ЗААЛГАСАН ЭРДЭМ, СОНССОН ЭРДЭМ, ХАРСАН ЭРДЭМ

Шинжааны уйгурууд “Хүний буян заяа хөлийн тавгандаа байдаг” гэсэн цэцэн үг хэлдэг. Тэд хол явж газар орон үзээд тэнд харснаа эрдэм, бас сонссоноо эрдэм болгон өөртөө оршоохыг өгүүлж байгаа хэмээн энэ үгээ тайлбарладаг. Супер нэгдлийн онолын нэртэй эрдэмтэн Ч.Эрдэнэ аливааг зөв өнцгөөс нь ухаарахгүй байгаа хүмүүсийг хараад тангадуудаас монголчуудад зориулсан “Бүү мэд, мэдсэн хүний үгийг бүү сонс” гэсэн хараал хүрэгсэд гэж ундууцдаг.
Миний бие Р.Нямдорж эрхэмтэй ойр явж, МУИС-д оюутан байхдаа цөөн цагаар хичээл заалгасан нэгэн. Багш минь аливаад иргэний хамгаалалтынхны хэллэгээр “цагийн байдлыг зөв үнэлдэг” чадвартай. Энэ чадварыг нь мэдрэх бүртээ тэрбээр заалгасан эрдэмтэйгээс гадна сонссон эрдэмтэй, бас харсан эрдэмтэй хүн юм байна гэж боддог юм. Тиймээс тангадуудын хараалын яг эсрэгээр нь энэ эрхмээс мэдье, мэдсэн энэ эрхмийн үгийг сонсъё гэж хичээдэг нэгэн юм би.

НЭГ УДАА

Бидний хэдэн анд эмнэлэгт хэвтсэнээ, биеийн эрүүл мэнд доголдсоноо тааралдсан хүн болгонд ярилаа. Сүүлдээ зурагдсан пянз шиг давтсаар байгаад өөрөө ч яриандаа залхлаа. Өвчний түүх сонссон хүмүүс ч бас биднээс дутахгүй залхаж байгааг анзаарлаа. Тохиолдож байгаа хос залхалтын талаар Р.Нямдорж багшдаа ярилаа. Багш “Эмч, эмнэлэгийн ажилтнуудаас өөр бусдад өвчнөө битгий ярьж бай. Ямар ч хүн тааралдаад, эмнэлэгт хэвтсэнийг чинь сонссон болохоор “бие чинь гайгүй юу” монгол ёсоор асууна аа даа. Гэтэл чи өөрөө ч анзааралгүй мэндийн хариуг нь хэтрүүлэн өгч, тааралдсан нөгөө хүнээ залхтал өвчнөө ярьдаг. Сэтгэл судлалын шинжлэх ухаан үүнийг “өөрийгөө өрөвдүүлэх” гэсэн хэлбэр гэж үздэг. Өвчний түүх сонссон хүмүүсийн олонхи нь бусдаас дам сонссон эмчилгээний аргыг зааж өгнө, эсхүл ийм тийм эм сайн гэж хэдэн төгрөгөө үрэх замд хөтөч болно. Сайхан сэтгэл гаргасан тэдний буруу гэж юу байх вэ. Ингэхээр өвчнөө бусдад биш эмч нарт ярь. Анагаахын шинжлэх ухааны зөв шийдэл сонсоно, бас санхүүгийн тусламж үзүүлэх сэтгэлтэй хүнд ярь. Эм, эмчилгээний зардалд зориулсан хандив өгнө гэж зөвлөж билээ. 

