Д.Сарангэрэл: хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгт иргэдийг үнэ төлбөргүй хамруулахаар төлөвлөсөн

Өнгөрсөн оны сүүлээр УИХ-аар Эрүүл мэндийн даатгалын санг хариуцах тусдаа бие даасан агентлаг байгуулахаар хуульчилсан билээ. Үүний дагуу Засгийн газрын тогтоол гарч, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар үйл ажиллагаагаа өнгөрсөн сараас эхлүүлсэн юм.

Тус байгууллагын үйл ажиллагаатай өчигдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танилцлаа. Энэ үеэр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг байгууллагын үйл ажиллагаа, цаашдын зорилго чиглэл, хийж хэрэгжүүлэх ажлын талаар товч танилцуулав. Үүний дараа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрынхан УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэрийг биелүүлэх томоохон үүргийг хүлээсэн. Байгуулагдаад удаагүй ч үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхой болгосон, ажлаа амжилттай эхлүүлсэн гэж ойлголоо. Би сайдын ажлаа аваад удаагүй байхдаа нийслэлийн Эрүүл мэнийн газар, Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтарч ажиллаж, өндөр настнуудад сард нэг удаа хөнгөлөлттэй эмийн жор бичиж, эмийн сан нь 1-2 удаа борлуулалт хийдэг байдлыг өөрчлөх албан даалгавар өгсөн. Мэдээж шинэ ажил, үйл ажиллагаанд тодорхой хэмжээний бэрхшээл учирдаг. Энэхүү шийдвэрийг ч бэрхшээл тойрсонгүй. Сүүлийн үед иргэдтэй уулзахад “Сард ганцхан удаа олддог байсан хөнгөлөлттэй эмийг өөрийн хүссэн үедээ авах боломжтой боллоо гэж бодож байтал эмийн сангууд санхүүжилтгүй болсон гээд олгохгүй байгаа” хэмээн санал гомдол хэлж байна. Зарим эмийн сан ийм асуудал гаргаж байна. Та бүхэн үйл ажиллагааныхаа төлөвлөгөөндөө хөнгөлөлттэй эмийн санхүүжилтийг тасалдуулахгүй байхаар тусгасан байна. Үүнийг яаралтай ажил хэрэг болгож, онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай. Хоёрдугаарт, Эрүүл мэндийн даатгалын сан бие дааснаар даатгуулагчид ямар үр шим ирэх талаар олон нийт их сонирхож байна. Энэ чиглэлийн мэдээллийг өгөх шаардлагатай байна. Тухайлбал, нэг иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд жилд хоёр сая төгрөг, амбулаториор үзүүлэхэд улиралд 165 мянган төгрөгийг даатгалын сангаас гаргуулж, эмчилгээ, үйлчилгээ авах боломжтойг иргэд тэр бүр мэдэхгүй байна. Эдгээрийг олон нийтэд мэдээлэх хэрэгтэй байна” гэв. Тэрбээр цаашид Засгийн газар болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн төвшинд шийдэл олж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлэхээр гурван том ажил төлөвлөсөн талаар дурдав. Тухайлбал, бүх иргэнээ урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулахаар төлөвлөжээ. Ингэхдээ иргэдийн дунд зонхилж буй хорт хавдрын өвчлөлийг илрүүлэхэд чиглэсэн урьдчилан сэргийлэх үзлэг хийх юм байна. Мөн “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Учир нь, улсын хэмжээнд явуулсан судалгаагаар хүүхдүүдийн 84-96 хувь нь шүд цоорох өвчтэй гарчээ. Шүд цоорох нь 200 гаруй өвчний суурь болдог учир үүнийг онцгойлон анхаарч ажиллах талаар Эрүүл мэндийн сайд онцолж байлаа. Үүнээс гадна “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хоёр дахь шатыг хэрэгжүүлэх юм байна. Энэхүү хөтөлбөрийн нэгдүгээр шатанд 40-65 насны 353 мянган иргэн хамрагдсан бөгөөд үүнээс 20 гаруй мянга нь элэгний вирустэй гарчээ. 
