Манай нийтлэлийн баатрууд буюу “Ховорхон хувь тохиолын эзэд”

“Үндэсний шуудан” сонины өнгөрсөн жилүүдэд хийж бүтээсэн олон сайхан гэгээлэг үйлсийн нэг нь ховорхон хувь тохиолын эзэд болох Д.Энхтөрийн гэр бүлийг байртай болгосон явдал юм. Байртай болгох санаачилга гаргаснаас хойш өдөр бүр сайхан мэдээ сонсч, түүнийг нь дуулгах бүртээ хязгааргүй баярлаж, хамтдаа сураг ажиг тавин байрандаа орох өдрийг нь хоног тоолон хүлээж байсан жаргалтай өдрүүд саяхан мэт санагдавч хэдийнэ дөрвөн жил өнгөрчээ. Хайр, инээдээр бялхсан тэр л өдрүүдэд “Амьдрал ийм л сайхан” гэдэг үгийг хэмжээлшгүй олныг хэлснээ тодоос тод санаж байна. Манай сонины хувьд Д.Энхтөрийн гэр бүлийг байртай болоход холбох гүүр нь болж, байртай болох санаачилгыг эхлүүлсэн ч Д.Энхтөрийн гэр бүл өөрөө гайхалтай хувь тавилангийн эзэд учраас тэдний маань олон жилийн мөрөөдөл богинохон хугацаанд биеллээ олсон гэдгийг тодотгох хэрэгтэй. Ингээд ховорхон тохиолын эзэд болсон Д.Энхтөрийн гэр бүлтэй хамтдаа туулсан өдрүүдийг эргэн нэг сануулъя.

2010.04.27

Манай сонин Д.Энхтөрийн гэр бүлийг байртай болгох санаачилгыг 2014 онд эхлүүлсэн. Харин бидний гэгээн учрал түүнээс өмнө эхэлсэн гэдгийг шинэхэн байрандаа нүүж орсных нь дараа мэдэж авсан билээ. Тодруулбал, шинэ байрандаа нүүж ороод байхад нь сурвалжлагаар очихдоо зургийн цомгоос нь сэтгүүлч Д.Пүрэвсүрэнгийн “Хүмүүс” буланд бэлтгэж байсан “Зургаан жилийн дотор зургаан ихэр төрүүлсэн ээж” нийтлэлийг олж авсан билээ. 

2014.10.01

Намрын анхны цас бударч байсан есдүгээр сарын сүүлийн өдөр Д.Энхтөрийн гэр бүлийг зорин очиж “Ц.Ундрах: Над шиг дөрөв төрөхдөө найман хүүхэдтэй болсон тохиолдол Монголд байхгүй” хэмээх сурвалжлагаа бэлтгэн хүргэсэн юм. Энэхүү сурвалжлага нь Д.Энхтөрийн гэр бүлийг орон сууцтай болгох санаачилгын эхлэл болно хэмээн  тухайн үед хэн ч төсөөлөөгүй. 

