Спорт ньюс

Амралтын шуудан


-Олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир их спортоос зодог тайлсныхаа дараа АНУ-д ажиллаж, амьдрахаар тус орныг зорьсон билээ. өдгөө тэрбээр жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох АНУ-ын шигшээ багийн туслах дасгалжуулагчаар түр хугацаанд ажиллаж байгаа аж. 

-Тайванийн Тайпей хотод маргааш 29 дэх удаагийн оюутны Универсиад наадам нээлтээ хийнэ. Тэгвэл тус наадамд оролцох Монголын багийн далбаа өргөх ёслол болжээ. Уг арга хэмжээнд албаныхнаас гадна туялзуур сэлэм болон таэквондо, хүндийн өргөлт, усанд сэлэлтийн 19 тамирчин оролцсон байна. Манай улс жүдо бөх, ширээний теннис, бильярд, гольф, хөнгөн атлетик, туялзуур сэлэм, таэквондо, хүндийн өргөлт, усанд сэлэлт гэсэн спортын есөн төрлөөр оролцох юм. Энэ наадамд 162 орны 12500 орчим тамирчин, төлөөлөгч оролцохоор мэдүүлэг өгсөн байна. “Чиний төлөө, залуусын төлөө” уриатай дэлхийн оюутан залуучуудын зуны универсиад наадмаас 275 багц медалийн эзэд тодорно. 

-Гүржийн нийслэл Тбилис хотноо ирэх сарын 2-нд Дэлхийн шатрын цомын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. 26 өдөр үргэлжлэх уг тэмцээний оноолт гарсан бөгөөд манай улсаас анх удаа их мастер Ц.Батчулуун оролцохоор бэлтгэлээ базааж байна. Тэрбээр эхний тойрогтоо Английн их мастер Майклс Адамстай оноолт таарчээ. Энэхүү тэмцээнд Норвегийн их мастер Магнус Карлсан, Оросын их мастер Сергей Карякин, Владимир Крамник, Нидерландын их мастер Аниш Гири, Америкийн их мастер Хикару Накамура, Вишванатан Ананд, Хятадын их мастер Хоу Ифань тэргүүтэй 128 шатарчин оюун ухаанаа уралдуулна. 

-Испанийн “Супер цом”-ын төлөөх тэмцээний аваргаар эзэн хааны баг “Реал Мадрид” тодорлоо. Тэд мөнхийн өрсөлдөгч “Барселона”-г хоёр дараалан хожин цомын эзнээр шалгараад байна. Эхний тоглолт “Камп Ноу”-д болоход 3:1-ээр эзэн хааны баг буюу “Реал Мадрид”-ын хожлоор өндөрлөсөн. Хариу тоглолт “Сантиаго Бернабау” цэнгэлдэхэд болоход эзэн хааны баг өрсөлдөгчөө 2:0-ээр хожив. Хэдийгээр уг тоглолтод Роналду оролцоогүй ч “Реал”-ын залуу од Асенсио дөрөв дэх минутад тооны харьцааг нээсэн бол Бензема 39 дэх минутад эцсийн цэгийг нь тавьжээ.  


-Аваргуудын лигийн плей-офф шатны эхний тоглолтууд болж дууслаа. Уржигдар шөнө болсон тоглолтод Италийн “Наполи” талбайдаа Францын “Ницца”-г 2:0-ээр буулган авсан бол Испанийн “Севилъя”-гийн залуус Туркийн “Башакшекир” клубыг талбайд нь 2:1-ээр хожжээ. Түүнчлэн Грекийн “Олимпиакос” талбайдаа Хорватын “Рейка”-г 2:1-ннр хожиж магадлалаа нэмэгдүүлсэн бол Шотландын “Селтик” нутагтаа Казахстаны “Астана”-г 5:0-ээр буулган авлаа. Ингэснээр шилдэг 32-т шалгарах хамгийн өндөр магадлалтай багаар тодров. Израилийн “Апоэл” гэртээ Словенийн “Марибор”-ыг 2:1-ээр хожсон байна. Хариу тоглолтууд ирэх долоо хоногийн мягмар, лхагва гаригт болсноор аваргуудын лигт өрсөлдөх 10 багийн нэр бүрэн тодорно.