Ш.Цолмон: Бид чанарын үнэлгээгээ цаашид тогтвортой хадгалах нь чухал

Олборлох үйлдвэрлэлийн засаглалыг сайжруулах төслийн ажлын албаны зохицуулагч Ш.Цолмонтой ярилцлаа.

-Дэлхийн 51 улс нэгдэн орсон Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын стандартыг хангасан анхны улсаар 2017 онд Филиппин Улс хүлээн зөвшөөрөгдсөн бол манай улс энэ оны хоёрдугаар сард хоёр дахь орон боллоо. Ингэснээр манай улсад ямар үр ашигтай талаар товчхон танилцуулахгүй юу?
-Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлж байгаа улс орнууд стандартын дагуу чанарын үнэлгээг 3-5 жил тутамд хийлгэх ёстой. Манай улсын хувьд энэ стандартыг хангасан хоёр дахь орон болсноор төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага харилцан ойлголцож, хариуцлагатайгаар хамтарч ажиллаж байгааг дэлхий нийтийн өмнө батлан харуулсан томоохон бодит жишээ юм. Ингэснээр гадаад, дотоодын аль ч орны иргэн, байгууллагаас оруулсан хөрөнгө оруулалт буруу гараар орохгүй, эрсдэл буурна гэдгийг харуулж байгаа хэрэг л дээ. Мэдээж бүх зүйл ил тод болж сайхан боллоо гэсэн үг биш. Хамгийн гол нь энэ салбар үнэхээр хариуцлагатай болж байна, хөрөнгө оруулалтаа оруулж болно гэх дохио юм. Ингэснээрээ таны оруулсан хөрөнгө оруулалт эдийн засгийн үр өгөөжөө өгөх боломжтой болж байна гэдгийг л дэлхий дахины өмнө тодорхой хэмжээнд нотлон харуулсан хэрэг юм. Одоо бидэнд юу чухал вэ гэхээр, ОҮИТБС-ын стандартыг хангасан энэ үзүүлэлтээ бид цаашид тогтвортой төвшинд авч явах нь чухал. Үүнд төр засгийн зүгээс ч, иргэний нийгэм, компаниудын зүгээс ч анхаарч, хамтарч ажиллах хэрэгтэй. 

