Орлогын албан татварын 90 хувийг буцааж олгох хуулийн төсөл боловсруулжээ

Европын холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нарын зөвлөлийн хуралдаанаар манай улсыг “Татварын мэдээлэл ил тод биш, татварын асуудлаар хамтран ажилладаггүй орон” гэсэн шалтгаанаар өнгөрсөн нэгдүгээр сард “хар жагсаалт”-даа оруулж байсан.

Энэ талаар тухайн үед Сангийн сайд Ч.Хүрэлбаатар татварын холбогдох хуульдаа өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан гэж тайлбарлаж байлаа. Өөр бусад шалтгаанаар ч мөн Татварын хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй байгаа талаар Засгийн газраас байр сууриа илэрхийлж байсан юм. Тэгвэл эдгээр шаардлагын үндсэн дээр Татварын багц хууль буюу Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн болон Хувь хүний орлогын албан татварын хуулийн төслийг шинэчлэн боловсруулж дууссан байна. Эдгээр хуульд орсон өөрчлөлтүүдээс дурдвал, татварын суурь хууль гэгдэх Татварын ерөнхий хуулийн төсөлд тусгаснаар аж ахуйн нэгжүүдэд эрсдэлийн үнэлгээ хийж эрсдэлтэй өрийг түрүүлж хураах, хэрэв эрсдэлгүй гэдэг нь тогтоогдсон бол татвар төлөгчийг хянаж шалгахгүй ажээ. Түүнчлэн өмнө нь татвар төлөгч татвараа заасан хугацаанд нь төлж чадаагүй тохиолдолд аж ахуйн нэгжийн банкин дахь харилцах дансыг хаах, хоёр сарын хугацаанд төлөх зэрэг албадлагын арга хэмжээ авдаг байсан. Үүнийг өөрчилж татвар төлөгч өөрөө татвараа цаашид бүрэн төлөх боломжтойгоо нотолсон тохиолдолд өр төлөх хугацааг 24 сар болгож өөрчлөх санал орсон аж. Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулиар аж ахуйн нэгж орлого, зарлагаа жилд дөрвөн удаа тайлагнаж, 10 хувиар татвар төлдөг байсан юм. Ингэхдээ томоохон үйлдвэр, жижиг аж ахуй нэгж ялгаагүй нэг ижил маягтаар орлого, зарлагаа тайлагнадаг байна. Энэ ялгааг арилгахын тулд жилийн борлуулалт нь 50 сая төгрөгөөс доош аж ахуйн нэгж өөрийн хүсэлтээр жилд нэг удаа тайлангаа гаргаж, нийт орлогын нэг хувиар татвар төлөх боломж олгох гэнэ. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын ногдол ашгийн орлогод 20 хувийн татвар суутгадаг байсныг таван хувь болгохоор хуулийн төсөлд тусгажээ. Барилга байгууламжийн элэгдэл хорогдлын шимтгэлийг тооцох хугацааг 40 жил байсныг 25 жил болгоно гээд олон өөрчлөлт оруулахаар зэхсэн аж. Хамгийн гол нь өндөр татвартай, хүнд сурталтай системийг илүү хөнгөн, хялбаршуулсан болгож өөрчилсөн талаар өчигдөр болсон “Татварын хуулийн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлж байсан юм. Засгийн газар хуулийн төсөлд нэмэлт санал авах зорилгоор иргэд аж ахуйн нэгжүүдийг хамруулсан өргөн хэмжээний хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаад 350 гаруй бизнес эрхлэгчдийг хамруулан, хуулийн шинэчлэлийн талаар хэлэлцэж буй нь энэ юм. 

У.Хүрэлсүх: Бид шударгаар бизнес эрхлэгчдийг дэмжин татварын зардлыг бууруулахыг зорино
Хэлэлцүүлгийн эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын Засгийн газар бизнес эрхлэхэд ээлтэй, ажлын байр бий болгоход чиглэсэн, тэгш шударга татварын орчныг бий болгохыг зорин ажиллаж байна. Энэ хүрээнд бид шударгаар бизнес эрхлэгч, сайн татвар төлөгчийг дэмжин татварын зардлыг нь бууруулахыг зорино. Харин төлбөл зохих татвараас зайлсхийдэг, шударга бусаар өрсөлддөг этгээдүүдтэй хатуу тэмцэх зарчмыг баримтлах болно.Хийж бүтээе гэж зүтгэж байгаа хэнийг ч болов төрийн аливаа хууль бус дарамт шахалтаас өмгөөлөн хамгаална. Энэ удаагийн Татварын хуулийн шинэчлэлээр татвар нэмэхгүй гэдэг амлалтаа биелүүлж, харин ч зарим нэр төрлийн татварыг бууруулж байгаа гэдгийг онцлон хэлье” гэсэн юм. Мөн Засгийн газар жижиг, дунд бизнесийг дэмжин, бизнесийн цар хүрээг тэлэхэд дэмжлэг болоход онцгой анхаарч хуулийн төслийг шинээр боловсруулсан гэдгийг онцлон хэлж байв. Тиймээс ч “Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг салбар харгалзахгүй буцаан олгохоор хуулийн төсөлд тусгаад байна” гэж байлаа. 

Цахим сүлжээгээр мэдээллээ солилцох хэрэгтэй гэв
Татварын хуулийн шинэчлэлийн талаарх ерөнхий танилцуулгыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийсний дараа иргэд, бизнес эрхлэгчид хуулийн төсөлтэй холбоотой санал хүсэлтээ илэрхийлэв. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн н.Мөнхзул хуулийн төслийн шинэчлэлд дэвшилттэй заалтууд олон байгаа ч асууж, тодруулах заалтууд багагүй байгааг хэлэв. “Шинээр аж ахуйн нэгж байгуулахад Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлдэг бол шинэ хуулийн төсөлд Татварын газарт давхар бүртгүүлэх талаар заажээ. Мэдээлэл, харилцаа холбоо хөгжсөн үед заавал хоёр газарт материал бүрдүүлэх шаардлага байна уу. Цахим сүлжээгээр мэдээллээ солилцох хэлбэр рүү шилжих шаардлагатай” гэв.