Мөн энэ үеэр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Ч.Алтанхуяг “Даатгуулагчид шаардлагатай үедээ Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмээр чирэгдэлгүй үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх, эмийн зохистой хэрэглээ, түүнд тавих хяналтыг сайжруулах зорилгоор манай газраас даатгалын гэрээ бүхий эмийн сангууд иргэдэд оршин суугаа харьяаллаар үйлчлэх зохицуулалтыг хийж нийслэлийн Эрүүл мэндийн газар болон даатгалын гэрээ бүхий 324 эмийн сангийн удирдлагатай уулзаж, зөвлөмж чиглэл өгсөн. Мөн Эрүүл мэндийн даатгалтай иргэд эмнэлгийн хэрэгсэлд хувиасаа төлж байгаа зардал нь тэдний амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгааг багасгах зорилгоор даатгуулагчийн мэс заслын тусламж үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгслийн үнийн тодорхой хэсгийг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу лавлагаа шатлалын төрийн өмчийн найман эрүүл мэндийн байгууллага иргэдэд тусламж үйлчилгээг үзүүлж эхлээд байна” гэв. 
Үүнээс гадна Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар цаашид даатгалыг ард иргэдэд чирэгдэлгүй шуурхай, чанартай хүргэхэд онцгойлон анхаарч, эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд цахим систем нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Уг ажлыг энэ оны эхний улиралд хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг онцлов. Түүнээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үйл ажиллагааны талаар тодрууллаа. 
-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байгуулагдаад удаагүй. Гэхдээ нэлээд олон ажил танилцууллаа. Цаашид өвдсөн хойно нь биш, урьдчилан сэргийлэх ажил даатгалын санг чиглүүлнэ гэж ярилаа. Гол зорьж байгаа ажлууд юу байна вэ?
-Манай газар байгуулагдаад нэг сар болж байна. Энэ хугацаанд аль болох байгууллагынхаа үйл ажиллагааг тогтвортой болгох бүх талын арга хэмжээ авч байна. Үүн дотор даатгуулагчдад чиглэсэн үйл ажиллагаа явуулах талаар түлхүү ажиллалаа. Үлдэгдэл ихтэй сан биш, үр ашигтай даатгуулагчидтай байхыг зорьж байна. Өвдсөн хойно нь хөрөнгөө зарцуулдаг биш, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх ажилд зарцуулахыг зорьж байгаа. Саяхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн томоохон төлөөлөгчид ирсэн. Долоон хоногийн турш, газар дээр нь ярилцсан. Тэд анхан шатны урьдчилан сэргийлэх ажлыг сайн хэрэгжүүлж, өвчин хүндрэх тохиолдол бага, ард иргэд нь нийтээрээ эрүүл болсон Казахстан Улсын жишээг ярьсан. Энэ онд манай газрын орлого зарлагын зөрүү 30 орчим тэрбум төгрөг болно. Үүнийг бид ард иргэдэд үр ашигтай, ирээдүйг нь бодож зарцуулна. Өөрөөр хэлбэл, анхан шатны урьдчилан сэргийлэх ажилд чиглүүлэх юм.
-Удахгүй эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд цахим систем нэвтрүүлэх юм байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү? 
-Эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд цахим систем нэвтрүүлснээр даатгуулагчдын хэрэгцээнд нийцсэн чанартай тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдэх, өөрийн эрүүл мэндийн даатгалын зардалд хяналт тавих, мэдээллийг тухай бүр цаг алдалгүй авах ач холбогдолтой. Үүнээс гадна эрүүл мэндийн даатгалын санг үр ашигтай зарцуулах, эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийн хүлээгдэл багасах, даатгуулагч, даатгалын байгууллага, эрүүл мэндийн байгууллагын хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл сайжирч, үүнээс үүдэх олон бэрхшээл, хүлээгдэл чирэгдлийг шийдвэрлэх олон талын ач холбогдолтой. 
-Өндөр өртөгтэй эмчилгээ, оношилгооны зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлдөг. Үүнд өнгөрсөн онд хэдэн төгрөг зарцуулсан бэ?
-Өнгөрсөн онд 18 мянга орчим даатгуулагч 30 тэрбум гаруй төгрөгийн өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ авсан. Уг нь төлөвлөсөн мөнгө нь 18 тэрбум орчим төгрөг байсан. Иргэдэд зайлшгүй хийх шаардлагатай өндөр өртөгтэй эмчилгээ үйлчилгээ байсан учраас төсвийн тодотголоор 30 тэрбум төгрөг болгосон.