“Шинэ толь”-иос үндэслэсэн сэтгүүл зүй 105 дахь жилтэйгээ золголоо

1913 оны гуравдугаар сарын 6-нд Монголын сэтгүүл зүйн үндэс болсон “Шинэ толь” сонин хэвлэгдсэн билээ. Манай сонины 3000 дахь дугаар энэхүү түүхэн өдөртэй давхцан гарч байгаа тул бид 105 жилийн түүхт сэтгүүл зүйн өнөөгийн байдал, тэр тусмаа цаасан хэвлэл буюу өдөр тутмын сонины цаашдын чиг хандлага, алдаа онооны талаар судлаачдын байр суурийг сонирхлоо.

М.Зулькафиль: сэтгүүлчийн ёс зүйг умартсанаас үзэл бодол давамгайлсан сэтгүүл зүй хөгжсөөр байна

(МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, профессор, шинжлэх ухааны доктор, соёлын гавьяат зүтгэлтэн М.Зулькафиль)
Манай улсын сэтгүүл зүйд алдаа оноо зөндөө бий. Өнөөдөр хамгийн их тулгамдаж буй бэрхшээл нь монголын сэтгүүл зүйн эрхзүйн орчин хараахан бүрдэж чадаагүй явдал юм. Нөгөөтэйгүүр нөлөө бүхий том хэвлэл мэдээллийн байгууллагууд улстөрчид, эрх мэдэлтэй томоохон бүлэглэлүүдийн гарт орсон учраас мэдээллийн тэнцвэрт байдал алдагдах явдал их байна. Мэдээллийн тэнцвэрт байдал алдагдсанаар ард түмнийг төөрөгдүүлэх, магадгүй амьдралд нь буруу алхам хийхэд нь хүртэл нөлөөлөх аюултай. Уг нь манай улс 20 гаруй жилийн дотор хагас чөлөөт хэвлэлтэй болж чадсан нь  хоёр их гүрний дунд оршдог жижиг улсын хувьд том амжилт. Хоёр хөрш маань өндөр хөгжилтэй ч өдий болтол чөлөөт хэвлэлтэй орны тоонд багтаж чадахгүй байна. Манайд ажиглагдаж байгаа бас нэгэн сөрөг зүйл нь сэтгүүлчийн ёс зүй. Үзэл бодол давамгайлсан сэтгүүлзүй манайд хөгжөөд байна. Барууны судлаачид ч мөн “Монголын сэтгүүлчид өөрийн үзэл бодлоо хавчуулдаг. Аливаа зүйлийг бичихдээ өөрөө үнэлэлт өгч, хэмжээнээс хэтэрсэн дүгнэлт тавихыг хичээдэг” гэдэг. Дээрээс нь сонины материалуудын хэмжээ их том байдаг. Нэг л асуудлын талаар том том материал хийж байна гэдэг нь эргээд мэдээллийн багтаамжид нөлөөлдөг. Өнөөдөр дэлхий дахинд сэтгүүлзүйн өмнө тавигдаж байгаа  нэг том зорилт нь мэдээллийн багтаамжийн асуудал юм. Өөрөөр хэлбэл, сонины нэг дугаарт олон янзын асуудал хөндсөн материал байх ёстой. Сүүлийн үед сэтгүүлчид  мэдээ, ярилцлага, сурвалжлага гэх мэт бичлэгийн цөөн хэдэн төрөл зүйлд эргэлдэх болсон. Хэдхэн бичлэгийн төрөл зүйл сонинд голлоод байвал өдөр бүр нэг л төрлийн хоол идэж байгаатай адил шүү дээ. Тиймээс манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичлэгийн төрөл зүйлээ нэммээр байна. сэтгүүлчид хүндэвтэр бичлэгийн төрөл зүйлээс зайлсхийдэг болж. Асуудал дэвшүүлсэн шүүмжлэлт бичлэгийн төрөл зүйл, шог хошин бичлэгүүд нүдний гэм болсон. Цөөн тооны замын тэмдэглэл алдаг оног гардаг болж. 