-Авлигын индексээрээ манай улс дэлхийн 103 дугаарт жагсч ухарсан. Гэтэл яг үүнтэй зэрэгцээд Монгол Улсын олборлох үйлдвэрлэлийн салбар ил тод байдлын дэлхийн стандарт хангасан хоёр дахь орон боллоо гэх мэдээлэл цацагдсан нь иргэдийг багагүй гайхашруулсан?
-Итгэхгүй байх хандлага ажиглагдсан. Гэхдээ зөвхөн ганцхан салбарын ил тод байдлын хувьд яригдсан зүйл гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Авлигын индексийг бүх салбарт авч үздэг. Энэ дотроо олборлох үйлдвэрлэлийн салбар бусад салбараасаа илүү нээлттэй, ил тод байж дэлхий дахинаа үлгэрлэх салбартай байгаа нь бахархууштай зүйл юм. 
-Стандартыг хэдэн шаардлага, үзүүлэлтийг үндэслэж гаргадаг юм бэ?
-Нийтдээ долоон багц шаардлагатай. Энэ дотроо 28 үзүүлэлтэй. Манай улс эдгээр үзүүлэлтийн нэгийг нь сайн, бусдыг нь хангалттай гэсэн үнэлгээ авсан. Хамгийн гол нь гурван талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь ямар үр ашигтай вэ гэдгийг эндээс харж болно. Бусад салбарт маш олон асуудал тулгамддаг. Тэгвэл эдгээр асуудлыг шийдвэрлэхэд энэ туршлагыг ашиглах нь үр ашигтай.
-Чанарын үнэлгээг 3-5 жил тутамд хийнэ гэхээр тухайн улсад үйл ажиллагаа явуулдаг бүх компанийг хамруулдаг гэсэн үг үү?
-Тэгэлгүй яах вэ. Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцооноос гадна олон талт бүлгийн удирдлага үйл ажиллагаа, ажлын төлөвлөгөө, хууль, эрх зүйн орчин, тусгай зөвшөөрөл олгох, бүртгэл гээд бүх талын баримт бичгийг үндэслэж Олон улсын удирдах хорооноос үнэлгээ хийдэг. Олон улсын хороо гэдэг нь мөн адил Засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшил гэсэн гурван байгууллагаас бүтсэн 20 гишүүнтэй байгууллага юм.  
-Хасагдсан улс орон бий юу?
-Байлгүй яахав. Муу хэрэгжүүлсэн, хэрэгжүүлэхэд идэвхтэй ажиллагаагүй хэд хэдэн орныг хассан. Жишээлбэл, Азербайжан Улс ОҮИТБС-ыг хэрэгжүүлж эхэлсэн анхны улсуудын нэг. Харамсалтай нь Олон улсын хорооны үнэлгээтэй санал нэгдээгүй учир хасагдсан. Йемень Улсын хувьд улс төрийн тогтворгүй байдлаас болж хэрэгжүүлэх боломжгүй болсон. Нигери Улсад Францын томоохон компаниудын харьяаны ураны уурхайнууд ажилладаг. Тэднийх бас Олон улсын хорооны дүгнэлттэй санал нэгдээгүй. АНУ мөн адил хасагдсан. 
-Уул уурхайн салбар сүүлийн жилүүдэд уналтад байна. Магадгүй энэ стандартыг хангаснаар гаднын хөрөнгө оруулагчдыг татах боломжийг нээж өгч байна уу гэж харагдсан?
-Гол нь энэ. Зээлжих зэрэглэл ахихаар гаднын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Дээр нь өрсөлдөх чадвар сайжирна. Гэхдээ олон зүйлээс хамаарна л даа. Тээвэр, эрчим хүчний салбараа бүрэн босгож чадвал дотоодын эдийн засаг сэргэх бүрэн боломжтой гэдгийг эндээс харж болно. 
-Яг эндээс олборлох үйлдвэрлэлийн салбарын 80-90 хувь нь ил тод болчихлоо, хууль, эрх зүйн орчин тогтвортой болж байна гэж харагдах гээд байна. Гэхдээ учир дутагдалтай зүйл байгаа байх?
-Байлгүй яах вэ. Энэ стандартыг Олон улсын хорооны үзүүлэлтийг баримталж үнэлдэг. Үүнд багтаагүй, Монголд тулгамдаж байгаа асуудал олон бий. Жишээлбэл, экспортын ачилт, үнэ өртөг, татварын өр зэргийг хамруулаагүй. Хэрвээ эдгээрийг оруулбал тухайн улсын дотоод асуудал руу хэт орно гэж үздэг. Олон улсын хорооноос харилцан тохиролцохдоо хүртэл энэ асуудлаар санал солилцдог. Жишээлбэл, энэ үзүүлэлтэд байгаль орчны үзүүлэлт огт байхгүй. 
-Яагаад?
-Манай улс байгаль орчны мэдээллийг харьцангуй ил тод байлгадаг. Үүнийг үнэлснээр байгаль орчны мэдээллийг тодорхой хэмжээнд ил тод болгож байна гэж үздэг. Тэгэхээр боломжоороо өөрсдийн онцлогт тохируулж, зарим нэг асуудлыг яагаад ил тод болгож болохгүй гэж. Жишээлбэл, хандив тусламжийг анхнаас нь ил тод байлгаж ирсэн. Үүний үр дүнд Засгийн газрын холбогдох шийдвэрүүдийг гаргаж тодорхой зохицуулалтыг хийж ирсэн байна. Хамгийн гол нь өнөөдөр манай улс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын стандартыг хангасан хоёр дахь улсаар шалгарчихлаа. Үүнийгээ цааш ахиулахад анхаарч ажиллаасай гэж хүсэх байна. 
-Үр дүнг цааш ахиулж, тогтвортой байлгахад бидний зүгээс юу хийх шаардлагатай вэ?
-Эхний ээлжид хууль, эрх зүйн орчинг тодорхой болгох хэрэгтэй. Яг үнэндээ өнөөдрийг хүртэл Үндэсний зөвлөл, ажлын хэсэгт ажиллаж байгаа гишүүдийн ажилчдын идэвх зүтгэл дээр л явж байгаа ажил шүү дээ. Гэтэл яг хуульчлаад өгсөн тодорхой зүйл заалт огт алга. Хууль байхгүй байхад олборлох үйлдвэрлэлийн салбарын мэдээллийг ил тод байлгаж болж байгаа ч юм уу, үгүй ч юм уу гэдгээс эхлээд асуудал гарах магадлалтай. Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг  2015 оны хоёр дугаар сард УИХ-аар хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Энэ бүх асуудал үүн дотор нь багтсан байсан л даа. Гэтэл 2016 оны УИХ-ын ээлжит сонгууль болж хуулийн төслийг эргүүлэн татаж, Уул уурхайн хуулийн 12 дугаарт бүлэгт хамруулсан. Тэрийг ч болтугай баталчихвал хаа хаанаа амар болох юм. Хоёрдугаарт, жил бүр зөвлөмж гаргадаг ч үүнийг хэрэгжүүлэхэд хууль, эрх зүйн орчин хязгаарлагдмал байна. Жишээлбэл, ашиг хүртэгч эцсийн эзэд гээд яриад л байдаг. Хийх болохоор хууль нь байхгүй болохоор гацчихдаг. Хуульгүй юм чинь юу яриад байгаа юм бэ гэж асуувал бид юу хэлэх вэ. Энэ мэтчилэн бэрхшээл олон бий. Ганцхан ил тод байдлын тухай хууль ч биш Аудит, Татварын, Нууцын, Ашигт малтмалын тухай хууль гээд маш олон хуульд ядаж нэг нэг өгүүлбэр тусгаж өгч байж цаашид үр дүнд хүрнэ. Одоо бол тайлан гаргасан уу гэдэг зүйлийг л ярьж байна. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас үүнийг хэрэгжүүлэхэд багагүй саад учирдаг юм билээ. Хуульд тайлан гаргана гэдгийг нийтэд мэдээлнэ гэж зааж өгсөн байдаг. Үүнийг нь компаниуд мушгиж, “Тайлан заавал гаргана гэсэн үг биш” гэж заргалддаг. Прокурор хуулийн нэр томъёог зөв тайлбарлах тал дээр хүртэл зөрүүтэй ойлголттой байдаг юм билээ. 
-Тайланг англи хэл дээр хэвлэж олон улсад тараах уу?
-Тэгэлгүй яах вэ. Цаасан болон цахим хуудсанд давхар хэвлэнэ. Ингэхээр дэлхийн аль ч орны хөрөнгө оруулагч хараад Монголын талаарх эерэг сэтгэгдэлтэй болох эхлэл тавигдах юм.