2014.10.03

2014 онд манай сонины ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан Г.Отгонбаяр “Дөрөв төрөхдөө дандаа ихэрлэсэн ховор хувь заяа” нийтлэл бичсэн нь олонд хүрч, энэхүү нийтлэл гарсан өдрөөс хойш баярын мэдээ тасраагүй. Тэрбээр энэхүү нийтлэлдээ “Нарт ертөнцөд эрдэнэт хүний биеийг олж төрөхийг сая ширхэг арвайг агаарт цацахад ганц нь л зүүний үзүүрт тогтохтой адилтган зүйрлэдэг. Азаар олж авсан энэ их хувь заяаныхаа эзэн байх, өөрөө өөрийнхөө амьдралын гол дүр болж явах эсэх нь тухайн хүнээс л шалтгаалдаг. Энд дөрөв төрөхдөө дөрвүүлэнд нь ихэрлэсэн ховроос ховорхон хувь заяатай нэгэн гэр бүлийн тухай өгүүлнэ. Дөрвөн төрөлтийн найман ихэр зөвхөн Б.Энхтөрийн гэр бүлд бус, Монголд, монголчууд бидний дунд ирсэн бурхны ховорхон бэлэг. Иймд байгаа боломждоо тааруулан бусдаас гуйхгүй, үрс нь ээж аавынхаа хайранд өлгийдүүлэн, эцэг эх нь ихрүүдийнхээ инээдээр эрч хүч нэмэн амьдралын төлөө зүтгэж байгаа тэдэндээ, энэ гэр бүлд тусалъя. Энэ онцгой тохиолыг илүү гэр бүлсэг, илүү монгол ахуйтай Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч ойлгон тусална гэж найдъя. Өөрөө олуулаа өсч, одоо олон хүүхэд өсгөж байгаа өндөр аав, Монгол төрийн тэргүүн Ц.Элбэгдорж танаас дөрвөн төрөлтийн найман ихрийн арван халуун амь амьдрал, байртай болоход туслахыг гуйж байна. Монголчууд бид ингэ ихэрлэхэд улсын Ерөнхийлөгчид албан ёсоор мэдэгдэж ихэр ботгыг нь мөнгөн буйлаар буйлдаг уламжлалтай. Бараг төрийн зарлигтай. Тэгвэл малаасаа дор хувь заяатай монгол хүн гэж байж болохгүй. Дөрвөн удаагийн найман ихэр үрстээ Монголын төр байр өгч яагаад болохгүй гэж. Нутгийн зөвлөлүүд бөх, мориор монголчуудаа талцуулдаг бол ихэр төрүүлдэг ээж Ц.Ундрах өөртөө заяасан ховор генээр Монголдоо хүн нэмж байна. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэдэг том утгаараа эдийн засаг өснө, эх орон хөгжинө өө л гэсэн үг. Амьдралд хайртай энэ гэр бүлийг амьдрал өөрөө шагнана аа. Амьдрах байртай болоход нь л туслаач, Ерөнхийлөгч өө” хэмээн бичиж ихрүүдийг байртай болгох эхлэлийг тавьсан юм. 

2014.10.06

“Ц.Ундрах: Над шиг дөрөв төрөхдөө найман хүүхэдтэй болсон тохиолдол Монголд байхгүй” сурвалжлага, “Дөрөв төрөхдөө дандаа ихэрлэсэн ховор хувь заяа” нийтлэл гарсны дараа тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун нарт ихрүүдийн тухай мэдээ дуулдаж, байртай болгох ямар боломж бий талаар судалж буйгаа бидэнд дуулгасан юм. 

2014.10.08

Ихрүүдийн холбооны тэргүүн Ч.Үржинбадам “Ийм сайхан гэгээлэг ажил сэдэж хэрэгжүүлж байгаад холбооныхоо нэрийн өмнөөс болон хувиасаа танай сонины хамт олонд талархаж байна. Холбооны зүгээс яаж дэмжих, хамтрах ёстой, тэр бүгдэд бид оролцож дуу хоолойгоо нэмнэ шүү” хэмээсэн.  Харин гэрийн эзэн Д.Энхтөрөөс өмнө энэ гэр бүлд байр олгохыг хүсч НЗДТГ-т өргөдөл өгсөн, Сүхбаатар дүүргийн VII хорооны оршин суугч У.Доржпалам гуай “Үндэсний шуудан” сонин дээр гарсан ярилцлага нийтлэл болоод энэ гэр бүлд байр өгөхөөр болсон гэх мэдээг уншаад өөрийн эрхгүй баярлаж танай редакцид хүрч ирлээ. Холбогдох хүмүүс энэ азтай гэр бүлд хурдхан шиг л байр өгөөсэй гэж хүсэх байна” хэмээн ярьсан юм.

2014.10.09

Өрхийн тэргүүн Д.Энхтөр “Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайтай сая уулзлаа. Байрны асуудал нааштайгаар шийдэгдсэн гэдгийг албан ёсоор хэлсэн. Би бөөн баяр гарч ирлээ” хэмээн сайхан мэдээ дуулгасан юм.   

2014.10.28

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун нар орон сууцны түлхүүр, байрны гэрчилгээг гардуулж, манай нийтлэлийн баатрууд нийслэлийн 375 жилийн ойн босгон дээр байрныхаа түлхүүрийг гардсан юм. 

