Энэ орчлонгийн ээж бүхэн сайхан



Цэцэгс, инээд, уярал ээлжлэн “эгшиглэдэг” өдөр айсуй. Зүйрлэмгүй ихээр баярлаж байгаа бүсгүй хүн бүр урьд урьдынхаасаа илүү үзэсгэлэнтэй харагддаг ч ээжүүд нэг л онцгой инээмсэглэлтэй болчихдог. Тиймээс л орчлонгийн сайхан ээжүүддээ зориулан энэхүү нүүрийг бэлтгэлээ.
Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай “Миний ижийтэй зүйрлэх юм энэ орчлонд байхгүй. Толгойтой үсээ хувхайртал амьдраад би ижийтэйгээ зүйрлэхийг олоогүй. Эх хүнтэй зүйрлэх сайхан байхгүй. Хүн болгоны ижий сайхан” хэмээсэн бол ардын уран зохиолч П.Бадарч “Миний ээж л тийм гайхамшигтай биш. Хүн бүхний ээж гайхамшигтай. Хүн бүрийн ээж эгэл жирийн” хэмээн өгүүлжээ.
Харин соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар “Орчлонгийн өмнө бүдчээд гутлаа даахгүй гуних өдөр гардаг. Энэ үед юун түрүүнд ижийтэйгээ л учирламаар санагддаг. Бид нар уяхандаа, сайхан сэтгэлтэйдээ, бид нар ээжийгээ мөнх юм шиг санаж боддогтоо дөлдөг болохоос биш ижийдээ хайргүйдээ цөөхөн дуугарч, ижийдээ хайргүйдээ захидал бичдэггүй биш л дээ” гэж учирласан.
Ижий бүхнийг дуулал болтол нь мөнхөлсөн энэ л найрагчдын дурсамжаас ээжийгээ хайрлах, амжиж жаргаахын үнэ цэнэ хийгээд ижийтэй хүн ямар баян байдгийг сэхээрнэ хэмээн итгэж байна.

Б.Лхагвасүрэн: Ээж бол энэ орчлонд эхэлж ирэхдээ дуудаад төгсгөлдөө дууддаг тийм том нэр, том хайр, том түшиг мөн

(Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, яруу найрагч)

Эхийн тухай дурсамж миний бие сэтгэл, ухаанд байдаг хамгийн гэгээн хөндүүр юм. Хөндүүр нь хаана байна гээд яривал, ижийнхээ тухай санах, ижийгээ боддог газар л хамгийн их хөндүүр. Ижий минь бие муутай хүн байсан, дандаа л өвдөнө. Ер нь энэ орчлонгийн өдөр, хоногуудыг ихэнхийг өвдөж өнгөрүүлсэн. Тэр өвчин намайг төрүүлснээс хойш л эхэлсэн. Би ижийдээ насны баяр авчирснаас гадна насны зовлон авчирсан шиг байгаа юм. Төрөлтөөс үлдсэн өвчтэй ижий минь үргэлж зовсоор байгаад 44 насандаа өөд болсон. Шанаанд нь нэг ч цагаан үс байгаагүй. Их эрт орхиж явсан даа, намайг. Өвчинд шаналсан ижийнхээ дэргэд өссөн болохоор би бусдын