Өөрийгөө мэдрэх экстрим спорт

Ханан хадны авиралт нь Монголд анх 1969 оноос үүсэлтэй гэж үздэг. Хүрэл Тогоотын хаданд авиралт хийснээс хойш 1973 онд Дуганын хаданд авирч байсан түүхтэй. Үүнээс хойш Дугана хаданд улсын аварга зохион байгуулах болсон. Үндсэндээ ханан хадны спорт хөгжөөд 40 гаруй жил болж байна. Энэ хугацаанд энэхүү спортын талаар гарын авлага зөвлөмж, сонин сэтгүүл, ном товхимол, судалгааны ажил нэн ховор бөгөөд судалгааны материал нь гадаад хэл дээр аж.

1958 оны наймдугаар сарын 2-нд уулын секцийн тамирчин Р.Зориг, Л.Раднаа, Э.Ювуухүү, Д.Халтар Ж.Нямсүрэн, Я.Жамцан нарын санаачилгаар Богд уулын соёмбот толгойд оргил булаацалдах анхны тэмцээн болсон. 1966 онд Увс аймгийн Түргэний ууланд авирсан Германы уулчдын туслалцаатайгаар 1969онд анхны ханан хадны тэмцээн Хүрэл Тогоотын аман дах Одон орныг судлах төвийн ойролцоо зохиогдсон. Тэгвэл 1990 оноос хойш заалны хиймэл хаданд авирах болсон бөгөөд “Замчин” нийгэмлэгийн спорт зааланд уулын ууган мастер Э.Ювуухүүгийн нэрэмжит тэмцээн анхлан зохион байгуулжээ. Хожим нь Америкийн нэрт уулчин Алекс Лоуг сангаас МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуулийн спорт зааланд хиймэл хад бэлэглэснээр уг спорт жинхэнэ утгаараа хөгжих эх үүсвэр нь тавигдсан гэж үздэг байна. 
Харин Олон улсын уулын холбоо нь 1932 онд байгуулагдсан. Тус холбоо нь анх Европын байгууллага байсан ч өдгөө тив бүрийн 57 орны 82 гишүүнтэй болжээ. 1964 оноос ууланд авирагчид авирах тоног төхөөрөмж худалдан авахдаа Олон улсын уулын холбооны аюулгүй байдлын баталгааг хардаг болсон түүхтэй. Ханан хадны спортод эрсдэл хийх, өөрийгөө мэдрэх гэсэн хүсэл тачаалаасаа үүдэн байгалийн хүчин зүйлсийг ашигладаг.
Дэлхийн өндөр цэгүүд дээр хүрч байгалийн сүр хүчийг мэдрэх, улмаар тэр их сүр хүчийг эзэмдэнэ гэдэг хадчин хүний хамгийн гол учир утга байдаг. Хорвоо дэлхийн гайхам, мөн эрсдэлтэй дүр төрх нь хадчин хүний хувьд ихийг мэдэх, аюул осолыг хэрхэн даван туулах мэдлэгт суралцуулдаг. Ханан хадны авиралт нь үргэлж анхаарал шаарддаг экстрем спорт юм. Ханан хадны авиралт нь оюун ухаан, авирагчдын хүч, тэсвэр, шаламгай хөдөлгөөн болон сэтгэлзүйн бэлтгэлийг шалгадаг. Энэ нь маш аюултай спортын төрөл бөгөөд авиралтын зөв техникийн мэдлэг болон ур чадварыг авирагчдаас шаарддаг. Авиралт өндөр болох тусам эрсдэл, аз туршсан зүйл зайлшгүй гардаг. Тусгай зориулалтын авиралтын арга мөн авиралтын хэрэгслэлийг урьдчилан бэлтгэх ба авирагчид ихэвчлэн хоёулаа найдвартай олс, зангуу, зангидах арга хэрэглэн авирах хэрэгтэй. Нэг аюулгүй арга бол олсоо зөв байрлуулах, бусад нь бэхэлж байхад нэг хүн нь авирна. Авирагч дээшээ авирахад хамгаалагч уяагаа богиносгон авирч буй хүнээ хамгаална. Уяаг дээш, доош гүйлгэхэд тусгай багаж хэрэглэнэ.