2014.10.31

Ихрүүдийн аав, ээж Д.Энхтөр, Ц.Ундрах нар манай редакцид ирж баярлаж талархсанаа илэрхийлэв. Анхны сурвалжлага хүргэснээс хойш нэг сарын хугацаа өнгөрөхөд тэд маань зургаа, долоон жилийн турш хөөцөлдөөд авч чадаагүй байрны түлхүүрээ гардсан юм. Ихрүүдийн гэр бүлд байр олгосон нь тухайн долоо хоногийн халуун сэдэв байж, нүдээ олсон шагнал хэмээн бүр ам булаалдан ярихыг харах бидэнд ч гэсэн хамгийн сайхан мэдээ байсан билээ.   
 

2014.12.23

Нийтлэлийн баатрууд маань шинэхэн байрандаа нүүж орсон сургаар дахин зочлов. Ихрүүд “Сонины ах эгч нар ирлээ” хэмээн дотноор хүлээн авсан бол харин бид “Чамайг хэн гэдэг вэ” үеэ хэдийнэ өнгөрөөж “Сүлдээ, Гэгээ  сайн уу, Цэцлэн, Цэцэглэн ээждээ тусалж байна уу, Тэмүжин,  Тэмүгэ дүүгээ харж байна уу” гэсээр уулзалдсан билээ. Шинэхэн гэрт нь зочилж, анхны бэлгийг нь гардуулчихаад  буцаж байх замд тэдний минь жаргалтай инээд, баяр хөөр, цангинасан дуу хоолой, өхөөрдөм инээмсэглэл нүдэнд харагдаж “Манай сонины санаачлан эхлүүлсэн ажил хэчнээн гэгээн, гайхам байсан юм бэ” хэмээн үгээр илэрхийлэмгүй их баярлаж байв.

“Ховорхон хувь тохиолын эзэд” Д.Энхтөрийн гэр бүлийнд эргэн зочиллоо. Дөрвөн жилийн тэртээх өдөр тэднийд зорин очиход намрын анхны цас бударч байсан бол энэ удаад хавар эртийн цас бударч байв. Дөрвөн жилийн өмнө хэдхэн сартай байсан хамгийн бага ихрүүд цэцэрлэгийн эгч нар болж, том ихрүүд нь цаг минутаар өссөн мэт том болцгоожээ. Ц.Ундрах эгч хэзээний намбалаг аашаараа “Та хэд минь хүрээд ирэв үү” хэмээн угтаж, Д.Энхтөр ах гэр бүлийн сонин сайхнаасаа хуучлав. 

