Залуучуудын олимпийн эрхийн оноо олгох тэмцээн эхэллээ

Манай улсад олимпийн эрх, эрхийн оноо олгох гурав дахь тэмцээн эхэллээ.

Тодруулбал, 2018 онд Аргентины Буэнос-Айрэс хотод хөшгөө нээх залуу-чуудын III олимпийн эрхийн оноо олгох бадминтоны олон улсын тэмцээнд эхэлж байгаа юм. Энэ удаагийн тэмцээнд Казахстан, Солонгос, Чех, Энэтхэг, Узбекстан, Вьетнам, Монгол гэсэн долоон орны 80 орчим тамирчин өрсөлдөж байгаа юм. Тэдгээрийн 50 нь монгол тамирчин. Монголын бадминтоны холбоо 1999 онд байгуулагдсанаас хойш зургаан жилийн дараа буюу 2005 онд анх удаа олон улсын тэмцээн зохион байгуулсан. Тэгвэл энэ удаагийн тэмцээн нь бадминточдын долоо дахь олон улсын тэмцээн юм. Өөрөөр хэлбэл, тус холбоо эх орондоо насанд хүрэгчдийн долоо, өсвөрийн хоёр тэмцээн хүлээн авсан гэсэн үг. Долоо дахь удаагийн олон улсын тэмцээний нээлтэд оролцсон Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин хэлэхдээ “Манай улсад олимпийн зэрэглэлийн, эрхийн оноо олгох тэмцээн зохион байгуулагдаж байгаад баяртай байна. Өмнө нь чөлөөт бөхийн олимпийн эрх олгох, жүдогийн олимпийн эрхийн оноо олгох тэмцээн болж байсан. Харин энэ удаа залуучуудын III олимпийн эрхийн оноо олгох бадминтоны тэмцээн болж байна. Энэ бол том дэвшил. Топ спортуудаас өөр төрөлд олимпийн эрхийн тэмцээн зохион байгуулж буй нь тухайн спортын хөгжилд том хувь нэмэр оруулдаг. Цаашлаад манай бадминтоны тамирчдыг дэлхий нийт мэддэг болно. Өнөөдөр олон улсын тэмцээн зохион байгуулж байгаа бол дараа нь Азийн аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо хүлээн авахын төлөө зүтгэх хэрэгтэй. Тэгж чадвал энэ спортын хөгжил улам бүр сайжирна” гэв.