XXI зууны 18 дугаар он

Гуравдугаар мянган, XXI зууны шинэ хуудас нээгдсэнээр Монголын хөгжлийн тулгуур үндэс углуургаараа уг нь өөрч­лөгдсөн гэж бид итгэж байв. Мал аж ахуйд түшиглэсэн буурай орон уул уурхай гэх шинэ хөзөр атган  дэлхийн томоохон тоглогчидтэй нүүр тулсны нэг нь Тавантолгойн бүлэг орд.

Тавантолгойг тойрсон үйл явдал

1998 он  
Английн “BHP Billiton” компани тус бүс нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл авсан боловч удалгүй буцааж өгөв. Дараа жил нь “Майн инфо” ХХК тус газарт хайгуулын тусгай зөвшөөрөл авчээ.

2000 он
Ерөнхийлөгч Н.Багабанди, Ерөнхий сайд Ж.Жасрай нар Япон, Америк, Солонгос зэрэг орнуудаас олон төлөөлөгчдийн хамт уурхайтай  танилцав. 

2005 он  
“Майн инфо”, “Алтай трейдинг”, “Моннис”, “Шунхлай”, “Эм-Си-Эс”, “Петровис” зэрэг дотоодын 14 компани хамтран консерциум үүсгэж, “Энержи Ресурс ХХК”-ийг байгуулан тусгай зөвшөөрлийг шилжүүлэв.

2008 он 
С.Баярын Засгийн газар тус орд газрыг төрийн мэдэлд авахаар “Энержи ресурс” компанитай хэлэлцээр хийж Ухаа худгаас бусад талбайнуудыг төрийн мэдэлд шилжүүлэв.

2009 он 
“Энержи ресурс”компани өөрийн эзэмшлийн “Ухаа худаг” уурхайгаас нүүрс олборлож эхлэв. Энэ цагаас эхлэн нүүрс зөөх төмөр зам, түүний цариг маргааны сэдэв эхэлсэн.

2010 он  
Засгийн газраас Тавантолгойн бүлэг ордыг хамтран ашиглахаар стратегийн хөрөнгө оруулагч сонгох уралдаант шалгаруулалт зарлалаа. 15 компани өрөлдөж хураангуй жагсаалтад зургаан компани үлдэв. Америк, Орос, Хятад тунаж Япон, Солонгосчууд гомдож хоцров. Гэвч хэн ч шалгарсангүй. Кэймэний арлуудад бүртгэлтэй “Мongolian Мining Сorporation” хэмээх компани Хонг-Конгийн биржид бүртгэгдэж HK:0975 кодтойгоор хувьцааг нь арилжаалж эхлэв. Энэхүү ММС компани “Энержи ресурс” компанийг 100 хувь эзэмшдэг.  Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчит “Эрдэнэс-тавантолгой” ХК байгуулж, Тавантолгойн бүлэг ордод олборлолт хийх найман тусгай зөвшөөрөл олгов.

2011 он 
Дэлхийн хамгийн том нүүрс экспортлогч байсан Австралийн коксжих нүүрсний гол бүс нутагт үеэр бууж Монголын нүүрс хаданд гарлаа. Засгийн газраас “Эрдэнэс-тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг Монгол Улсын бүх иргэдэд эзэмшүүлэх шийдвэр гарав.  

“Эрдэнэс-тавантолгой”  компани Хятадын төрийн өмчит “Чалко” компанид нэг тонн нүүрсийг 70 ам.доллараар нийлүүлэх гэрээ байгуулж урьдчилгаа төлбөр 350 сая ам.долларыг хүүтэй зээлэв. “Эрдэнэс-тавантолгой” ХК-ийн нүүрсний анхны цуваа Гашуунсухайтын боомтын зүг хөдөлж тухайн жилдээ нэг сая тонн нүүрс экспортлов.

2012 он  
Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам барих ажлыг “Энержи ресурс” компани гүйцэтгэх болж ажлаа эхэлсэн боловч сонгуулийн дараа зогсоож төр буцаан авав. Хэрвээ барьж дуусгасан бол 19 жилийн дараа төрд шилжүүлэх гэрээтэй байлаа. “Чалко”-той байгуулсан гэрээний дагуу авсан мөнгөө сонгуулийн өмнө халамж хэлбэрээр тарааж дуусав.

2013 он  
Ухаа худаг-Гашуун сухайн чиглэлийн төмөр замыг төрийн өмчид “Монголын төмөр зам” компани барихаар болж Чингис бондын хөрөнгөөс 280 сая доллар олгов. Гэвч төмөр замын ажил олигтой ахисангүй. “Эрдэнэс-Тавантолгой” компани 100 сая ам.долларын алдагдалтай ажиллав. 

