Г.Эрдэнэцогт: Багаа Австрали Улсын цахим спортын нэгдүгээр баг болгоно

“Залуус” буландаа Австралийн “Grayhound” цахим спортын багийн гишүүн Г.Эрдэнэцогтыг урилаа. 22 настай энэ залуу Австралийн Сидней хотод бизнесийн чиглэлээр сурч, амьдарч байгаа тул түүнтэй цахимаар холбогдсон юм. Тэрбээр залуусын сонирхдог цахим спортын төрөл CSGO (Counter Strike Global Offencive)-ийн хагас мэргэжлийн тоглогч бөгөөд одоогоор Австрали Улсыг төлөөлөн олон улсын тэмцээнд оролцож байгаа юм. Ирээдүйд олимпийн нэгэн төрөл болох магадлал өндөртэй энэ спортын нэгэн хүчтэй төлөөлөл нь Г.Эрдэнэцогт юм. Анх хөлбөмбөгийн спорт бий болж байхад тоглогчдын эцэг, эх чамд энэ чиглэлээр ирээдүй байхгүй гэж хэлж байсан гэдэг. Харин өнөөдөр хөлбөмбөгийн салбараас супер одууд төрсөөр л.  Үүнтэй нэгэн адил нас, бие бялдрын онцлог шаарддаггүй цахим спортоос дараагийн Дэвид Бекхэм төрөх нь тодорхой. Түүний нэг нь Г.Эрдэнэцогт байж болох юм.

-Австралийг зорьсон үеэс тань яриагаа эхлүүлье? 
-2015 онд бизнесийн чиглэлээр сурах зорилгоор Австралийн Сидней хотыг зорьж байлаа. Тэр үед энд ирээд цахим спортод хүч үзэх бодол байгаагүй. Зөвхөн сургуульдаа явж, хичээлээ сайн давтана л гэж бодож байлаа. Австрали явахаасаа хэдэн хоногийн өмнө Улсын аварга шалгаруулах тэмцээнд “Mountain Dew” багийн гишүүн болж оролцон нэгдүгээр байр эзэлж, Монголоос сэтгэл тун хангалуун явсан. Энд ирээд тоглохын тулд сайн компьютер, хэрэгсэл авах, ашиглаж байгаа интернэт маань тааруухан тул эдгээрийг шинэчлэх зэргээр зардал их гарах байсан болохоор цахим спортоор тоглох тухай бодлоо бүрэн хаясан байсан. Нэг өдөр Сидней хотын CSGO тэмцээн болох гэж байгааг дуулаад, нэг багаас нь гуйсаар байгаад багт нь орж, тоглосон. “Надад ганцхан боломж олгон багтаа оруулаад тоглуулчих” гэх ухааны юм л болсон доо. Энэ тэмцээний үеэр нэг багийн менежер намайг олж харан багтаа авч, компьютер, хэрэгсэл өгсөн. Ингээд л Австрали дахь миний карьер эхэлсэн дээ. 
-Хэзээнээс CSGO-ий тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн бэ. Одоо бол нэлээн туршлагажсан биз. Өөрийгөө хэр сайн тоглогч гэж хэлэх вэ?
-Бүр багаасаа, компьютер авсан тэр үеэс цахим тоглоом тоглож эхэлсэн. Ингээд 16 орчим настайдаа “Counter Strike” тэмцээн уралдаан болдгийг мэдээд уралдаануудад оролцох болсон. Үүнээс хойш олон улсын тэмцээн уралдаанд оролцож өөрийгөө сорьж байна. Намайг хэр тоглогч болохыг бусад тоглогч, өрсөлдөгч маань тодорхойлсон нь илүү оновчтой байх. 
-Та Австралийн “Immunity” багт харьяалагдаж байсан. Энэ багтай хэрхэн холбогдож байв?
-Австралид ирснээс хойш хэд хэдэн багт тоглож үзсэн. Сүүлд “Athletico” багт нэг гишүүнийг нь орлон дөрвөн сар тоглосон. Энэ хугацаанд Австрали дахь улсын аварга, ESL (E-Sport League) зэрэг цахим спортын төрлөөр зохион байгуулж буй тэмцээнд түрүүлээгүй удаа гэж байхгүй. Мөн энэ багтай Азийн аваргад нэг удаа шалгарсан. Амжилт үзүүлэхэд гол үүргийг би гүйцэтгэж байсан болохоор тоглогчид намайг илүү мэддэг, ажигладаг болсон гэх үү дээ. Ингээд “Athletico”-д тоглох хугацаа дуусч байтал “Immunity” багаас санал ирснээр тус багийн гишүүн болсон юм. Саяхан бид багийнхаа нэрийг “Grayhound”  болгон, шинэ спонсортой болсон. 
