Спортын мэдээ мэдээлэл

мэдээ мэдээлэл

Мэргэн буучид аваргаа тодруулна

2016 оны Риогийн олимпоос хойш нам гүм байсан буудлагын тамирчид аваргаа тодруулах нь. Тодруулбал, буудлагын спортын 2017 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 3-нд Монголын буудлагын спортын холбооны Буудлага спортын төвийн 10 м, 25 м, 50 м тирэнд явагдах гэж байна. Эрэгтэй мэргэн буучид хийн гар буу, хийн урт буу, 50 м гар буу зэрэг долоон дасгалд аваргаа тодруулна. Харин эмэгтэй буучид хийн урт буу, хийн гар буу, 25 м гар буу зэрэг таван дасгалд өрсөлдөх ажээ. Буучид Риогийн олимпоос хойш олон улсын тодотголтой 3-4 тэмцээнд оролцож медаль хүртсэн байдаг. Харин улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулаагүйн улмаас шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаагүй. Тиймээс энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн шигшээ багийг бүрэлдэхүүнийг сонгохоороо онцлогтой. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзул, Ч.Нарантуяа, Г.Нандинзаяа, О.Янжинлхам тэргүүтэй шилдэг мэргэн буучид улсын аварга шалгаруулах тэмцээндээ оролцохоор бэлтгэлээ базааж байна. 

 

Хөлбөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлалаа

Тайландын нийслэл Бангкок хотод Азийн 23 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод манай улсын залуучуудын шигшээ баг оролцох талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл шигшээ багийн бүрэлдэхүүнийг ахлах дасгалжуулагч Майкл Вайсс эцсийн байдлаар зарлав. Тодруулбал, Тайландыг зорих 23 тамирчин тодорхой болсон гэсэн үг. Энэхүү багийг “Атлетик 220”, “Хоромхон”, “Эрчим”, “Дэрэн”, “Сэлэнгэпресс”, “Хангарьд”, “Гоёо Эф Си”, “Унаганууд”, “Улаанбаатар сити” гэсэн клубт тоглодог хамгийн шилдэг тоглогчид бүрдүүлж байна. Герман дасгалжуулагч Майкл Вайсс “Би шигшээ багтаа сэтгэл хангалуун байна. Манай тоглогчдод авьяас бий. Бид богино хугацаанд чамлахааргүй ахиц гаргасан. Урт хугацаанд тогтмол бэлтгэлтэй байвал цаашид амжилтад хүрэх бүрэн боломжтой” гэлээ. Манай шигшээ баг Азийн 23 хүртэлх насны АШТ-ий “H хэсэг”-т Тайланд, Индонези, Малайз улсын багтай өрсөлдөнө. Тэмцээнээс өмнө БНСУ-д нэгдсэн бэлтгэл хийхээр ирэх сарын 5-нд эх орноосоо мордох гэнэ. Үүнээс гадна энэ сарын 27-нд Монголын хөлбөмбөгийн лигт тоглож буй легионеруудтай нөхөрсөг тоглолт хийж бэлтгэлээ шалгуулахаар болжээ.

Сагсчид номын дуу сонсчээ

Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн Олон улсын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Патрик Бауманн болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав нар хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээнд “Ulaanbaatar Challenger” тэмцээн зохион байгуулах тухай байсан. Тэд мөн дэлхийн зургаан оронд хэрэгжүүлж буй олимпийн наадамд оролцох ирээдүйн тамирчдыг хурдацтай бэлтгэх зорилготой 17, 18 насны “Fast Track” төсөл сургалтыг Монголд хэрэгжүүлж эхэллээ. Өчигдөр сургалтын эхний шат эрэгтэй, эмэгтэй багуудын дунд болсон бөгөөд 30 гаруй тамирчин хамрагджээ.