Орон бүрт хөгжихдөө замыг үнэлэх өөр өөр арга хөгжсөн. Үнэлэлт болон зэрэглэл авахдаа налуу газар, гайхмаар газраар авирах, тоо хэмжээ, чанар, гарын барьц, барьц хоорондын зай, дэвшилттэй техникийн эргэлт шаардсан газар авирч зэрэг авдаг. Хэдийгээр өндрөөс айх өвчин авирагчдад тодорхой нөлөөлдөгч өндөр бол анхаарал хандуулах чухал зүйл биш. Авиралтын хэрэгсэл нь замын төгсгөл хүртэл аюулгүй байдлыг хамгаалах хэрэгсэл юм. Авиралт нь ерөнхийдөө байгалийн болон хүний гараар хийгдсэн тусгай ханан дээр явагддаг. Байгалийн хадны авиралтыг бодвол хүний гараар хийгдсэн хиймэл хаданд авирах нь арай хэцүү бөгөөд хүний гараар хийгдсэн хиймэл хад нь тусгайлан зассан замаар авирах, барьцны сонголт багатай ихэнхдээ зааланд болон задгай талбайд тусгайлан зассан байдаг. Байгалийн ханан хадны авиралт нь барьцны сонголт ихтэй хүссэн барьцнаас барих, хүссэн замаар авирах боломжтой бөгөөд хиймэл хаднаас аюултай нь хамгаалалт, бэхэлгээтэй авирдаг. Заримдаа мэргэжлийн авирагчид хамгаалалтгүй авирах тохиолдол ч байна. Дэлхийд цөөн төрлийн авиралтын хэв маяг байдаг.
Одоогоор чөлөөт авиралт /байгалийн хадан дээрх барьц, тоноглол хийж зөвхөн хамгаалалттай, туслалцаагүйгээр авирах/ нь маш алдартай төрөл болсон. Тэгвэл энэхүү спорт нь 2020 оны олимпийн төрөлд шинээр багтсан таван төрлийн нэг болов. Спорт авиралт нь олимпизм буюу их спорт чиглэл рүү хөгжиж яваа гэвэл яалт ч үгүй хамгийн залуу спортын төрөлд багтана. Энэ нь дотроо спорт авиралт, хаданд авиралт, хурданд, авиралт, өндөр уулын авиралт, алхалт, гүйлт гэх мэт 5-6 төрөлтэй. 2001 оноос манай тамирчид Азийн аварга болон олон улсын тодотголтой тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд тогтмол шагналт байрт шалгарсаар иржээ. 
Спорт  авиралт нь дотроо гурван төрөлтэй. Эхнийх нь 15 метрийн урттай шулуун ханан дээр олон улсын стандартад нийцсэн, зассан хэзээ ч өөрчлөгдөхгүй шулуун зам дээр хурдтайгаар дээшээ авирдаг. Хоёрдугаарт, налуутай янз бүрийн даалгавартай техникийн аргаар дээшээ авирдаг. Харин гурав дахь төрөл нь болдеринг төрөл буюу дөрөв орчим метрийн өндөртэй, зөвхөн доороо матрастай, хананд бэхэлгээ, олс хэрэглэхгүйгээр тодорхой даалгавар биелүүлж техникийн тусламжтайгаар авирна. Болдеринг төрөл Европ, Америкт фитнесс чиглэлээр илүү хөгжиж байгаа аж.
Энэ нь фитнест хичээллэж байгаагаас илүү сорилттой, толгойгоо ажиллуулж, сонирхолтойгоор булчин шөрмөсийг хөгжүүлдэг. 15 метрийн өндөртэй нэг ханан дээр авираад буухад 30 минут гүйлтийн зам дээр гүйхтэй тэнцхүйц калорыг шатаадаг гэнэ. Хичээллэснээр нарийн, жижиг булчингууд ч хөгжсөн байдаг. Техникийн төрөлд Япон, Франц улсууд дэлхийд танигдаж тэргүүлж байгаа юм байна. Нас заадаггүй уг спортоор хүүхдүүд хичээллэснээр хүмүүжил сайжирч, илүү дайчин болж, өөртэйгээ ажиллах чадварт нэмэгдэн, тэвчээртэй суралцахаас гадна зорилготой олдог ажээ.