зовлонг эрт мэдэрсэн. Нялхаасаа хүн яаж зовж, ядарч амьдардгийг мэддэг болсон. Ижийнхээ дэргэд, зовлонгийн хажууд өссөн тулдаа би өдий зэрэгтэй хүн болсон байх. Ижийн минь мөн чанарын давтамж л намайг хүн болгосон байх. Хүнтэй яаж харилцдаг, энэ орчлонг юу гэж ойлгодгийн зах сэжүүр, бусдыг хайрлах өрөвчхөн сэтгэл нь хүүдээ хандсан битүүхэн сургамж байсан болов уу. 
Миний ижийтэй зүйрлэх юм энэ орчлонд байхгүй. Юутай зүйрлэх юм бэ, олдохгүй юм чинь. Өдий болж толгойтой үсээ хувхайртал амьдраад би ижийтэйгээ зүйрлэхийг олоогүй л байна. Эх хүнтэй зүйрлэх сайхан байхгүй. Эх хүн үрдээ ганц юм. Хүн болгоны ижий сайхан. Ижийтэй хүн сайхан харагддаг. Хажууд хүүхэд “Ээж ээ” гээд чанга дуудах хүртэл сайхан байдаг. Өтөлтлөө ижийтэйгээ явж байгаа хүнийг харахад ямар азтай юм бэ гэсэн бодол төрдөг. 
Би гурван жил өнжөөд л ижийдээ зориулж дуу хийдэг. “Ижийнхээ ачийг яалаа даа”, “Зүүдний говь”, “Мартаж яасан ч чадахгүй нь” дуугаа би ижийдээ л зориулсан. Олон шүлэг бичсэн дээ. “Ижийтэйгээ үзсэн наадам”, “Ижийтэйгээ байхад баян байсан” гээд байна. Ер нь тэгээд хэчнээн юм бүтээлээ ч ижийн тухай миний цээжний хөндүүр арилдаггүй юм. 
Ижий гэдгийг би их л хайрлах ёстой хүн гэж боддог. Ижийнхээ сэтгэлийг амар байлгах гэж том зүйл байдаг шиг ээ. Сэтгэлийг нь амар байлгаж, магадгүй өөрөө дутаж явахдаа ижийгээ дутаахгүй амьдраасай гэж хэлэх байна. Хүн ижийгээ байхад хайрлаж чаддаггүй юм шүү дээ. Өөрөө хайрлуулсаар байгаад дуусдаг. “Би ижийгээ хэд үнслээ дээ” гээд бодоход ерөөс санаанд юм ороогүй. Жаахан байхад “Миний хүү намайг зөндөө үнсдэг сэн” гэж ярьдаг байсан. Том болсон хойноо ижийгээ нэг сайхан тэврээд үсийг нь илээгүй л байгаа юм. Ижийтэйгээ голын захад сууж байсан. Хамт аргал түүж явсан мөчүүдийг бүгдийг өчигдөрхөн мэт тод санадаг. Түүн шиг нүд, тархинд үргэлжилж буй гоё зураглалыг хаанаас ч олж үзсэнгүй. 
Би ээж гэдэг үгийг бага насандаа олон дуудсан. Одоо надад ганцхан чанга дуудах л үлдсэн. Эцсийн амьсгал татахдаа тэр хүнийг л дуудах байх. Ээж бол энэ орчлонд эхэлж ирэхдээ дуудаад төгсгөлдөө дууддаг тийм том нэр, том хайр, том түшиг мөн.

