Д.Амарбаясгалан: МАН үндэслэл судалгаатай бодлого дэвшүүлж ажилласны үр дүнд XX зууны Монголыг бий болгосон

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаяс-галангийн МАН-ын 97 жилийн ойн баярын үеэр хэвлэлд өгсөн ярилцлагаас онцлох эшлэлүүдийг нь хүргэж байна.

    Өмнөх дөрвөн жил эрх барьсан, хамтралцсан намууд өнөөдөр энхийн цагаан тагтаа шиг л бүхнийг шүүмжлээд явааг хараад Монголын улстөрчид, намууд шинэчлэгдэх шаардлагатай болжээ гэж боддог. 
    Бид ч гэсэн ингээд өрсөлдөгч намууд руугаа үг шидээд шүүмжлээд байвал чадна. Тэд маань өнгөрсөн хугацаанд ярих хэлэх юм сайн гаргаж өгсөн болохоор бүр ч илүүг чадах байх. 
    Эдийн засаг нь 17 хувийн өсөлттэй байсан улс орныг хүлээж авсан мөртлөө дөрвөн жилийн дараа элгээр нь хэвтүүлчихээд өгсөн улс өнөөдөр “Амьдрал болохоо байлаа, Ардын нам болохгүй байна” гэж яриад байна.
    Сошиал сүлжээний нөлөөгөөр иргэдийн дунд үндсэрхэг хандлага, туйлшрах үзэл газар авч байна гэж Германы улстөрчид үзэж байгаа нь Монголд ч мөн тодорхой хэмжээнд илэрч байгаа юм. 
    Уучлал гуйлаа гээд урьдах гашуун түүх алга болчихгүй. Гэхдээ улс төрийн намуудад ийм ёс зүй байх ёстой. 
    Түүхийн гашуун алдааг таслан зогсоож чадаагүй, хүчин мөхөстсөнийхөө төлөө манай намын үе үеийн удирдлага ард түмнээсээ, хэлмэгдсэн хүмүүс, тэдний үр хойчоос уучлал гуйж байсан. 
    Намууд хамтарч ажиллана гэхээр хуйвалддаг, наймаалцдаг гэсэн ойлголт нийгэмд тогтсон байна. Улстөрчид нь ч, хамтрагчид нь ч, уулзъя, ярилцъя гэхээрээ нэг иймэрхүү сэтгэлгээтэй л орж ирэх. Тиймээс эхлээд энэ хандлагаа өөрчилье. 
    Энэ жилийг бид намын анхан шатны байгууллагуудаа идэвхжүүлэх жил болгон зарласан. Аль болох иргэддээ хүрч, тэднийхээ үгийг сонсдог байхыг хичээж байна.  
    Намын өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж яваа хүний хувьд гарч ирж буй шинэ үе, залуучуудад намаа таниулах, болж өгвөл үйл ажиллагаандаа оролцуулах тал дээр онцгой анхаарах хэрэгтэйг анзаарч байна.
    Манай нам олон зуун мянган гишүүнтэй. Тэдний дотор сайн нь ч, муу нь ч бий. Айл гэрт хүртэл хүүхдүүд нь янз бүр л байдаг биз дээ. 
    Алийн болгон хууль зөрчиж, хуудуутай зүйлд орооцолдчихоод намын нэр дор нуугдах юм бэ. Хууль зөрчсөн, сахилга хариуцлага алдсан бол манай нам лав намын гишүүн гэж онцгойлон өмгөөлж хамгаалахгүй. 
    Нэг Монгол гэдэг шиг нэг л “Эрдэнэт” бий. 
    Одоо нэг зүгт хараад, хамтдаа зүтгэх цаг. Намынхаа 100 жилийн ойг хийсэн ажилтай, хэлэх үгтэй, өөрөөр хэлбэл ялалттай угтах ёстой биз дээ. 
    Намыг сайн сайхан байлгах, эв нэгдлийг хангах зөвхөн намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн ажил биш ээ. Намын нийт гишүүдийн санаа тавих оролцох асуудал. 
    Нэг нь эхлээд уриалаад, бусдыгаа шинэ соёл, шинэчлэлд дуудахгүй бол намуудад хуваагдсан Монгол Улс болчих гээд байгааг нуух хэрэггүй.
    Хуулийн байгууллагуудыг шударга байлгах тал дээр Ерөнхийлөгч илүү анхаарах ёстой юм шиг санагддаг.
    Дөрвөн жил намтай холбоогүй, дөлж зугтах шахам байснаа сонгууль ойртохоор инээгээд хүрээд ирэх бол муухай зан. 
    Товчхондоо, улс төрийн намууд гудамжинд тэмцэгч, нийгмээ хагаралд уриалан дуудагч, хөгжлийг гацаагч нам бус, бодлогын нам болох ёстой.
    МАН үндэслэл судалгаатай тодорхой зорилт, бодлого дэвшүүлж ажилласны үр дүнд XX зууны Монголыг бий болгосон. 
    Дэлхийн улсуудын намын хөгжлийн чиг хандлагыг харахад нам бол хөгжлийн бодлого боловсруулагч институт гэдэг чиглэл рүү явж байна.
    МАН-ын хувьд өнөө маргаашийн ашиг хонжоо, сонгуулийг барим-жаалсан бус судалгаанд суурилсан, алсын хараатай, ирээдүйд чиглэсэн хөгжлийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхийг эрмэлзэж ирсэн.
    Улс төрийн намууд үзэл баримт-лал, үнэт зүйлсээрээ өрсөлддөг, тэндээ тулгуурлаж мөрийн хөтөлбөрөө боловсруулдаг, олныг татдаг тэр жишиг рүү явъя. 
    Шинэ сонгогчид дээр нэмэгдээд 1980-аад оноос хойш төрсөн “millennials” гэж дэлхий дахинд нэрлэгдээд байгаа “шинэ үеийнхэн” орж ирж байгаа.