АЛДАРТ УЯАЧИЙН МЯЛААЛГА БУЮУ АРХУСТ ДАХЬ АДУУНЫ НААДАМ

Төв аймгийн Архуст суманд  Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, алдарт уяач Н.Зоригтын цолны мялаалга наадам боллоо. Уг наадмын “Монгол бахархалт эр”  тэмцээний шилдгээр “Нарс” багийн адуучин Б.Томхүү шалгарчээ. Мөн тэмцээнд оролцсон эрчүүд наадамд унаж ирсэн морьдоороо таван км зайд хурд сорьж, уралдаж ирмэгцээ үндэсний бөх барилдаж аваргаа  тодруулав.

Түүнчлэн тэмцээнд оролцсон адуучин залуучууд эмнэг сургах,  адуу шуургуулж  уургалах, ташуур, хусуур шүүрэх  зэргээр өрсөлдөж нийлбэр дүнгээр “Нарс-2” багийн адуучин Л.Уламбадрах түрүүлж, Т.Батмөнх, С.Мягмаржав нар удааллаа. Алдарт уяачийн хурдан хүлгийнх нь уяа сойлгыг нь тааруулж, малладаг М.Жамьянсүрэнд Н.Зоригт гурван өрөө байрны түлхүүр гардуулав. Мөн унаач хүүхдүүдээ ч баярлуулахаа мартсангүй, тэр. Цолны мялаалга наадмын хурдан азарганы уралдаанд 30 орчим азарга гарснаас Төв аймгийн Баянжаргал сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Баттөмөрийн бор түрүүлж, аман хүзүүнд Баян сумын уяач Мөнхцогийн хээр, түүнчлэн Төв аймгийн Архуст сумын М.Жамьянсүрэнгийн халзан, Баянжаргал сумын уяач Ишбаатарын шарга азарга, Дундговь Өлзийт сумын уяач Дэлгэрсайханы шарга азарга тус тус айрагдлаа. Дээд насанд 40 орчим хурдан хүлэг уралдсанаас Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат,  гавьяат жүжигчин Э.Бат-Эрдэнийн сойсон хээр түрүүлж, Дундговь аймгийн Өлзийт сумын уяач Оюунбаатарын зэгэл хонгор аман хүзүүдсэн бол  гуравт Төв аймгийн Эрдэнэ сумын Томоогийн хээр, дөрөвт Баянжаргалан сумын уяач Энхболдын хул, айргийн тавд Баянжаргалан сумын Болдбаатарын шарга халзан тус тус хурдаллаа. Тэгвэл соёолонд Төв аймгийн Дэлгэрхаан сумын уяач, дуучин Төрмандахын бор түрүүлж  унасан хүү, уясан эзнээ баярлуулав. Аман хүзүүнд Төв аймгийн алдар уяач Чулууны хээр, гуравт Архустын уяач Бат-Эрдэнийн хээр, дөрөвт аймгийн алдарт уяач Элбэгсайханы бор соёолон, айргийн тавд Төв аймгийн Баянчандмань сумын уугуул Төрмөнхийн  хул алаг тус тус хурдалж, наадамчин олноо баярлуулав.