Замын хөдөлгөөний шинэчлэл нийслэлчүүдэд бухимдал нэмэв

Өнгөрч буй долоо хоногт нийслэлд төдийгүй орон нутагт үйл явдал арвин байлаа. Эдгээрээс хамгийн түрүүнд замын хөдөлгөөний шинэ дүрэм олны анхаарлыг зүй ёсоор татав.

Өнгөрсөн мягмар гаригаас эхлэн Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх долоон уулзвараар зүүн эргэхийг хориглосон. Ингэснээр замын ачаалал буурна гэж албаныхан мэдэгдэв. Гэвч өнөөдрийн байдлаар түгжрэл буурах биш харин ч өмнөхөөсөө нэмэгджээ. Үүнийг замын зохицуулагч нар “Одоохондоо манай жолооч нар сайн дасаагүй учраас үл ойлголцол нэлээд гарч байна. Гэхдээ удахгүй бүх зүйл хэвийн байдалд орно” хэмээн тайлбарлаж байгаа бол иргэд “Шинээр гаргасан дүрмийг манай улсад хэрэгжүүлэх боломжгүй. Зам, тээвэр сайн хөгжсөн орнуудын жишиг. Сайтар судласны үндсэн дээр яваандаа хэрэгжүүлж болох ч өнөөдрийн хувьд тохирсон цаг нь биш” гэжээ.