Эх сурвалж: news.gogo.mn/r/68267
 

П.Бадарч: Миний ээжид нэг л дутагдал байсан нь хүүгээ хайрлахаас өөрийг мэддэггүй байсан 

(Ардын уран зохиолч, яруу найрагч)

Ээж минь намайг төрүүлж, энэ сайхан орчлонг харуулж, ижий минь намайг өсгөж, өдий зэрэгтэй болгоогүйсэн бол би энэ эх орон гэдэг зүйлийг ухаарахгүй. Төрсөн нутгийн уул ус, Монголын сайхан газар шороо, энэ байгалийн үзэсгэлэн бүхий л зүйлсийг харахдаа ээжийгээ боддог. Одоо ээж минь байхгүй учраас надад энэ л үлджээ. Ижийн таниулж өгсөн уул, усыг харж суухдаа хоёулаа аргал түүж явсан хамгийн дурсгалтай тэр сайхан мөчөө би дандаа боддог. 
Ганцхан миний ээж гайхамшигтай биш. Хүн бүхний ээж гайхамшигтай. Хүн бүрийн ээж эгэл жирийн. Идэр залуу байхдаа ээжийгээ санаж “Ээждээ хүү нь очно” гэж богинохон шүлэг бичсэн. Дараагаар нь “Эхийн сэтгэл” гэж шүлгийг ээжийнхээ бурхан болсны дурсгалд зориулж бичсэн юм. Энэ шүлгийн өмнө “Ижийгүй намар” гэж мөн л ээжийнхээ дурсгалд зориулж, нэг шүлэг бичсэн. Би ээждээ зориулж гурван шүлэг л бичсэн хүн. Ээжийн тухай шүлэг бичнэ гэдэг ихээхэн зоригтой хүний хийх ажил. “Ижий минь та сайхан хүн байсан”, “Та сайн хүн байсан” гэж зарим хүн шүлэгтээ бичдэг. Ижий бүр тэртэй, тэргүй сайхан. Ийм л учраас эхийн тухай шүлэг бичнэ гэдэг их хэцүү.  
Миний ээж нэг л дутагдалтай хүн байсан нь, хүүгээ хайрлахаас өөрийг мэддэггүй байсан. Хүүхдээ загнаж чаддаггүй нэг л мэдлэггүй хүн байсан. Миний хийсэн хамгийн том нүгэл гэдэг юм уу, юу гэж хэлэхээ мэдэхгүй юм. Аавынхаа хурдан мориных нь уяаны хэцийг, гэрийнхээ гүүн зэлийг хураагаад, ижий аавынхаа хамаг хөрөнгийг нутагт нь орхиод, нэг муу гэртэй нь л Улаанбаатарт авчирч, айлын хашаанд буулгасан. Аавыгаа бэлтгэл контор гэж арьс шир цуглуулдаг газар агентын морин тэрэг хөтлүүлээд, муу ээжийгээ хотод авчирч хар цай уудаг хөгшин болгосон. Би 30 жил гуйлгачин байлгасан. Би боддог юм. Яасан их ачтай, яасан их хүүдээ хайртай улс байж дээ гэж. Энэ бол өндөр их хайр юм. Түүнээс “Энэ хүүхэд сургуульд сурах юмаа сураад ирнэ биз” гээд хэдэн цаас өгөөд явуулна л биз. Тэгэхгүй, хойноос минь дагаж ирж, хотоо харлуулж, хормойгоо сэгсэрсэн дээ.  
Ээж аавыгаа ярих гэхээр уйлах гээд байх юм, хэцүү юм байна. Одоо яахав ачийг нь хариулж яваа шүү ухаантай. Хэдэн шүлгийн ном гаргалаа, ардын төрийн хайр хишгийг хүртлээ. Алс газраас хаанаас ч байдаг юм, энэ нүүгэлтэж байгаа модон дотор ч юм уу, нүүж байгаа үүлэн дундаас аав, ижий хоёр минь намайг харж байгаа байх гэж боддог.   
Залуу үедээ захихад ижийтэйгээ байгаа нь ээжийгээ хайрла. Ижийгүй болсон нь ээжийгээ бурхан мэт сэтгэлдээ шүтэж, хийж байгаа ажил үйлс болоод хамаг юмаа зөв сайхан зохицуулж яв. Хаа нэгэн газраас, саяын миний хэлдгээр нүүгэлтэж байгаа хангай дэлхийгээс, нүүж байгаа үүл, тэнгэрээс ижий аав чинь харж байгаа шүү гэж дотроо бодож ажил үйлээ сайхан зохицуулж, эрдэм номдоо шамдаж, муу үйлс бүхнээс хол яв. Энэ л аав, ээжийнхээ ачийг хариулж байгаа нь тэр юм. Аав, ээжийн ачийг хариулж бардаггүй юм гэнэ лээ. Яаж ч барах вэ дээ. Муу үг биш, муу ёр биш би нэг үгийг хэлэхэд над шиг модны дэргэд чулуун дээр суучихаад ээж, ааваа дурсаж байх цаг та нарт ирнэ шүү. Ижий ааваа мөнх юм шиг санаж болдоггүй л юм даа. Энэ орчлон хатуу. Гэнэтхэн гэнэтхэн би ээжийгээ санаад уйлдаг. Яагаад л өнчин хурга шиг уйлаад явдаг юм бол доо гэж боддог. Би тэгээд үүнийгээ бодохдоо ачийг нь хариулж чадаагүй юм болов уу даа гэж санадаг. Үгүй бол аав, ижий хоёрынхоо ачилж хайрласныг марталгүй санаж явдаг сайн хүү юм болов уу даа ч гэж бодно. Дахин дахин хэлэхэд сайхан эх орноо хайрлаж яв. Аав, ээж хоёроо хайрлаж яв. Ертөнцийг хайрлаж, энэ бүхнийг хайрласнаар танаас юу ч алдагдахгүй. Харин энэ бүхний энэрэл хайр, өөрийг чинь ивээж хайрлах болно. 

Эх сурвалж: www.youtube.com/watch?v=1hz1Ar4ne8M

Ш.Гүрбазар: Хорвоод хамгийн хэцүү зүйл ижийгээ санах байдаг. Хүнд өөр зовлон гэж байхгүй

(Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, сэтгүүлч, зохиолч)