2014 он
УИХ-аас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 1435 мм буюу нарийн царигтай төмөр зам барихаар шийдвэрлэв. Ингэж зургаан жил үргэлжилсэн маргаанд УИХ цэг тавив. Хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтад хоёр өрсөлдөгч оролцож АНУ-ын “Пибоди энержи” ялагдаж, Монголын “Энержи Ресурс”, Хятадын “Шинхуа энержи”, Японы “Сумитомо” компаниудын түншлэл шалгарлаа.

2015 он
“Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг АТГ-аас шалгаж эхлэв.  “Хүргэн Дэнзэн”-ийн гэгдэх “Говь повер ХХК”-д 4.6 тэрбум төгрөг шилжүүлсэн гэж буруутгажээ. Хөрөнгө оруулагчаар шалгарсан Монголын “Энержи ресурс”, Хятадын “Чайна шинхуа энержи”, Японы “Сүмитомо” компаниудын консерциумтай гурван сарын турш хэлэлцээр хийж гэрээний төсөл бэлэн болсон бөгөөд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан ч дэмжлэг авсангүй.  

2016 он   
Хятадын төрийн өмчит “Чайна Шинхуа Энержи” компанитай хэд хэдэн удаа хэлэлцээний ард суусан ч үр дүнд хүрээгүй. Мөн Тавантолгойн төсөлд оролцох боломжтой үндэсний олборлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл арваад компанийн удирдлагатай уулзав. 

2018 он 
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн 1072 ширхэг хувьцаа иргэдийн нэр дээр бүртгэж, Хөрөнгийн биржид гаргах ажил эхэлсэн талаар тус компаниас мэдээлэв. 

Тавантолгойгоос авах сургамж

Яг энэ үеэс дэлхийн уул уурхайн акулуудын зүгээс баялгаасаа хэдэн арав дахин жижиг эдийн засагтай манай улсын хувьд урьд хожид сонсоогүй их мөнгөний сураг дуулгах болсон юм. Улмаар 18 жил үргэлжилсэн нүүрсний, тэр дундаа стратегийн тодотголтой бүлэг ордуудыг дагасан хэрүүл өнөөдөр ч үргэлжилсэн хэвээр. Сүүлийн таван сонгуулийн өмнө ах намууд Тавантолгойн бүлэг ордыг иргэддээ тэгш хүртээмжтэйгээр, эдийн засгийн эргэлтэд оруулах амлалтыг тоть шиг давтсан ч бодитоор үр дүнгээ өгсөн нь цөөн. Үндсэндээ далд сурталчилгаа болгон бэлэн мөнгө тараах төдийхнөөр аргалж ирсэн. 2012 оны сонгуулийн өмнө Сү.Батболдын Зас­гийн газар “Эрдэнэс-Таван­толгой” компанийн 1072 хувьцааг эзэмшүүлсэн бол Ч.Сайханбилэгийн Засгийн газар өнгөрсөн 2016 оны сонгуульд бэлтгэж “Сайн хувьцаа” нэрийдлээр нэгж хувьцааг нь мянган төгрөгөөр үнэлж, 300 мянган төгрөг тарааж байлаа. Таван­толгойн баялагт эрдэн балаг тарьсан түүх үүгээр дуусахгүй. 2011 онд Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн ордоос БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компанид тонн нүүрсийг 70 ам.доллараар нийлүүлэх гэрээгээр 350 сая ам.доллар зээлсэн байдаг. Гэвч дэлхийн зах зээл дээр нүүрсний ханш өгсч, уруудахыг дагаад “Эрдэнэс-Тавантолгой” компани өр дарах хэрэгслийн үүрэг гүйцэтгэх болсон бөгөөд “Чалко”-д нүүрс нийлүүлэх суурь үнийн маргаан өрнүүлж, өрийн эргэн төлөлт удааширсан. Харин дэлхийн зах зээл дээрх нүүрсний эрэлт нэмэгдэж, ханш нь өссөнөөр зургаан жилийн дараа буюу өнгөрсөн онд Тавантолгой ордыг БНХАУ-ын төрийн өмчит компанийн барьцаа­наас гаргасан юм. Гарахдаа 4-5 жил тасралтгүй нүүрсээ өгөх болзолтойгоор гарсан. Алаагүй баавгайн арьс буюу Тавантолгойг улсаараа хувааж идээд, эцэст нь улсаараа өрийн дарамтад орсон үнэн түүх бол энэ. Гэсэн хэдий ч Монгол Улсын нийт эдийн засгийн 30 гаруй хувийг уул уурхай дангаараа эзэлж байгаа бол экспортын 90 гаруй хувийг энэ салбарын орлого эзэлж буй. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд ДНБ 10 дахин буюу 1000 хувь өссөнөөс харахад, түүхий эдийн наймаанаас бас ч гэж хоосон хоцроогүй бололтой. Судлаачийн зүгээс “Энэ нь монголчууд гэнэт ажилсаг болсон хэрэг биш, ердөө л түүхий эдийн үнэ дэлхий даяар гэнэт өссөнтэй холбоотой” хэмээн дүгнэсэн байдаг. Бас баялгийн эзэд гурван саяулаа  хожих ёстойгоо бүрэн гүйцэт хожоогүй гэдгийг гурван хүн нэг нь ядуу, хүн амын олонхийг бүрдүүлж буй дундаж амьдралтай иргэд ядуурлын төвшин рүү унах магадлалтай талаарх олон улсын байгууллагын судалгааны дүн илтгэнэ. 

