манай улсын эдийн засгийн амин судас юм. Харин энэ салбар өнгөрсөн онд болон энэ оны эхний байдлаар ямар гүйцэтгэлтэй байсан талаар тоймлон хүргэе. 2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 12.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс гурван их наяд төгрөгөөр буюу 30.3 хувиар өсчээ.

 Уул уурхайн салбараас улсын төсөвт жилийн эцсийн байдлаар 1.5 их наяд төгрөгийг татвар хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс алт  49.0 тэрбум төгрөг, нүүрс  603.7 тэрбум төгрөг, зэс  800.8 тэрбум төгрөг гэх мэт. Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 847.9 тэрбум төгрөгөөр давж 2.1 дахин өссөн аж. Харин энэ онд АМГТГ-аас  291.8 тэрбум төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн аж. Ингэхдээ  газрын тосны экспортын орлогоос 223.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ. 2018 оны эхний сард 21.9 тэрбум төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлж, төлөвлөгөөний гүйцэтгэл 7.5 хувьтай байгаа талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэв.  Газрын тосны экспортын орлогоос нэгдүгээр сард  19.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн гэдгийг ч хэллээ. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажилд зарцуулсан зардлыг нөхөн төлөх гэрээтэй холбоотойгоор 2018 он гарсаар  хоёрдугаар сарын байдлаар Улсын төсөвт 8.8 сая төгрөгийг төвлөрүүлсэн байна. Мөн энэ онд 8.1 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тос олборлож 223.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Өнгөрсөн сарын 1-ний байдлаар 616.8 мянган баррель буюу 83.6 мянган тонн тос олборлож, төлөвлөгөө 7.6 хувьтай явж байгаа гэнэ. Мөн 558.2 мянган баррель буюу 75.7 мянган тонн газрын тос экспортолжээ. Ингэснээр сарын хугацаанд улсын төсөвт 19.2 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Дэлхийн зэх зээл тэр тусмаа өмнөд хөршийн нүүрсний ханш, эрэлт ямар байгаагаас шалтгаалан нүүрснээс улсын төсөвт орох мөнгө нэмэгддэг. Нүүрсний геологийн таамаг нөөцийн судалгаагаар манай улсад 300 гаруй ордод 173.3 тэрбум тонн, нүүрс илэрсэн. Үүнээс 37.4 тэрбум тонн нүүрсний нөөцийг геолог хайгуул, нарийвчилсан хайгуулын ажлаар тогтоосон юм. Манайд нүүрсний 49 уурхай идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн онд манай улс 47.5 сая тонн нүүрс олборлосон. Үүнээс 40.7 сая тонныг борлуулж, 33.3 сая тонныг экспортолсон. Харин энэ оны эхний сарын байдлаар 3.5 сая тонныг олборлож, 4.5 сая мянган тонныг борлуулж, 3.2 сая тонныг экспортолжээ. Харин нүүрсний ханшийн хувьд өнгөрсөн онд эрчим хүчний нүүрс 45.15 ам.доллар, коксжих нүүрс 113.63 ам.доллар байсан бол энэ оны эхээр эрчим хүчний нүүрс 33.85, коксжих нүүрс 153.1 ам.доллар байна. Энэ онд 28 сая тонн нүүрс экспортлохоор тооцоолсон. . Энэ онд улсын төсвийн 1.7 их наяд төгрөгийг уул уурхайгаас төвлөрүүлэхээр тооцсон.