Дэлхийн стандарт Монголд

Өнөөдөр хүн ардын өмнө нэн тулгамдсан асуудлуудын нэг нь хүнсний аюулгүй байдал болоод байна. Хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь бүрхэг, хугацаа нь дууссан, хуурамч шошготой бүтээгдэхүүнүүдийг дэлгүүрийн лангуун дээрээс хурааж авлаа гээд л мэргэжлийн хяналтынхан байнга мэдээлдэг.

Хүүхэд багачуудын хамгийн ихээр идэх дуртай амттануудыг нефтийн бүтээгдэхүүнээр хийдэг болохыг дэлхий нийтэд зарласан. Ер нь энэ зэрэг итгэл эвдсэн импортын хүнснүүд та бидний өдөр тутмын хэрэглээнд бишгүй тааралдаж байна. Дотоодын бүтээгдэхүүнүүддээ найдаад байхаар бас л асуудалтай. Өргөн хэрэглээний үндсэн бүтээгдэхүүн болох мах, сүүн дээр жишээ татахад гомдмоор. Үнэндээ 60 гаруй сая толгой малтай монголчууд эрүүл мах, сүү хүнсэндээ хэрэглэж байгаадаа эргэлзэж байна шүү дээ. Мах нь антибиотектой, сүү нь устай, цагаан идээ нь гурил холиод арвижуулчихсан болохоор хүний биед хэрэгтэй шим тэжээлийг өгч чаддаггүй. Өнөөдөр мах, сүүний хэрэглээний ердөө 10-аад хувийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулж байгаа нь бруцеллёз, шимэгчээс үүсэх өвчлөл буурдаггүйн гол шалтгаан юм. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд үдийн цай, хоолондоо хордож, нийгмийг цочроосоор байна. Энэ бүгдийн эх үүсвэр хүнсний аюулгүй байдал алдагдсантай холбоотой. 
Улаанбаатарчуудын хувьд утааны асуудалтай сүүлийн арав гаруй жил зууралдаж байна. Гэр хорооллын яндангаас уугидаг утаанаас гадна автомашинаас ялгардаг хорт хий аюулын харанга дэлдэж буй явдал хүн бүрийн амны уншлага болсон. Агаар, хөрсний бохирдлоос үүдэлтэй элдэв өвчлөл жил ирэх тусам нэмэгдэж, хүүхэд, жирэмсэн эх, өндөр настнууд хамгийн ихээр өртдөг. Энэ нь явж, явж өнөөх стандарт мөрдөгдөхгүй байгаатай л холбоотой юм. Нийслэлийн гэр хорооллыг орон сууцаар соливол утаа арилна гэж урт хугацааны ажил ярьж суухаар өдөр тутмынхаа амьдралд стандартаа л хэвшүүлээд сурчих хэрэгтэй. Хорт утааг шүүж, цэвэршүүлдэг технологи Монголд хэдийнэ нэвтэрсэн ч ашиглалт нь хангалтгүй болохоор бид хортой агаараар амьсгалсаар байгаа юм. Дээрээс нь нийслэлийн хөрсийг хамгийн ихээр бохирдуулагч нь авто засварын газрууд. Техникийн хортой тос, масло гээд уушги гэмтээдэг бодистой шингэнүүдийг шууд газар асгадаг. Өндөр хөгжилтэй Япон зэрэг орнуудад энэ асуудлыг стандартын дагуу шийдчихсэн байдаг юм билээ. Байгаль орчин, хүний эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөөгүй шийдэлтэй болохоор бизнесийн үйл ажиллагаанд нь ч саад бэрхшээлгүй явдаг. 
Манай улсад стандарт мөрдөгдөхгүй байгаагаас иргэд эрүүл, аюулгүй амьдрах эрхээрээ боомилогдож байна. Энгийнээр хэлэхэд, стандарт гэдэг бол хэн нэгнээс хараат бус, ахуй амьдралыг зохицуулах механизм. Судлаад үзэхээр Монгол Улсад 6000 орчим стандарт хүчин төгөлдөр байдаг юм билээ. Гэвч хэрэгжилт нь хангалттай биш болохоор амьдралд түмэн асуудал, зөрчил тулгараад байгаа хэрэг.  Жишээлбэл, улсын бүртгэлд 150 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байдгаас тогтвортой үйл ажиллагаа явуулдаг нь 40 мянга орчим. Эндээс үндэсний буюу MNS стандарт нэвтрүүлсэн 200 орчим аж ахуйн нэгж бий. Харин олон улсын ISO стандарт нэвтрүүлсэн Монголын 18 компани байдаг. Тэдэн дээр гадаадын 80 гаруй компани нэмэгдэнэ. Ингээд бодохоор манай улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 30 мянган компанийн ердөө нэг хувь нь л өдөр тутмын үйл ажиллагаандаа стандартыг нэвтрүүлээд явж байна. Монголд стандарт мөрдөж, хэрэгжүүлдэг газар байхгүйтэй адил. Тиймээс зам түгжрэлтэй байна, цахилгаан эрчим хүч тасраад байна, дулаан доголдоод байна, сургууль, цэцэрлэг хүрэлцэхгүй байна, барилга дээрээс төмөр унаад байна гэх зэрэг асуудлууд ар араасаа ундарсаар байгаа юм. Их хотын энэ их асуудлыг томоор нь харах юм бол Улаанбаатар өөрөө стандартыг зөрчсөнтэй холбоотой. Анх 500 мянган хүнд зориулж баригдсан нийслэлийн ачаалал өнөөдөр гурав дахин ихэссэн. Дээр дурдсан бүх асуудлын үндэс бол энэ. Нэгнийхээ нарыг хааж баригдсан байшингууд бүгд барилга хоорондын зайг зөрчсөн. Шатахуун түгээх станцууд нь хүн амын суурьшлаас 50 метрийн зайд байх ёстой гэсэн стандартыг хэрэгжүүлдэггүй. Нэг нэгнийхээ хаяаг дэрлээд баригдсан энэ их бүтээн байгуулалтын үр дүнд улаанбаатарчууд уцаартай, бухимдалтай, эрх нь зөрчигдөөд байгаа юм. 