Тавантолгойгоос хүлээх боломж

Тавантолгойн орд бол 2.4 сая монгол хувьцааг нь эзэмшдэг “Эрдэнэс-Тавантолгой” компанийн лицензийн талбайд агуу­лагдаж буй сайн чанарын 7.5 тэрбум тонн нүүрс, метан хий тэргүүтэй баялаг. Энэхүү баялаг 400-гаад сая жилийн тэртээгээс үүссэн гэж эрдэмтэд нотолдог ч 100 орчим жилийн өмнө нээн илрүүлсэн эзэд нь нутгийн иргэд болж таардаг. Харин нөөцийг нь тогтоогоод, хувааж хүртэх маргаан 18 жилийн настай. Засгийн газар солигдох бүрт ээлжит хувилбар гарч ирдэг ч УИХ-ын төвшинд дэмжигдэлгүй өнөөдөртэй золголоо. Хуулиараа Тавантолгойг стратегийн ордын жагсаалтад багтаа­сан учраас зөвхөн УИХ л энэ ордын талаарх эцсийн шийдвэрийг гаргах учиртай. Энэ утгаараа Тавантолгойн асуудлыг цогцоор шийдэх шийдлийг 2000 оноос хойшхи Засгийн газруудаас гаргаж,  хөрөнгө оруулагчид өөр өөрсдийн боломжит нөхцөлийг санал болгож байжээ. Гэвч УИХ-ын төвшинд унадаг жишиг гэж хэлж болохоор үйл явц өрнөжээ. Хамгийн сүүлд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ажлуулсан ажлын хэсэг Хятадын төрийн өмчит “Чайна шинхуа энержи” компани тэргүүтэй хөрөнгө оруулагчидтай хэд хэдэн удаа хэлэлцээний ширээний ард суусан. Гэвч Ж.Эрдэнэбатын Засгийн газар Тавантолгойн 49 хувийг 400 сая ам.доллараар Хятадын талд худалдах нууц хэлэлцээ явагдаж байна гэх мэдээлэлд эрх баригчид няцаалт хийснээс өөр тодорхой байр суурь гаралгүй өнгөрсөн. Үүний өмнө Ч.Сайханбилэгийн Засгийн газар уралдаанд шалгаруулалт явуулж, Монголын “Энержи ресурс”, Хятадын “Чайна шинхуа энержи”, Японы “Сүмитомо” компанийн консорциум шалгарсан явдлыг төсөл хэрэгжихэд хамгийн ойр очсон гэж үзэж болно. Тэд “Тавантолгой” төсөлд дөрвөн тэрбум ам.дол­ларын хөрөнгө оруулах санхүүгийн саналаар ялсан.  Гэвч тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд Тавантолгойг ашиглах гэрээг 30 жилээр байгуулж, дахин 30 жилээр сунгахыг ашиггүй гэж үзэн гацаасан. Мөн Н.Алтанхуягийн Засгийн газраас хөрөнгө оруулагчдад туршлагатай үндэсний компани 51 хувийг эзэмшин олон улсын нэртэй компаниудтай баг болж орж ирэх үндсэн нөхцөл тавьсан ч УИХ Засгийн газрыг огцруулснаар төсөл зогссон.  Мөн Сү.Батболдын Засгийн газар Тавантолгой ордыг хөдөлгөх хоёр ч хувилбар гаргасан байдаг. С.Батболдын Засгийн газар 2010 онд Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулах олон улсын тендер зарлав. Тендерт БНХАУ-ын “Шинхуа энержи”, ОХУ-ын “Төмөр замуудын нэгдэл” тэргүүтэй оролцогчид, АНУ-ын “Пибоди энержи”, Люксембургийн “Арселор Металл”, Бразилийн “Вале”, Швейцарийн “Экстрата” шалгараад байсан ч хэлэлцээ үр дүнд хүрээгүй.  