О.Насанбурмаа: Гурван өөр жинд тивийн аваргаас дөрвөн медаль авсандаа баяртай байна

Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын эмэгтэй тамирчид эх орондоо ирлээ. Тэд ийн яарч ирсэн шалтгаан нь хэдхэн хоногийн дараа Японы Токио хотноо болох эмэгтэй багийн дэлхийн цомын тэмцээнд оролцохоор бэлтгэлдээ гарах байв. Эмэгтэй багийнхан Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд буусан даруйдаа хэвлэлийнхэнд тэмцээнийхээ талаар мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр гавьяат тамирчин О.Насанбурмаатай цөөн хором ярилцлаа.

-Азийн аваргаас хоёр дахь мөнгөн медалиа авсанд баяр хүргэе. Та яг одоо барилдаж буй эмэгтэй бөхчүүдээсээ ти-вийн аваргаас хамгийн олон медальтай болж байна. Ингэхдээ гурван өөр жинд медальтан бол-но гэдэг амаргүй байж таараа?
-Баярлалаа. Энэ миний дөрөв дэх медаль. Анхны медалиа 2004 онд Японы Токиод болсон Азийн авар-гаас авч байлаа. Тэр нь хүрэл. Тэгэхэд би 63 кг-ын жинд барилддаг байж. Анхных болоод ч тэр үү их сайхан санагддаг юм. Тэгээд түүнээс хойш дөрвөн жилийн дараа медалийнхаа өнгийг хувиргаж мөнгө болгосон. Үүнээс хойш таван жилийн дараа буюу 2013 онд Энэтхэгийн Шинэ Делид болсон тэмцээнд 67 кг-д аварга болсон. Өмнө нь Азийн аваргад түрүүлж үзээгүй болохоор төрийн дууллаа сонсоод өөрийн эрхгүй сэтгэл хөдөлсөн. Ер нь тэр жил их хийморьтой байлаа. Азийн аваргад түрүүлж, дэлхийн аваргаас гурав дахь хүрэл медалиа аваад зогсохгүй эх орондоо болсон дэлхийн цомд үзэгчдийнхээ өмнө мөнгө медаль зүүсэн. Азийн аваргад түрүүлснээсээ хойш яг таван жилийн дараа дахиад финалд шалгарлаа. Энэ удаад 72 кг-ын жинд барилдаж мөнгөн медалийн эзэн болсон. Маш их баяртай байна. Эмэгтэйчүүд маань багаараа дэд байр эзэллээ. Энэ нь хэдхэн хоногийн дараа Токиог зорьж дэлхийн цомд оролцох гэж буй манай багийнханд маш их урам өгсөн гэж бодож байгаа. 
-Алтан медалийн төлөөх барилдаанд ялах боломж байсан уу. Тэмцээн дууссаны дараа барилдааныхаа агуулгад дүгнэлт хийв үү?
-Мэдээж барилдаан бүрийн дараа алдаа оноогоо ярилцдаг. Ер нь бол байсан. Гэхдээ нэгэнт тэмцээн дууссан учраас энэ тухай яриад яах вэ. 
-"Нэг хэсэг уналтад ороод байсан Хятадын эмэгтэйчүүдийн барил-даан эрс сайжирчээ" гэж сонирхогчид дүгнэж байна. Тантай аваргын төлөө барилдсан хятад тамирчны талаар юу хэлэх вэ?
-Маш сайн тамирчин. Үнэхээр тэдний барилдааны агуулга, ур чадвар эрс дээшилсэн байгаа нь сая тэмцээнээр харагдлаа. Үүний тод жишээ нь хятадууд Азийн аваргад багаараа түрүүлж чадсан. Түрүүлэхдээ 185 оноогоор тасархай түрүүлж байна. Тус улсаас найман тамирчин ирж зургаан алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай буцлаа. Энэ бол тэдний сайжирсныг илтгэх үр дүн байх. Нэг ёсондоо долоон бөх финалд гарч ирэхэд нэг нь л ялагдсан. Хятадыг ялсан ганц бөх нь манай П.Орхон. 
-Хэдхэн хоногийн дараа Токиод эхлэх дэлхийн цомд манай баг Хятадын шигшээтэй нэг хэсэгт багтсан. Нэлээд сонирхолтой өрсөлдөөн гарах нь дээ?
-Дэлхийн цомд шилдгүүд оролцдог учраас өрсөлдөөн бүхэн сонирхолтой, өрсөл-дөгч бүхэн хүчтэй байх нь ойлгомжтой. Манай багийн дасгалжуулагч нар хятадуудтай хэрхэн барил-дах тактикаа боловсруулж байгаа байх.  
-2018 онд хэр олон тэмцээнд оролцох төлөв-лөгөөтэй байгаа бол?
-Эхлээд дэлхийн цомд оролцоно. Бид дэлхийн цомоос гурав дахь медалиа авах зорилготой. Цаашлаад алтан медаль авахын төлөө хичээх болно. Мөн дэлхийн аваргад барилдах байх. Шигшээ багаас, дасгал-жуулагч нарын гаргасан төлөвлөгөөний дагуу л тэмцээндээ оролцоно доо.