Эмч ярьж байна

Энэтхэгийн “Jaypee” эмнэлгийн төлөөлөл энэ сарын 14-18-нд манай улсад ирж, Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран ажиллахаар болсон юм. Энэ үеэр хамтын ажиллагааны хүрээнд ямар ажил хийх талаар “Jaypee” эмнэлгийн эмч нараас тодрууллаа.

Сандээп Жайн: Хавдраас 50 хувь урьдчилан сэргийлэх дөрвөн арга бий

“Jaypee” эмнэлгийн Хавдрын туяаны мэргэжилтэн Сандээп Жайнаас сүүлийн үед хавдрыг эмчилж буй технологийн талаар тодрууллаа.

-Та бүхэн Монгол Улсад хүрэлцэн ирж, Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарт өөрийн туршлагаасаа хуваалц­лаа. Энэ талаар тодорхой ярина уу?
-Бид энэ сарын 14-нд Монголд ирсэн. Эхний хоёр өдөр хавдар эмчлэхэд ашиглаж буй эмчил­гээний шинэ арга барил, хамгийн сүүлийн үеийн техник технологийг Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарт танилцуулсан. Орчин үед хавдрыг туяа эмчилгээгээр эмчилдэг, туяа эмчилгээг “True beam ST” машинаар хийдэг болсон. Энэ нь бусад эрхтэнд нөлөө­лөлгүйгээр зөвхөн хавдар­тай хэсэгт хүрч эмчилгээ үзүүлдэг. Энэ машин гараагүй байхад хавдрыг 5-7 долоо хоног эмчилдэг бай­сан бол энэ машины тусламжтайгаар нэг долоо хоногийн дотор хавдрыг эмчлэх боломж­той болсон. Гэвч энэ машин одоогоор Монголд байхгүй байна.  
 -“True beam ST”-ын тусламжтайгаар хавдар долоо хоногт бүрэн эдгэнэ гэж ойлгож болох уу?
 -Уг машины тусламжтайгаар I, II шатны хавдар эдгэх магадлал 95 хувь,  III, IV шатны хавдар 50 хувь эдгэх магадлалтай. “True beam ST” бол хавдар эмчлэх хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж юм. АНУ-д үйлдвэрлэдэг энэ машин нь харьцангуй боломжийн үнэтэй. Үнэ ханшийг нь тодорхой сайн хэлж мэдэхгүй байна.
-Манай улсад энэ машин байхгүйгээс эхлээд тоног төхөөрөмжийн хувьд хоцрог­долтой байдаг. Харин монгол эмч нарын чадвар ямар байна вэ?
-Эмч нарын чадвар маш сайн санагдсан. Гэвч ашиглаж буй техник, технологиуд нь манай улсаас 20 жилээр хоцорсон байна. 
-Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран ажиллахаар болсон. Энэ хүрээнд ямар ажил хийх вэ?
-Техник технологийн хувьд хамтран ажил­лахаар болсон. Хавдар судлалын үндэс­ний төвийн одоо ашиглаж байгаа төхөөрөм­жүүд хэтэр­хий хуучирсан байна. Манай ул­сын ашиг­лаж буй тоног төхөөрөмжөөс 20 жи­лээр хоцрогдсон гэж дээр дурдсан. Тиймээс “Jaypee” эмнэлгийн зүгээс эдгээр төхөөрөмжийг Мон­голд нийлүүлэх тал дээр хамтран ажил­лана. Хоёрдугаарт, эмч нарынхаа чадварыг сайж­руулах үүднээс эмч нараа солилцож ажиллана.  
-Хоёр хоног иргэдэд үзлэг хийсэн. Иргэ­дийн дунд ямар өвчлөл хамгийн түгээмэл байна вэ? 
-Үзлэгт хамрагдсан хүмүүсийн 30 орчим хувь нь хавдрын I, II шатандаа яваа хүмүүс байсан. Харин 70 орчим хувь нь III, IV шатандаа орсон хүмүүс байна. Эндээс дүгнэ­хэд мон­­гол­чууд өвчнийхөө сүүлийн шатанд эмнэл­­гийн бай­гууллагад ханддаг гэж үзэж байна. 
-Хавдраас урьдчилан сэргийлэх ямар арга байна вэ?
-Хавдраас урьдчилан сэргийлэх дөрвөн арга бий. Архи уухгүй, тамхи татахгүй, эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн тогтмол хийж байвал хавдраас урьдчилан сэргийлж чадна. 
-Эмчилгээ хийлгэсний дараа ямар дэглэм барих вэ. Мөн хавдар дахин үүсэх магадлал хэр байдаг вэ?
-Эмчилгээнд орсон хүн дахин хавдар үүсэхээс хамгаалж тогтмол хугацаанд эмчид хянуулж байх шаардлагатай.  Хавдар хэддүгээр үед байснаас эргэн хавдар үүсэх эсэх нь шалтгаалдаг. III, IV шатны хавдар эргэн ургах магадлал 50 хувь, харин I, II шатны хавдар дахин үүсэх магадлал харьцан­гуй бага. Тиймээс эмчдээ тогтмол үзүүлж, хянуулж байх шаардлагатай. Зургаан сар тутамд нэг удаа хянуулж байх шаардлагатай. 