Дараагийнх нь ашиглалтын лиценз Монголын “Эрдэнэс-Тавантолгой” ком­панид үлдэх, Хятадын компани 40 хувьд хөрөнгө оруулах, ОХУ-Монголын хамтарсан компани болох “Дэд бүтцийн хөгжил” 36 хувь (18+18), үлдсэн 24 хувийг Америкийн “Пибоди энержи” авах гэсэн хувилбарыг зарласан юм. Энэ хувилбарыг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл дэмжээгүй тул “Экстрата”, “Вале”, “Арселор Метал” Монголоос гарч буйгаа зарлаж байлаа. С.Баярын Засгийн газар 2008 онд мөн л  Тавантолгойн төслийг цогц байдлаар хэрэгжүүлэх уралдаант шалгаруулалтыг олон улсад зарласан. Найман орны 15 том компани, консорциум орол­цохоо мэдэгдсэний дунд Австралийн “Би Эйч Пи” групп, ОХУ-ын гурван компанийн консор­циум, БНСУ-ын КОРЕС консорциум, АНУ-ын “Пибоди энержи” групп, БНХАУ-ын “Шинхуа энер­жи”, Японы хамтарсан нэгдэл, Энэтхэгийн “Жин­дал Стийл энд Поавер”, Бразилийн “Вале” нар сонирхлоо илэрхийлж, танил­цуулгаа хүргүүлсэн ч Оюутолгойн ордын гэрээнд дарагдан намж­сан байдаг. Ийнхүү уралдаанд шалгаруулалт зарлах бүрт дэлхийн топ компаниуд Тавантолгойн ордыг эдийн засгийн хувьд ашигтай гэж үзэн олон тэрбум ам.доллар, төмөр зам  байгуулах санал өгч байжээ. Гэтэл Монголын тал тодорхой шалгаантайгаар болон шалгаангүйгээр татгалзаж байснаар хөрөнгө оруулах сонирхолтой компаниудын тоо шалгаруулалтаас шалга­руулалтын хооронд эрс цөөрчээ. Удаа дараа­гийн уралдаан шалгаруу­лал, хэлэлцээнд хамгийн олон удаа орсон нь Хятадын төрийн өмчит “Чайна шинхуа энержи” компани бөгөөд Монголын талаас Тавантолгойн Ухаахудгийн ордыг эзэмшигч “Энержи ресурс” компани. Тэдний нэр У.Хүрэлсүхийн Засгийн газраас үед сонсог­дож байгаа. Учир нь Засгийн газрын тэргүүн Тавантол­гойн ордыг БНХАУ-ын талтай хамтран хэрэгжүүл­нэ гэдгээ мэдэг­дээд буй. Тавантолгой бүлэг ордыг тойрсон дээрх санал санаачилгын цаана магадгүй Монголыг “нүүрс­ний Эмират” болгох гэрэлт ирээдүй, эсвэл эдийн засгийн алуурчдын “хар нүх” хүлээж ч байж болно. Уг нь Монгол Улс XX зууны төгсгөлд чөлөөт зах зээлийн замыг сонгочихсон. Чөлөөтийн эдийн засгийг зарчмаар  Монгол төр Тавантолгойн төслийн хамтрагчаар аль ч улсын хэнийг ч сонгож болно, гагцхүү Үндсэн хуулийн дагуу ард түмэндээ хүртээлтэйгээр шийдэх боломж бий. Ингэхдээ УИХ-аас Тавантолгойн та­лаар баталсан 2007 оны 27 дугаар болон 2010 оны 39 дүгээр тогтоолыг мөр­дөх, эсвэл цуцлах сон­голт бий. Бас 2000 онд тул­гарч байсан монголчууд баял­гийн хараалд өртөх үү, эсвэл тэнгэрийн умдаг ат­гаад суух уу гэдэг сонголт XXI зууны 18 дугаар онд ч УИХ, Засгийн газрын өмнө тул­гамд­сан асуудал хэвээр байна.