Ээжийн тухай хорь гаруй, аавын тухай арваад дуу бичжээ. Ээжийгээ бодохоор л миний онгод ордог. Ээждээ олон шүлэг бичих өртэй юм шиг байна. Амьд байхад нь хараад л шүлэг бичдэгсэн. Манайх долоон буудалд байсан. Ээж 60 дугаар дэлгүүрээс талх аваад ирэхийг нь хараад л
Ээж ээ та хүүдээ гомддоггүй биз дээ
Хүү тань уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү... гээд бичсэн юм даа. 
Хүн ер нь ээждээ үнсүүлж, ээжтэйгээ ярилцаж баймаар юм билээ. Солгой хоолойтой байна уу үгүй юү тэр хамаагүй ээждээ л зориулж дуулж бай. Хүн ээж аавыгаа л бичих ёстой. Тэрийг л дуулах ёстой. Ингэж л хийсэн бүх алдаагаа цагаатгаж, ариусдаг юм шиг ээ.
Энгийн нэг зүйл ярихад би МҮОНТ-д ажиллаад 40-өөд жил боллоо. Манай гэрт мөн ч олон зураглаач ирдэг байлаа. Ажлын чөлөө, цайны завсарлагаанаар, хөдөө гадаа явах гээд хүртэл манайд цугладаг байлаа. Гэтэл би нэг ч удаа ээжтэйгээ хамт байгаа зураг авахуулж чадаагүй юм. Одоо маш их харамсдаг. Тиймээс хүмүүс минь ээжтэйгээ сайхан ярилц. Би 47 настайдаа ээжийнхээ өвөрт унтаж байсан. Үүнээс хойш ээж минь дөрөв, таван жилийн дараа мөнх бусыг үзсэн. Ээжийн өвөрт унтах үед “Өө энэ чинь дэрлийчээд өвөрт ороод ирлээ. Эрүүл байгаа юм уу, согтуу байгаа юм уу” гээд эхнэрээс минь асууж байлаа. Ер нь ээжийнхээ өвөрт байхад ертөнцийн энэрэлд байгаа юм шиг надад санагддаг.
Хорвоод хамгийн хэцүү зүйл ижийгээ санах байдаг. Хүнд өөр зовлон гэж байхгүй. Ээжийгээ алдсаныхаа дараа “Би ээжийгээсээ хойш өтөлсөн” гэж шүлэг бичсэн. Даанч цээжээр санахгүй байна. Гэхдээ тэр шүлгэнд “Үнсүүлэх хүн олдохгүйдээ хацар минь хагарч үзсэн” гэж бий. Тиймээс хүмүүс минь ээжийнхээ сэтгэлд л ойр бай. 
Ээж аавын зай нэг л өдөр ханхайж, нэг л өглөө хацар эзгүйрэх цаг ирнэ. Энэ зовлон мөртлөө хатуужил. Харамсахгүйн тулд, бүтэн сайхан байхын тулд үргэлж ээжийгээ хайрлаж бай, захидал бич, ярилц. Би Багшийн дээд сургуулийн оюутан байхдаа дөрвөн жилд ганц л удаа гэр рүүгээ захидал бичсэн юм. Мөн ч тэнэг ээ. Төгсөх курстээ хоёр удаа ойрхон утсаар ярихад “Хүү минь бие нь зүгээр байгаа. Яасан юм болоо” гэж ээж минь айж байсан. Тийм болтол нь би айлгачихсан. 
Орчлонгийн өмнө бүдчээд шулуун сэтгэлээ тахийлгаад, чулуу няслаад ирэхийн цагт, цаанаа л нэг бөхийж, гутлаа даахгүй гуних өдөр гардаг. Энэ үед юун түрүүнд ижийтэйгээ л учирламаар санагддаг. Бид уяхандаа, сайхан сэтгэлтэйдээ, бид ээжийгээ мөнх юм шиг санаж боддогтоо дөлдөг болохоос биш ижийдээ хайргүйдээ цөөхөн дуугарч, ижийдээ хайргүйдээ захидал бичдэггүй биш л дээ. Бид хамгийн ойр, хамгийн дотно хүндээ урмын үгээ харам хэлдэг юм байна лээ. Хүн айхаараа ээжийгээ дууддаг, морьтойгоо бүдэрсэн ч ээж минь гэж уулга алддаг шигээ өдөр бүр ээждээ баярлалаа гэж хэлж байгаарай. Нэг өдөр ээждээ инээд, баяр баясал өгөх нь өөрөө буян юм шүү дээ. Орчлон дэлхийн бүх хүн ижийгээ бодоод, бүх ижий сэтгэл амгалан байна гэдэг чинь тэнгэр хүртэл цэлмэх ерөөлтэй юм. 

Эх сурвалж: www.youtube.com/watch?v=FtDedd5A_vw

Холбоотой мэдээ

САНАЛ БОЛГОХ