Асасэкирюү үсээ авахуулж, дэвжээ тэргүүлэх болов

Японы мэргэжлийн сүмод хөл тавьсан анхны монгол сүмочдын нэг Асасэкирюү Б.Дашнямын зодог тайлах ёслол Токио хотын “Рёогокү Кокүгикан”  ордонд боллоо. Ёслолын арга хэмжээнд Асасэкирюү Б.Дашнямын аав, ээж, эхнэр, хүүхдүүд гээд гэр бүлийнхнээс нь гадна сүмогийн аваргууд, мөн зодог тайлсан ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж тэргүүтэй 300 орчим зочин төлөөлөгч оролцжээ.

Сүмогийн зодог тайлах ёслолын хамгийн оргил хэсэг болох үс хөндөх ёслолыг аваргууд үйлдэж,  Асасэкирюүгийн үсэнд хүрсэн байна. Сүмод зодоглосон 20 жилийн замналаа ийнхүү төгсгөсөн “Өглөөний улаан луу” цаашид сүмогийн ертөнцдөө үлдэж, ояката болох юм. Өдгөө 37 настай тэрбээр дэвжээ толгойлохын тулд иргэншлээ сольж, өнгөрсөн дөрөвдүгээр сард Японы иргэн болсон билээ. Түүний хувьд цаашид Нишикижима ояката нэр авч, ижил нэртэй дэвжээг тэргүүлэн ажиллах аж. Асасэкирюү Б.Дашням 1997 онд Японд очиж, сүмод хөл тавьсан. Улмаар 2000 оны нэгдүгээр сарын башёд сүмогийн дэвжээнд гарч, 2003 оны хаврын башёгоос макүүчи зиндаанд дэвшин барилдах болсон юм. Дээд зиндаанд 57 башё барилдахдаа тусгай шагнал таван удаа хүртэж, сэкиваки цолонд хүрсэн нь түүний оргил амжилт. Гэвч 2016 оны кюүшюү башёд макүшитад унах хүртэл амжилт нь буурч, цолтой бөхчүүдийг тодорхойлдог сэкитори гэх статусаа алдсан билээ.

Какүрюү мэс засалд оров
Японы мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх аварга Какүрюү нэгдүгээр сарын башёг 11 даваатайгаар өндөрлүүлсэн. Эхний 10 өдрийн дараа башёг ганцаараа түрүүлж байсан ч дөрвөн өдөр дараалан унаснаар гүрж залууд түрүүгээ алдсан. Түүнийг сүүлийн өдрүүдэд нэг мэхээ олон давтаж, тааруу барилдлаа гэх шүүмжлэл дагаж байв. Тэгвэл Какүрюү башёгийн ес дэх өдөр баруун хөлийн шагайгаа гэмтээжээ. Улмаар дөрөв хоногийн өмнө мэс засалд орсныг түүний багш Изүцү ояката мэдэгдсэн байна. Какүрюүгийн мэс засал амжилттай болж, биеийн байдал ч сайжирчээ. Түүний хувьд уржигдар Асасэкирюүгийн зодог тайлах ёслолд оролцсон юм. 

Харүмафүжи мөнгөн тэтгэмжээсээ хасуулна
Японы сүмо бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурал болжээ. Уг хурлаар Такаиноваг зодсон хэргээр зодог тайлсан ёкозүна Харүмафүжид олгох мөнгөний талаар хэлэлцсэн байна. Ёкозүна, озэки цолтой бөх зодог тайлахад холбооноос мөнгөн тэтгэмж өгдөг бөгөөд түрүүлсэн тоо, байгуулсан гавьяанаас нь шалтгаалан, янз бүр байдаг. Тэгвэл холбооноос Харүмафүжид олгох мөнгөн тэтгэмжийн 30 хувийг хасахаар шийдвэрлэжээ. Тодорхой мөнгөн дүн хэлээгүй ч 30-40 сая иен хасагдах тул Харүмафүжид 70 сая орчим иен олгож магадгүй гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа аж. 25 удаа түрүүлсэн их аварга Асашёорюүг зодог тайлахад холбооноос 120 сая иенийн мөнгө олгож байсан билээ.