“Sputnik”: Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт энэ оноос эхэлнэ

Өнгөрсөн долоо хоногт Монголын тухай дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд гарсан мэдээ мэдээлэл, нийтлэлийг тоймлон хүргэж байна.

“With Indian Help, Construction of Mongolia’s First Oil Refinery to Begin in 2018”  буюу  “Мон­голын анхны газрын тос боловсруулах үйлд­вэрийг Энэтхэгийн тусламжтайгаар энэ оноос барьж эхэлнэ” гэсэн гарчигтай нийтлэл гарчээ.
Монгол Улс  эрчим  хүчний хараат байдлаасаа гарахын тулд Энэтхэг Улсын тусламжтайгаар анхны газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэтхэгийн “The Engineers India Limited” газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн дэлгэрэнгүй тайланг боловсруулж, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” хариуцан хэрэгжүүлнэ. Энэтхэгийн Засгийн газраас газрын тосны үйлдвэр барихад 700 сая ам.доллар, дамжуулах хоолой барихад 264 ам.долларын зээл олгох юм байна. 2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад айлчлах үеэрээ энэ талаар хэлэлцсэн ажээ. Уг зээл нь 20 жилийн хугацаатай 1.75 хувийн хүүтэй бөгөөд эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөх ажээ. Үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай бөгөөд  жилд 560 мянган тонн бензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн хий үйлдвэрлэх юм байна. Тус үйлдвэрийг барьснаар Монголын ДНБ 10 хувиар нэмэгдэх боломжтой. Одоогоор Монгол Улс нь боловсруулаагүй газрын тосоо БНХАУ руу экспортолж байгаа бол бензинээ ОХУ-аас импортолж байгаа юм.  Дели өндөр дээд албан тушаалтнуудаа харилцан айлчлуулах замаар хоёр талын харилцааг бэхжүүлэхийг эрмэлзэж байна. 2018 оны эхээр Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Ражнатх Сингх Монголд айлчлах аж. Уг нь тэрбээр өнгөрсөн оны зургадугаар сард айлчлах байсан ч биеийн байдлаас болж айлчлалаа хойшлуулсан байна. Үүний дараа “Хятадыг шүүмжлэгчдийн нэг” гэгдэх болсон Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Энэтхэгт айлчлах ажээ. Эдийн засгийн хувьд Хятадаас ихээхэн хараат байгааг багасгана гэж Х.Баттулга сонгуулийн сурталчилгааны үеэр амалж байсантай холбоотойгоор монголчууд түүнийг  дэмжиж, Ерөнхийлөгчөөр сонгосон юм. Одоогоор Монголын экспортын бараа бүтээгдэхүүний 90 хувь нь өмнөд хөрш болох Хятад руу гарч байна. Энэтхэг бол социалист орнуудыг эс тооцвол Монголтой дипломат харилцаа тогтоосон /1955 онд/ анхны улс юм. Мөн Энэтхэг нь Монгол Улсыг НҮБ болон Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүүн болгохыг дэмжиж байсан билээ.
 

