БНХАУ энэ онд 11 сая ажлын байр шинээр бий болгож, 10 сая орчим хүнийг ядуурлаас гаргахаар төлөвлөжээ

БНХАУ-ын 13 дахь удаагийн  удаагийн Улс төрийн асуудлаар зөвлөлдөх  Үндэсний хорооны анхдугаар чуулган өнгөрсөн бямба гаригт  Бээжин хотод албан ёсоор эхэлсэн бол Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын анхдугаар чуулган  өчигдөр Ардын их хурлын ордонд эхэллээ.

Энэ удаагийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын анхдугаар чуулганаар Хятадын хууль тогтоогчид илүү өргөн хүрээтэй асуудлыг авч хэлэлцэх учир чуулган ердийн үеэс тав  хоног илүү үргэлжилж, энэ сарын 20-нд өндөрлөх юм байна.  Түүнчлэн Засгийн газрын тэргүүний тайлан илтгэлийг сонсох, улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөөний үндсэн чиглэлийг батлах, төсвийн гүйцэтгэлийн тухай тайлан болон Ардын дээд шүүх, Ардын дээд прокурорын газрын тэргүүнүүдийн илтгэлийг сонсох, БНХАУ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, төрийн өндөр дээд албан тушаалд шинэ хүмүүсийг томилох зэрэг  дэлхий дахины анхаарлын төвд байгаа олон асуудлыг хэлэлцэнэ.  Бүх Хятадын  Ардын төлөөлөгчдийн танхим гэдэг бол тус улсын хууль тогтоох байгууллага болон парламент гэсэн үг. Тодруулбал, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимтай адилхан. БНХАУ Үндсэн хуульдаа ч  Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн танхимыг төрийн хамгийн хүчирхэг байгууллага гэж тодорхойлсон байдаг. Гэхдээ олон улсын ажиглагчид Ардын төлөөлөгчдийн танхимыг Коммунист намын лидерүүдийн хэлсэн  бүхнийг гүйцэтгэдэг “Резинэн тамга” гэж хочилдог. Энэ жилийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын анхдугаар чуулганд Хятадын бүх мужийн болон засаг захиргааны тусгай бүс нутгууд болох Хонконг, Макоагийн нийт 2980 төлөөлөгч оролцож байгаа юм. Үүнээс 742 нь эмэгтэй төлөөлөгч, 438 нь үндэстний цөөнхийн гишүүн байгаа аж. 

Энэ удаагийн Ардын төлөөлөгчдийн хурлаар Үндсэн хуульд дараах өөрчлөлтүүдийг оруулахаар төлөвлөж байгаа. Үүнд:  