-Манайд энэ спортыг тэр бүр дэмждэггүй. Харин Австралид ямар байдаг вэ. Нууц биш бол цалин, хангамж нь хэр байдаг бол?
-Австрали ерөнхийдөө хуучинсаг үзэлтэй улс. Гэхдээ яг л бусад улс шиг цахим спорт маш хурдацтай хөгжиж байгаа. Харин манай улсад энэ спортыг дэмждэггүй. Тамирчид нь бор зүрхээрээ тэмцээн уралдаанд оролцож, санхүүгийн асуудлаа өөрсдөө зохицуулдаг.  
“Grayhound” багийн хувьд цалин болон хангамж маш сайн. Тэмцээн уралдаанд явахад онгоцны билет, байр, цалин, шинэ компьютер, хэрэгсэл зэрэг шаардлагатай бүх зүйлээр хангадаг. Бид гэрээтэй байдаг тул цалингийн талаар тодорхой мэдээлэл өгч болохгүй. Ямар ч байсан хангалттай цалин өгдөг. 
-Та “erkaST” нэрээр тоглодог. Ямар ч зүйлд үүрэг хариуцлага чухал. Энэ багт “erkaST” ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?
-Монголын тоглогчид хэрхэн тоглохоо тухайн агшинд өөрөө шийдээд тоглодог бол энд тийм биш. Заавал хэн нэгний удирдлага, заавраар тоглох гээд байдаг. Одоогоор би багийнхаа IGL (In Game Leader) буюу стратеги тактикийг хэлдэг, зохицуулдаг гишүүн болоод байна. Цахим спортод үүрэг, хариуцлага хамгаас чухал. Долоо хоногийн өмнө манай баг “MoyecQ” гэдэг тоглогчоо багийн үр дүнд муугаар нөлөөлсөн зэрэг хэд хэдэн шалтгаанаар хассан. Одоогоор шинэ гишүүнээ хайгаад, туршаад л байж байна.  
-Таны хувьд олон улсын чанартай хэчнээн тэмцээн уралдаанд оролцож, ямар амжилт үзүүлсэн бэ. Шагналынхаа мөнгийг юунд зарцуулдаг вэ?
-Олон улсын LAN тэмцээнд дөрвөн удаа, Ази, Австралийн аваргад хэд хэдэн удаа оролцсон.  Шагналын хувьд янз бүр байдаг. Ихэнх тэмцээний нэгдүгээр байр 5-50 мянган ам.долларын шагналтай байдаг. Австралийн ESL-ийн аваргад хоёр удаа түрүүлсэн. “Immunity”-д байхдаа Азийн аваргад гуравдугаар байр эзэлсэн. Одоохондоо ийм л амжилт үзүүллээ. Ер нь тэмцээн уралдаанд оролцоод шагнуулсан мөнгөө сургалтын төлбөртөө нэмэрлэдэг. 
-Өмнө нь “MongolZ” багт тоглож байсан байх аа. Саяхан энэ багийн эсрэг тоглосон. Энэ үед сэтгэлзүйн хувьд ямархуу байв?
-Үнэндээ би “MongolZ”-д албан ёсны гишүүн нь болоод тоглож байгаагүй. “MongolZ”-ийн “dobu”, “ncl”-тэй нэг баг байж үзсэн. Бид нэг багийн гишүүдээс дутахааргүй сайн найзууд. Өнгөрсөн зургадугаар сард Азийн аваргад “MongolZ”-ийн эсрэг хоёр ч удаа таарч 3:0-оор хожсон. Нэг бодлын хүндрэлтэй байсан. Бид бөөнөөрөө компьютер тоглоомын газар суугаад л компьютер тоглодог байсан бол бүгдээрээ олон улсын тэмцээнд оролцож, би өөр улс төлөөлөн тоглож байгаа нь хамгийн сонин мэдрэмж байсан.  
