МОНГОЛ БӨХИЙН АКСИОМ

Английн нэрт эрдэмтэн Ж.Пристли, Шведийн химич К.Шееле нар хүчилтөрөгчийг XVIII зуунд хоёр өөр газар бие биенээсээ огт хамааралгүй атлаа нэг хугацаанд зэрэг нээсэн бай­даг. Зоогийн ширээний ард цайлж суусан хэдэн хү­ний дунд энэ нээлтийн тухай яриа болжээ. Гэтэл уг яриаг сонсож суусан нэгэн эр “хүчил­төрөгчийг нээхээс өмнө хүн юугаар амьсгалж байсан байнаа” гээд гайхсан гэдэг. Ер нь хүн хар царайтай байна уу, шар царайтай байна уу, дарга цэргээс үл хамааран агааргүй бол бүтэж үхэх нь тодорхой. Дээрх хоёр эрдэмтэн урьд нь байж байсан, хойшид ч байх тэр бүтэж үхүүлдэггүй агаар нь хүчилтөрөгч-02 гэдгийг нээн тог­тоогоод Химийн шинж­­лэх ухаанд эргэлт гарга­сан хүмүүс. Үүн лүгээ адилтгах нэг зүйл надад бодогддог юм.


Бөхийн холбооны Р.Ням­дорж олон жилийн өмнө Монгол бөхийн аксиомыг тодор­хойлсон нь манайдаа гэхэд дээр дурдсан нээлттэй жишиж болох, үндэсний слортын шинжлэх ухаанд гарга­сан нэг эргэлт байлаа. Ерөнхий боловсролын 7, 8-р анги төгссөн, үгүй ядахдаа дунд сургуульд сурч байсан хэн боловч аксиом нь батлах шаардлагагүй үнэн, тухайн шинжлэх ухааны суурь ухагдахуун бөгөөд аксиомгүй судлал гэдэг нь гурван есийн хүйтэнд чихээ хөлдөөгөөд хулгар болсон залууг хараад манай улсын нэрт бөх байна гэж мэдэмхийрэхтэй адил гэдгийг эрхбиш гадарлана. Бөхчүүдтэйгээ, мөн Бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан­гийн хэлснээр, барил­дахаас бусдаар Монгол бөхийг бөхчүүдээсээ ч илүүг мэддэг хорхойтнуудынхаа хамтаар Монгол бөхийн аксиомыг сонирхъё.
“Бааваа тэргүүн овогт Рэгжийбуугийн НЯМДОРЖ: Монгол бөхийн дотоодод оршин байгаа түүний мөн чанар болох амин гол баримт­лалуудыг үндсэн 5 аксиомоор тодорхойлох боломжтой гэж үзэв. Эдгээр аксиомыг утгаар нь дараахь хэллэгүүдээр илэрхийлж болно. Yүнд:
1-р аксиом: Цол олгодог барилдаанд шороот бөх дахин барилдах эрхгүй
2-р аксиом: Монгол бөхийн цол бүр босго даваатай байна
3-р аксиом: Бөхчилсөн барилдаанд оноох ба амлах аргыг хослон хэрэглэнэ.  
4-р аксиом: Монгол бөхийн барилдаан унаж хаяснаар дуусна 
5-р аксиом: Монгол бөхийн барилдааны зарим эрх чөлөөг бодитой үндэслэлээр хязгаарлаж болно. 
Энд нэрлэсэн аксиомуудыг хүлээн зөвшөөрч мөрдөх нь үндэсний бөхийн хүрээний гол гогцоо асуудлыг шийдэхэд арга зүйн ач холбогдол өгнө гэж үзэж байна”. (Өдрийн сонин. 1999 он. №28) 
Сайхь аксиомуудыг ийнхүү томьёолсноос хойш бүтэн 18 жил өнгөрчээ. “Нэг алх Хөгшин Европ тулна, дахиад нэг алх нүдний чинь ялгаа арилна” гэдгийн үлгэрээр ямар ч болов аксиомтай болж аваад Монгол бөхийн тодотголтой шинжлэх ухааны хөгжил урагшилсан. 
Ингэхэд аксиом гэж яг юу юм бэ? Математик, логикт өргөнөөр хэрэглэдэг, онцлог нь батлах шаардлагагүй, гэхдээ илт тодорхой учраас шууд үнэн гэж хүлээн зөв­шөөр­дөг ЗАРЧИМ гэж ойлгож болно. Тодорхой зарчим-аксиомоо гаргаад авбал цааш нь дедукц хийж тухайн шинжлэх ухаан болон теоро­мын талаар дүгнэлт хийх аксиомчлах арга (логик арга) хэрэглэх үүд хаалга эрдэмтэн мэргэдэд нээгддэг ажээ.