Ши Жиньпинийн “Хятадын онцлогтой социализм”-ыг  Үндсэн хуульд тусгах
 Ши Жиньпинийн бүрэн эрхийн хугацааг сунгах
Авлигатай тэмцэх шинэ байгууллага байгуулахыг  Үндсэн хуульд тусгах юм.
Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын нээлтийн ёслолын үеэр Хятадын Төрийн зөвлөлийн  Ерөнхий сайд Ли Көцян ажлаа тайлагнаж, төсвийн тайлангаа танилцуулсан. Тэрбээр  улсын батлан хамгаалах салбарын  зардлыг 8.1 хувиар өсгөх тухай, 2018 онд ДНБ-ийг 2.6 хувьд хүргэж, төсвийн алдагдлыг 0.4 хувиар бууруулах, 2018 оны эдийн засгийн өсөлтийг 6.5 хувьд хүргэх, хөдөө орон нутаг, алслагдсан мужуудад  шинэ ажлын байр бий болгоно гэх зэрэг  төлөвлөгөөг танилцуулжээ. Эдийн засгийг 6.5 хувьд хүргэх  зорилт нь 2017 оныхоос арай бага боловч хэрвээ биелвэл дэлхийд тэргүүлэх үзүүлэлт болох юм. Харин батлан хамгаалах салбарын зардлыг 8.1 хувиар өсгөснөөр гурван жил дараалан нэг оронтой тоогоор тус салбарын зардлыг өсгөж буй тохиолдол болж байна. Гэхдээ тус улс сүүлийн жилүүдэд батлан хамгаалах салбартаа эрчимтэй шинэчлэл хийж байгаа. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард анхны нисэх онгоц тээвэрлэгчээ туршсан бол долдугаар сард анх удаа өөр оронд цэргийн баазаа нээсэн. Харин энэ сарын эхээр “J-20” гэх байлдааны онгоц туршсан бол энэ оны сүүлчээр “Dongfeng-41” гэх тив алгасах баллистик пуужин туршихаар төлөвлөж байна. Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд чуулганыг нээж хэлсэн үгэндээ   “Сүүлийн хэдэн жилийн хугацаанд олон улсын санхүүгийн зах зээлд тогтворгүй байдал үргэлжилж, улс орнууд протекционист бодлого баримтлах нь нэмэгдэж байгаа нь бидний өмнө томоохон сорилт болж байна. Үүний зэрэгцээ БНХАУ бүтцийн шинэчлэл хийж байгаа нь сорилтыг улам хүндрүүлж байна. Цаашид ч энэ нөхцөл байдал үргэлжилнэ гэж бид харж байгаа. Тиймээс бид эдийн засагт дарамт учруулж байгаа асуудлуудыг даван туулахын зэрэгцээ, эдийн засгийн өсөлт удаашрахаас сэргийлэн, бүтцийн шинэчлэлийг эрчимжүүлэх болно. Урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангахад эдийн засгийн суурь хүчин зүйлс чухал нөлөөтэй. Үүнээс гадна бид батлан хамгаалах салбарын хүчин чадлаа нэмэгдүүлж, цэргийн болон дайны үеийн бэлтгэл сургуулилтыг сайжруулахад анхаарал хандуулах болно. Ингэснээр улсынхаа үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхол болон БНХАУ-ын бүрэн эрхт байдлыг хангах боломжтой юм” гэдгийг онцолжээ.  Жил бүрийн хаврын чуулган нь хоёр долоо хоног үргэлжлэхдээ хууль тогтоохоос илүүтэй голдуу эдийн засгийн төлөвлөгөө, шинэ санаачилгуудыг хэлэлцэж баталдаг. 3000 төлөөлөгч чуулж буй  энэ танхимд 10 өдрийн туршид эдийн засгийн чухал асуудлыг хэлэлцэж төсөв, хуулийн төслүүдийг батална. 

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын анхдугаар чуулганаар хэлэлцэж, батлах гол асуудлууд:

 Хөрөнгө оруулагчдад нээлттэй бодлого баримтлах
БНХАУ-ын хэмжээнд ажилгүйдлийн төвшин 5.5 хувьтай байгаа бол томоохон  хотуудад ажилгүйдлийн төвшин 4.5 хувьтай байгаа ажээ. Иймээс энэ оны эцэс гэхэд 11 сая ажлын байрыг шинээр бий болгох
 Хөдөөгийн ядуурлыг энэ жилдээ багтаан 10 саяар бууруулж, 2.8 сая хүнийг орон байраар хангах
 ДНБ-ий хамгийн багадаа гурав орчим хувийг сэргээгдэх эрчим хүчний салбарт зарцуулах.
 Агаар дахь хүхрийн давхар исэл, азотын исэл ялгаруулалтыг  гурван хувиар багасгах.
 Ган болон нүүрсний олборлолтыг 30 сая тонноор бууруулах.
 Энэ онд  баригдах төмөр замд 732 тэрбум юань, мөн оны сүүлч гэхэд тавьж дуусах хурдны замд 1.8 их наяд юань зарцуулахаар тусгажээ.
 Энэ жилийн эцэс гэхэд 200 мянган км зам тавих болон дахин засварлахаар төлөвлөсөн байна.
 Бизнес, хувь хүмүүсийн албан татварыг бууруулна.
 Хөдөө орон нутагт сургууль завсардалтыг бууруулах
 Цахилгаан холбоо, боловсрол, ахмад настны эрүүл мэндийн үйлчилгээ, эрчим хүчээр ажилладаг тээврийн хэрэгслийн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг багтжээ. Чуулганы үеэр БНХАУ-ын дарга  болон Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогчийг шинээр томилж, Сайд нарын танхимын гол гишүүдийг сонгож мөн БНХАУ-ын Төв банкны дараагийн тэргүүнээр хэн томилогдох вэ гэдэг асуулт ажиглагчдын дунд анхаарал татаж байна.

Эх сурвалж: http://www.chinadaily.com.cn/a/201803/05/WS5a9cb2daa3106e7dcc13f93f_6.html