Б.Энхжин: Софт теннисийн тэмцээн манай улсад болно

Софт теннисийн олон улсын тэмцээн ирэх сарын 2-ноос эхлэн дөрвөн өдрийн турш манай улсад болох гэж байна. Тэмцээний гол зорилго нь олон улсын залуустай туршлага солилцох, софт теннисний төрлийг улсдаа хөгжүүлэх зэрэг ач холбогдолтой ажээ.  Одоогоор Тайвань, БНСУ, БНАСАУ, ОХУ-ын баг тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Энэ талаар Монголын софт теннисний холбооны дасгалжуулагч Б.Энхжингээс тодрууллаа.

-Тэмцээнд насны ангилал хамаарах уу?
-Энэ жилийн тэмцээн зөвхөн өсвөр насны тамирчдын дунд болох юм. Өөрөөр хэлбэл, 15-18 насны хооронд гэж ойлгож болно. Өсөж буй ирээдүйн тамирчдын чанар, чансааг тодорхойлох, тэднийг өөр орны тамирчидтай өрсөлдүүлэх нь энэ спортоос авах эрч хүчийг нь нэмэгдүүлэхэд нөлөөлөх байх гэж бодсон юм.
-Манай улсаас хичнээн тамирчин оролцохоор бэлтгэлээ базааж байна вэ?
-Эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 тамирчин өрсөлдөнө. Бэлтгэлээ ч эрчимтэй базааж байна. Энэ тэмцээнд оролцохоор ирж буй орны тамирчид олон улсад чансаа өндөртэй. Тэр утгаараа өрсөлдөөн ширүүн байх болов уу. Манай тамирчдын хувьд тэднээс туршлага судлахаас гадна эх орондоо болж буй тэмцээнээс нэгээс илүү алтан медаль авах зорилготой. Тийм боломж ч бий. Учир нь, софт теннисний спорт өсвөрийн тамирчдын дунд илүү сайн хөгжсөн байдаг юм. 
-Томоохон тэмцээнүүдэд оролцох тамирчдаа хэрхэн сонгодог вэ?
-Софт, теннисний секц, дугуйланд хамрагдаж буй хүүхдүүдээс сорил авдаг. Улмаар чадвараар нь сонгон шалгаруулдаг юм.
 

Б.Оргилмаа