Цөөхөн хүн амтай Монгол Улсын хувьд цэгцтэй, цомхон, жаргалтай сайхан амьдрах боломж бий. Ер нь зохих шат, шатандаа стандартаа хэрэгжүүлээд, мөрдөөд явбал асуудал ард хоцорно. Дэлхий дээр гэхэд 25 мянган стандарт байдаг байна. Англи, Франц, Герман олон улсын стандартыг боловсруулдаг аж. Тэдний баталсан стандартын “Үндсэн хууль”-ийг дэлхийн бусад улс орнууд нэвтрүүлж, мөрддөг байна. Олон улсын стандарт гэдэг бол тэдгээр улс орны хоорондох худалдаа, эдийн засгийн харилцааны том виз гэсэн үг. Харин манайх шиг хөгжингүй орны хувьд олон улсын стандартыг орчуулаад хэрэгжүүлж байна. Бид тэдний бодлогоор яваад байна гэсэн үг. Иймд Монгол Улс  бодлогоор өөрийн гэсэн стандартыг бий болговол гадны аливаа халдлагаас хамгаалах хана болж чадна.  
Манай улс европ болоод азийн улс орнууд руу тав, зургаан мянган нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээ экспортлох эрхтэй. Гэвч яг гадагшаа гаргаж байгаа нь хуруу дарам. Үүний гол шалтгаан бол өнөөх стандарттай холбоотой юм. Монголын бүтээгдэхүүнүүд цөм айлын болоод дэлхийн стандартыг хангахгүй байгаадаа ч биш. Тэрхүү олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баталгаажилтыг авч дийлэхгүй болохоор гадаад зах зээлд хүрч чадахгүй байгаа юм. Нэг ёсондоо манай бүтээгдэхүүнд түншүүд итгэхийн тулд стандартын баталгаажилтыг үндэслэдэг. Харин олон улсын стандартад нийцсэн гэрчилгээг авна гэдэг жирийн компаниудад амаргүй. Учир нь дэлхийд данстай зөвлөх үйлчилгээнд 30-60 мянган ам.доллар төлж байж айлд тоогдоно. Хөрөнгө мөнгөтэй, менежмент сайтай үндэсний компаниудын хувьд тийм хэмжээний мөнгийг төлөөд олон улсын стандартыг аль хэдийнэ нэвтрүүлчихсэн байна. Тэгвэл бизнесээ цэцэглүүлэх хүсэлтэй компаниудад энэ нь мөрөөдөл биз ээ. Манай бизнесийнхний энэ мөрөөдөл биеллээ олоход тун ойрхон болсон таатай мэдээг саяхан дууллаа. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын баталгаажилтыг авахын тулд заавал гадагшаа их мөнгө зарах шаардлагагүй болох юм байна. Тодруулбал, үндэсний “МонСертф” компанид хандахад л хангалттай. Эднийх дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ISO стандартыг баталгаажуулдаг Монголын хамгийн анхны хувийн компани болж байгаа ажээ. Аж ахуйн нэгжүүд “МонСертф” компаниар олон улсад нэвтрэх энэхүү визийг даруулснаар 166 оронд хүчин төгөлдөр үйлчилнэ гэсэн үг. Нөгөө талаар монгол аудитор ашигтай орлоготой болж, Монгол Улсын  аж ахуйн нэгжүүд ямар саад тотгоргүй экспортод бүтээгдэхүүнээ гаргах, гадны зах зээлээс хөрөнгө оруулалт татахад нээлттэй болох юм. Үндэсний компани олон улсын баталгаажуулалтын байгууллагын нэрийн өмнөөс дотооддоо үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид аудит хийх эрхийг зүгээр ч нэг авчихдаг юм биш. Нэлээд өндөр давааг давж байж тамгаа атгадаг байна. Иймд энэ сарын 6-10-ны өдрүүдэд Казахстан улсын олон улсын Үндэсний итгэмжлэлийн төвийн нэгдүгээр орлогч дарга ноён  Курмангалиев Шолпанкулович, үнэлгээний хэлтсийн дарга Кенжеева Жанат Жанбыраевна нар Монголд ирж ажиллана гэсэн. Багийн бүрэлдэхүүнд тэргүүлэх аудитор Рэгзэндоржийн Бумдарь техникийн шинжээчээр ажиллах юм байна. Дэлхийд данстай энэхүү байгууллагын аудиторуудын шалгалтыг “МонСертф” компани давж чадвал олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг. Монголын аж ахуйн нэгжүүд хилийн чанадаас өндөр өртгөөр аудитор авчрах шаардлагагүй болж, Монгол хүн Монголдоо, Монгол компаниа олон улсын стандартын (ISO) дагуу баталгаажуулах боломжтой болно.