НЭГ УДАА

Улсын заан Ж.Ганболд тэргүүтэй хүмүүс 2004 оны хавар Монгол бөхийн өргөөний гол хаалгыг ар нугасаар нь зад татаж ороод, улмаар МҮБХ-ны Тэргүүн, Нарийн бичгийн даргын өрөөний үүдийг эвдэж цоожийг нь сольж, сейфийг нь тусгай мэргэжилтнээр онгойлгуулан тамгыг нь олзлон авсан. Тэдгээр хүмүүс дайралтынхаа үеэр тухайн үед зөвхөн хүчний байгууллагынхан хэрэглэдэг байсан хамгийн хүчтэй цахилгаан бороохой, нулимс асгаруулагч болон ухаан алдуулагч хий хэрэглэсэн. Түүнчлэн хоол өгсөн эзнийхээ тушаалаар хүн амьтныг урж ноцдог сургуультай немц ноходоор хүч нэмэгдүүлсэн. Учир ярьж, хууль бус түрэмгийллийг зогсоох гэсэн Улсын арслан цолтой өвгөн бөх гааздуулж ухаан алдсан, Бөхийн өргөөний жижүүр, бусад ажилтан цахилгаан бороохойны амт үзсэн гэх мэт олон баримт нь Монгол бөхийн түүхэнд хар толбо болон үлдэж дээ.
МҮБХ-ны удирдлагыг хууль бус аргаар авах гэсэн Ж.Ганболд нарын гэмт үйлдэл ардчилсан төртэй, шударга хуультай Монгол Улсад “болдог юм болдгоороо болдог”-ийн нэгэн жишиг болж таслан зогсоогдсон. Энэ үйл явдлаас 4-5 жилийн хойно улсын заан Ж.Ганболд Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооны даргаар томилогдлоо. Тэгсэн Р.Нямдорж багш түүнд “Баяр хүргэе. Ганболд оо, чамайг дарга болж байгаад танай эхнэрийн адил хамгийн их баярлаж байгаа хүн нь би” гэж байна. Бид эхлээд Ж.Ганболд зааныг Р.Нямдорж тэргүүн даапаалаад байна гэж бодсон юм. Царай руу нь харсан огт даапаалсан шинж алга. Тэгээд цааш нь “Ганболд минь, чи гудманд байхдаа хэцүү хүн байна лээ. Ор үндэсгүй гүтгэнэ. Гааздана, нохойгоор уруулна, хаалга эвдэнэ, тамга дээрэмдэнэ. Одоо чи  албан тушаалтан боллоо. Үүнээс хойш чи бид хоёр албан тамгатай бичиг цаасаар албан ёсоор харилцана. Үүнд би баярлаж байна. Чамайг харьяалах газартай болсонд би үнэхээр баяртай байна” гэсэн. Ж.Ганболд заан, Р.Нямдорж тэргүүн хоёрыг гар барьсан эсэхийг одоо санахгүй байна. Ямар ч байсан Ж.Ганболд Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооны даргын албаа одоо болтол хашиж байгаа, тэрээр дахиж хүч нэмэгдүүлсэн хууль бус террорист ажиллагаа Монгол бөхийн өргөөнд явуулаагүй. 

НЭГ УДАА

МҮБХ-ны их хурал буюу Их эе 2010 онд “Чингис” зочид буудлын танхимд болсон юм. Тэргүүний сонгуульд Р.Нямдорж нэр дэвшсэн. Санал хураалт эхэлсэн чинь улсын арслан Д.Ганхуяг, улсын начин Говь-Алтайн Ду.Батбаяр нар санал хураалтад оролцолгүй танхим орхин гараад явчихлаа. Тус Их эеэр Р.Нямдорж багш МҮБХ-ны тэргүүнээр улиран сонгогдсон. Их эе хуралдсанаас нэлээд хойно Р.Нямдорж багштай тааралдаад “Та Говь-Алтайн хүн. Ду.Батбаяр начин чинь Говь-Алтайн Бугат сумынх. “Хантайшир” дэвжээний бөх, дэвжээний тэргүүн нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр биз дээ. Ду.Батбаярын бэлтгэл сургуулилтын зардал, цалин мөнгө нь Ж.Энхбаяраас бага ч болов хамааралтай бус уу. Та Ж.Энхбаярт хэлж Ду.Батбаярт хариуцлага тооцуулсан уу. Та түүнтэй түүнгүй МҮБХ-ны тэргүүнээр сонгогдлоо. Гэхдээ муухай л харагдаж байна лээ. Д.Ганхуяг арслан яаж байгаа юм бэ. Та арсланг зөв төлөвшилтэй залуу гэж магтдаг бус уу” гэж яриа өдлөө. Р.Нямдорж багш,
-Данзан (дэд тэргүүн) бид улс төр, шинжлэх ухаан, бизнест амжилт гаргах ид  залуу насаа Монгол бөхийн төлөө зориулсан улс. Би улс, аймгийн цолтой дүүтэй, хүүтэй, ач нартай, бөхийн засуул ахтай хүний хувьд, Монгол бөхийн “багш шавь”-ийн барилдлагааг бусад салбарынхаас огт өөр гэдгийг ойлгосон хүн. Тиймээс Ду.Батбаяр, Д.Ганхуяг нарыг буруутгаагүй. Тэднийг хурал хаяулсан хүн нь  Мөнх-Эрдэнэ арслан, Цэрэнтогтох аварга нар л даа. Ду.Батбаяр Төв аймгийн Заамар сумд Говь-Алтайгаас ирээд суурьшсан хүүхэд байж. Мөнх-Эрдэнэ арслан нэг удаа Заамарт очиж барилдахад Ду.Батбаяр аманд нь гарч барилдсан юм байна. Тэгэхэд нь Мөнх-Эрдэнэ “Овоо гар чангатай хүүхэд байна. Хотод миний хойноос очоорой, бөх болгоно” гэж хэлээд ирж. Тэгээд л хөдөө мал хариулж явсан хүүхэд Мөнх-Эрдэнэ дээр ирж алдар нэртэй амьдрал сайтай хүн  болж. Ингэхээр Мөнх-Эрдэнийн үгнээс яаж гарч чадах вэ? Д.Ганхуяг ч ялгалгүй. Цэрэнтогтох аварга Өвөрхангай нутгаасаа улсад түрүүлэх бөх бэлтгэнэ гээд Д.Ганхуягийг онцгойлон анхаарч, барилдааны эрдмээсээ зааж сурган том бөх болгосон. Ингэхээр багшийнхаа үгнээс зөрөөд байж чадах уу? Ийм л юм байна лээ. 
-Та энэ хоёр бөхийг буруу­шаах биш өмөөрөх шахуу юм болж байна уу?
-Монгол бөхөд байдаг багш шавийн барилдлагадаа хүндэтгэлтэй хандсан учраас буруутгах шалтгаан харагдахгүй байгаа. Харин багш нар нь шавь нараа зөв чиглүүлдэг байгаасай гэж хүснэ. Би ер нь Их эе дээр МҮБХ-ны тэргүүнд дахин нэрээ дэвшүүлэхгүй гэж зарлахдаа нэг үг хэлнэ гэж боддог шүү.
-Тэр үгээ одоо хэлж болох уу?
-Намайг МҮБХ-ны анхны тэр­гүүнээр ажиллаж байх хугацаанд бөхчүүд та нар өмөөрөх, бас алга­дуулах эцэгтэй хүн шиг байцгаасан шүү гэж хэлнэ.