Д.Цэнджав: Өдөр тутмын сонинууд социологийн судалгаанд үндэслэн нийтлэлийн бодлогоо гаргах хэрэгтэй

(МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш, доктор, профессор, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэнджав)
Монголын сэтгүүлзүйн чиг хандлагыг өдөр тутмын сониноор тодорхойлно. Нэгэн үе манайд нэлээд олон өдөр тутмын сонин байсан бол өдгөө цөөрсөөр гарын 10 хуруунд л хүрч байх шиг байна. Зах зээлийн энэхүү нөхцөлийг тэсч үлдсэн болохоор одоо гарч байгаа сонинуудыг нэлээд хүчтэй гэж харж байгаа. Нийгэм, улс төр, эдийн засаг, соёл урлагийг багтааж, уламжлалаа авч явж чадаж байна гэж дүгнэдэг. Сониныг оюунлаг хүмүүс л уншдаг. Сэтгүүлчдийн үүрэг нийгмийн идээ бээрийг шахаж, цэвэрлэх л байдаг. Сэтгүүлчид бол нийгмийн цэвэрлэгч юм. Сэтгүүлчид ард түмний дуу хоолой болж, тэдэнтэй хамт тэмцэх хэрэгтэй. Заримдаа дээдсийн дуу хоолой болоод байна уу гэж харагддаг. Тэдний захиалгаар материал хэвлэдэг зуршлаасаа өнөөгийн өдөр тутмын сонинууд сайн салж чадахгүй байна. Манайх нам, улстөрийн харьяалалгүй гэж байгаа боловч нийтлэл,  материал нь аль нэг намын талд үйлчилж байгаа нь анзаарагддаг. Мэргэжлийн сэтгүүлзүй өндөр хариуцлагатай ажиллахгүй бол сошиал ертөнцөд байраа тавьж өгөх цаг ойрхон байна. Дэлхийн том том сонинууд жагсаалаас гараад л байна. Тийм учраас өдөр тутмын сонинууд иргэдийг, сэтгүүл зүйг байлдан дагуулах хэрэгтэй. Уг нь хэвлэлийн социологийн судалгаа гэж байх ёстой. тэр судалгаандаа үндэслээд нийтлэлийн бодлого явуулах  хэрэгтэй. 

Ж.Батбаатар: Нийгмийн сүлжээний түрэлтээс мэргэжлийн сэтгүүлзүйг аврах сорилт тулгарлаа 

(МУБИС-ийн НХУС-ийн захирал, доктор Ж.Батбаатар)
Дижитал эрин үе, мэдээллийн технологийн хөгжилтэй хамааралтайгаар дэлхий дахинд хэвлэмэл хэвлэлийн хандлага өөрчлөгдсөн. Гэхдээ 1980-аад оны  үед АНУ-ын судлаачид “2020 он гэхэд цаасан хэвлэл байхгүй болно гэсэн прогнозыг хийж байсан. Өдгөө 2020 он руу дөхөж байна. Гэтэл цаасан хэвлэл байхгүй болох нөхцөл үүсээгүй. Гэхдээ маш их өөрчлөлт явагдсан нь үнэн. Бид нэлээн олон газраар явж судалгаа хийсэн. Ингэхэд Европт сүүлийн 30 жилд цаасан хэвлэлийн хэмжээ, хэрэглээ 30, Япон, Солонгост 20 гаруй хувь буурсан харагдсан. Харин манай улсад харьцангуй их хувиар буурсан байдаг. Соёлын хэм хэмжээ, цаасан хэвлэлийг олон зуун жил хэрэглэж ирсэн туршлага, төлөвшил, чөлөөт хэвлэлийн үүрэг оролцоо, хэрэглээ улс үндэстэн бүрт харилцан адилгүй байгааг харуулж байна. Манай улсад уламжлалт сэтгүүлзүй буюу цаасан хэвлэлийн хэрэглээ хэт их багассан нь бидний хэрэглээний онцлогтой шууд холбогддог. Бид нүүдэлчин сэтгэлгээтэй. Аливаа нэг шинэ зүйл рүү хэт хошуурдаг, түүндээ автдаг. Энэ байдал нь зарим талдаа эерэг зүйлийг авч ирдэг. Нөгөөтэйгүүр сөрөг  тал нь хамаагүй их. Одоо манайд чанартай, хэрэгтэй мэдээлэл хүргэдэг олон нийтийн  мэдээллийн хэрэгслийн хэрэглээ буураад хувь хүний үзэл бодол, чөлөөт орон зай давамгайлсан хувийн шинжтэй цахим мэдээлэл хэт хөгжсөн. Гэтэл энэ мэдээллийн зуунд чанартай, бодит мэдээлэл хүн төрөлхтөнд хамгийн чухал. Тэгээд тэр үнэн бодит мэдээллийн үндсэн дээр шийдвэр гаргаж, сонголтоо хийх ёстой. Иргэд хэрэггүй мэдээллийн урсгалд төөрөөд цаг, эрүүл мэндээ алдаж байна. Энэ бол бидний бодит байдал. Уламжлалт хэвлэл, сэтгүүлзүйн хэрэглээ багасна гэдэг нь зөвхөн хэвлэл мэдээллийн салбарт биш чанартай мэдээлэл авах ёстой иргэний мэдээллийн эрх зөрчигдөж байна гэсэн үг. Энэ хэрээр иргэд, нийгэм нь харанхуй болж байна. Тийм учраас бид сэтгүүлзүйн хөгжил хандлагын төлөө зүтгэх хэрэгтэй. Нийгмийн сүлжээний түрэлт, хүчтэй урсгалаас мэргэжлийн төвшний, чанартай мэдээлэл хүргэдэг сэтгүүлзүйгээ яаж авран хамгаалах вэ, яаж уламжлал ёсоор нь авч үлдэх вэ гэдэг сорилт  тулгарсан цаг үе. 