Том ихрүүд тусад орж, аав ээжийгээ ачилж байна

Д.Энхтөр ах “Бага хоёр цэцэрлэгт орсон. Томууд бүгд сургуульдаа. Гэгээ, Сүлдээ хоёр зургадугаар ангид орж дунд ангийн том ах, эгч болсон. Гэгээ, Тэмүжин, Тэмүгэ гурав жүдо бөхийн секцэнд явж байгаа. Бид хэд тус тусынхаа албанд завгүй гүйгээд л байна даа” хэмээн хуучилж эхлэв. Харин Ц.Ундрах эгч “Том ихрүүд тусад ороод бид хоёрын ачаа нэлээд багассан. Ажил тарахтай зэрэгцээд бага ихрүүдээ сургууль, цэцэрлэгээс нь авах гэж яардаг байсан бол одоо дөрвөн том маань хоёр, хоёроороо ээлжлээд дүү нараа авчихдаг болсон. Цэцэглэн, Цэцлэн хоёр том болж, орой ирэхэд халуун цай хоолоо бэлтгэчихсэн байдаг. Би хааяа л нэг хоол унданд ойртоно. Түүнээс бусад үед ер нь л гал тогоонд ойртохоо больсон” хэмээн өдрөөс өдрөөс тусад орж байгаа хүүхдүүдээрээ бахархан ярив. Том ихрүүд нь хоол ундаа ээлжлэн хийж, дүү нараа сургууль цэцэрлэгт нь хүргэж өгч, авч байгаа бол багууд мөн л хоёр хоёроороо ээлж болж, аяга тавгаа угааж, гэрээ цэвэрлэхэд тусалдаг гэнэ. Анх биднийг сурвалжлагаар очиход  Ц.Ундрах эгчийн нэг өдөр өглөөний 06.00 цагт эхэлж, шөнийн 01.00 цаг хүртэл үргэлжилдэг тухай хуучилж байсан. Үүрээр 06.00 цагт бага ихрүүдээ хөхүүлэн өглөөг эхлүүлж, дараа нь сургуулийн хүүхдүүдээ хичээлд нь хүргэж өгнө. Харин үдээс хойш нь хүүхдүүдээ сургуулиас нь авч, оройн хоол, гэрийн даалгаврыг нь хийлгэж, маргаашийн хичээл сургуульд нь бэлтгэсээр шөнийн 01.00 цагт амардаг тухайгаа хуучилж байсан юм. Тэгвэл одоо хүүхдүүд нь тусад орж, аав, ээжийгээ ачлах болжээ.
Гэхдээ хүүхдүүд өсөхийн хэрээр хэрэглээ нь нэмэгдэж байгаа талаар ч ярив. Хүүхдүүд том болохоороо хувцас элээх нь ихэсч, бага байхдаа ах, эгч нарынхаа хувцсыг хэл үггүйхэн  өмсдөг байсан бол одоо “Ах энэ хувцсыг чинь хоёр жил өмссөн. Би ахиад хоёр жил өмсөх юм уу, өмсөхгүй” хэмээн зөрүүдэлдэг болжээ.  Д.Энхтөр ахаас “Гэгээ, Тэмүжин, Тэмүгэ гурвыг жүдо бөхийн секцэнд явуулдаг болсон гэсэн. Мэргэжлийн тамирчин болгох уу” гэхэд “Амжилт гаргаад байвал тамирчин болгохгүй гэж хэлэхгүй. Бие бялдарт нь анхаарч, секцэд явуулж эхэлсэн” гэсэн юм. Уг нь бүгдийг нь секц, дугуйланд хамруулах хүсэлтэй ч цаг зав болоод санхүүгийн боломжоос шалтгаалан чадахгүй байгаагаа ярив. Тэрбээр “Сүлдээ тоондоо сүрхий. Хэл юм уу математикийн дугуйланд сургахыг бодож байгаа. Цэцлэн, Цэцэглэн хоёрыг Монголын оюун ухааны академид явуулж байсан. Суралцаж байсан хүүхдүүдээс шалгалт авахад I, II байрт орж байсан. Дараа улиралд нь урамшуулалтай сургасан ч үргэлжлүүлэн сургаж чадаагүй” гэв. Мэдээж арван хүний хэрэглээг хоёр хүний цалингаар болгоход хэцүүхэн байдаг биз. 
Д.Энхтөр: Байрандаа орчихоод хэсэгтээ итгээгүй шүү. Айлд байгаа юм шиг санагддаг байлаа