НЭГ УДАА

Мартын найман тохиосон өдөр байв. Р.Нямдорж багштай, эх хүний тухай зөндөөн л сайхан яриа өрнүүллээ. Хүүхэд байх бага залууд минь тэнгэрт дэвшсэн ижийгээ би дурслаа. Эрт залуудаа хань нөхрөө (багшийн аав Рэгжийбуу) алдсан ч арван хүүхдээ зөв хүн болгосон өндөр настай ижийнхээ тухай Р.Нямдорж багш өгүүллээ. Их зохиолч Д.Нацагдоржийн “Мон­голын үзэсгэлэнт сарангуа Намайг төрүүлсэн ижий Зөөлөн цагаан гараараа хөдөлгөн өсгөсөн ижий Зүйтэй уран үгсээрээ сурган хү­мүүжүүлсэн ижий” шүлгийг санал нэгдэн бахдан магтлаа. Яриа өндөрлөхийн үест бивээр Д.Пүрэв­дорж найрагчийн “Хөх даалимбан тэрлэг” найраглалын “Аминаас унасан амь билээ” мөрийг хэр оновчтой зүйрлэл вэ гэж багшаас асуулаа. Багш хэлж байна. “Эцэг болох гэдэг бол муугаар хэлэхэд хөнгөнөөр “бие засчихаад” эмэгтэй хүнийг хэвтэрт нь орхиод тэр чигээрээ явчих боломжтой, тэгж чадах хүн юм. Гэтэл эх хүн алаг үрээ амин савандаа арван сар тээгээд, дараа нь биеэсээ таслаад, махаа ураад гаргаж байгаа болохоор эцэг хүнээс дэндүү их гавьяатай” гэж билээ.  
-Ой мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай болохоор ижий нарт ч алдаа байдаг. Энэ ч үр хүүхдүүд нь их хүнд асуудал санагддаг юм...
-Хүүхдүүд ижийгээ хэзээ ч бусадтай нийлж муу хэлж болохгүй. Гэхдээ миний ээж ямар сайн муу талтай хүн билээ гэдгийг мэддэг байх ёстой. Миний дүү нарын нэгний эхнэр манай Чандмань (Нямдорж багшийн төрсөн нутаг) сумд очжээ. Наадамдаж, сумын ганц хоёр айлаар орж. Гэтэл ах дүү бид нарыг үүрч өсгөлцсөн өргөмөл эгчтэй минь золголгүй буцаад ирсэн байв. Хүүхдүүдийг нь дуудлаа, миний ач нар болох тэрхийсэн хэдэн сайхан залуу хүрээд ирлээ. Тэгэхэд нь би “Та нар ээжийгээ хүнтэй нийлж муулж болохгүй. Гэхдээ миний ээж хэн бэ? ямар хэмжээний хүн бэ гэдгийг л мэдэж байх учиртай” гэж хэлсэн хэмээн ярьсан юм.
Рэгжийбуугийн Нямдорж бол миний багш юм. Заасан эрдмээс нь МУ-ын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, МУ-ын Дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр, МУ-ын начин Ц.Дуламсүрэн, МУ-ын алдарт уяач Ш.Адьшаа зэрэг олон шавь нар нь өөр өөрсдийн IQ-гийн хэмжээгээр сурцгаасан улс. Гэхдээ хэдэн зуугаар тоологдох шавь нар нь, хэдэн зуугаар нэрлэгдэх ойр дотнынх нь хүмүүс түүний сонссон эрдэм, харсан эрдмээс хэр суралцсан бол гэж хааяа бодогддог юм.
Р.Нямдорж багш шиг заалгасан эрдмээс гадна сонссоноо эрдэм бол­госон, бас харснаа эрдэм болго­сон хүнийг монголчууд “хар ухаантай” гэж тун огшоон хүндэлдэг билээ.