Д.Мөнхчимэг: Редакцын бодлогоо тодорхойлохгүй байна

(Сэтгүүлч, сэтгүүлзүйн сургагч багш Д.Мөнхчимэг) 
Монголын чөлөөт хэвлэл хүнээр бол идэр залуу насандаа явж байна. Өсөж том болоод, сурч боловсроод ид хийж бүтээх оргил үедээ иржээ гэсэн үг. Гэтэл олон нийтийн дунд хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн нэр хүнд муу, “чөлөөт хэвлэл” гэдэг үгийн үнэ цэнэ сул байна. Монголын жижиг зах зээл, хэт олон хэвлэл мэдээллийн байгууллага, тэдгээрт хөрөнгө оруулсан эздийн нөлөө гээд маш олон шалтгаан дурдаж болох байх. Гэвч энэ бүх саад бэрхшээлээс үл хамааран бие даасан, хараат бус байдлаа “тунхаглаж”, уншигчид, үзэгчдийнхээ итгэл, үнэмшлийг хүлээх боломж манай хэвлэл мэдээллийн байгууллагуудад уг нь бий. Тэр нь редакцийн бодлого юм. Харамсалтай нь, энэ чухал “зэвсэг”-ээ зохих ёсоор ашигладаг редакц байхгүйтэй ижил байна. Манай Улс шилжилтийн үеэ нэгэнт даван туулаад, монголчууд хөгжсөн орнуудын иргэдээс нэг их дутахааргүй хэрэгцээ, шаардлагатай болж байна. Наад зах нь, дэлгүүрээс хүнс авахдаа үйлдвэрлэсэн хугацаа, орц найрлагыг нь харах хүмүүс олон болжээ. Хүмүүс баталгаатай, чанартай хүнс хэрэглэхийг чухалчилж байна аа гэсэн үг. Тэгвэл хэвлэл мэдээллийн тал дээр ч хүмүүс чанартай мэдээллийг сонгож авахыг илүүд үзэж таарна. Гэтэл мэдээллийн орц, найрлагыг харуулах “шошго” буюу редакцийн бодлого гэдэгт хэвлэл мэдээллийн байгууллагууд ач холбогдол өгөхгүй байгаа нь харамсалтай. Миний ажиллаж байсан өдөр тутмын томоохон сонинуудад хүртэл редакцийн бодлого гэж тодорхой юм байгаагүй.
Та уншдаг сонин, сэтгүүл, эсвэл үздэг телевизийнхээ цахим хуудсанд “редакцийн бодлого” гэсэн танилцуулга байна уу, үгүй юу сонирхоод үзээрэй. Олдохгүй нь их. Олдлоо гэхэд “үнэн бодит мэдээлэл”, “олон талт байр суурь”, “ёс зүйн зарчмыг баримтлан ажиллана” зэрэг улиг болсон хэдэн үг л харагддаг. Тэгвэл гаднын хэвлэлүүдийн хувьд редакцийн бодлого нь ямар нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэхээс эхлээд уншигч, үзэгчдийнхээ итгэлийг хүлээх, бусад хэвлэл мэдээллийн байгууллагаас ялгарах гол арга, хэрэгсэл нь болдог билээ. Томоохон сонин, хэвлэлүүд редакцийн бодлогоо цахим хуудсандаа тов тодорхой байршуулдаг бөгөөд сэтгүүлчиддээ зориулан гарын авлага хэлбэрээр хэвлэсэн байх нь элбэг. Тэнд нь сэтгүүлч ямар зарчим баримтлан ажиллахаас эхлээд алдаа гаргасан бол түүнийгээ хэрхэн залруулах хүртэл бүх мэдээллийг маш тодорхой өгсөн байдаг. Манай хэвлэл мэдээллийн байгууллагуудад ийм л юм дутагдаад байна.