“Жаст”-ын Ш.Батхүүгийн зургаан тэрбумын векселийн хэргийг шүүнэ

Эрдэнэт үйлдвэрийг 100 сая долларын төлбөрт унагаж, хувь хүнээс зээлсэн 51.5 тэрбум төгрөгөө Төрийн банкаар төлүүлэхээр болоод байгаа “Жаст”-ын Ш.Батхүүгийн холбогдох бас нэгэн хэргийг энэ долоо хоногт Баянгол дүүргийн шүүхээр шийдэх гэж байна.

Энэ нь Улаанбаатар төмөр зам болон “Жаст” группийн хоорондын нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэхээс үүссэн 10.5 сая долларын үнэ бүхий векселийн хэрэг юм. Энэ хэргийг эргэн сануулахад, 2013 оны нэгдүгээр сард УБТЗ-д “Жаст” группээс нийлүүлсэн нефтийн бүтээгдэхүүн, үнийг хоёрдугаар сарын 15-нд тооцоо нийлснээр 10.5 сая долларын авлагатай гэсэн акт үйлдсэн байдаг. Ингээд УБТЗ гурав хоногийн дараа тус бүр нь дөрвөн мянган долларын үнэтэй хоёр ширхэг вексель, хагас сарын дараа 2.5 сая долларын үнэтэй вексель буюу нийт 10.5 сая долларын вексель “Жаст”-д бичиж өгсөн байдаг юм. Харин эхний хоёр векселийг “Жаст” тухайн үеийн “Хадгаламж” банкинд худалдаж УБТЗ-аас авах авлагаа барагдуулсан байдаг нь баримтаар нотлогддог. Ингэснээр УБТЗ-аас төлбөр төлөхийг шаардах эрх нь “Хадгаламж” банкинд үүссэн юм. Энэ үйл явдлаас удалгүй “Хадгаламж” банк өөрийн хөрөнгийн хүрэлцээгүй болж Монголбанкны ерөнхийлөгчийн шийдвэрээр Төрийн банкинд нэгтгэсэн. Ингэхдээ “Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ”-гээр энэхүү векселийн төлбөр нь Төрийн банкинд шилжиж иржээ. Үлдсэн векселийн төлбөрийг УБТЗ Төрийн банкинд төлөхөөр эрх шилжсэн боловч “Жаст” групптэй хуйвалдсан байж магадгүй хэрэг үүсээд байгаа билээ. Уг нь үлдсэн векселийн төлбөрт УБТЗ 6.6 тэрбум төгрөгийг Төрийн банкинд төлөх ёстой юм. Гэсэн ч УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг энэ мөнгийг төлөхгүйн тулд векселийн төлбөрийн харилцаанд хамааралгүй болсон “Жаст”-ыг хариуцагчаар татан шүүхэд гомдол гаргаж байсан билээ. “Жаст” групп ч мөн векселийн төлбөрийн харилцаанд хамааралгүй болсон байж, УБТЗ-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч үгсэн хуйвалдах замаар олон жил эл хэргийг сунжруулж буй юм.