-Цахим спортын давуу тал нь юу вэ. Цахим спортыг хэтрүүлэн хэрэглэхээр дэлгэцийн дон тусах нь бий. Үүнээс улбаалан эцэг, эхчүүд хүүхдээ цахим спортоор хичээллүүлэх дургүй байдаг. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
-“E-Sport”-ийн (цахим спорт) давуу тал олон. Нэгдүгээрт, шинэ спортын төрөл. Мөн маш хурдацтай хөгжиж байна. Асар богино хугацаанд олон үзэгч, тоглогчтой болсон. Энэ утгаараа ирээдүйд үүнээс ч олон үзэгч, тоглогчтой болно. Өрсөлдөж байгаа талаас нь харвал, аль баг нь илүү тэсвэр тэвчээртэй байж ухаан зарж чадсан нь хождог багийн ажиллагаа шаардсан оюуны спорт. Цахим спортоор хичээллэвэл донтоно гэж үзэж байгаа эцэг, эхчүүдийг хэт хуучинсаг үзэлтэй байна гэж хэлье. Орчин үед цахим спорт хурдтай хөгжиж байгаа тул хүүхдээ үүнээс тас хорьж болохгүй. Цахим спортын орчинд эцэг, эхийн анхаарал, хяналт шаардлагатай. Хүүхдээ юуны тулд тоглож байгааг нь мэдэхийн тулд хүүхэдтэйгээ сайн ярилцах хэрэгтэй байх. Магадгүй тэр хүүхэд үүнийг зүгээр сонирхож байгаа, эсвэл мэргэжлийн тоглогч болохыг үнэхээр хүсч байж ч болох. 
-Цахим спортоор тоглох үед танд ямар мэдрэмж төрдөг вэ. Хожигдсон үед ч юм уу, биеэ барьж чадахгүй уурлах үе байдаг л байх?
-Би багийнхаа хамгийн эмоцтой тоглогч. Уурлах үедээ уурладаг. Баярлах үедээ ч баярлаж чаддаг.  Ямар ч төрлийн спортод хамгийн чухал зүйл бол багийн тоглолт. Хэдэн жилийн өмнө багийн тоглолт гэж юу болохыг өөрөөсөө асууж байсан. Харин хэдэн жил багаар тоглосны дараа үүнийг би маш сайн ойлгож байна. Багийнхаа гишүүнийг тоглолтын үед буруу зүйл хийх, алдаа гаргах үед дотроо нэлээд уурладаг ч түүнийгээ илэрхийлж, ааш гаргаж бусдыгаа эвгүй байдалд оруулж, тэвдүүлж болохгүй гэсэн зарчим баримталдаг. Багаараа хожих үед хамгийн гоё мэдрэмж төрдөг.  Энэ мэдрэмжийг авахын тулд санаа нийлсэн, шүүмжлэл хүлээж чаддаг таван гишүүнтэй баг бүрдүүлэх хамгаас чухал. Ийм баг бүрдүүлэх л хамгийн хүндрэлтэй. Нэг нь бэлтгэлээ хийхгүй, сул тоглоход бусад гишүүдийн хөдөлмөр үгүй болно. Түрүүн нэг гишүүнээ багаасаа хассан тухай дурдсан. Энэ бол багийн гишүүн бүрийн оролцоо чухал гэдгийн бодит жишээ. Багийн дөрвөн гишүүн цагтаа бэлтгэл сургуулилтаа хийж, хичээж байхад нэг нь ямар нэгэн юмаа мартаж, хайнга хандан, ганцаараа эрсдэлтэй юм хийж, бэлтгэлээ хамт хийхгүй байвал багаараа амжилт үзүүлж чадахгүй. 
-Австралид хувиараа суралцаж байгаа гэсэн. Оюутан хүнд санхүүгийн асуудалд өртөх үе байдаг шүү дээ. “Grayhound”-д орсноор цалинтай болсон гэсэн. Таны зорилго захаасаа биелээд л байх шиг байна. Таны ойрын болон хамгийн том зорилго, мөрөөдөл юу вэ?
-Тийм шүү. Миний хүсэл захаасаа биелээд байгаа. Оюутан л болсон хойно санхүүгийн асуудал тулгардаг. Энэ утгаараа цалинтай болохыг хүсдэг байсан. “Grayhound”-д орсноор цалинтай боллоо. Дараагийн зорилго маань “час хийсэн” таван гишүүнтэй болоод Австрали Улсын цахим спортын нэгдүгээр баг болох. Цаашлаад CSGO-ийн Дэлхийн аваргад түрүүлэх зорилготой байгаа.