“BBC”: Монголд  гурван гэр бүл тутмын нэг нь хүчирхийлэлд өртдөг

“BBC” агентлагийн сэтгүүлч Грэй Браун Монгол Улсын хүчирхийллийн талаар нийтлэл бичжээ. Тэрбээр “Монголд гурван гэр бүл тутмын нэг нь хүчирхийлэлд өртдөг ч тусламж авч чаддаггүй. Би 36 настай Дулмаа (нэрийг нь нууцалсан) гэх бүсгүйтэй уулзаж ярилцсан. Тэр нөхөртэйгээ 2004 онд анх танилцсан бөгөөд анхны хүүхэд нь төрсний дараагаас нөхөр нь түүнд гар хүрэх болжээ. 2009 онд түүнийг хэвтэрт ортол нь зодсоноос болж түүний өрөөсөн нүд нь харах чадвараа 90 хүртэл хувиар алдсан байна.  Монгол  ердөө гуравхан сая хүн амтай дэлхий дээрх хамгийн сийрэг суурьшсан ард түмэн. Дулмаа хэдийгээр хөдөө өссөн ч оюутан болсон цагаасаа хойш Улаанбаатар хотын  гэр хороололд амьдарч буй.Гэр хороололд амьдарч буй тохиолдолд түргэн тусламж дуудсан үед нэлээн удаан хугацааны дараа ирдэг байна.  Тус улс өнгөрсөн 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг Эрүүгийн гэмт хэргийн тухай хуульд тооцдог болсон юм. Шинэ хуулиар эхний ээлжинд сануулга өгөөд өнгөрөх бол дахин давтагдсан тохиолдолд Эрүүгийн хуулиар шийдвэрлэдэг болсон  байна.  Тус улсын Хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний төв өнгөрсөн 10 орчим жилийн хугацаанд 20 мянга гаруй гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон хүмүүст тусалжээ. Улаанбаатар хотын хэмжээнд есөн түр хамгаалах байр байдаг.  Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямралаас үүдэлтэйгээр хамгаалах байрны үйл ажиллагаа доголдох болсон. Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсын нийт өр 23 тэрбум ам.доллар байсан. Энэ нь 2011 оноос 17.5 хувиар, 2016 оноос нэг хувиар өссөн үзүүлэлт юм. Хоргодох байрны зардлыг  100 хувь улсын төсвөөс бүрдүүлдэг” гэжээ. 

“Radio Free Asia”: Хойд Солонгосын ажилчид эхнээсээ Монголоос гарч байна

“Radio Free Asia”-гийн цахим хуудаст “First Group of North Korean Workers Leaves Mongolia Amid Sanctions” буюу “Хойд Солонгосын ажилчид эхнээсээ Монголоос гарч байна” гэсэн гарчигтай нийтлэл гарчээ. Нийтлэлд “Ким Жөн Уны дэглэм цөмийн туршилт хийсэнтэй холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Пхеньяны эсрэг хоригоо чангатгаж, дэлхийн улс орнуудад ажиллаж буй Хойд Солонгосын ажилчдыг яаралтай буюу хоёр жилийн хугацаанд багтаан нутаг буцаах нэмэлт  шийдвэр гаргасан. Үүний хүрээнд Монгол Улс хойд солонгос ажилчдыг нутаг буцааж эхэлжээ. Гэхдээ ажилчдын олонх нь  үлдсэн байна. Үлдсэн ажилчдыг энэ ондоо багтаан гаргахаар төлөвлөж байгаа ажээ. Улаанбаатар саяхан Хойд Солонгосын ажилчдад нэг жилийн хугацаантай виз олгохоо зогсоосон. Гэхдээ Монгол дахь  хойд солонгосчуудын хэдэн хувь нь гарч, хэдэн хувь нь үлдсэн нь тодорхойгүй байгаа юм. Хэрэв Улаанбаатар Хойд Солонгосын ажилчдыг яаралтай нутаг буцаахгүй бол гаднын хөрөнгө оруулалтаа алдах нөхцөл байдал үүсэх юм.  2008 онд анх Пхеньян болон Улаанбаатар гэрээний ажилчин авах хэлэлцээр байгуулсан бөгөөд 2013 он хүртэлх таван жилийн хугацаанд 5300 Хойд Солонгосын ажилчин авах тухай хэлэлцээрт заажээ. Гэвч эдийн засгийн хямралаас үүдэн Хойд Солонгосоос авах ажилчдын тоогоо Монгол Улс бууруулж эхэлсэн байна. Уг нь Монголын барилгын компаниуд хойд солонгосчуудыг ажиллуулах сонирхолтой байдаг. Учир нь хойд солонгосчууд нь хямд ажиллах хүчнээс гадна ажилдаа хариуцлагатай ханддаг байна. НҮБ-ын тооцоолсноор дэлхийн улс орнуудад ажиллаж буй 100 мянга орчим хойд солонгос ажилчин өнгөрсөн есдүгээр сараас өнгөрсөн оны эцэс хүртэлх хугацаанд 500 гаруй сая ам.долларыг Пхеньян руу илгээжээ. Хойд Солонгос ажилтнуудын олонх нь ОХУ, БНХАУ, Монгол Улсад байдаг. Тэд өдөрт 12 цаг орчим ажилладаг байна. Харин Монгол дахь хойд солонгос ажилчид барилгын салбар, ноолуурын үйлдвэрт мөн хувийн эмнэлэгүүдэд уламжлалтын эмчээр ажилладаг аж.