 

Ашутош Марвах: Хүүхдийн зүрхний өвчлөл ээжээс шууд хамаарна

Энэтхэг Улсын “Jaypee” эмнэлгийн Хүүхдийн зүрхний эмч Ашутош Марвахаас зүрхний өвчлөл, зүрхний гажгийн талаар тодрууллаа.

-Зүрхний гажиг болон зүрхний бусад өвчин юунаас болж үүсдэг вэ?
-Зүрхний гажиг болон зүрхний өвчин нь төрөлхийн болон удамшлын чанартай байдаг. Жишээ нь, дауны синдромтой хүүхэд давхар зүрхний гажигтай төрдөг. Ээж, аав хоёрынх нь аль нэг нь эм их хэмжээгээр хэрэглэдэг байсан бол, бас саахарын өвчинтэй, архи их хэрэглэдэг байсан зэргээс шалтгаалан хүүхэд зүрхний гажиг­тай төрөх магдлал өндөр  байдаг.
-Зүрхний өвчлөлөөс хэр­хэн урьдчилан сэргийлэх вэ? 
-Хүүхдийг зүрхний гажиггүй  төрүүлэхийн тулд ээж өөрөө эрүүл байх ёстой. Өөрөөр хэлбэл, хүүхдийн зүрхний өвчлөл, эрүүл байх эсэх ээжээс шууд ха­маар­на. Ээж буруу зуршилгүй байж, жи­рэмсэн байх үедээ эм хэрэглэлгүй, сайн хоол тэжээл хэрэглэх ёстой.
-Энэтхэг Улсад зүрхний мэс заслыг ямар өртгөөр хийдэг вэ?
-Энэтхэгт хүүхдийн зүрх­ний хагалгааны өртөг бусад орнуудтай харьцуулахад хам­гийн хямд байдаг. Жишээ нь, БНСУ-д хийдэг хагалгааны өртөгтэй харьцуулахад 30-40 хувьтай нь тэнцэхүйц үнэтэй байдаг.  
-Монголыг Энэтхэгтэй харьцуулахад зүрхний өвчлөл ямар байна вэ? 
 -Нарийн сайн мэдэхгүй байна. Гэхдээ Монголд жилд ойролцоогоор 2000 хүүхэд зүрхний гажиг өвчлө­лөөр өвчилдөг гэсэн тоог мэднэ.
-Зүрхний өвчлөлд илрэх шинж тэмдэг юу вэ?
-Зүрхний гажигтай хүүхдийн уруул, хумс хөх өнгөтэй байдаг. Зүрхний гажигтай хүүхэд хөхөө сайн идэхгүй, жин багатай байдаг.
-Монголоос Энэтхэгт зүрх­ний гажиг, эмгэгээ эмчлүү­лэхийн тулд жилд дунджаар хэдэн хүн очиж байна вэ? 
-Монголоос манай улсад олон хүн ирдэг. Гэхдээ чухам хэдэн хүн ирдгийг сайн мэдэхгүй байна. Манайд Монголоос гадна маш олон орны иргэд зүрхний гажиг өвчнөө эмчлүүлэх гэж ирдэг. 
-Хагалгаанд орсны дараа юунд анхаарах вэ?
-Манай эмнэлэг зүрхний хагал­гаанд орсон өвчтөнд  нэг сар заавал уух  эм өгдөг. Үүнийг тогтмол уугаад жил болгон хагал­гаа хийсэн эмнэлэгтээ зүрхээ болон биеэ хянуулах хэрэгтэй.
-Зүрхний гажгаар ихэнх тохиолдолд хэдэн насныхан өвчилж байна вэ? 
-Хүүхэд бүрийн зүрхний өвч­лөл өөр байдаг. Хүүхэд мэндэлс­нээсээ хойш сарын дотор зарим хүүхэд гурван сарын дотор хагал­гаанд орох шаардлагатай байдаг бол зарим нь 3-4 жилийн дараа ордог. Хүүхдийн биеийн онцлог, өвчнөөс нь шалтгаалаад янз бүр байдаг.