Д.Энхтөр ах анх байрандаа орсон мөчийг эргэн дурсахдаа “Сонинд нийтлэл гарснаас хойш санаанд оромгүй хурдан байртай болсон. Г.Отгонбаяр эрхлэгчийн нийтлэл гарч, төр засгийн өндөрлөгүүдэд маш хурдан мэдээлэл хүрсэн. Нийтлэл гарснаас хойш 26-хан хоногийн дараа байртай болсон. Байрандаа анх орчихоод нэг хэсэгтээ л итгэхгүй, эвгүй байсан. Айлд байгаа юм шиг санагдах үе олон байсан шүү” хэмээн инээв. Харин Ц.Ундрах эгч “Биднийг байртай болоход ажлын газрынхан, хамаатан садан, эргэн тойрны бүх хүн бидний өмнөөс их баярласан. Ажлынхан маань өөрсдөө байртай болсон шиг л баярлаж, “Байрандаа орсон сайхан байна уу”, “Та нарын өмнөөс үгүй ээ мөн их баярлаж байгаа шүү” хэмээн өөрсдөө баярлах нь их сайхан санагдаж байсан” гэлээ. Тэд өмнө нь хүүхдүүдээ гэртээ үлдээхдээ “Даарч байгаа болов уу” гэж санаа зовдог байсан бол одоо сэтгэл амар үлдээдэг болсон гэнэ. Тэд “Олон хүний тус дэмээр сайхан байртай болсон болохоор хүүхдүүддээ хичээлээ сайн хийхийг л захиж байна даа” хэмээн хуучлав.
Д.Энхтөрийн гэр бүл бол Монголдоо үлгэр жишээ болохуйц олон сайхан гэр бүлийн нэг яалт ч үгүй мөн. Тиймээс бид гэр бүлийн үнэ цэн болоод хүүхдүүдээ өсгөх арга барилынх нь талаар цөөн хором ярилцлаа. 
-Та хоёрын бодлоор гэр бүлийн үнэ цэн юун дээр тогтдог гэж боддог вэ?
Д.Э-Хүлээцтэй байдал хамгийн чухал гэж боддог. Би их яаруу бол харин манай гэр бүлийн хүн их тайван. Хэрвээ хань маань хүлээцгүй байвал бидний гэрт хэрүүл маргаан гарч магадгүй байх. Харин гэр бүлийн хүн маань уужуу тайван, дөлгөөн болохоор аливаа асуудлыг хэт дэвэргэлгүй шийдчихдэг. Гэхдээ гэр бүлийн хоёр нэг нь нэгийгээ нөхдөг юм шиг. Хоёулаа яаруу эсвэл тайван бол бүтэхгүй шиг санагддаг. 
Ц.У-Бие биедээ итгэх итгэл, хүндлэл дээр л тогтдог болов уу гэж боддог. 
-Хүүхдүүддээ юуг чухалчлан захидаг вэ. Хамгийн чухалчилж захидаг сургаал тань юу вэ? 
Д.Э-Хүүхдүүддээ эрдэм ном сайн сур, хүнлэг бай, хүн чанартай бай гэж сургадаг. Бас их эрдэм номтой байлаа ч гэсэн хүмүүжилгүй бол үүнээс дор гэж сургадаг.  
Ц.У-Ахмад хүмүүсийн үг сонс, худлаа битгий хэл, цаг заваа зөв зүйлд зарцуул, зөв л хүн болоорой гэж сургадаг. Гэхдээ манай хүүхдүүд ер нь даруулгатай. Эцэг эхчүүд сургахаасаа илүүтэй үлгэр дууриалал үзүүлэх хэрэгтэй шиг санагддаг. Манай хүн муу зуршилгүй болохоор хүүхдүүд маань ч гэсэн хүмүүжилтэй байдаг шиг санагддаг. 
-Та хоёр маань залуу гэр бүлд хандаж юу гэж захих вэ?
Д.Э-Залуучуудын ярьж байгааг сонсохоор ганц хоёр хүүхэдтэй болчихоод л ахиж хүүхэд гаргахгүй гэдэг. Манай ажлын залуус “Та хоёр яаж болгодог байна. Бид ганц, хоёроо л барахгүй байна шүү дээ” гэдэг байсан бол одоо өөрчлөгдөж олуулаа болох тухай ярьдаг болсон. Жишээлбэл, “Найман хүүхэдтэй та хоёрын дэргэд дөрвөн хүүхэдтэй би юугаа ярих вэ. Одоо дахиад хүүхэдтэй болно оо” гэдэг болсон. Цөөн хүүхэдтэй залуус биднээс урам зориг авдаг байх гэж заримдаа баярладаг. Залуустаа хандаж  “Олон хүүхэдтэй, өнөр өтгөн айл болоорой” гэж хэлмээр байна. 
Ц.У-Би ажлынхаа залуу охидод “Залуу байхдаа ойр, ойрхон хүүхэд төрүүлээд ав” гэж хэлдэг. Охиддоо ч ингэж захидаг. 40 нас гарсан хойноо төрөхөд үнэхээр их ядардаг юм билээ. Хоёр багыгаа би 41-тэйдээ гаргасан. Нэлээд ядарч, турснаа телевизээс сүүлд нь анзаарсан. Ер нь залуустаа хандаж хэлэхэд “Ганц хоёр хүүхдээр яах вэ. Залуу байхдаа олон хүүхэдтэй бол” гэж л хэлмээр байна даа гэв. 
Биднийг явах мөчид тэд “Манай гэрт дахин зочилсонд баярлалаа. Биднийг байртай болоход тусалсан “Үндэсний шуудан” сонины хамт олон, хотын захиргаа, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг, өндөр настан У.Доржпалам гээд бүхий л хүмүүст баярлаж талархсанаа илэрхийлье. Та бүхний дэмжлэгээр өдий зэрэгт хүрсэн шүү” хэмээснийг сониноороо дамжуулан хүргэхийг хүссэн юм.