Г.Анужин IV байр эзэлжээ

Японы Токио хотод болсон хүндийг өргөлтийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын тамирчид эх орондоо иржээ.

Тус эмцээнд 50 орны тамирчид өрсөлдсөн бол манай улсаас гурван тамирчин оролцож 4-8 дугаар байрын амжилт үзүүлсэн байна. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Г.Анужин огцомоор 92 кг-ыг өргөж IV байр эзэлжээ. Түүний хувьд сүүлийн оролдлогоор 97 кг-ыг өргөсөн бол хүрэл медаль хүртэх байсан гэнэ. Тэгвэл 53 кг-д Б.Золбоо V, Ч.Нямзул VIII байр эзэлсэн амжилтаар эх орондоо ирсэн байна. Токиод болсон тэмцээний талаар шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр ийн ярилаа. “Манай тамирчид сайн оролцлоо. Хэдийгээр медаль авч чадаагүй ч өөрсдийгөө дэлхийд бүрэн харуулсан гэж хэлмээр байна. Бага зэрэг туршлага, сэтгэлзүйн бэлтгэл, аз дутлаа. Гэхдээ ирэх жилийн тэмцээнд манай залуу тамирчид илүү өндөр амжилт үзүүлэх боломжтой юм байна гэдгийг мэдэрлээ” гэв. Сонирхуулахад, хүндийг өргөлтийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Спортын төв ордонд эхэлсэн байна. 26 дахь удаагийн тэмцээнд 16 багийн 180 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан жингийн ангилалд өрсөлдөж байгаа юм. Аваргууд өнөөдөр тодорно.

Э.Эрдэнэсувд